| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00459/и |
| Дугаар | 59 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 59
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоотод оршин суух, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөг, алданги 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газар нь "Жи-Мобайл" ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ЖМ15/478 тоот үйлчилгээ хүргэх тухай гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу "Жи Мобайл" ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Уртын багийн хүрэн товон уулсын оройд хөдөлгөөнт холбооны станц байгуулан Баянцагаан, Урт багуудад холбооны үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Захиалагч байгууллага болох Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газар нь үйлчилгээ хүргэх гэрээний дагуу "Жи Мобайл" ХХК-д нийт 60.000.000 төгрөгийн төлбөр төлөхөөс 48.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд одоо 12.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газрыг үйлчилгээ хүргэх тухай гэрээнд заасан үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөгийг төлөхийг удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлөөгүй болно. Иймд Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газраас 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЖМ15/478 тоот үйлчилгээ хүргэх тухай гэрээний үүргийн биелэлт болох 12.000.000 төгрөг, гэрээний тусгай нөхцлийн 6.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцон гэсний дагуу 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: “Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгына газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зарлагдсантай холбогдуулан дараахь тайлбарыг гаргаж байна. Жи-Мобайл ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газартай ЖМ15/478 тоот үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж хамтран ажилласан. Гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох Жи мобайл ХХК нь тус аймгийн Алтай сумын Урт багийн Хүрэн товон уулын оройд хөдөлгөөнт холбооны станц байгуулан Баянцагаан, Урт багуудад холбооны үйлчилгээ үзүүлсэн. Гэрээний дагуу Алтай сумын Засаг даргын тамгын газар нь 60.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс 48.000.000 төгрөгийг бүрэн төлж, үлдэх 12.000.000 төгрөгийг, алданги 6.000.000 төгрөгийн хамт төлөөгүй. Хариуцагч Засаг даргын тамгын газрын удирдлагуудтай нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хэд хэдэн удаа уулзалт хийж, үлдэх төлбөрийг төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч тал маргаагүй болно. Нэхэмжлэл байгууллага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал нь Улаанбаатар хотод ажилладаг бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр энэхүү хүсэлт, тайлбарыг гаргаж байна. Иймд тайлбартай танилцан, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Урт, Баянцагаан багийн алслагдсан малчин өрхүүдийг холбоожуулах зорилгоор Хүрэн товонгийн оройд Жи-Мобайлын антенн суурилуулах ажлыг Жи-Мобайл ХХК-тай 15/478 тоот гэрээ байгуулж хамтран ажилласан юм. Ажил хүлээлцсэн акт үйлдэгдээгүй явцад тус компани шүүхэд нэхэмжлэл гаргаснаар сумын Засаг даргын тамгын газраас Жи мобайл ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Наранцацрал, дэд захирал Г.Оюунбаяр нартай 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагт төв оффисын уулзалтын байранд уулзаж, зөвхөн үлдэгдэл санхүүжилт 12.000.000 төгрөгийг шилжүүлж, ажил хүлээн авч дуусгавар болгохоор тохиролцсон болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жи-Мобайл ХХК-тай Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газар нь 15/478 тоот гэрээг 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 60.000.000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ ажлын явцад байгаль цаг уур, болон гүйцэтгэгч компаний буруугаас болж ажил удааширч он дамжсан асуудал гарсан. Дээрх гэрээний 9 дүгээр зүйлд заасны дагуу төсөл хэрэгжүүлэх хугацааны графикийн дагуу ажил хүлээлцэж, тайланг хэлэлцээд, шаардлагын дагуу хийгдсэн гэж дүгнэсэн тохиодолд үлдэгдэл 12.000.000 төгрөгийг шилжүүлнэ гэж заасан. Мөн гүйцэтгэгч компани нь хувь хүнтэй тохирч ажил гүйцэтгэсэн боловч тэр хүмүүст хөлсийг нь өгөөгүй явсан. Нэг хүнд 850.000 төгрөгийг өгөөгүй, өөр бас нэг хүний молдокийг хэрэглэж байгаад эвдчихээд явсан. Эдгээр хүмүүс нь манай Тамгын газарт дээрх хөлсөлсөн компани чнинь биднийг ингэж хохироочихоод явсан гэх шаардлагыг тавьдаг. Миний хувьд хариуцагчийн зүгээс Жи-Мобайл ХХК-ийн төв оффис дээр Г.Оюунбаяр захирал, хуулийн зөвлөх Б.Наранцацрал, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга н.Тэмүүжин нартай уулзаж Жи-Мобайлын сүлжээний байрлуулсан антенаа хүлээлцэж акт үйдсэний дараа 12.000.000 төгрөгөө шилжүүлье гэж тохиролцсон юм. Тохиролцсон гэж ойлгосон ч заавал мөнгөө шилжүүлж байж бид нэхэмжлэлээ татна гэж явсаар байгаад ийм зүйл болж байна. Одоо манай дансанд бэлэн 5.000.000 төгрөг байгаа. Удирдлагууд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн орлогоос эхний ээлжинд 12.000.000 төгрөгийг шилжүүлэх бодолтой байгаа. Одоо Сангийн яам нь орон нутгийн хөгжлийн сангийн эрх нээж өгөхгүй байгаа бөгөөд мөнгө шилжүүлэх эрх нээгдэхээр тус компаний 5.000.000 төгрөгийг шилжүүлээд, эхний санхүүжилт ороод ирэхээр үлдэгдэл мөнгийг өгөх саналтай байна. Говь-Алтай аймгийн Жи-Мобайлын салбарын эрхлэгч Х.Сарангэрэлд үүрэг өгч антен хүлээлцэх ажилд явуулна гэж хэлсэн ч тэр хүнтэй нь очоод уулзахад надад ямар нэгэн чиглэл өгөөгүй гэж байна. Нэхэмжлэлээс 12.000.000 төгрөгийг төлнө, 6.000.000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдөө хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлаа дутуу хагас хийчихээд явсан учраас 12.000.000 төгрөгийг нь төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан зохигчдын тайлбар, татгалзал, тэдгээрийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ЖМ15/478 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөг, алданги 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчдын тайлбар, нотлох баримтаас үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Уртын багийн Хүрэн, Товон уулын оройд хөдөлгөөнт холбооны станц байгуулан Баянцагаан, Урт багуудад үйлчилгээ хүргэх тухай ЖМ-15/478 дугаартай гэрээг захиалагч талаас Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газар, гүйцэтгэгч талаас Жи-Мобайл ХХК-тай байгуулсан болох нь нотлогдож байх бөгөөд ажлын хөлсийг 60.000.000 /жаран сая/ төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ...ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж зааснаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээгээр ажлын үр дүн нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багийн Хүрэн, Товон уулын оройд хөдөлгөөнт холбооны станц байгуулан багуудад үйлчилгээг хүргэх ажил байна.
Ажил гүйцэтгэгч Жи-Мобайл ХХК-д захиалагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газар нь гэрээгээр тохирсон ажлын хөлсөнд 48.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 12.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож талууд энэ талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбартаа “...2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЖМ15/478 тоот үйлчилгээ хүргэх тухай гэрээний үүргийн биелэлт болох 12.000.000 төгрөг, гэрээний тусгай нөхцлийн 6.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцон гэсний дагуу 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэлээс 12.000.000 төгрөгийг төлнө, 6.000.000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдөө хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлаа дутуу хагас хийчихээд явсан учраас 12.000.000 төгрөгийг нь төлөхийг зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.
Гэрээний тусгай нөхцлийн 5.1 дэх хэсэгт заасан ажлын гүйцэтгэлд олгох нөхөн төлбөрийн хуваарь болон төсөл хэрэгжүүлэх хугацааны графикт “...холбооны үйлчилгээ тогтвортой, хамралт шаардлагын хэмжээнд байгаа тухай тайлан гаргаж сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөх, ...тайланг хэлэлцээд, шаардлагын хэмжээнд гэж дүгнэсэн тохиолдолд, нөхөн төлбөрийн үлдэгдэл 20% болох 12.000.000 төгрөгийг Жи-Мобайлд шилжүүлэх...”-ээр заасан байна.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ гэрээний дагуу "Жи Мобайл" ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Уртын багийн Хүрэн Товон уулсын оройд хөдөлгөөнт холбооны станц байгуулан Баянцагаан, Урт багуудад холбооны үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэсэн байгаа боловч ажлыг хийж гүйцэтгэн, ажлыг Алтай сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.
Мөн ажил гүйцэтгэх гэрээний захиалагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газар нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй. Гэвч Жи-Мобайл ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газар нь хүлээн авсан талаарх нотлох баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй байна. Гэвч хариуцагч тал үлдэгдэл 12.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
Иймд Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газраас 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЖМ15/478 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг алданги 6.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Харин гэрээний ерөнхий нөхцлийн 6-д алданги ноогдуулахаар заасан боловч төсөл хэрэгжүүлэх хугацааны графикын 8-д холбооны үйлчилгээ тогтвортой, хамралт шаардлагын хэмжээнд байгаа тухай тайлан гаргаж сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөх, 9-д тайланг хэлэлцээд, шаардлагын хэмжээнд гэж дүгнэсэн тохиолдолд нөхөн төлбөрийн үлдэгдэл 20 хувь болох 12 сая төгрөгийг Жи-Мобайлд шилжүүлэхээр тусгасан байгаа ба ажлыг ийнхүү хүлээлгэн өгсөн байдал нь баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээний хариуцлага тооцох буюу алданги гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 12.000.000 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл компанид олгож, нэхэмжлэлээс алданги 6.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 12.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 206.950 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулан Жи-Мобайл ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 12.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 206.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн
дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН