Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 197

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч А.Амарзаяад холбогдох үндсэн зээлийн төлбөр 7679275.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 217026.36 төгрөг нийт 7896301.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 сарын 16-нд А.Амарзаяад 10000000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний 6.2.2 дугаар заалтыг зөрчин хугацаа хэтрэлттэй, зээлийн гэрээг ноцтой зөрчиж байна. Үндсэн зээл 10000000 төгрөг, хүү 538301.37 төгрөг байна. Үүнээс төлсөн үндсэн зээл 2320724.99 төгрөг, хүү 321275.01 төгрөг байна. Одоо үлдэгдэл үндсэн зээл 7679275.01 төгрөг, хүү 217026.36 төгрөг нийт мөнгөн дүн 7896301.37 төгрөг байна. Иймд А.Амарзаяагаас үндсэн зээл, хүү 7896301.37 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн 18-18 тоотод оршин суух СЩ71062000 регистрийн дугаартай Тэмээчин овогт Агваан-Осорын Амарзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байгаа сум хөгжүүлэх сангийн 7896301 төгрөгийг төлөх нь үнэн болно. Ямар нэгэн маргаантай зүйл байхгүй. Төлөлтийг графикийн дагуу цалин дээрээс төлнө” гэжээ.

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч А.Амарзаяагаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үндсэн зээлийн төлбөр 7679275.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 217026.36 төгрөг нийт 7896301.37 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч А.Амарзаяагаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үндсэн зээлийн төлбөр 7679275.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 217026.36 төгрөг нийт 7896301.37 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч А.Амарзаяа нь  2013 оны 05 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 10000000 төгрөгийг, зээлийн гэрээний дагуу 3 жилийн зээлийн хүү төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 13/18 тоот зээлийн гэрээний хуулбар, 13/18 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, хариуцагч А.Амарзаяагийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Амарзаяа нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 7679275.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 217026.36 төгрөг нийт 7896301.37 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч А.Амарзаяа нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 7679275.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 217026.36 төгрөг нийт 7896301.37 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 7679275.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 217026.36 төгрөг нийт 7896301 /долоон сая найман зуун ерэн зургаан мянга гурван зуун нэгэн/ төгрөгийг хариуцагч А.Амарзаяа нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 7896301  төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж улсын тэмдэгтийн хураамж 70645 /далан мянга зургаан зуун дөчин таван/ төгрөг 50 /тавин/ мөнгийг хариуцагч А.Амарзаяагаас гаргуулж, төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.Амарзаяа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

             5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ