Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 65

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын 4 дүгээр баг, Алтансоёмбод оршин суух, Урианхан Шоовойн Оюуны хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Оюун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Урианхан овогтой Шоовойн Оюун нь 1964 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багт төрсөн. 1981 онд Тонхил сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, 1982 оны 01 дүгээр сараас эхлэн Алтансоёмбо багт малчнаар ажиллаж одоо болтол ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр маань Тонхил сумын клубын барилга шатахад хамт үгүй болсон юм. Иймд  миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчин байсан Шоовой овогтой Оюун нь 1982 онд 579 төгрөг, 1983 оны 365 хө/өдөрт 1098 төгрөг, 1984 онд 1590 төгрөг, 1985 оны 360 хө/өдөрт 2087 төгрөг, 1986 оны 360 хө/өдөрт 2754 төгрөг, 1987 онд 1370 төгрөг, 1988 онд 340 хө/өдөрт 2050 төгрөг, 1989 оны 363 хө/өдөрт 2897 төгрөг, 1990 оны 1-12 сард 3503 төгрөгний цалин авч байжээ...” гэсэн байгаагаар тогтоогдож байна.

Иймд Урианхан Шоовойн Оюуныг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Урианхан Шоовойн Оюуныг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН