Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 68

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 2-11 тоотод оршин суух, Бууч, Донжингийн Азжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох 

2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсанчир, гэрч Б.Болормаа, гэрч Х.Давааням, гэрч Г.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Азжаргал нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/25 дугаартай захирлын тушаалаар үсчин мэргэжлийн багшаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/24 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр цагийн багш болгон томилсон нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаад гомдол гаргаж байна. Миний бие үндсэн багшаар ажиллаж байх үеийнхээс цалингийн хэмжээ илт багасаж олгогдож байгаа төдийгүй, ажлаа өг гэж байнга дарамж шахалт учруулж байгаад гомдолтой байна. Миний бие нь одоо 5 сартай жирэмсэн бөгөөд энэхүү дарамт, шахалтаас болж биеийн байдалд ч нөлөөлж байна. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Азжаргал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Д.Азжаргал нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс үндсэн багшаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн цагийн багш болсноор цалингийн хэмжээ илт буурч бодогдож олгогдсон байгаа учраас цалингийн зөрүүг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Иймд үндсэн ажилдаа эгүүлэн орох хүртэл хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг олгохыг даалгаж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/25 тоот захирлын тушаалаар үсчин мэргэжлийн багшаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэтэл 2016 оны 09 дүгээр сард ажлаа эрхэлж байхад цалин нь бага бодогдож эхэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр цалин яагаад бага бодогдоод байгаа талаар асуухад цагийн багш болсон учир багаар бодогдож байгаа гэсэн. Цагийн багш нь яадаг юм гэж асуухад цалинд чинь өөрчлөлт орохгүй 10 сараас хэвийн болчихно гэсэн тайлбарыг хийсэн гэсэн. Ингээд итгээд явж байтал цалин нь өсөхгүй буурсан байсан. Энэ байдлын талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарт дээрх байдлынхаа талаар өргөдөл өгч хандсан байдаг. Д.Азжаргал нь өнөөдрийг хүртэл цагийн багш болгосон захирлын тушаалыг эх хувиар нь гардаж аваагүй. Өөрт нь огт өгдөггүй. Хөдөлмөрийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс тушаалаа авья гэхээр өгдөггүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ямар тушаал байгааг гаргуулж авч тушаалтайгаа танилцсан. Тийм учраас нэхэмжлэгчийн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цоож шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Азжаргалыг цагийн багшаар ажиллуулсан үндэслэл. Д.Азжаргал нь МСҮТ-ийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/25 тоот тушаалаар үсчний мэргэжлийн дадлагажигч багшаар томилогдон ажилласан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлаар 2014-2015 оны хичээлийн жилийн ажлын тайлангаа тавьж дадлагажигч зэрэглэлээ ахиулах байсан ч хичээл заах арга зүй эзэмшээгүй, бичиг баримтын боловсруулалт хангалтгүй, үйлдвэр сургалтын цагийн нягтрал муу, ярианы чадвар сул, хүүхэдтэй зүй бус харьцдаг, аттестатчлалаар мэргэжлийн ур чадвар, хандлагын шалгуур үзүүлэлтээр хангалттай бус үнэлгээ авсан гэсэн шалтгаануудаар дахин дадлагажигч багшаар ажиллуулах шийдвэрийг Захирлын зөвлөлийн хурлаас гаргасан. Бүсийн арга зүйн төвөөс зохион байгуулдаг дадлагажигч багш нарт багшлах эрх олгох /21 хоног/ сургалтад Сургалтын албанаас явуулах саналыг өөрт нь тавихад: "Манай эгч багшлах эрх олж өгнө гээд хүнтэй ярьчихсан" гээд уг сургалтад яваагүй. Дадлагажигч багш нь 2 дахь жилдээ дээрх сургалтад хамрагдаж, дараа нь бие даалт хийж, тэнцсэн тохиолдолд багшлах эрх олгогддог. Багшлах эрхгүй 3 дахь жилдээ ажиллаж байгаа нь Мэргэжилийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтыг зөрчиж байгаа болно. Үсчин, гоо сайхны мэргэжлийн "Алтан хайч-2016" улсын уралдаанд 2 сурагчтай оролцож нэг хүрэл медаль, тамгагүй өргөмжлөлтэй ирсэн. Гэтэл уралдааны нэгдсэн дүнд манай сургуулиас оролцсон сурагчдаас медальт байранд ороогүй байсан учрыг зохион байгуулсан сургуулиас /ҮУПК/ тодруулахад жинхэнэ уралдааны медаль биш болох нь тогтоогдсон юм. Энэ талаар уг сургуулиас албан тоот ирүүлсэн. Уг уралдааны талаар хамт олон болон суралцагсад, эцэг эхчүүдэд буруу ташаа ойлголтыг өгч, бусдыг дагалдан худал хэлж, багшийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тул захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан. /ҮУПК-ийн албан тоот, уралдааны дүнг хавсаргав/ Дээрх үндэслэлүүдээр Д Азжаргал нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад багшлах боломжгүй гэж үзэж байна. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багшийн жилд гүйцэтгэх сургалтын цагийн гүйцэтгэлийг Хөдөлмөрийн Сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын төвшин, ажлын ачаалал тогтоох журмаар зохицуулдаг бөгөөд үсчний мэргэжлийн багш Д.Азжаргал нь дадлагажигч ур чадварын төвшинтэй багш тул танхимын сургалтын жилийн норм нь 18 багц цаг, уг журмын 4-ийн 3 дахь хэсэгт заасны дагуу 18 багц цагийн 90-ээс доошгүй хувийн гүйцэтгэлд хүрэхгүй байгаа тул үндсэн багшаар ажиллуулах боломжгүй юм. Багш Д.Азжаргал нь 2016-2017 оны хичээлийн жилд сургууль дээрх сургалтын 288 цаг, үйлдвэрлэлийн дадлагын 360 цаг нийт 648 цаг буюу багц цагт шилжүүлбэл 11,4 багц цаг /288:45=6.4 бц, 360:72=5.0 бц /-тай байгаа нь жилийн нормын 63.3 хувь болж байна. Дээрх 11,4 багц цагийг 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд гүйцэтгээд 2017 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацаанд заах ямар ч цаггүй юм. Энэ байдлыг өөрийг нь байлцуулан танилцуулахад "...би даасан ангиа төгсгөмөөр байна..." гэсэн саналыг нь харгалзан үзэж 12 дугаар сарыг дуусталх хугацаанд цагийн багшаар ажиллуулахаар харилцан тохиролцож шийдвэрлэсэн ба цагийн багшаар ажиллах хугацаанд 11.4 х 115200 = 1.313.280 төгрөгийн цалин авахыг тайлбарлан өгөхөд Д.Азжаргал өөрөө хүлээн зөвшөөрсөн. Дээрх албан ярилцлага болон тушаал гаргах хүртэлх хугацаанд /2016 оны 09 сарын 19/ өөрийн хувийн шалтгааны талаар ямар нэгэн тайлбарыг аман болон бичгээр өгөөгүй, харин 2016 оны 10 дугаар сард Аймгийн Засаг даргын тамгын газарт гомдол гаргасны хариуг зохих журмын дагуу албан тоотоор хүргүүлсэн. Иймд захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчинтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсанчир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Азжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Үүний дагуу мэргэжлийн боловсролын салбар дээр өөрөө анги бүрдэлт бий болохгүй байгаа нөхцөлд багш нар 12 дугаар сараас 01 дүгээр сарын хооронд шууд цагийн багш болох болон ажлаас чөлөөлөгдөх үйл явц явагддаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр 2,5 жилээр төгсөж байгаа хүүхдүүд маань дандаа 12 сараас 01 дүгээр сарын хооронд төгсдөг. Анги төгссөн учраас заах цаг байхгүй, хүрэхгүй болдог. Д.Азжаргал маань өөрөө дадлагажигч багшаар явж байсан бөгөөд дадлагажигч багшийн танхимын цаг нь арай их байдаг байсан учраас үүнтэй холбоотойгоор яалтчгүй гаргасан тушаал байгаа. Эргээд тушаалыг үндэслэлгүй байна гээд ажилд нь авахад заалгах анги, цаг байхгүй байгаа. Шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн багшид өгөх цаггүй болчихоод байгаа. Үүнийг 09 дүгээр сард дахиад элсэлт авах бөгөөд уг элсэлтээр 15 хүний бүрдэлттэй 1 ангийг бүрдүүлчихсэн тохиолдолд тулгардаггүй асуудал. Анги бүрдэлт хийгдэхгүй байгаа учраас цаг хүрэхгүй болсон асуудал үүссэн байна. Тэгэхээр ирэх намар хүртэл одоогийн байдлаар шийдэх боломжгүй байна. Намар анги бүрдэлт нь бүрдвэл өмнө нь ажиллаж байсан гэдэг утгаараа аваад ажиллуулах боломжтой. Одоо бүсийн арга зүйн төв дээр суралцаж багшлах эрхийнхээ үнэмлэхийг авах шаардлагатай хүн байсан. Тэр нь боловсрол соёлын газраас авдаг эрхийн үнэмлэхээс арай өөр байдаг. Мэргэжлийн боловсролын хичээл нь өөрөө чадамж, дандаа академик сургалт руу чиглэсэн байдаг бөгөөд ирэх намар анги дүүргэлт хийгдсэн тохиолдолд ажилд нь авах боломжтой. Тэрнээс наана ямар ч арга байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Азжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Азжаргал нь Хөдөлмөрийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн  сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Д.Азжаргал нь Хөдөлмөрийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд үсчний мэргэжлийн багшаар ажиллаж байсан болох нь тус төвийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/25 дугаартай “зарим хүнийг ажилд томилох” тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Азжаргалыг Хөдөлмөрийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/24 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/251 дүгээр тушаалын 4.2 дахь хэсгийг үндэслэн 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагийн багшаар түр хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Д.Азжаргал нь уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргахаар заасан байна.

Нэхэмжлэгч Д.Азжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх гомдлоо шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Д.Азжаргал нь өнөөдрийг хүртэл цагийн багш болгосон захирлын тушаалыг эх хувиар нь гардаж аваагүй. Өөрт нь огт өгдөггүй. Хөдөлмөрийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс тушаалаа авья гэхээр өгдөггүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ямар тушаал байгааг гаргуулж авч тушаалтайгаа танилцсан...” гэсэн байх бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчид тушаалыг мэдэгдсэн, танилцуулсан, болон хүлээлгэн өгсөн талаар болон  нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/25 дугаартай тушаал нь Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/251 дүгээр тушаалын 4.2 дахь хэсгийг үндэслэсэн байх бөгөөд уг сайдын тушаалын 4.2 дахь хэсэгт “...сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор цагийн багш авч ажиллуулж болно...” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд ажил олгогч, ажилтан Д.Азжаргал нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй /байнгын ажлын байранд тодорхой нөхцлийг тохиролцоогүй бол хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулахгүй/, Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан ажилтныг өөр ажилд шилжүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй байхад Д.Азжаргалыг Хөдөлмөрийн сайдын тушаалыг үндэслэн цагийн багшаар ажиллуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал хуульд заасан дээрх үндэслэлүүд бий болсон байдал хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Д.Азжаргалыг цагийн багшаар ажиллуулах тухай Б/24 дугаартай тушаалын үндэслэлийг хариуцагч тал тайлбарлахдаа Хөдөлмөрийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/251 дугаартай тушаалыг үндэслэсэн гээд уг тушаалын 4.2 дахь заалтыг баримталсан байна. Салбарын холбогдох хуулиуд, уг тушаалд болон тушаалын 4.2 дахь хэсэгт багшийн заах цаг хүрэлцэхгүй болсон тохиолдолд цагийн багш болгож ажиллуулах тухай заалт зохицуулалт байхгүй байх ба 4.2 дахь хэсэг нь ажлын шаардлагаар цагийн багш нэмэлтээр авч ажиллуулж болох тухай агуулга бүхий заалт байна.

Шүүх хэргийг нэхэмжлэлийн хүрээнд буюу Б/24 дугаарын тушаалын хууль зүйн үндэслэлтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн ба хэргийн хүрээнээс хальж тухайн байгууллагын дотоод асуудлыг зохицуулах, санхүүгийн боломжийг харгалзах зэрэг байдлаар шийдвэрлэх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд Хөдөлмөрийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох ажилд буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүү гаргуулах шаардлагын үндэслэлийг авч үзвэл дээр дурдсан байдлуудаар ажилтанг өөр ажилд буруу шилжүүлсэн болох нь тогтоогдож, ажилд эгүүлэн тогтоож байгаа тул өөр ажилд буруу шилжүүлсэн хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу тооцож 2016  оны 09 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаа буюу 5 сар 9 хоногоор тооцож 1.216.236 төгрөгийн олговрыг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилд буруу шилжүүлсэн хугацааны олговор 1.216.236  төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 33.740 төгрөг, нийт 103.940 төгрөгийг Хөдөлмөрийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Бууч, Донжингийн Азжаргалыг Хөдөлмөрийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үсчний мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, тус төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Азжаргалыг өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн олговорт 1.216.236 төгрөгийг Хөдөлмөрийн яамны харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Донжингийн Азжаргалд олгосугай.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.216.236 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 33.740 төгрөг, нийт 103.940 төгрөгийг Хөдөлмөрийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  гардан  авсан  өдрөөс  хойш  14  хоногийн  дотор  давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН