Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2-р баг 49-р байрны 35 тоотод оршин суух СК79050905 регистрийн дугаартай Цоохор овогт Лувсандоржийн Ганганмөрөнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сум 1-р баг “Харганы хоолой” гэх газар нутаглах СК79042317 регистрийн дугаартай Боржигoн овогт Шархүүгийн Содномцэрэнд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Ганганмөрөн, хариуцагч Ш.Содномцэрэн нар оролцов.

                                                                                                Т  О Д О Р Х О Й Л О Х  нь:

Нэхэмжлэгч Л.Ганганмөрөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Л.Ганганмөрөн нөхөр Ш.Содномцэрэнтэй 1999 онд гэр бүл болж, 1999 оны 12 сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид амьдралын явцад үр хүүхэдтэй болоогүй учраас охин С.Нарансолонгыг 2007 онд 2 сартай байхад нь үрчилж авсан. Охин С.Нарансолонго 2006 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн, одоо 10 настай, 5 дугаар ангид сурч байгаа. Бид гурвын амьдрал амар тайван байгаагүй бөгөөд нөхрийн хардалт, сэрдэлт нь хэрээс хэтэрч хайр халамжгүй болж, хэрүүл маргаантай амьдарсаар цаашид хамтдаа амьдрахад хэцүү бэрхшээлтэй болсон тул гэр бүлээсээ салж 2009 оны 10 дугаар сард Бор-Өндөрт шилжиж ирсэн. Түүнээс хойш одоог хүртэл эцэг, эхийн хамт 7 жил амьдарч байна. Ш.Содномцэрэн нь архи ууж, намайг согтуудаа 3-4 удаа зодож, ажил төрөл хийхэд хүндрэлтэй байсан. Гэр бүл салах үед охиноо өөр дээрээ авах гэж оролдсон боловч аав нь өгөхгүй байсан тул охин маань бид хоёрын дунд ирэн очин амьдардаг байсан. Охин маань Дархан суманд цэцэрлэгт хүмүүжиж, Дархан суманд 3-р ангиа төгссөн. Охиныхоо хичээл сурлагад анхаарал хандуулж, өөрийнхөө дэргэд Бор-Өндөрт сургуульд суулгах талаар нөхрийн эгчтэй ярилцаж, өөр дээрээ авчирч 4-р ангид суралцуулсан. Одоо охин маань Дархан суманд аавынх нь ээж болох Ч.Дуламсүрэнтэй хамт амьдарч байгаа. Ш.Содномцэрэн одоо Баянмөнх суманд эхнэрийн хамт амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин С.Нарансолонгыг эцгийнх нь асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

Хариуцагч Ш.Содномцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Л.Ганганмөрөнтэй 1999 оноос гэр бүл болж хамтран амьдарсан. 1999 оны 12 сарын 24-ний өдөр бид гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бид хүүхэдтэй болоогүй. 2006 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн охин С.Нарансолонгыг 2007 онд үрчилж авсан. Бид 2009 оны 10 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдраад 7 жил болж байна. Би одоо өөр эмэгтэй хүнтэй хамтран амьдарч байгаа. Цаашид Л.Ганганмөрөнтэй хамтран амьдрах боломжгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би охиноо өөрийн асрамжид авна. Охиноо өөрийн асрамжид авах талаар Л.Ганганмөрөнтэй тохиролцсон. Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй” гэжээ.

           Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                              Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч Л.Ганганмөрөн нь хариуцагч Ш.Содномцэрэнгээс “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ганганмөрөн нь “гэрлэлтээ цуцлуулж, охин С.Нарансолонгыг эцэг Ш.Содномцэрэнгийн асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна.

 Хариуцагч Ш.Содномцэрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас “гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна” гэх тайлбарыг гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.Ганганмөрөн нь хариуцагч Ш.Содномцэрэнтэй 1999 оны 09 сарын 11-ний өдөр гэр бүл болж, 1999 оны 12 сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулан 2009 оны 10 сарыг хүртэл хамтран амьдарч байсан нь гэрлэгсдийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 3/,

-Зохигчид нь хамтран амьдрах хугацаанд 2006 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн охин С.Нарансолонгыг 2007 онд үрчилж авсан нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 4/,

-Одоо хүүхэд эрүүл энх өсөж, сургуульд сурч байгаа нь Хэнтий аймгийн Дархан сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбаруудаар тус тус нотлогдож байна. /хх-ийн 6, 26-27/

Нэхэмжлэгч Л.Ганганмөрөн, хариуцагч Ш.Содномцэрэн нар нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож, цаашид эвлэрэх боломжгүй болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 9/

Нэхэмжлэгч Л.Ганганмөрөн, хариуцагч Ш.Содномцэрэн нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, хариуцагч Ш.Содномцэрэн нь архидан согтуурч эхнэр Л.Ганганмөрөнг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, гэрлэгчид нь 2009 оны 10 сараас өнөөдрийг хүртэл 7 жил тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.

            Гэрлэгчдийн хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, 2009 оны 10 сараас өнөөдрийг хүртэл 7 жил тусдаа амьдарч байгаа, хариуцагч Ш.Содномцэрэн нь архидан согтуурч эхнэр Л.Ганганмөрөнг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй, зохигчдын санал зэргийг харгалзан шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид нь охин С.Нарансолонгыг эцэг Ш.Содномцэрэнгийн асрамжид үлдээх талаар  тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, охин С.Нарансолонгын өөрийнх нь санал, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлт зэргийг харгалзан үзээд охин С.Нарансолонгыг эцэг Ш.Содномцэрэнгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч Ш.Содномцэрэн нь охин С.Нарансолонготой нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Л.Ганганмөрөн, хариуцагч Ш.Содномцэрэн нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Л.Ганганмөрөн хариуцагч Ш.Содномцэрэн нарын гэрлэлтийг цуцалж, охин С.Нарансолонгыг эцэг Ш.Содномцэрэнгийн асрамж үлдээх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Л.Ганганмөрөнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож,  хариуцагч Ш.Содномцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Л.Ганганмөрөнд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 132 дугаар зүйлийн

132.4-т тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар СК79050905 регистрийн дугаартай Цоохор овогт Лувсандоржийн Ганганмөрөн, СК79042317 регистрийн дугаартай Боржигон овогт Шархүүгийн Содномцэрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар 2006 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн охин Боржигoн овогт Содномцэрэнгийн Нарансолонгыг эцэг Боржигон овогт Шархүүгийн Содномцэрэнгийн асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ганганмөрөнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ш.Содномцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ганганмөрөнд олгосугай.

6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

           8.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ