Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 90

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014001820092 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  А.Ө

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч А.Ө нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэр Устын ам гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхнэр С.Оюунгэрэлийг зодож эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1.Шүүгдэгч А.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Би 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу Шинийн 2 өдөр айлаар золгуут хийж яваад гэртээ ирсэн. Тухайн үед би архи уусан нэлээд их согтож ухаанаа алдсан байсан. Маргааш өглөө босож ирээд эхнэр С.Оюунгэрэлийг зодсон байсан. Тэр үед манай ээж гэрт орж ирээд намайг авч гараад буцааж гэрт оруулж амраасан гэсэн юу болсон талаар бол санахгүй байгаа юм. Би гэмт хэргэ үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ө мэдүүлэхдээ: Ярих зүйлгүй гэв.

3. Хохирогч С.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу шинийн 2 өдөр айл хэсэж гэртээ ирсэн тухайн үед манай нөхөр Өлзийбат архи уучихсан байсан юм тэгээд гэртээ байхад манайд 19 цагийн орчим хоёр айл ирж цай уусан цайлж дуусаад 21 цагийн үед унтах гэж орондоо орчихсон байхад орноос манай нөхөр Өлзийбат түлхэж унагаад гараараа миний баруун нүдний орчим цохисон тэр үед манай хүүхдүүд гүйж гарч эмээгээ дуудсан удалгүй хадам ээж орж ирээд Өлзийбатыг авч гарсан. Миний толгой руу гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

4. Гэрч Д.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Шинийн 2 өдөр 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр айлаар золгуут хийж яваад гэртээ ирсэн тэгээд гэртээ байж байхад манай хүү А.Ө согтуу байх шиг байсан. Би архи уудаггүй хүн архи уусан юм байхдаа гэж бодоод гайхаад байж байхад миний ач хүү гэрт орж ирээд аав ээжийг цохичихлоо гэсэн би тэр үед хүүгийн гэрт орсон. Манай хүү бэрийг цохиод авчихсан байдалтай байхад нь би хүүгээ хоёр удаа дугтарч аваад гэртээ оруулж загнасан...гэх мэдүүлэг /хх-ийн 27/

 

 7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн:

              1. С.Оюунгэрэлийн биед духны зүүн хэсэг болон зүүн нүдний зовхи, хацар, чамархайд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

              2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 12-13/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй талаараа илэрхийлсэн болно.

Шүүхээс шүүгдэгч А.Ө нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Устын ам” гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Оюунгэрэлийг зодож эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч С.Оюунгэрэл, гэрч Д.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 146 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч А.Өад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч А.Өад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч А.Өын эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч А.Өад шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч А.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Өад нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.Ө нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  А.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  А.Өыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Өад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Шүүгдэгч А.Ө нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.                         

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч А.Өын эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч А.Өад шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.              

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.