Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Н.Батмөнх,

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн 1938008110062 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Л.Б-,

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 10 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Овооны ар гэх газраас хууль бусаар 3.2 метр куб хуурай мод бэлтгэж, Бонго Ж-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1.036.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10 сарын эхээр Рашаант сумын 2 дугаар 2 багийн иргэн Амартүвшин гэдэг хүн надад бичгээр гомдол гаргахдаа тус багийн иргэн Л.Б- нь багийн засаг даргын захирамж зөрчин намаржаандаа эрт буусан байна гэсэн гомдлын дагуу тус багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үед Л.Б- нь захирамж зөрсөн нь тогтоогдсон ба мөн “Гурван зураа” гэх газар энэ хүний намаржааны хашааны мод нь шинэ модоор сэлбэж зассан харагдсан. Тэгээд Л.Б-тай уулзахад би хуучин хашаагаа сэлбэж барьсан тэгээд хашааны мод дутахаар “Овооны ар” гэх газраас модоо бэлтгэж өөрийнхөө машинаар тээвэрлэсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

Гэрч Э.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 07-нд Рашаант сумын ЗДТГ-ын байгаль орчны улсын байцаагч М.Б-ийн хамт тус багийн нутаг дэвсгэр болох “Овооны ар” гэх газарт тус багийн иргэн Л.Б- нь хууль бусаар мод бэлтгэсэн гэх гомдлын дагуу хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар очиж үзэхэд 12 ширхэг босоо хуурай мод...бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын үед байх манай төрсөн ах Л.Б- нь надад хэлэхдээ малын хашааг сэлбэх гэсэн юм. Чи надтай хамжаад мод бэлтгээд өг гэхээр нь Рашаант сумын 2 дугаар багийн нутагаас мод авсан. Газрын нэрийг нь сайн мэдэхгүй байна. 12 ширхэг хуурай босоо мод унагаасан. Мөн унаанги бэлтгэж авсан. Уг модыг ах Л.Б- өөрийнхөө малын хашааг засаж сэлбэх зорилгоор авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/02 дугаартай: “...Л.Б-ын бэлтгэсэн модыг хэмжихэд 3,2 м3 хэмжээтэй, малын хашаа сэлбэн барьсан хэрэглээний хуурай шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 345.600 төгрөг...” /хх-ийн 46-47 дугаар хуудас/

Улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23-04-337/01 дугаартай акт:“...хохирол... 1.036.800 төгрөгийг гаргуулж нөхөн төлүүлж орон нутгийн орлогод оруулах...” /хх-ийн 51-52 дугаар хуудас/

Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг Гурван зурай гэх газар хуучин малын хашаагаа зөөж барьсан юм. Тухайн үедээ малын хашааны саравч, нуруу багана мод тайрч бэлдсэн юм. Уг бэлдсэн модоо өөрийн бонго ЖЗ маркийн ... хөа улсын дугаартай тээврийн хэрэгслээр дүү Л.Э-ын хамт ачсан юм. Тэгээд малын хашаа барьсны дараа 2019 оны 10 дугаар сарын 20-ны үед шиг санаж байна. Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б-ээр ахлуулсан бүрэлдэхүүн манайд ирсэн. Тухайн үедээ хаанаас ямар хэмжээний мод бэлтгэсэн талаар М.Б-д зааж өгсөн ... би бодохдоо дараа нь зохих бичиг 3 баримтыг авч болно гэж бодоод уг модыг бэлтгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 64- 65 дугаар хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р тал/ Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус багийн Засаг даргын албан тоот /хх-ийн 8-р тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17- р тал/ Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19, 22-23-р тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 20-21-р тал/ Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 24-25-р тал/ Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 48-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 56-57-р тал/ Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус багийн Засаг даргын албан тоот, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-71-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 10 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Овооны ар гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3.2 метр куб хуурай мод бэлтгэж, Бонго Ж-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1.036.800 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хохирогч М.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Э.Ө-ын мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Л.Э-ын 4 мэдүүлэг /хх-ийн 41-р тал/, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/02 дугаартай: “...Л.Б-ын бэлтгэсэн модыг хэмжихэд 3,2 м3 хэмжээтэй, малын хашаа сэлбэн барьсан хэрэглээний хуурай шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 345.600 төгрөг...” /хх-ийн 46-47 дугаар хуудас/, Улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23-04-337/01 дугаартай акт:“...хохирол... 1.036.800 төгрөгийг гаргуулж нөхөн төлүүлж орон нутгийн орлогод оруулах...” /хх-ийн 51-52 дугаар хуудас/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р тал/, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус багийн Засаг даргын албан тоот /хх-ийн 8-р тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17-р тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19, 22-23-р тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 20-21-р тал/, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 24-25-р тал/, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 48-р тал/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 56-57-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Иймд шүүгдэгч Л.Б-ыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, энэ талаарх хууль тогтоомжийг таниулах урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Л.Б-ын гэм буруутай үйлдлээс ойн экологи-эдийн засагт 345.600 төгрөгийн хохирол учирсан байна. Хөвсгөл аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын яллах дүгнэлтэд “...шүүгдэгч Л.Б-ыг эклоги-эдийн засагт 345.600 төгрөгийн шууд хохирол, нөхөн төлбөрт 1.036.800 төгрөг нийт 1.382.400 төгрөгийн хохирол учруулсан...” гэж дурдсан байх боловч Монгол Улсын Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 5 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Иймд шүүгдэгчийг экологи-эдийн засгийн хохиролд 345.600х3=1.036.800 төгрөгийг хохирол, хор уршиг учруулсан гэж дүгнэн уг хохирлыг төлж барагдуулсан тухай Хаан банкны 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, Төрийн банкны 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн орлогын мэдүүлгүүд хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Л.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн VD-81 SAW CHAIN маркийн цахилгаан хөрөө, 3.2 метр куб хэмжээний хуурай шинэс модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгахыг, Мөн хэрэгт битүүмжлэгдсэн Л.Б-ын эзэмшлийн Бонго Ж-3 маркийн ... ХӨА улсын дугаартай автомашиныг хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр шүүгдэгч Л.Б-т буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лгийн Быг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн VD-81 SAW CHAIN маркийн цахилгаан хөрөө, 3.2 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Л.Бын эзэмшлийн ... улсын дугаартай Бонго Ж-3 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.Бт буцааж олгосугай.

6. Эрүүгийн 1938008110062 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР