Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00058

 

 

 

 

 

 

 

 

 

                               О.Байгалийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1599 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч О.Байгалийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, “Цагаан алтан хүнс” ХХК-д холбогдох

“271.818.100 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч О.Байгал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 80мкв,85мкв газрыг худалдааны зориулалтаар эзэмшиж үл хөдлөх хөрөнгө барьж худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсныг Орхон аймгийн Засаг даргын 2015-10-10-ны өдрийн А/497 тоот захирамжаар буулгасан.Би тухайн газрыг 2021 он хүртэл эзэмших гэрээтэй байсан.Захиргааны хэргийн шүүхийн 2016-3-02-ны өдрийн 147 тоот магадлал,УДШ-ийн 2016-5-16-ны өдрийн 175 тоот тогтоолоор миний эрх ашигийг хангаж хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгасныг тогтоож газрын эзэмшил хэвээр байгааг тогтоосон. Хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар дээр байсан хөрөнгийг Засаг дарга үнэлж буулгасан бөгөөд өнөөдрийг хүртэл намайг хохироосон хохиролоо барагдуулаагүй. Миний хөрөнгийг Засаг даргын захиалгаар “Найдвар-Од Аудит” ХХК 211,118,100 төгрөгөөр үнэлсэн.Дээрхи үнэлгээ бүхий худалдааны төвийг юу ч үгүй буулгаж намайг хохироосон.Иймд дараахь хохиролыг нэхэмжилж байна. Барилгын үнэ 211,118,100 төгрөг гаргуулах, Түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан орлого болох 2015-10-01-нээс өнөөдрийг хүртэл олох байсан орлого 60 000 000 төгрөг, Өмгөөллийн хөлс 500 000 төгрөг гаргуулах, Замын зардал 200 000 төгрөг,нийт 271,818,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Хууль ёсны дагуу зээмшиж байсан газарт минь Цагаан алтан хүнс ХХК барилга барьж байна. Энэ асуудалд маргаан үүсгэж Орхон аймгийн Засаг дарга болон Цагаан алтан хүнс ХХК-д хандахад буулгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд миний эзэмшлийн газарт хууль бусаар барьж байгаа барилгыг буулгах шаардлага нэмэгдүүлж гаргаж байна.Хууль бусаар барьж байгаа барилгыг буулгаж газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах 80мкв,85мкв газрыг тус тус иргэн О.Байгалд худалдааны зориулалтаар эзэмшүүлсэн байдаг ба 80мкв газрыг эзэмших хугацаа 2017 онд,Ж.Янжмаа гэдэг хүнээс шилжүүлж авсан 85 мкв газрыг эзэмших хугацаа 2021 онд тус тус дуусна. Тухайн газар нь нийтийн эзэмшлийн талбайд байрладаг тул аймгийн ГХБХБГ-ын иргэнтэй байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээний дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгайлсан зохицуулалт оруулж,газар эзэмшигч нь аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед тухайн газрыг саадгүй чөлөөлөх тухай тодорхой зааж өгсөн. Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж “Цагаан алтан хүнс ХХК шалгарсан байдаг бөгөөд тус компани худалдааны төв барих ажлаа эхлүүлэхээс өмнө тус газар үйл ажиллагаа явуулж байсан иргэд аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж,шинээр баригдах худалдааны төвийн хамгийн ашигтай байрлалд тухайн иргэний эзэмшиж байсан газрын хэмжээгээр ямар ч нэмүү өртөггүйгээр талбай худалдан авах зэрэг харилцан ашигтай тохиролцоог хийсэн байдаг. Гэвч иргэн О.Байгал ямар нэг шалтгаангүйгээр энэ асуудалд хувийн эрх ашгийг дээгүүр тавьж хандаж байсан бөгөөд Аймгийн ГХБХБГ-аас Газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т заасан шаардлагыг биелүүлж эзэмшиж буй павилоны газраа чөлөөлөхийг 2015-3-02-ны өдрийн 155 тоот,2015-8-27-ны өдрийн 808 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж байсан ч гэрээний үүргээ биелүүлж тухайн газрыг чөлөөлөөгүй байдаг. Үнэлгээг Найдвар-Од аудит ХХК хийсэн бөгөөд Засаг дарга болон ГХБХБГ тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан байдаг.Иймд иргэн О.Байгалын нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй,нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй,үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1599 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1,Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1,229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргаас 255 908 700/ хоёр зуун тавин таван сая есөн зуун найман мянга долоон зуун/ төгрөг гаргуулан О.Байгалд олгож, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1,492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах О.Байгалийн эзэмшлийн 165 мкв/ 80мкв,85мкв /талбай бүхий газрыг Цагаан алтан хүнс” ХХК-ны эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 15,909,400 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 1,641,240 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,Орхон аймгийн Засаг даргаас 1,434,540 төгрөг,Цагаан алтан хүнс ХХК-аас 70200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс давж заалдсан гомдолдоо:

Иргэн О.Байгалын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох 271.818.100 төгрөг гаргуулах, “Цагаан алтан хүнс” ХХК-ийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай тус тус нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1599 дугаар шийдвэр нь хууль бус, хэт нэг талын эрх ашгийг харсан ашиг сонирхолын зөрчилтэй байх боломжтой шийдвэр байх бөгөөд үндэслэх хэсгийн 6 дугаар мөрөнд “Харуицагч нар шүүх хуралдааны мэдэгдэл хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй......” гэсэн байх ба шүүх хуралдааны мэдэгдэлд дурдсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15.30 цагт болох шүүх хуралдаанд оролцох боломжгүй Улаанбаатар хотод албан томилолттой байсан гэдгээ албан ёсоор бичгээр хүргүүлсэн ба уг өдрийн 08:00 цагт болсон захирамжинд гаргасан гомдолыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцоод Улаанбаатар хотруу ажлаар явсан байтал шүүх уг хүсэлт болон бичмэл нотлох баримтыг /албан томилолтын хуудас/ авч хэлэлцэлгүй шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1.3-т “......шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;” эрхийг зөрчсөн мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан “Мэтгэлцэх зарчим” зэргийг хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг илтэд зөрчиж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байх бөгөөд тухайн үед Улаанбаатар хотод албан ажлын томилолттой байгаа тухай хүсэлтийг миний бие гаргаж нотлох баримтыг Аймгийн Засаг даргын Тамгын газраас гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар “... архивын хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж хүргүүлсэн юм. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал “Цагаан алтан хүнс' ХХК-н гүйцэтгэх захирал “захирал н.Ойдов”-ыг гадаадад улсад яваа тухай хүсэлтийг баримтын хамт мөн адил хүргүүлсэн байтал уг хэргийн тухайн шатны шүүгч хэт нэг талыг барьж ашиг сонирхолын зөрчилтэй мэт шийдвэрлэсэн нь илтэд байна.

Иймд Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1599 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.Байгаль шүүхэд барилгын үнэ 256.608.700 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 15.209.400 төгрөгөөр багасгаж барилгын үнэ 195.908.700 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргаас гаргуулах, түүний эзэмшлийн 165 м/кв талбай бүхий газар дээр хууль бусаар барьсан  Цагаан алт ХХКомпаний барилгыг буулгаж, газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх хариуцагч “Цагаан алтан хүнс” ХХКомпани нь хуулийн этгээдийн хувьд иргэний эрх зүйн чадвар болон Ц.Ойдов нь тус компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн хувийг Ц.Ойдовт гардуулсан, хэрэг хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарахаас өмнө буюу нэхэмжлэлийн хувь гардуулан өгөх явцад хэргийн материал танилцуулсан / хх-ийн 59/, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж улмаар зохигчдыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 35 дугаар зүйлийн 6.3, 6.4, 25.1.2, 35.1, 35.2-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч О.Байгаль хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эзэмшлийн 165 м/кв талбайд баригдаж байгаа Цагаан алтан хүнс ХХКомпаний барилгыг буулгаж, уг газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахдаа Цагаан алтан хүнс ХХКомпанийг хариуцагчаар татсан ба тус компани нь тухайн газар дээр ямар  барилга байгууламж барьсан эсэх нь тодорхойгүй, маргаж буй газрыг ямар эрх зүйн актын үндсэн дээр хууль бусаар эзэмшиж байгаа гэх үйл баримтыг тогтоогоогүй, энэ талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна бусдын эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаарлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1599 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ