Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 23

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн   шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Глоб хотхоны хаус 4 тоотод  байрлах“Глоб констракшн” ХХКомпанийн ерөнхий захирал Ж.Энхбаяр, гүйцэтгэх захирал Ж.Мэндбаяр нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “2006 оны 04 дүгээр сарын 18-нд “Глобконстракшн” ХХК-ны үүсгэн байгуулагч Ж.Энхбаярыг өөрчилж Ж.Мэндбаярыг үүсгэн байгуулагчаар бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, Ж.Энхбаярыг Глоб констракшн ХХК-ны үүсгэн байгуулагчаар  Ж.Энхбаярыг гүйцэтгэх захирлаар бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                         Ж.Мэндбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:          Б.Хишгээ  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Мэндбаяраас шүүх болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Глобконстракшн” ХХК-ийг Ж.Энхбаяр нь 2003 онд үүсгэн байгуулж, Дархан хотын барилгын материалын үйлдвэрийг худалдаж авсан. Би тухайн үед Солонгос улсад ажиллаж байгаад 2003 оны хавар манай дүүгийн бие нь муудсан учир  “Глобконстракш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. 2003 оны 09 дүгээр сард гүйцэтгэх удирдлагыг шилжүүлж зохих хуулийн дагуу улсын бүртгэлпд бүртгүүлсэн ба тухайн үед Татварын газар хуулийн этгээдийн бүртгэлийг хийдэг байсан.

2006 онд удирдах төлөөлөх эрх шилжүүлэх гэрээг шинээр байгуулж 2006 оны 3 дугаар сард бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр өгсөн. мөн оны 03 дугаар сард хадгаламж зээлийн хоршоотой холбоотой эрүүгийн хэрэгт холбогдож 4 дүгээр сард урьдчилан саатуулагдсанаас хойш компаний үйл ажиллагаа зогсонги байдалд орж манай компаний тамга тэмдэг, гэрчилгээг цагдаагийн байгууллага хурааж, эд хөрөнгө, компаний объект дансыг битүүмжилсэн. Залилангийн хэрэгтэй холбогдуулан “Глоб” гэсэн нэртэй 19 байгууллагын үйл ажиллагааг зогсоож шалгасан. “Глоб кредит” ББСБ-аас 50 сая төгрөгийн зээлтэй байснаас “Глоб констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон юм. Манай компани тухайн үед нэлээд хэдэн орон сууц барьсан байсан зарим барилгууд баригдаж дуусаагүй байсныг үргэлжлүүлэн барьж захиалагч нарынхаа эрх ашгийг зөрчигдөхөөс хамгаалж ажиллаж байсан. Зарим захиалагч нар нь манай компаний хөрөнгийг  булаацалдаж байсныг зогсоосон. Би анх 2003 оны 09 дүгээр сараас “Глобконстракшн” ХХК-ийг удирдаж байсан учраас үүсгэн байгуулагч Ж.Энхбаярын хувьд компаний үйл ажиллагаанаас мэдэх юм байхгүй боловч хувьцаа, хөрөнгө нь 100 хувь Ж.Энхбаярынх байдаг.

Би 2015 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 10 жилийн хорих ял эдлэхээс 9 жилийн хорих ялыг биеэр эдэлж суллагдаж гарч ирсэн. Намайг хорихоос гарч ирэхэд “Глоб констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар дахин ажиллаач ээ 2006 оны гэрээ хүчинтэй байгаа гэсэн тул би өмнө ажиллаж байсан гүйцэтгэх захирлын ажлаа хийж эхэлсэн бөгөөд урьд баригдсан байсан барилгуудаа улсын комисст өгөөгүй байсныг улсын комисст өгөхөөр болсон бөгөөд байраа авсан боловч гэрчилгээгээ аваагүй байсан хүмүүст байрны гэрчилгээг нь гаргуулах болоход компаний гэрчилгээ хэрэгтэй болж ТҮЦ машинаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа авахад компаний үүсгэн байгуулагчийг Ж.Мэндбаяр миний нэр дээр бүртгэсэн байсан. Иргэдийн байрны гэрчилгээг гаргахаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст би өөрийн биеэр ирж хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөвтгүүлэхээр Ж.Энхбаярын итгэмжлэлийг авч ирж улсын бүртгэгчтэй уулзахад Ж.Энхбаяр гэдэг хүнийг заавал биеэр ирэхийг шаардсан ба Ж.Энхбаяр ирэх шаардлага байхгүй итгэмжлэлээ өгсөөр байхад /Ж.Энхбаяр бие муутай бөгөөд хол явж чадахгүй/ өөрийн биеэр байлгах шаардлагатай гэсэн нь Улсын бүртгэлийн хэлтсийнхэн өөрсдийн алдаагаа засах цаг авах зорилготой байсан гэж би ойлгож байгаа. 

Би Улсын бүртгэлийн хэлтсийн дотоод хяналт аудитын газарт өргөдөл гаргасан, гэтэл ерөнхий газарт гомдлоо гарга бид шийдэхгүй гэдэг хариуг өгсөн. Яагаад үүсгэн байгуулагчийг өөрчилсөн юм бэ, үүсгэн байгуулагчийг солиход бүрдүүлж өгсөн материалыг үзье гэхэд надад үзүүлээгүй, манай ерөнхий газар шийднэ гэсэн. Би Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргасан боловч өргөдлийн хариуг өнөөдрийг болтол өгөөгүй байгаа. Ж.Мэндбаяр намайг хоригдсоноос хойш 3 хоногийн дараа үүсгэн байгуулагчийн нэрийг сольсон байсан. Би Дарханд дахиж ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага дагуулж ирсэн, би үүсгэн байгуулагч нь мөн юм бол компанихаа хувийн хэрэгтэй танилцмаар байна гэхэд дарга нь өөрөөсөө зайлуулаад бүртгэгч нартай уулз гэсэн би та Улсын бүртгэлийн хэлтсийн дарга учир өөрөө энэ асуудлаа шийдэж өг, Үүсгэн байгуулагч нь юм бол хувийн хэрэгтэй танилцах эрхтэй биздээ гэхэд хуулийн мэргэжилтнээ дуудаж, бид М.Хувьзаяа даргын өрөөнд нь сууж байгаад ярилцахдаа компаний хувийн хэрэгтэйгээ танилцмаар байна гэж хэлсэн боловч надад үзүүлээгүй би  5 удаа хүсэлт өгсөн боловч шийдвэрлээгүй өдийг хүрсэн. Энэ буруу бүртгэлээс болоод манай гэр бүлийнхэн дотор өмчийн маргаан гараад байна, компаний хөрөнгийг миний нуусан хөрөнгө байна гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжлээд байна. Манай дүү Ж.Энхбаяр нь та өөрийнхөө өр төлбөрийг төлөхөөр миний хөрөнгийг нууцаар өөрийнхөө нэр дээр болгосон байна гээд байгаа.

Баримтуудыг хувийн хэргээс хуулбарлан манайх руу явуулсныг бид шүүхэд нотлох баримт болгон өгсөн байгаа. Тус материалаас харахад үүсгэн байгуулагчийг солих ямарч хүсэлт байхгүй, би үүсгэн байгуулагчийг солиулах болон Ж.Энхбаяр мөн хүсэлт гаргаагүй гэрээ хэлцэл хийгээгүй байна. Тус баримтууд нь 2003-2006 оны хоорондох баримтууд байдаг бөгөөд Дархан хотын барилга материалын үйлдвэрийг худалдаж авсан, худалдсан талаарх баримтууд байдаг юм. Түүнээс биш үүсгэн байгуулагчийг өөрчлүүлэх хүсэлт, гэрээ зэрэг баримтууд байдаггүй.

Ж.Энхбаяр өөрийнхөө компаний орон сууцнаас 2 гарааш  худалдсанаас болоод эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн газарт өгсөн. Улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус үйлдлээс болж “Глоб констракшн” ХХК компани болоод миний эрх ашигт хохирол учраад байна. Төрийн байгууллага алдаатай бүртгэл хийсэн бол тэрийгээ өөрсдөө залруулах хэрэгтэй шүү дээ.Үүсгэн байгуулагчийг хууль бусаар өөрчлөн бүртгэснээр Энхбаярын хөрөнгийг Мэндбаярын хөрөнгө хэмээн хураан авч үнэлэх худалдан борлуулж Мэндбаярын төлбөрийн үүргийг хангуулах ажиллагаа явуулах, мөн битүүмжилсэн хөрөнгийг шамшигдуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын зүгээс цагдаагийн газарт гомдол гаргаад байгаа.Энэ асуудлыг шийдвэрлэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Глоб констракшн” ХХК-ийн хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа цуцлагдах ёстой. Ямар нэгэн лавлагаа дээр Ж.Мэндбаяр гэдэг нэр гарч ирэхээр тус хөрөнгийг битүүмжилдэг. “Глоб констракшн” ХХК-ийн хөрөнгийг Ж.Энхбаяр зарсан талаар нотлох баримтыг цагдаагийн байгууллагад өгсөн, Ж.Мэндбаярын хөрөнгийг зараагүй болохыг нотолно. Иймд 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож,  Улсын бүртгэлийн хэлтэст “Глоб констракшн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ж.Энхбаярыг үүсгэн байгуулагчаар, Ж.Мэндбаярыг гүйцэтгэх захирлаар бүртгэж өгөхийг даалгаж өгнө үү. Хэрэв ийм шийдвэр гаргавал учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх учир Ж.Мэндбаяр, “Глоб констракшн” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн талаар шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ж.Энхбаяр “Глоб констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ж.Мэндбаяр нь гүйцэтгэх удирдлага гэж бүрттгэгдсэн байсан байна. Харин 2006 оны 09 дүгээр сард Ж.Энхбаяр нь гүйцэтгэх удирдлагаар, Ж.Мэндбаяр нь үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн байна. 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус гэж үзэж байгаа бол уг бүртгэлийг үнэн зөв болгохын тулд 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэл сэргэнэ. Гүйцэтгэх захирал Ж.Мэндбаяр, үүсгэн байгуулагч нь Ж.Энхбаяр болох гээд байна.

Нэхэмжлэгч нь 2003 онд гэрээ байгуулаад гүйцэтгэх удирдлага нь болсон юм бол яагаад дахин 2006 онд гүйцэтгэх удирдлага болохоор хүсэлт гаргаад байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Хуулийн этгээдийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах эрх  улсын бүртгэгчид байхгүй Улсын ерөнхий бүртгэгч л мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч нь аль бүртгэлийг сэргээлгэх гээд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь өөрөө мэдээгүй байхад хуулийн этгээдийн мэдээллийн санд өөрчлөн бүртгэл хийгдсэн гэж тайлбар өгөөд байна. Бид санаатайгаар үүсгэн байгуулагчийг нь солих боломжгүй. 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн бүртгэлийг хийхдээ хэн нэгийг хүсэлт зоригийн дагуу хийгдсэн байна гэж үзэж байна Ж.Энхбаярын хүсэл зоригийн дагуу бүртгэл хийсэн. 2003 оны 09 дүгээр сард байгуулсан гэрээ болон 2006 оны 03 дугаар сард байгуулсан гэрээг чинь үндэслээд 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэл хийсэн байх.Хэн нэгнийх нь хүсэл зоригийн дагуу бүртгэл хийгдсэн Ж.Энхбаяр нь хүсэл зоригоор бүртгэл хийгдсэн байх.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

 Нэхэмжлэгч “Глоб констракшн” ХХК-ны ерөнхий захирал Ж.Энхбаяр, гүйцэтгэх захирал Ж.Мэндбаяр нараас тус компаний үүсгэн байгуулагчаар Ж.Энхбаяр, гүйцэтгэх захирлаар Ж.Мэндбаяр нарыг эргүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах“-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2006 оны 04 дүгээр сарын 18-ний “Глоб констракшн” ХХК-ны үүсгэн байгуулагч Ж.Энхбаярыг өөрчилж Ж.Мэндбаярыг үүсгэн байгуулагчаар бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, Ж.Энхбаярыг Глоб констракшн ХХК-ны үүсгэн байгуулагчаар,  Ж.Мэндбаярыг гүйцэтгэх захирлаар бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. 

 Хавтаст хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр авагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”-наас үзвэл “Глобконстракшн” ХХК  /улсын бүртгэлийн дугаар 1911004600 регистрийн дугаар 2743159/ нь 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс Ж.Энхбаярын 100 хувийн хөрөнгө бүхий 1 гишүүнтэйгээр бүртгэгджээ.

 Нэхэмжлэгчээс дээрх бүртгэлийг “компанийн эрх бүхий этгээд нь бүртгүүлэх өргөдөл гаргаагүй, баримт материалаа өгөөгүй байхад бүртгэлийн байгууллага миний нэр дээр хууль бусаар бүртгэсэн” гэж, хариуцагчаас “хуульд зааснаар өөрчлөлтийг бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтуудын шаардлага хангасан өргөдлийг ирүүлсэн тул аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулах өөрчлөлтийг бүртгэсэн” гэж тайлбарлан маргаж байна.

          Маргаанд холбогдох баримтаас үзвэл “Глоб констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Ж.Энхбаяр байх бөгөөд компанийн дүрмийн нэгийн 9-д “Глобконстракшн” ХХК-нь улсын бүртгэлд орсон өөрчлөлтүүдээ хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлнэ, Зургаагийн 2-т “гүйцэтгэх захирлыг компанийн үүсгэн байгуулагч ерөнхий захирлын тушаалаар томилно” гэж тусгагджээ. 2003 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн гэрээгээр компанийн эрх, үүрэг, хариуцлагыг Ж.Мэндбаярт бүрэн шилжүүлж, 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдөр компанийн удирдах төлөөлөх эрхийг Ж.Мэндбаярт шилжүүлэх гэрээ тус тус хийгдсэн байх бөгөөд  Улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд “..захирлаар Ж.Мөнхбаярыг томилсон” 04 дүгээр сарын 18-ний өдөр гэж тэмдэглэгджээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ”, 22.1.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.1.4-т “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 22.2-т “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3-дахь хэсгийг баримтална”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохтой холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон бүртгэлийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага хөтөлнө” гэж  хуульчилснаас үзэхэд хариуцагч байгууллагаас итгэмжлэлгүйгээр төлөлөх этгээд болох Ж.Мэндбаяр болон Ж.Энхбаяраас “Хуулийн этгээдийн бүртгэлийн  өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл УБ-05”-өө бүртгэлийн газарт бүртгүүлэхээр өгөөгүй, үүсгэн байгуулагчийг солих тухай хүсэлтээ гаргаагүй, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, шийдвэр, дүрэм зэрэг материалуудыг гаргаагүй гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байхад хуулийн этгээд байгуулах өргөдөл гаргагчаас баримт бичиг хүлээн авсан тасалбараар дурдсан материалуудыг хүлээн авсан гэж бүртгэж улсын бүртгэлд өөрчлөлт оруулж компанийн үүсгэн байгуулагчаар Ж.Мэндбаярыг  бүртгэсэн нь дээрх хуулийн заалттай нийцээгүй хууль бус байна.

 Хэдийгээр  тухайн үед буюу 2006 онд Үндэсний татварын Ерөнхий газрын даргын 2003 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 182 дугаар тушаалаар батлагдсан Улсын бүртгэлийн албаны дүрмээр “...хуулийн этгээдийг байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасан, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг татварын албаны хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах ...иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон аливаа асуудлыг хүлээн авч хянан үзэж шийдвэрлэхээр зохицуулсан байх боловч татварын улсын байцаагч нь ямар хүсэлт, материалыг үндэслэн 2006 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр бүртгэлийг хийсэн нь нотлох баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд улсын бүртгэлийн албаны дүрмийн 2.1.1-д “үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх” гэсэн эрх, үүргийнхээ хүрээнд хариуцлагагүй хандаж хууль бус бүртгэл хийсэн нь тогтоогдож байна. Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.Энэхүү захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно.

 

Мөн нэхэмжлэгчээс шүүх хурал дээр “компанийн үүсгэн байгуулагчийг хууль бусаар өөрчлөн бүртгэснээр Ж.Энхбаярын хөрөнгийг Ж.Мэндбаярын хөрөнгө хэмээн хураан авч үнэлэх, худалдан борлуулж Мэндбаярын төлбөрийн үүргийг хангуулах ажиллагаа явуулах, мөн битүүмжилсэн хөрөнгийг шамшигдуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын зүгээс цагдаагийн газарт гомдол гаргаад байна” гэж тайлбарлаж байх бөгөөд хууль бус бүртгэлийн улмаас компани болон Ж.Энхбаяр, Ж.Мэндбаяр нарын эрх, ашгийг хөндсөн, хохироосон гэх асуудлын талаар маргах бол харьяалах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурдах нь зүйтэй байна.      

Нэхэмжлэгч Ж.Мэндбаяр нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж /урьдчилан цагдан хоригдсон 259 хоног/, 2007-2015 онуудад ял эдэлж суллагдсан байх ба маргаан бүхий акт гарах үед цагдан хоригдож байсан болох нь нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн хуульд заасан журмын дагуу хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах хүсэлтийг нэхэмжлэгч нараас гаргаагүй байхад хууль бусаар үүсгэн байгуулагчийг өөрчилж бүртгэсэнээс болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж  байх тул 2006 оны 04 дүгээр сарын 18-нд “Глоб констракшн” ХХК-ны үүсгэн байгуулагч Ж.Энхбаярыг өөрчилж Ж.Мэндбаярыг үүсгэн байгуулагчаар бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, Ж.Энхбаярыг Глоб констракшн ХХК-ийн үүсгэн байгуулагчаар  Ж.Мэндбаярыг гүйцэтгэх захирлаар бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх  үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

 1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 22 дугаар зүйлийн 22.1,22.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Глоб констракшн” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2006 оны 04 дүгээр сарын 18-нд “Глоб констракшн” ХХК-ны үүсгэн байгуулагч Ж.Энхбаярыг өөрчилж Ж.Мэндбаярыг үүсгэн байгуулагчаар бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, Ж.Энхбаярыг Глоб констракшн ХХК-ны үүсгэн байгуулагчаар  Ж.Мэндбаярыг гүйцэтгэх захирлаар бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “Глоб констракшн” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.НАРАНТУЯА