Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 12

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Өлзийтийн 02-13 тоотод оршин суух СО91123106 регистрийн дугаартай Боржигин овогт Идэрбаатарын Хэрлэнчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын 2-р баг “Чулуут” гэх газар оршин суух СК91121014 регистрийн дугаартай Боржигoн овогт Өлзийсайханы Ням-Очирт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа, нэхэмжлэгч И.Хэрлэнчимэг, хариуцагч Ө.Ням-Очир нар оролцов.

 

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч И.Хэрлэнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие И.Хэрлэнчимэг нь нөхөр Ө.Ням-Очиртой 2012 онд танилцаж, 2013 оны 07 сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 09 сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2014 оны 09 сарын 01-ний өдөр хүү Ням-Очирын Даваа-Очир төрсөн. Хүү Н.Даваа-Очир одоо 2 нас 4 сартай, эрүүл, саруул бойжиж байгаа. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бүжинхэн” цэцэрлэгт хүмүүжиж байгаа. Нөхөр Ө.Ням-Очир нь амьдралын төлөө зорилго байхгүй, тууштай гэр орноо аваад явах амьдралын ухаан сул, өөр бусад хүний үгээр явдаг хүн юм. Би хүүгээ бодоод эвлэрч, цаашид хамтран амьдрахаар шийдээд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрлийн гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. 2015 оны 02 сарын эхээр цагаан сарын өмнө бид хоёр хоорондоо муудалцсан. Тэгээд гэрээсээ намайг хөөсөн. Тэр үед манай ээж маань Улаанбаатар хотод байсан. Намайг хөхөө өвлийн хүйтэнд Улаанбаатар хотын автобусанд 4 сартай хүүхэдтэй маань суулгаад явуулсан. Тэгээд арга буюу салж, түүнээс хойш 2 жил тус тусдаа амьдарч байна. Би өөрөө ажилгүй, хүүхэд маань цэцэрлэгт явдаг. Ахуйн хэрэгцээний мөнгөгүй, өөрийн гэсэн гэр оронгүй, ээжийнхээ гэрт амьдарч байгаа. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Цаашид дахин хамтран амьдрах боломжгүй. Иймд би хүүхдийнхээ ирээдүйг бодож, нөхөр Ө.Ням-Очироос гэрлэлтээ цуцлуулж, хүү Н.Даваа-Очирыг өөрийн асрамжид авч, хүүгээ 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэлгийг эцэг Ө.Ням-Очироос гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

 Хариуцагч Ө.Ням-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр И.Хэрлэнчимэгтэй 2012 оноос гэр бүл болж хамтран амьдарсан. 2014 оны 09 сарын 22-ны өдөр бид гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 1 хүүхэдтэй болсон. Бидний дундаас 2014 оны 09 сарын 01-ний өдөр хүү Н.Даваа-Очир  төрсөн. Хүү Н.Даваа-Очир миний хүүхэд мөн, одоо 2 нас 4 сартай, цэцэрлэгт хүмүүжиж байгаа. Бид 2015 оны 02 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Хүү маань энэ хугацаанд ээжтэйгээ амьдарч байгаа. Би өөрөө айлын мал маллаж амьдардаг. Цаашид И.Хэрлэнчимэгтэй дахин хамтран амьдрах боломжгүй. Хүү Н.Даваа-Очирыг эх И.Хэрлэнчимэгийн асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүүхдийн тэтгэлэг төлнө” гэжээ.

           Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                        Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч И.Хэрлэнчимэг нь хариуцагч Ө.Ням-Очироос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч Ө.Ням-Очир нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

Нэхэмжлэгч И.Хэрлэнчимэгийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч И.Хэрлэнчимэг нь хариуцагч Ө.Ням-Очиртой 2013 оны 07 сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 09 сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулан 2015 оны 02 сарыг хүртэл хамтран амьдарч байсан нь хавтаст хэргийн 6-р талд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 09 сарын 01-ний өдөр хүү Ням-Очирын Даваа-Очир төрсөн болох нь хавтаст хэргийн 21-р талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь хавтаст хэргийн 08-р талд авагдсан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч И.Хэрлэнчимэг, хариуцагч Ө.Ням-Очир нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, нэхэмжлэгч И.Хэрлэнчимэг нь хариуцагч Ө.Ням-Очирыг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, гэрлэгчид нь 2015 оны 02 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.

Зохигчид нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж 2016 оны 10 сарын 27-ны өдөр цаашид хамтран амьдрахаар тохиролцож 57 тоот эвлэрлийн гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл тусдаа амьдарсан нөхцөл байдал, гэрлэгчдийн хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, 2015 оны 02 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч И.Хэрлэнчимэг нь хариуцагч Ө.Ням-Очирыг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй, зохигчдын санал зэргийг харгалзан шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид нь хүү Н.Даваа-Очирыг эх И.Хэрлэнчимэгийн асрамжид үлдээх талаар  тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлт зэргийг харгалзан үзээд хүү Н.Даваа-Очирыг эх И.Хэрлэнчимэгийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хүү Н.Даваа-Очирыг 18 нас хүртэл нь эцэг Ө.Ням-Очироос хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч И.Хэрлэнчимэг нь хүү Н.Даваа-Очиртой нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч И.Хэрлэнчимэг, хариуцагч Ө.Ням-Очир нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч И.Хэрлэнчимэгийн хариуцагч Ө.Ням-Очироос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч И.Хэрлэнчимэг нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож,  хариуцагч Ө.Ням-Очироос улсын тэмдэгтийн хураамж 98323 төгрөгийг гаргуулж, үүнээс 70200 төгрөгийг нэхэмжлэгч И.Хэрлэнчимэгт олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28123 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 132 дугаар зүйлийн

132.4-т тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч СО91123106 регистрийн дугаартай Боржигин овогт Идэрбаатарын Хэрлэнчимэг, хариуцагч СК91121014 регистрийн дугаартай Боржигoн овогт Өлзийсайханы Ням-Очир нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 09 сарын 01-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт Ням-Очирын Даваа-Очирыг эх Боржигин овогт Идэрбаатарын Хэрлэнчимэгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Н.Даваа-Очирыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Ө.Ням-Очироос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Н.Даваа-Очирын хэрэгцээнд зарцуулахыг эх И.Хэрлэнчимэгт даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад даалгасугай.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Хэрлэнчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ө.Ням-Очироос улсын тэмдэгтийн хураамж 98323 төгрөгийг гаргуулж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгч И.Хэрлэнчимэгт олгож, улсын тэмдэгтийн хураамж 28123 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

           10.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ