Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 668

 

 

 

 

2020         07          08                                   2020/ШЦТ/668      

                                                      

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Д.Эрдэнэбаатар,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Н.Д нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Норовын Дд  холбогдох эрүүгийн 1909009310847 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг  2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Пүүл Макс” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын гудамжны 482 тоотод оршин суудаг, урьд нь 2 удаагийн ял шийтгэлтэй, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр торгох ялын 500.000 төгрөгийг бүрэн биелүүлж дууссан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Норовын Д /РД:НБ76091411/,

 

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 07 сарын 01-ний өдрийн 629 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Н.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чили” нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан хохирогч Т.Батбаяртай маргалдах явцдаа эрүүл мэндэд нь халдан цохиж хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдал, няцрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /1300 мл/ бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад         

 ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т.Батбаяр бид хоёр үлдсэн, архины шил барьж дайрахаар нь би гараас нь бариад нэг удаа хэвлий орчим нь цохисон, ингээд маргалдаж байхад гаднаас н.Баттулга, н.Тамираа нар орж ирсэн, Т.Батбаяр нь дахиад над руу шил хагалж дайрахаар нь би бултаад Т.Батбаярыг мангасдаж газар унагаасан ба энэ үед Түмэнцогт миний араас тэвэрч салгасан, тэгээд бид нар гэр гэртээ харьсан, шинжээчийн дүгнэлтэд тусгасан гэмтлийг би учруулсан, бид хоёр маргалдаж над руу дайрахаар нь баруун гараараа хэвлийн тус газарт нь цохиход учирсан байх, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,  

 

Хохирогч Т.Батбаярын "... 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ахын найз н.Тогтохсүрэнтэй таарч Чили зочид буудал ортол Тогтохсүрэн ахын найз гэх Өмүүнээ, Баагий гэж дууддаг ах нар нэг эгчтэй хамт байсан, тавуулаа архи уусан, Өмүүнээ, Баагий ах хоёрын таньдаг Д гэх хүнтэй буудлын коридорт таарч өрөөнд дагуулж орж ирж нийлж архи уусан, архи ууж байхдаа Д надад ахархаад намайг зүгээр байлгахгүй байхаар нь би өөдөөс нь үг сөрөөд зогсож байтал гэнэтхэн миний элэг рүү цохисон, цохиулаад би юу болсноо мэдэхгүй байгаа, тэгээд сэртэл өглөө болчихсон буудлын өрөөнд Тогтохсүрэн ах бид хоёр хоёулханаа байсан, сэрээд хөдөлтөл гэдэс хэвлий орчмоор нэг сул юм унжаад байгаа юм шиг эвгүй оргиод хөдөлж чадахгүй байсан, би ганцаараа явж байгаад хамаатныхаа айлд очоод өдөржин хэвтсэн боловч миний бие зүгээр болохгүй улам өвчин ороод хүндрээд байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү хамаатныхаа эгч Мөнхжаргалын хамт явж очоод үзүүлтэл дотуур цус алдаад байна, яаралтай хагалгаанд орно гээд шууд хагалгаанд орсон, гэмтлийн эмнэлэг дээр манай ах н.Батболд ирсэн, урьд өмнө нь бид хоёр таарч муудаж зодолдож байгаагүй, огт танихгүй хүн буудалд таараад надтай үг сөрж хэрэлдээд намайг зодож гэмтэл учруулсан, эмчилгээ хийсэн баримтаа өөртөө хадгалж байгаад олохгүй байгаа, гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх дээр 2019 оны 02 дугаар сарын 15-ны 13 цагийн орчим 100 айлын Чили зочид буудлын урд үл таних хоёр хүнд зодуулсан, гэртээ харьж хэвтэж байгаад өвдөөд байхаар нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 22 цаг 00 минутад ирсэн гэж бичигдсэн байна, энэ ямар учиртай вэ гэсэн мөрдөгчийн асуултад тухайн үед Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очоод байж байхад Дак буюу Д над руу ярьсан, тухайн үед би эмчилгээний мөнгө төгрөг өгнө цагдаа асуувал танихгүй хүн гэж хэлээрэй гэж байсан болохоор тэгээд хэлчихсэн, над руу асуудалгүй ярина гэж хэлж байсан, шинжээчийн дүгнэлтээр учруулсан гэмтлийг Дак буюу Д надад учруулсан бөгөөд хэвлийн орчим гараараа нэг удаа маш хүчтэй цохисноос болж би гэмтсэн, Дгаас 300.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-44, 54 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Баттулгын “... Чили зочид буудалд танил Түмэнцогг, Д хоёртой орсон, гаднаас Баатараа, Жонжо, Батбаяр гэх гурван залуу орж ирсэн, бид нийлж архи уусан, Тамираа гэх эмэгтэй руу залгаад Тамираа ирсэн, ингээд би Тамираатай гадаа юм ярьж байгаад буудлын өрөөнд ороход Батбар болон Д хоёр хоорондоо маргалдаад сууж байсан, тэгэхээр нь би Дд хандаж чи болио жаахан хүүхэдтэй юунд маргалддаг юм, гэж хэлээд би орон дээр хэвтэж байгаад унтсан, унтаж байхад тамираа бос бос явцгаая гэхээр нь би боссон ба өрөөнд архины шил хагарсан, Д хувцсаа өмсөөд зогсож байсан, Батбаяр орны буланд согтуу сууж байсан, Жонжо унтаж байсан, би босоод Д, Түмэнцогт, Тамираа болон Дгийн танил гэх нэг залуугийн хамт гараад явцгаасан, хоёр хонгийн дараа Батбаярын ах Батболд над руу залгаад би гэмтэл дээр байна, дүүг Д зодсон байна гэж хэлэхээр нь Түмэнцогт бид хоёр очиход Батбаяр хэвтсэн гэж ярьж байсан, өөр хүмүүс хоорондоо маргалдаагүй, бид нар үүрээр нар мандах гэж байхад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Батболдын "... 2019 оны 02 дугаар сарын 14-15-ны өдөр байх өдрийн сайн санахгүй байна, орой 00 цагийн үед нутгийн эгч Мөнхжаргал гэдэг хүн залгаад дүү Батбаяр чинь хүнд зодуулсан хагалгаанд яралтай орно гэж байна гэж залгасан, гарын үсэг зуруулаад хагалгаанд орсон, дараа нь эмчтэй уулзаж яасан талаар тодруулахад элэг нь бяцарсан, 2 шулуун гэдэс нь тасарсан, дотуур цус алдалт ихтэй байна гэж хэлсэн, тэгээд эмнэлэгт 3 хоног сахиж хамт байсан, эмнэлэгт олигтой юм яриагүй сүүлд асуухад Дак ах намайг цохисон гэж хэлсэн, Дак гэдэг нь Д Г^дэг хүн 2008 онд 100 айлын Жоби дээр танилцаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Түмэнцогтын “... Чили зочид буудалд нэрийг нь мэдэхгүй Жо гэх залуу, Батбаяр, Баттулга, Д, тамираа гэх эмэгтэйн хамаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд шөнө унтаж байхад Тамираа гэх эмэгтэй намайг сэрээгээд Д Батбаярыг зодоод байна, гэж хэлсэн, сэрээд харсан чинь Д Батбаяр нар хоорондоо хэрэлдээд урд урдаасаа харсан байдалтай барилцаж авчих гээд байсан, би босож очоод Дг араас нь тэвэрч тэр чигээр нь түлхээд өрөөнөөс Баттулгатай -цуг авч гараад такси бариад Дг Дарь-Эхийн тэр хавьд буулгаад би өөрөө цааш явсан, Батбаярыг Д цохисон гэж Тамираа хэлсэн, Д өөрөө болохоор би нэг удаа цохисон гэж надад хэлсэн, ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-75 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Тунгалагтамирын "... Чили зочид буудалд ажил хэргийн шугамаар таньдаг Баттулга, Түмэнцогт нартай уулзах гэж очсон, тэр хоёр 5-6 залуустай архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан, би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, шөнө дунд Баттулгатай өрөөнөөс гараад жаахан юм ярьж байгаад буцаад буудлын өрөөнд ортол Т.Батбаяр гэх залуу нь тэнд байсан Н.Д гэх залуутай маргалдаад өөд өөдөөсөө хараад сууж байсан, өөр хэн нэгэн Батбаяртай маргаагүй олныг хамарсан хэрүүл маргаан болоогүй, Батбаяр нь Д руу шил хагалж дайрсан гэхдээ цохиогүй, Баттулгатай ариун цэврийн өрөөнд юм яриад байж байх хооронд яаж маргалдаж зодолдсон талаар мэдэх юм байхгүй байна, өрөөний хаалгыг хаасан байсан, Дгийн хувьд өндөр биерхүү, том биетэй махлагдуу залуу байсан, харин Батбаяр нь жижигхэн биетэй туранхай насаар бага залуу байсан, биеийн харьцаа бол харьцангуй харагдаж байсан, Баттулга бид хоёрыг гарч явах үед Батбаяр, Д нар хоорондоо маргалдсан хэрэлдсэн зүйл байгаагүй, харин эргээд орж ирэхэд хоорондоо муудалцсан байдалтай байж байсан, энэ хооронд цохилцож зодолдсон талаар би хараагүй тухайн үед ариун цэврийн өрөөнд байсан, тухайн үед Батбаяр нь жижиг биетэй тэр дундаа хамгийн жаахан нь байсан, орж ирснээс хойш тэр хоёр хоорондоо яг юунаас болж ямар асуудлаас болж маралдсаныг мэдээгүй, маргалдаж байгаад хоорондоо барьцалдаж зууралдаж явж байгаад Н.Д, Т.Батбаярыг алгадахад Т.Батбаяр хан налж хойшоо унасан, унахад нь Н.Дн Т.Батбаярын хоолойг багалзуурдаж дархад Т.Батбаярын нүүр хөхөрч царайн цонхийж маш эвгүй болсон, ингээд би гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-82 дугаар хуудас/,

 

Гэрч Г. Мөнхжаргалын “... Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 15 дугаар байрны 0 тоотод 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед манай хүүхдүүд Т.Батбаяр ах манайд ирсэн унтаж байна гэж хэлсэн, би орцны жижүүрийн ажлаа хийж байгаад 17 цагийн үед гэртээ орж ирэхэд Т.Батбаяр унтаж байсан бөгөөд чи яагаад унтаад босохгүй байгаа юм гэхэд гэдэс дүүрээд аягүй байна, гэхээр нь яасан гэж асуухад хүнд зодуулчихсан гэж хэлсэн, тэгээд би эмнэлэг явъя гэж хэлээд 21 цагийн үед гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд дотуур цус алдсан байна, хагалгаанд орно гэж хэлсэн, яг хэнд зодуулсан талаараа хэлээгүй, 100 айлд гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Тогтохсүрэнгийн “... буудал ороод нэг өрөө аваад тэд нар архи уусан, би архийг нь тойруулаад дундаас нь 2-3 татсан, архи уусан согтуу халамцуу байсан учраас би тасраад унаад өгсөн байсан, нэг сэрэхэд өглөө болсон, хажуу орон дээр Т.Батбаяр сууж байсан, хоёулаа 100 айл орох уу гэхэд Т.Батбаяр бие өвдөөд байна, Мөнхөө эгчийн гэр рүү явлаа гээд бид хоёр буудлаас гараад салсан, энэ өдрийн маргааш нь Т.Батбаярын ах Т.Батболд над руу залгаад та нар хамт байсан юм уу юу болсон юм, Т.Батбаяр зодуулсан байна, гэж ярьсан, хэнд гэхэд Н.Д зодсон гэж байна дугаарыг нь мэдэх үү гэхээр нь мэдэхгүй гэсэн, Т.Батбаяр бие өвдөөд байна гээд тонгойгоод суугаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн "... 2019 оны 02 дугаар сарын 15- ны өдрийн 21 цаг 55 минутад Т.Батбаяр нь эмчид үзүүлсэн..” талаарх өвчний түүх /хх -ийн 96-106 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №11341 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:   

   1. Т.Батбаярын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдал, няцрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /1300 мл/ мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 90-91 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чили” нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан хохирогч Т.Батбаяртай маргалдах явцдаа эрүүл мэндэд нь халдан цохиж хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдал, няцрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /1300 мл/ бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч Н.Дгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Батбаярын мэдүүлэг, гэрч Э.Баттулга, Ц.Түмэнцогт, Ч.Тунгалагтамир, Г.Мөнхжаргал нарын мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11341 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Т.Батбаярын биед хүнд хохирол санаатай учруулснаа хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Дгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 300.000 / гурван зуун мянга/ төгрөгийг  төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүгдэгч Н.Дгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Н. Дг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг   харгалзан шүүгдэгч  Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /1 нэгж=1000/ 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 / хоёр/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Н. Д нь 2020 оны 06 сарын 10-ны өдөр сэжигтэнээр баривчлагдаж 2020 оны 06 сарын 11-ны өдрөөс 07 сарын 08-ны өдөр хүртэл нийт 27 хоног цагдан хоригдсон байх ба дээрх хугацааг эдлэх ялд нь оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 / арван таван / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /27Ч15000=405000/ торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, болохыг дурьдлаа

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дахь хэсэг, мөн хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,   36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Норовын Дг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Н. Дд оногдуулсан 10.000.000 / арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 / хоёр / жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н. Д нь  шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н. Дн энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон 27 хоногийн 1 / нэг / хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (1 нэгж=1000 төгрөг) өөр тооцож нийт  405000  /27Ч15000=405000/ төгрөгийг түүний эдлэх торгуулийн  ялаас хасаж тооцсугай.

6. Шүүгдэгч Н. Д нь хохирогч Т. Батбаярт эмчилгээний зардалд 300.000 / гурван зуун мянга/ төгрөг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т .Батбаяр нь өөрийн  эрүүл мэндэд гэмтэл учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н. Дгаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.  Шүүгдэгч Н.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах арга хэмжээ авч шүүгдэгчийн шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН