Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 669

 

 

 

 

 

 

 

 

  2020         07          09                                   2020/ШЦТ/669      

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Г.Баярмаа

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг   

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О. Алтанчулуу

Өсвөр насны шүүгдэгч: Х.Т

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ч. Цэцэгсүрэн нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян Өндөр овогт Халтархүүгийн Тд холбогдох эрүүгийн 2009000000820 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 103-р байр 194 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 310-р байрны 2-р орц 217 тоотод түр оршин суудаг, Ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Баян Өндөр овогт Халтархүүгийн Т, /РД: УО04211938/,

            Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 638 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Өсвөр насны шүүгдэгч Х.Т нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 310 дугаар байрны гадна байсан хохирогч Х.Буяннэмэхийн өмчлөлийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Дайсо маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2009000000820 дугаартай хэргээс:

Өсвөр насны шүүгдэгч Х.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

Хохирогч Х.Буяннэмэхийн “...2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед байрныхаа гадна өөрийн шар өнгийн мотоциклоо авч ирж тавиад 2020 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 09 цаг болж байхад гараад ирсэн чинь байхгүй болсон байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Одхүүгийн “...Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр зогсоож шалгасан. Манай ах тамхинд явуулсан. Ахын мотоцикл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Хохирогч Х.Буяннэмэхийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-36-р хуудас/,

 

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Х.Т нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 310 дугаар байрны гадна байсан хохирогч Х.Буяннэмэхийн өмчлөлийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Дайсо маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Буяннэмэхийн мэдүүлэг, гэрч Н.Одхүүгийн мэдүүлэг, хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Х.Т нь шунахай зорилгогүйгээр Х.Буяннэмэхийн эзэмшлийн мотоциклийг түүний зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Х.Тгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Х.Тг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа. 

Өсвөр насны шүүгдэгч Х. Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 3 сар 6 хоногийн настай байсан болох нь иргэний мэдээллийн лавлагаа болон түүний насыг тоолсон тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван найм дугаар бүлэгт заасан тусгай журмын дагуу явуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан” Авто тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрлөөс түүний нас биед тохирсон, эрүүл мэнд , ёс суртахуун сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 120 цагийн хугацаагаар эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өсвөр насны шүүгдэгч Баян Өндөр овогт Халтархүүгийн Тг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Тд 120 /нэг зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны ялтан Х.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

  4. Өсвөр насны шүүгдэгч Х.Т нь бусдад төлөх төлбөргүй,  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй,   шүүхээс  шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Х.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН