Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 674

 

 

 

 

 

 

 

 

   2020         07          10                                   2020/ШЦТ/674      

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,  

Шүүгдэгч: Д.Ө нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Төмөр овгийн Доржийн Өд холбогдох эрүүгийн 2009008690453 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2 дугаар гудамж 199 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн. Боржигон Төмөр овгийн Доржийн Ө, /РД: ХП74030519/,

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 605 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Д.Ө нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 2-10 тоотод иргэн А.Амарболдтой хамт архи ууж түүнийг унтаж байхад нь Самсунг эс-6 маркийн гар утас, зэс Домбо, мөнгөн аяга 3 ширхэг, хивс угаагч, сахлын машин, хутга, гутал, ороолт, сувинер, бүс зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.308.320 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад         

 ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-11 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Эрдэнэжаргалаас “...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрт иртэл манай нөхөр Амарболд согтуу байсан бөгөөд манай гэрт байсан эд зүйлүүд алга болсон байсан. Тэгээд нөхрөөсөө юу болсон талаар асуутал чамайг байхгүй хойгуур манай гэрт миний зүс таних Ө гэх залуу 2 хоносон. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 06 цагийн үед сэртэл миний самсунг эс-6 маркийн гар утсыг Ө аваад гарчихсан байсан. Тэгээд гэртээ Өнөрөөг ирэхийг хүлээж байтал 15 цагийн үед Монгол хочтой Оюунаа, Бадарч овогтой Батзориг /Нул хочтой/, Уранцэцэг, Өлдрөө гэх хүмүүс манай гэрт 2 том савтай пиво болон 2 шил архитай орж ирсэн. Тэгэхээр нь би тэр хэдтэй архийг нь хувааж уучхаад унтаад өгсөн. Намайг унтчихсан байх хойгуур манай гэрт байсан домбо, мөнгөн аяга 3 ширхэг , хивс угаагч сахлын машин, хэт хутга, гутал , ноолууран ороолт, 2 ширхэг сувинэрэн арслан, нурууны зүүдэг бүс гэх зэрэг эд зүйлс аваад гарчихсан байна гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/

 

Гэрч Д.Энхбатаас “...2020 оны 03 дугаар сарын эхээр өдрийн 15-16 цагийн орчим байсан санагдаж байна СБД-н 15-р хороо Дамбадаржаагийн 1-4 тоотод байх гэрээсээ гарч дэлгүүр лүү талх авах гээд хашаанаасаа гарч ирэх үед манай арын хашааны 2-10 тоот хашаанаасаа үл таних өндөр нуруутай хар царайтай залуу хоёр тортой зүйл барьсан гарч ирж байсан юм. Би тэр үед тамхи татаж байсан бөгөөд тэр залуу над руу ирээд тамхиа өгчих гэхээр нь би түүнд өгтөл тэр “Би өмнө нь цагдаад ажилладаг байсан юм. Энэ айл манай ах байгаа юм. Би ахтайгаа ганц шил архи хувааж уучхаад гарч ирж байна. Ах маань надад гутал өгсөн юм” гэж ярьж байсан. Миний харснаар нэг торон дотор нь гутал лав харагдаж байсан. Өөр ямар зүйлс байсан гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёр тортой л юм байсан. Тэр залуугаас архи үнэртэж байсан бөгөөд би түүнээс шууд салаад буцаад гэр лүүгээ орсон бөгөөд тэр залуу 7-н буудал чиглээд яваад өгсөн юм. Тухайн үед тэр залуу ганцаараа гарч явсан бөгөөд өөр ямар нэгэн хүн харагдаагүй юм. Торон дотор нь чухам ямар эд зүйл байсан нь харагдахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Оюунаас “...Намайг дэлгүүрт 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 11 цаг өнгөрч байхад 7-н буудлын орчмоор байнга архи уугаад явж байдаг Ө нэгэн танихгүй эрэгтэй хүнтэй хамт орж ирээд цагаан өнгийн гялгар уутан дотор зэс домбо /халуун сав/ бариад орж ирсэн. Тэр надад Яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Би энэ зэс домбыг 50.000 төгрөгөөр зарах гэсэн юм” гэж хэлсэн. Би түүнээс “50.000 төгрөгөөр бол би худалдаж авахгүй ээ. Харин 25.000 төгрөгөөр бол худалдаж авч болно" гэхэд тэр зөвшөөрч би түүнд 25.000 төгрөг бэлнээр өгч тухайн домбыг нь худалдаж авсан юм. Харин Ө 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дахин манай дэлгүүрт ганцаараа орж ирсэн бөгөөд тэр надаас “хивс цэвэрлэдэг тоос сорогч зарах гэсэн юм. Та авахгүй юм уу. Хямдхан өгчихмөөр байна” гэхээр нь би түүнд “Чи чинь хулгайн юм зараад байгаа юм уу. Өчигдөр бас Домбо зараад байсан. Өнөөдөр бас юун тоос сорогч зарна гээд байгаа юм бэ. Би чамайг цагдаад хэлнэ шүү” гэж хэлэхэд тэрээр гараад яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

 Гэрч Ч.Төмөрцоожоос “...Би 2020 оны 03 дугаар сард эмэгтэйчүүдийн баярын өмнө өөрийн ажиллуулдаг гутал засварын газрын гадна тамхи татаад зогсож байхад зүс таних “галзуу” хочтой Ө гартаа саарал өнгийн хивс угаагч бариад явж байсан юм. Би түүнээс наадахаа яах гэж байгаа талаар нь түүнээс асуухад тэр зарна гэхээр нь би сонирхоод шалгаж үзье гээд өөрийн өрөөндөө оруулаад залгахад ажиллаж байгаа бололтой мотор нь дугарч, ажиллаж байсан юм. Тэгээд би түүнийг хулгайн эд зүйл юм уу гэхэд тэр “Үгүй ээ, манай гэрийн эд зүйл байгаа юм. Хулгайн эд зүйл байсан бол би барьж явахгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр “20.000 төгрөгөөр худалдаж авахгүй юм уу, эсвэл 20.000 төгрөгөндөө тааруулаад архи дарс, тамхи аваад өгчих. Би хажуугийн дэлгүүрт өртэй юм аа” гээд байхаар нь би түүнд нэг шил 0.75 литрийн Хараа архи, нэг хайрцаг тамхи, нэг ундаа зэргийг авч өгөөд 18.000 төгрөг болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26-28 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ө нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 2-10 тоотод иргэн А.Амарболдтой хамт архи ууж түүнийг унтаж байхад нь Самсунг эс-6 маркийн гар утас, зэс Домбо, мөнгөн аяга 3 ширхэг, хивс угаагч, сахлын машин, хутга, гутал, ороолт, сувинер, бүс зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.308.320 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Өын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Эрдэнэжаргалын мэдүүлэг, гэрч Д.Энхбат, Д.Оюунаа, Ч.Төмөрцоож нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл  зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Д.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хохирогч нь хулгайд алдагдсан эд зүйлээс 280.000 төгрөгний үнэлгээ бүхий Домбо, 239520 төгрөгний үнэлгээ бүхий Хивс угаагч, 120.000 төгрөгний үнэлгээ бүхий гар утас зэргийг хүлээн авсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Харин  48000 төргөний үнэлгээ бүхий ноолууран ороолтоор  Н. Оюунтуулын мөрийг боосон талаар гэрч Н. Оюунтуул мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд шүүдэгч Д. Өаас мөнгөн аяга / 360.000/, сахлын машин / 16800 /, ангийн хутга / 72000/, гутал / 72000/, сувинер арслан / 80.000/, нурууны бүс / 20.000/ домбыг барьцаанаас чөлөөлж авахад төлсөн / 25000/ төгрөг нийт 645800 / зургаан зуун / төгрөгийг гаргуулж хохирогч Б. Эрдэнэжаргалд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ө нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол хор уршгийг арилгаагүй тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах шаардлагатай гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Д.Өд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Д.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар  01 жил 06 сарын хугацаагаар  хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт Боржигон Төмөр овгийн Доржийн Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 1.308.320 /таван зуун далан мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Д.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Өд оногдуулсан 1 /нэг/ жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өаас 645800 / зургаан зуун дөчин таван мянга найман зуу / төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эрдэнэжаргалд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН