Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 159/2021/0012/З |
Дугаар | 221/МА2022/0046 |
Огноо | 2022-01-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0046
“Ш о т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/77 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч П.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа
Хэргийн индекс: 159/2021/0012/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ш о т” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/77 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш о т” ХХК-ийн гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/77 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Ш о т” ХХК нь 2019 онд өөрийн эзэмшлийн 3 талбайд “М а” ХХК-аас химийн уринш хийлгэсэн болох нотлогдсон. Үүнд: Гэрч Д.Б, Л.Г, Д.Э, Б.Б-ы мэдүүлэг, Л.Г-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Л.Г-ын фэйсбүүк хаягт хадгалагдаж байсан гэрэл зургууд, “Ш о т” ХХК-ийн талбай түүх хөтөлсөн тэмдэглэл,
3.2. 2019 онд химийн уринш хийсэн тухай мэдээллээ эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй болон талбайн түүхийн дэвтрээ загварын дагуу хөтлөөгүй зэргээр Тариалангийн тухай хуулийг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу торгуулийн хариуцлага хүлээлгэж болохоос биш тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуульд заасан үндэслэл биш юм. Иймд 2019 оны 08 дугаар сард уринш хийснээс хойш 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/77 дугаар Засаг даргын захирамж гарах хүртэл хугацаанд 2 жил өнгөрөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
3.3. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргаас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн мэдэгдэх хуудсанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй байна. Иймд газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэсэн байсан.
3.4. Татварын үйл ажиллагаа бүхэлдээ цахим системд шилжсэнтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнаас хэдэн төгрөгийг ямар дансанд төлөх тухай гүйлгээний тусгай дугаар бүхий татвар ногдуулсан төлбөрийн даалгавар ирүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч тал төлбөрийг төлөх ямар ч боломжгүй юм. Газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн Ч.Э-ын шүүхэд ирүүлсэн “Ш о т” ХХК-ийн газрын төлбөрийн судалгаа гэсэн хүснэгтэд 2020-2021 онд төлбөр ногдуулж байгаагүй нь нотлогдоно. Дээрх нөхцөл байдлаас харахад газрын төлбөр төлөх боломжгүй нөхцөлийг эрх бүхий албан тушаалтнууд бүрдүүлсэн атлаа газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.
3.5. Оролцогчийн тайлбар санал гарах боломжийг хангаагүйн улмаас цахимаар явуулсан хүсэлтийг хүлээж аваагүй зэргээр хуулиар тогтоосон журмыг зөрчсөн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасныг зөрчсөн.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2.1. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/77 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан 2 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “Ш о т” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/408 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн Их номгон уулын урд байршилтай 99.42 га, 91.05 га, 73.03 га газрууд багтжээ.
2.2. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргаж, үндэслэлээ “... 2019 онд уринш хийлгэсэн ... 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй .... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж манай компанийг үндэслэлгүй буруутгасан” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь ... нотлогдож байна” хэмээн тайлбарлан маргасан байна.
2.3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг хүлээхээр, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.
2.4. Тариалангийн тухай хуулийн 8.1-д “Уриншилсан газарт хөрсөнд чийг хуримтлуулах, хог ургамлаас цэвэрлэх зорилгоор механик болон химийн аргаар боловсруулж өнжөөсөн тариалангийн талбай хамаарна”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “өнжөөсөн газарт хоёр жилийн хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбай хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд тариалан эрхлэгч нь газраа уриншилсан бол газрыг ашигласанд тооцохоор, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тариалангийн газрыг 2 жил хүртэл хугацаагаар өнжөөх боломжтой, өнжөөсөн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.
2.5. Гэтэл 2019 онд газартаа уринш хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулан шүүхээс уг нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулахад, нэхэмжлэгч /тариалан эрхлэгч/ нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”-ээр, 20.2.6-д “...бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх”-өөр тус тус заасныг биелүүлээгүй болох нь Сэлэнгэ аймаг, Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын 2/3235 дугаар албан бичиг[1], Хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт, түүнд хавсаргаж ирүүлсэн тариалалтын мэдээ[2], Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 520 дугаар албан бичиг[3] зэргээр тогтоогдсон байна.
2.6. Гэвч иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд “... “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг ойлгоно”[4] гэж заасан, Газрын тухай хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашигласан гэж үзээд хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй байхад маргаан бүхий акт гарсан гэж үзэх үндэслэлтэй.
2.7. Харин нэхэмжлэгчээс газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Татварын тасгийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар албан бичигт[5] ““Ш о т” ХХК нь ... Сайхан сумын Номгон тосгонд ... газрын төлбөр болон бусад албан татвар төлдөггүй”, газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн Ч.Э-ын тайлбарт “... 2015, 2017, 2019 онуудын газрын төлбөрийг төлж барагдуулаагүй байна ... 2020 оны газрын төлбөр төлөгдөөгүй байна”, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... төлбөр төлсөн баримтаа олохгүй байна” гэж тайлбарласан төдийгүй газрын төлбөрийн зарим хэсгийг маргаан бүхий акт гарснаас хойш төлсөн байгаа зэргээс үзэхэд маргаан бүхий газрын төлбөрийг хууль болон гэрээнд заасан хэмжээ, хугацааны дотор төлсөн гэж үзэх боломжгүй төдийгүй нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газрын төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд нь төлсөн болохоо баримтаар нотолж чадахгүйн дээр маргаан бүхий акт гарсны дараа газрын төлбөрийг төлсөн нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүр биелүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй.
2.9. Ийнхүү Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/77 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ш о т” ХКК-д Их номгон уулын урд газар эзэмшүүлсэн мөн сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/408 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2.10. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв байх боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй “Сайхан сумын Засаг даргын зөвшөөрөлгүй тариалангийн газраа “М а” ХХК-д ашиглуулсан гэж үзэх үндэслэлтэй” гэх зэргээр хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас хальсан, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийснийг цаашид анхаарвал зохино.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 35 дугаар зүйлийн 35.1.6, 40.1.6” гэснийг хасч, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН