Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 24

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн   шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 1-30 дугаар байрны 12 тоотод оршин суух  Боржигон овогт  Түдэвийн Болормаа

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох

 

“Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн өлгий худалдаа эрхлэх 25.5 м2 бүхий өрөө тасалгаанд үйл ажиллагаа эрхлэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                         Т.Болормаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                 Ж.Эрдэнэбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:          Л.Мягмарсүрэн

Гуравдагч этгээд:                                                Ч.Жанчив       нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Болормаагаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Нэгдсэн эмнэлэгтэй түрээсийн гэрээ байгуулан нярайн хэрэглэл худалдааны үйл ажиллагаа явуулаад 6 жил болж байгаа. Тухайн сонгон шалгаруулалт зарласан талбайд би анх засвар үйлчилгээ хийгээд, худалдааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Эрдэнэтулга дарга надад худалдаа эрхэлж байгаа талбайгаа суллаж өгнө үү гэсэн албан тоотыг ирүүлсэн бөгөөд би даргаа юу болоод байгаа юм бэ яагаад намайг эндээс гар гээд байгаа бэ гэхэд одоо энэ өрөөг би мэдэхээ больсон Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар мэддэг болсон гэхээр нь энэ байгууллагын дарга Батсүхэд өргөдлөө гаргахад түрээслэгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан тул хүчингүй болгох үндэслэл байхгүй хууль ёсны дагуу сонгон шалгаруулалт болсон байна гэсэн хариуг надад өгсөн. Яагаад 6 жил үйл ажиллагаа явуулж байгаа хүнд нь мэдэгдэхгүйгээр түрээсийн талбайд нь тендер зарласан юм бэ. Орон нутгийн өмчийн газраас сонгон шалгаруулалт явуулахдаа тус талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг оролцуулахгүй түүний эрх ашгийг зөрчөөд тендерийг дүгнэж өөр хүнд өгсөн нь буруу гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

 Би Нэгдсэн эмнэлгийн аж ахуйн албаны дарга Батсүхтэй уулзаад гэрээгээ  байгуулмаар байна гэхэд 3, 4 дүгээр сард ирээд гарын үсгээ зурчих, гэрээг байгуулна л гэдэг байсан, та гэрээний үүргээ биелүүлж байгаа, гэрээг цуцлах нөхцөл байхгүй учир тантай гэрээг байгуулна гэж  2017 оны 12 дугаар сарын сүүлээр надад тэгж хэлсэн,өмнөх жилүүдэд ч гэсэн энэ зарчмаар гэрээгээ байгуулсаар ирсэн.Мөн Эрдэнэчимэг гэж ерөнхий нягтлантай уулзахад Батсүх даргын хэлдгийг л хэлж байсан. Би тухайн үед дутуу төрсөн учир бие тааруухан, эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн.Сонгон шалгаруулалт явуулах зарыг мэдээгүй, надад мэдэгдээгүй.Иймд Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 25,5 м2 талбайг түрээслүүлэх  сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болормаа нь 2012 оноос хойш тус байранд нярайн худалдааг эрхэлж, Нэгдсэн эмнэлэгтэй түрээсийн гэрээ байгуулж, төлбөрийг цаг тухайд нь төлж явсан ба Т.Болормаатай байгуулсан түрээсийн гэрээг цуцлах үндэслэл байгаагүй үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан. Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Т.Болормаагийн үйл ажиллагаа явуулж байсан талбайд сонгон шалгаруулалт зарлан дүгнэхдээ Т.Болормаад мэдэгдээгүй бөгөөд сонгон шалгарлуулалтын материалыг шалгаруулах комиссын дүгнэлтээр “Баян балчир” ХХК ялж, түрээсийн талбайг шилжүүлэхээр болсон байна. Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/221 тоот албан бичгээр Т.Болормаад Орон нутгийн өмчийн газраас таны үйл ажиллагаа явуулж байгаа талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтад “Баян балчир” ХХК ялсан тул 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус талбайг суллаж өгнө үү гэж шаардахад Т.Болормаа тус талбайд нь сонгон шалгаруулалт зарласан талаар мэдсэн бөгөөд түүнд сонгон шалгаруулалт зарласан талаар мэдэгдээгүй байдаг. Эмнэлгийн дарга Эрдэнэтулга даргатай уулзахад Орон нутгийн өмчийн газраас сонгон шалгаруулалтаар шалгарсан байгууллагатай түрээсийн гэрээ байгуулна та байрыг суллаж өг гэсэн байна.

Т.Болормаа анх тус байранд үйл ажиллагаа явуулахын тулд 12 сая төгрөгийг байрны засварт зарцуулж, худалдаа эрхлэх боломжтой болгосон бөгөөд засвар хийж үйл ажиллагаа явуулах боломжтой болохоор нь өөр хүнд түрээслүүлж байгаа нь өөрөө шударга бус байна. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын явуулсан сонгон шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Төрийн өмчит хуулийн этгээд нь байрны талбайг түрээслүүлэх эрхийг эдэлнэ гэж заасан байдаг ба Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан түрээсийн нөхцлийг тусгана, мөн Төрийн болон орон нутгийн өмчгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах үйлчилгээнийн тендерийн уриалга гэж байдаг үүний дагуу Орон нутгийн өмчийн газраас тендерийн сонгон шалгаруулалтын журам батлаад, тус журмын дагуу түрээслэгч болоод сонгон шалгаруулалтад орох хүмүүст мэдэгдэх үүрэгтэй боловч хамгийн түрүүнд мэдэгдэх ёстой байсан түрээслэгч Т.Болормаад мэдэгдээгүй  сонгон шалгаруулалт явагдсан талаар мэдээгүй байгаа нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж байна.

Орон нутгийн өмчийн газрын сонгон шалгаруулалт зохион байгуулах журмыг интернетээс хайгаад олоогүй. Харин Улаанбаатар хотын түрээсийн талбай түрээслэгч сонгон шалгаруулах журмаас харахад Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар нь сонгон шалгаруулалт зохион байгуулах журмыг баталж мөрдөөгүй байна. Шалгаруулалтад оролцуулах мэдэгдлийг өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгчид эхний ээлжинд мэдэгдэх ёстой бөгөөд түүний хамгийн доод үнийн саналаар түрээслэх боломж олгоод хэвлэл мэдээллээр зарлах ёстой байдаг боловч тус үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байна. Түрээслүүлэгч нь иргэн хүний эрх ашгийг зөрчиж сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтын ялагчийг зарласан байх тул нэгдсэн эмнэлгийн 25.5 м2 талбай бүхий өрөөг түрээслүүлэх сонгон шалгаруулалтыг дүгнэх комиссын дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мягмарсүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаа нь сонгон шалгаруулалт явуулдаг бөгөөд сонгон шалгаруулалттай холбоотой хууль болон журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тендерийн урилгын талаар дурьдаж байна. Тендер гэдэг бол сонгон шалгаруулалтаас өөр үйл ажиллагаа юм. Орон нутгийн өмчийн газар нь төрийн өмчийн байрны түрээсийн асуудлыг шийдвэрлэхээр тусдаа хууль болон журмаар зохион байгууллагдаж явагддаг. Харин тендерийн тухайд бол Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тендерийн уриалга гаргадаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 40, 41 ,45 дугаар тогтоолуудаар батлагдсан журамд нийцүүлэн түрээсийн байрны сонгон шалгаруулалтыг  явуулсан.

Болормаа нь надад мэдэгдэлгүй сонгон шалгаруулалт явуулсан гэж байгаа ба бид сонгон шалгаруулалтыг тусгайлан баталсан журмын дагуу явуулах ёстой. Журам дээр сонгон шалгаруулалт явуулах зарыг хэрхэн тавих талаар заасан байдаг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагын цахим хаягт байршуулж болно гэсэн байгаа. Гэхдээ бид Дархан хотын иргэдийн хандалт их байдаг болохоор нь Дархан хотын албан ёсны зарын сайт болон аймгийн Засаг даргын тамгын газрын сайт, мөн facebook-т зарыг нийтэлсэн. Бид сонгон шалгарууулалт зарлахдаа 6 жил түрээсэлсэн хүн болон бусад этгээдүүдэд мэдэгдэх шаардлагагүй, Болормаад мэдэгдсэний дараа сонгон шалгаруулалт явуулах журам байхгүй, мэдэгдэх үүрэггүй ижил тэгш хандаж сонгон шалгаруулалтыг явуулах ёстой. Орон нутгийн өмчийн газрын даргын А/10 дугаар тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалт дүгнэх комиссын дүгнэлтээр сонгон шалгаруулалтын ялагчийг тодруулсан.

Нэгдсэн эмнэлгийн эдийн засаг н.Баатархүү нь Т.Болормаад сонгон шалгаруулалтын талаар хэлсэн, гар утсанд нь зурвас илгээсэн гэж хэлж байсан нь гэрчээр асуугдсан Баатархүүгийн мэдүүлгээр нотлогдож байгаа Т.Болормаа нь сонгон шалгаруулалтыг надад мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа нь худлаа, сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан боловч өөрөө энэ эрхээ эдэлж ороогүй  байна. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 40, 41, 45 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу бид сонгон шалгаруулалтыг явуулсан тул сонгон шалгаруулалт нь хууль ёсны сонгон шалгаруулалт болсон гэж үзэж байгаа.

Иргэн Т.Болормаа нь 2012 оноос тус байрыг  түрээслээд үйл ажиллагаагаа явуулах хугацаанд ямар нэгэн гэрээг цуцлах зөрчил гаргаж байгаагүй, түрээсийн төлбөрөө төлж байсан бөгөөд гэрээг цуцлах талаар бид яриагүй.Тухайн үед түрээсийн гэрээгээ сунгаад, өөрсдөө байрандаа урсгал засвараа хийхээр гэрээнд тусгагдсан байдаг. Харин 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс батлагдсан 40, 41 дүгээр тогтоолын дагуу орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмаар сонгон шалгаруулалтын явуулсан байгаа энэ журмыг тухайн үед нь дагаж мөрдөх байсан боловч бид нэгэнт гэрээтэй байгаа гэрээний хугацааг нь дуусахаар нь сонгон шалгаруулалтыг зарлая гээд 2017 оны 12 сарын 28-наас зарласан эхний шалгаруулалтад нэг ч байгууллага иргэн материалаа ирүүлээгүй учир дахин сонгон шалгаруулалтыг зарласан, энэ сонгон шалгаруулалтад “Баян балчир” ХХК-нь ялагч болж гэрээгээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ч.Жанчиваас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2001 оноос хойш нярайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зарлагдсан зар мэдээнд Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн 25,5 мкв талбайд түрээслэгчийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтын зарлал тавьсан байсныг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдээд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор холбогдох 12 төрлийн материал бүрдүүлж өгсөн бөгөөд сонгон шалгаруулалтад 94,4 хувийн үнэлгээ авч тэнцсэн тул 14 хоногийн дотор гэрээгээ байгуулаарай,14 хоногт гэрээ байгуулж чадахгүй бол сонгон шалгаруулалт хүчингүй болно гэснээр Орон нутгийн өмчийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй 3 талт гэрээний мэдэгдэл хүлээн аваад 2018 оны 05дугаар сарын 10-ны өдөр бид гэрээ байгуулсан. Би гэрээгээ байгуулахдаа Т.Болормаатай уулзаж би гэрээ байгуулж байгаа, энэ талбайг би түрээслэх учир борлуулах зүйл байвал 7 хоногийн хугацаанд борлуулаад, байраа чөлөөлж өгөөрэй гэж хэлэхэд Т.Болормаа би гарахгүй үргэлжлүүлээд үйл ажиллагаа явуулна гэж хэлсэн.

Би Болормаад 3 санал тавьсан ба та шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлэх, цэвэр орос бүтээгдэхүүн зардаг юм байна хамтраад ажиллаж болно, энд үлдэх бүтээгдэхүүн, сандал ширээний элэгдэл хорогдлыг тооцож худалдаж авъя гэсэн боловч Т.Болормаа нь шүүхэд хандсан юм байна. Би энэ байрыг түрээслэх нь ийм маргаан дагуулна гэж бодоогүй, энд байгуулах дэлгүүртээ худалдагч авсан, одоо хий цалинжуулж байгаа. Миний бие зохих ёсоор сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж үзэж байгаа тул үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгнө үү гэв. 

 

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан  тайлбарыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газраас Аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн өлгий худалдаа эрхлэх 25.5 м2 бүхий өрөө тасалгаанд үйл ажиллагаа эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг  2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахин зарлаж, “Баян балчир” ХХК-ийг шалгаруулсан байх ба нэхэмжлэгч иргэн Т.Болормаагаас “...миний бие тухайн өрөөг гэрээний үндсэн дээр 6 жил дараалан түрээслэн үйл ажиллагаа явуулж үйлчлүүлэгчдээ олж авч үйл ажиллагаа жигдэрсэн ба сонгон шалгаруулалтын зарыг надад мэдэгдээгүй, албан ёсны сайтад тавилгүйгээр сонгон шалгаруулалтыг явуулж түрээслэгчийг шалгаруулсан нь хууль журам зөрчсөн, үүний улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хохирч байна. Иймд дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Баян балчир” ХХК-ийг шалгаруулсан комиссын дүгнэлт нь хууль бус гэж тайлбарлан маргажээ.

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь хэсгийн г,  20 дугаар зүйлийн 20.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”, мөн өдрийн 41 дүгээр тогтоолоор “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус баталжээ.

Хариуцагч Аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах  журмын дагуу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр орон нутгийн өөрийн өмчийн Нэгдсэн эмнэлгийн нярайн өлгий худалдаа эрхлэх 25.5 м2 бүхий өрөө тасалгаанд үйл ажиллагаа эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтыг  2 дахь удаагаа зарласан байна.

 Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах  журмын  3 дугаар зүйлд “түрээслэгчийг сонгон шалгаруулах зарыг байгууллагын цахим хуудсанд тавина” гэж зохицуулсан байх бөгөөд Нэгдсэн эмнэлгийн нярайн өлгий худалдаа эрхлэх 25.5 м2 бүхий өрөө тасалгаанд үйл ажиллагаа эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай урилгыг 2018 оны 03 дугаар сарын 23, 26-ны өдөр Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон Дархан хот цахим хуудсуудад тавигдан зарласан болох нь аймгийн мэдээлэл технологийн албаны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16/30 албан бичиг түүний хавсралт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

Дээрх цахим хуудсанд зарлагдсан урилгын дагуу сонгон шалгаруулалтад оролцохоор гуравдагч этгээд “Баян балчир” ХХК-нь материалаа ирүүлсэн байх ба энэхүү сонгон шалгаруулалтын зарыг тухайн байрыг түрээслэж байгаа түрээслэгчид хариуцагч мэдэгдэх үүрэггүй, зохицуулалт байхгүй, гэрч З.Баатархүүгийн “сонгон шалгаруулалтыг зарлахад Т.Болормаад утсаар удаа дараа холбогдох материалуудаа бүрдүүлж өгөөрэй, манай өрөөнд орж ирэхэд нь материалаа өгсөн үү, орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэнтэй уулзсан уу гэхэд би өгөөгүй байгаа, очиж уулзаж амжихгүй байна гэсэн, 2018-03-28-ны өдөр би утаснаасаа Болормаагийн 99923399 дугаар руу мессеж бичиж үлдээсэн энэ өдрийн урд өдөр миний төрсөн өдөр болсон учир санаж байна” гэсэн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтын зарыг мэдсэн, зарыг цахим хуудаснаас мэдэх боломжтой байсан байх тул надад мэдэгдээгүй, цахим хуудсанд сонгон шалгаруулалтын зарыг мэдээлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “хариуцагчаас түрээслэгчид сонгон шалгаруулалт зарлаж байгаа тухайгаа мэдэгдэх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд “түрээслэгчид мэдэгдэх”-ээр заасан, хариуцагч байгууллага түрээслэгч Т.Болормаад мэдэгдээгүй сонгон шалгаруулалтыг явуулсан, нэхэмжлэгч мэдээгүй байгаа нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж байна” гэж тайлбарлаж байх боловч энэхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохицуулахаар хуульчилсан байх тул дээрх тохиолдолд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах  журмын 1.1-д “сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, материалыг үнэлэх, дүгнэх үүрэг бүхий комиссыг ... байгуулах” гэж зааснаар Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн А/10 дугаар тушаалаар түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг томилсон, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр  сонгон шалгаруулалт явуулж дүнгээ гарган гуравдагч этгээд “Баян балчир” ХХК-нь комиссын гишүүдийн үнэлгээгээр 97.4 оноо авч шалгарсан болох нь хэрэгт авагдсан сонгон шалгаруулалтын баримт бичиг авсан байгууллагуудын бүртгэл, хурлын тэмдэглэл, түрээслэгчийн сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх маягт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд орон нутгийн өөрийн өмчийн хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу явагдсан хуульд нийцсэн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллагаас орон нутгийн өөрийн өмчийн хөрөнгийг түрээслүүлэх шийдвэр гаргахдаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа ил тод байх зарчим, сонгон шалгаруулалтын урилгад заасан үүргээ биелүүлсэн  байх ба хууль, журмыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “г”,  20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Болормаагийн “Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн өлгий худалдаа эрхлэх 25.5 м2 бүхий өрөө тасалгаанд үйл ажиллагаа эрхлэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах”      нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

 

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

 

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА