Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 54

 

 

      Б.Э-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Хатанцэцэг,

            хохирогч Д.Н-н өмгөөлөгч О.Баярбаясгалан,      

шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Б.Эрдэнэбат,   

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 562 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э-д холбогдох 1705008620150 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-н Э, 19... оны .. дугаар сарын 9-ний өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... дүүргийн ... дугаар хороо, ..................16 дугаар гудамж, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжин зах дотор иргэн Д.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Э-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э-г "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 7.550.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-д олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон бусад нөхцөл байдал нотлогдоогүй. Тухайлбал, хэрэг "гурвалжин зах дотор" болоогүй. Захын ойролцоо л болсон юм шиг байгаа юм. Хэрэг гарсан газрыг ч тогтоогоогүй. Хохирогчид хэн шүд рүү нь цохиж хөдөлгөсөн юм бэ, аль эсвэл булгалсан юм уу, хэдэн шүд хөдөлгөсөн, булгалсан, яагаад 3 шүдэнд нийт 7.550.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэх гээд байгаа нь тодорхой бус, тэгсэн атлаа 1 ширхэг шүд хөдөлсний улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж шинжээч дүгнэлт гаргасан, эхнэр нөхөр хоёрын хэн нь хохирогчид ямар гэмтэл шарх учруулсан нь тогтоогдоогүй. Хохирогч Д.Н-н бусад руу ус, ундаа цацаж танхайрч Зөрчлийн тухай хууль зөрчиж байгаад ямар нэгэн шийтгэл ногдуулаагүй орхигдуулсан. Мөн Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, замын гарцыг машинаараа хааж тавьсан зөрчилд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хохирогч Д.Н тухайн үед хацар, аман дээрээ шархны лент наасан шүд, ам нь тэр үед хуучин гэмтэлтэй байсныг огт шалгаагүй. Энэ нь тухайн үед хийгдсэн камерын бичлэгт тодорхой харагдаж байгаа. Толгойн компьютер томографийн шинжилгээгээр Д.Н нь хуучин баруун талын нүдний ухархайн дотор хана 1,3 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0,4 см гүн цөмөрсөн хугаралтай буюу гэмтэлтэй байсан. Энэ хүнд гэмтэл согог нь шүд хөдлөхөд нөлөөлсөн байх талтай. Энэ талаар шүүх эмнэлэг ямар нэг дүгнэлт хийгээгүй. Компьютер томографийн шинжилгээгээр тархины доргилт, шүдний хөдлөлт, булгаралтын талаар юу ч гараагүй байхад шүүх эмнэлгийн шинжээч хаанаас ч юм гаргаж ирээд хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж эргэлзээтэй зүйл бичсэн. Шинжээчийн дүгнэлтэд доод зүүн 1-р шүд 3-н тийш ганхаж хөдөлнө, баруун доод 1,2-р шүд бага зэрэг хөдөлсөн гэж үзлэгийн хэсэгт дурдсан атлаа дүгнэлтдээ "1 шүд булгарсан" гэж зөрүүтэй бичсэн. Шинжээчийн дүгнэлтэд доод зүүн 1-р шүд 3-н тийш ганхаж хөдөлнө, баруун доод 1,2-р шүд бага зэрэг хөдөлсөн гэж бичсэн байхад шүүх хуралдаан дээр хохирогчийн гаргаж өгсөн баримтад 31, 32, 41-р шүдний эмчилгээ гэж зөрүүтэй бичиг гаргаж өгсөн. Энэ байдлаас харахад шүүх эмнэлгийн хууль сануулсан шинжээч эмч худал дүгнэлт гаргаад байна уу, хувийн “Мондент” эмнэлэг хүний хөдөлсөн шүдийг авч 7,550,000 төгрөгийн эмчилгээ хийнэ гэж бизнес хөөгөөд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. “Мондент” эмнэлгийн дарга гарын үсэг зураагүй байна. Нэхэмжлэл, мөнгө хүлээж авсан нягтлан бодогчийн овог нэр тодорхой бус, гарын үсэг зуралт нь өөр өөр байна. Уг мөнгөнд татвар төлсөн эсэх нь Татварын албанд өгсөн тайлан мэдээнээс харагдана. Гэтэл тийм баримт алга байна. Эдгээр эргэлзээтэй нөхцөл байдал байхад шүүх "Наранмандахын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна" гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй. Камерын бичлэгээр зөндөө олон гэрч харагдаж байхад мөн цагдаа ирж асуудлыг зохицуулсан байхад ганцхан гэрчээс мэдүүлэг авсан. Өөр гэрчүүд болон цагдаагаас мэдүүлэг аваагүй. Мөн миний үйлчлүүлэгч Б.Э нь анх надтай уулзаад “би үнэхээр цохиогүй юмаа. Мөрдөн байцаагч Б.Батбаатар "хэргээ хүлээвэл хялбаршуулсан журмаар хурдан хугацаанд прокурор шийдээд өгнө гэхээр нь 2017.12.26-нд Япон улс руу явах виз дуусах байсан тул Япон явахын тулд хийгээгүй хэргээ хүлээж бичиж өгсөн" гэж хэлж байсан. Энэ утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг бүхэлд нь ноцтой зөрчсөн. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн. Энэ хуульд "шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэж заасан. Гэтэл хохирогчийн 1 шүд тухайн үед 3-н тийш ганхаж хөдөлсөн байхад шүүх 3 ширхэг шүдний хохиролд 7.550.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэсэн нь үндэслэлгүй. Хохирогч одоог хүртэл шүдээ эмчлүүлээгүй, хийлгүүлээгүй байгаа. Шүүх "шүүгдэгчийн өмгөөлөгч нь уг хохирол, хор уршиг хохирогчид бодитой учраагүй, эмчилгээ хийлгээгүй байх тул хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ" гэсэн нь буруу бөгөөд үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь шууд хохирол учруулсан нь нотлогдоогүй байна. Хор уршиг гараагүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэдэг нь 2 өөр ойлголт. Хор уршиг хожим улбаалан учирч байдаг. Гэтэл хохирогч эмчилгээ ч хийлгүүлээгүй, шүдээ ч авахуулаагүй байхад хор уршгийн үр дагаврыг миний үйлчлүүлэгчээр төлүүлэх гэж байгаа нь буруу болсон. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Н-н өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 562 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Миний хувьд хор уршиг, үр дагавар хоёр цуг байх ёстой. Тухайн хор уршиг үүсч байж хор уршгаас үүссэн үр дагавар гарна. Хохирогчид хоёр шүдний сулрал гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтлийн улмаас тухайн шүд сүүлд нь унасан. Тиймээс эмчилгээ хийлгэсэн. Энэ нь хавтаст авагдсан нотлох баримтаар нотлогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Д.Н нь шүдэн тус газарт цохисон хүнээ зааж мэдүүлсэн. Эрэгтэй нь шүдэн тус газарт цохисон. Шүд нь тэр дороо унасан. Б.Э-н мэдүүлгийн хувьд мөн шүдээ үзүүлж байсан ганхаад байсан гэдэг. Нэг удаагийн цохилтын улмаас нэг шүдний булгарал, хоёр шүдний сулрал гэмтэл учирсан. Булгарал гэхээр унасан байдал нь харагдаж байсан. Тэгэхээр гэмт хэргийг хэн үйлдсэн гэдэгт маргах зүйл байхгүй. Б.Э нь хохирогчийг нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрсөн. Б.Э-н эхнэр Д.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Д.М нь зууралдаж маргалдаж байх үед Б.Энх-Амгалан салгах үедээ нэг удаа цохисон учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шатанд шүд эмчлүүлэх зардлаа төлсөн гэсэн баримт гаргаж өгсөн учраас шүүх уг зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжин зах дотор иргэн Д.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Н-н “...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн үед Гурвалжингийн гүүрний баруун талд задгайгаар элс зардаг хэсгийн барилгын материалын дэлгүүр явдаг замын урд машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд миний хажуу талд зогсож байсан “Вонго” загварын автомашины хаалгыг нь татаад цонхыг нь цохиод байхаар нь би “хүн нь байхгүй байна, өглөө үлдээгээд явсан, наагуур чинь гарц байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл эмэгтэй нь “арай чиний машин юм биш биз дээ, гичий минь” гэхээр нь “үгүй ээ, чи юу яриад байгаа юм бэ” гэтэл миний зургийг машины зурагтай хамт дараад “фэйсбүүкийн од болгоно, халтар авгай минь” гээд машиндаа суусан. Тэгээд машинтайгаа миний хажуугаар гарахдаа эхнэр, нөхөр хоёр хоёулаа “чи муу угаасаа мөрөөдөөд ч ийм машинтай болохгүй ш дээ, муу пизда авгай” гээд хараагаад байхаар нь би уурлаад ууж байсан ундаагаа машин руу нь цацчихсан. Тэгтэл хоёулаа машинаас бууж ирээд нөхөр нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохитол шүд хөндүүрлээд явчихсан... Тэгтэл миний дотор муухайраад аманд цус амтагдаад байхаар нь шүлсээ хаях гэтэл доод талын шүд хөдлөөд унах гэж байсан...” /хх-7/,

Гэрч М.О-н “...Намайг ажил дээрээ очтол манай ажлын Д.Н эгчийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нийлээд захын доторх зам дээр зодож байсан. Тэгэхээр нь би очоод “боль” гэж хэлээд салгах гэтэл үл таних тэр эмэгтэй намайг “муу халтар авгай нар, та нарыг онлайнаар од болгоно” гэж хэлээд орилж, чарлаад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би тэд нарыг арайхийж салгатал Д.Н эгчийн амнаас нь цус гараад, нүүр ам нь маажуулсан байдалтай байсан. Тэр эрэгтэй, эмэгтэй хоёр гар утсаараа бичлэг хийгээд байсан...” /хх-13/,

Шинжээч Ш.Цэцэгмаагийн  “...Д.Н-ын биед учирсан гэмтлүүд нь нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт, нэг шүдний булгарал, хоёр шүдний сулрал, эрүүнд цус хуралт, уруулын зүүн буланд язарсан шарх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх гэмтэл юм...” /хх-27-28/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Н-ын биед тархи доргилт, нэг шүдний булгарал, хоёр шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зулгаралт, уруулын зүүн буланд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12284 дугаартай дүгнэлт /хх-20/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн ба анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон байна.  

            Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатаас “...гэмт хэргийн хэн үйлдсэн нь тогтоогдоогүй, 1 шүд хөдөлсний улмаас хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байхад 3 шүдний эмчилгээнд 7.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хохирогч Д.Н-д Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ аваагүй, хохирогч хуучин гэмтэлтэй байсан эсэхийг тодруулаагүй... тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Д.Н-ын биед учирсан нэг шүдний булгарал, 2 шүдний сулрал гэмтэл нь тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаанд үүссэн болох нь хохирогч болон гэрчийн мэдүүлгүүдээр, түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн уг гэмтлийг шүүгдэгч Б.Эн учруулсан талаар хэргээ хүлээн мэдүүлсэн ба хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Б.Э-н үйлдлийн улмаас Д.Н-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 Түүнчлэн хохирогч нь Д.Н нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс хойш 21 хоногийн дараа хөдөлсөн шүднүүдийг авч, имплант суулгах эмчилгээ хийлгэх болсон бөгөөд уг эмчилгээний төлбөрт 7.500.000 төгрөг төлсөн болох нь /хх-101/ нотлогдсон ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

Иймд шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.