| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0150/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/151 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000152 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1991 оны 04, дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой,
мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Б.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан 1 дүгээр багийн дэвсгэрт Цэнхэр хайрхан гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчимд Г.Ганбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн үед манайхтай саахалт байдаг Ганбат гэх хүн манай гэрт согтуу байдалтай мотоцикл унаад ирсэн. Тэр үед би гэрийнхээ гадаа өөрийнхөө мотоциклийг янзлаад сууж байсан ба Ганбат ах намайг дуудаад мотоцикл данхраад гэж хэлсэн. Тэгээд би Ганбат ахын мотоциклийг данхраадаад байж байтал Ганбат ах нь манай гэр лүү яваад орсон юм. Тэгээд би гэрийн гадаа мотоциклоо янзлаад сууж байтал Ганбат ах гэнэт чанга дугараад байсан. Тэгтэл Ганбат ах нь чангаар орилоод Насанбаяраа гэрт ороод ир гээд намайг дуудаад байсан. Намайг Ганбат ах нь дуудаад байхаар би гэрт ортол надаас хэрүүл хайгаад намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би та яагаад намайг хэл амаар доромжлоод хэрүүл хайгаад байна гэж хэлтэл Ганбат ах нь чи юу гээд байна гэж хэлээд миний урдаас цай ууж байсан аяга бариад босоод ирсэн. Тэр үед манай гэрт манай дүү охин болох Даваасүрэн нь жоохон хүүхэдтэй байсан болохоор нь би Ганбат ахыг аяга шидээд жоохон хүүхэдтэй хүнийг очих байх гэж бодоод урдаас нь бостол Ганбат ах нь гартаа барьж байсан аягаа шидтэл манай аав болох Баасансүрэнгийн зүүн талын мөрний хэсэгт онох шиг болсон. Тэгэхээр би уурлаад Ганбат ахыг заамдаж аваад баруун гараа атгаж байгаад баруун талын нүдний хэсэгт нь 1 удаа цохисон ба бид 2 зууралдсан чигээрээ газар унасан юм. Тэгтэл манай аав, ээж 2 намайг Ганбат ахтай зууралдаад байж байтал салгаад гэрээс хөөгөөд гаргасан тэгээд би шууд мориндоо мордоод мал руу яваад өгсөн. Тэгээд малдаа яваад иртэл Ганбат ахыг манай аав болох Баасансүрэн нь гэрт хүргэж өгсөн байна лээ. Тэгээд маргааш намайг сумын намайг цагдаагийн хэсэг дээр дуудсан юм. Өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч Г.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн оройн 19 цагийн үед саахалт байдаг Баасансүрэн гэх айлд очсон юм. Би тэр өдөр мотоцикл унаад ганцаараа очсон юм. Би Баасансүрэнгийн гэрт ороод Баасансүрэнд танайх малаа сайн харж байлдаа манай малтай нийлэх гээд байх юм гэж хэлтэл Баасансүрэнгийн эхнэр болох Тунгалаг хажуу талаас та юу яриад байна гэж хэлсэн. Тэгээд би Баасансүрэнгийн гэрт нь маргаад байж байтал гэрийн гаднаас Насанбаяр гэнэт орж ирээд та юу яриад байна гээд над руу уурлаж дайраад миний баруун талын нүдний хэсэгт гараараа 1 удаа цохисон ба би тэрхэн хугацаанд хэсэг манараад нүдээ дараад гэрээс гарсан юм...Насанбаяр миний баруун талын нүд рүү 1 удаа гараа атгаж байгаад цохисон..гэх мэдүүлэг /хх-ийн 9 /
4. Гэрч Г.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн үед манайхтай саахалт байлдаг Ганбат гэх хүн согтуу байдалтай мотоцикл унаад ганцаараа манайд ирсэн юм. Тэгээд манай хүү Насанбаяр гэрт орж иртэл Ганбат манай хүү болох Насанбаярыг хэл амаар доромжлоод байсан ба манай хүү Насанбаяр нь сууж байгаад гэнэт уурлаад бостол Ганбат ах урдаа байсан аягаа барьж аваад Насанбаяр луу шидтэл миний зүүн талын мөрөн дээр оноод газар унаад хагарсан тэгтэл Насанбаяр Ганбаттай барилцаж аваад гэрийн үүд рүү дээрээ доороо ороод зодолдоод байсан ба манай эхнэр бид 2 Насанбаярыг татсаар байгаад салгасан юм. Тэгтэл Ганбатын баруун нүдний доод хэсэг нь шалбарсан байсан хэсэг хугацааны дараа баруун нүд хавдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13/
5. Гэрч С.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Ганбат ах Насанбаяртай зууралдаж байгаад газар очоод босож ирэхэд нь баруун талын нүдний доод хэсэгт бага зэрэг шалбарч цус гоожсон байсан нүдний хэсэг нь бага зэрэг хавдсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 19 /
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 237 дугаартай шинжээчийн:
1. Г.Ганбатын биед баруун нүдний дээд, доод зовхи, хацар, чамархайд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 24-25/ болон хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Нын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны
өдрийн 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан 1 дүгээр багийн дэвсгэрт Цэнхэр хайрхан гэх газарт иргэн Г.Ганбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г.Ганбатын мэдүүлэг, гэрч Г.Баасансүрэн, С.Тунгалаг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 237 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Нын эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Нт буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Н нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ныг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Нын эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Нт буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ