| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07738/и |
| Дугаар | 0229 |
| Огноо | 2017-01-16 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 0229
| 2017 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/00229 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Н.Хангал, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Эрдэнэт Орчлон ХХКомпанийн байранд оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар БЗ 79112215, Хурман овогт Шерикбайн Жарденболын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 21 дүгээр байрны 92 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 14-32 тоотод түр оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар БД 83062028, Базархун овогт Канзелханы Гафурад холбогдох
Зээлийн болон бусад зардал, сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэрэг үүсгэж,
Хариуцагч К.Гафурагийн сэтгэл санааны хохирол болон нэр төр сэргээлгэх зардалд 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ш.Жарденбол, түүний өмгөөлөгч Ж.Дорж, хариуцагч К.Гафура, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Жарденбол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би К.Гафуратай 2016 оны 4 сард танилцаад цаашид гэр бүл болох санаатай хэд хэдэн удаа уулзаж ярилцахад миний саналд хариу өгөөгүй боловч дургүйцсэн байдал үзүүлээгүй бөгөөд уулзах болгондоо бусдад өртэй, мөнгөний хэрэгцээ байна гэж надаас мөнгө зээлж байсан.Гафура надаас нийт 2 800 000 төгрөг, мөн 7 сард Баян-Өлгий аймгаас намайг дуудаж аваачаад “би чамтай сууя, бэр гуйх ёслолд миний эх болон ах дүү нарт бэлэг авч өг” гэснээр 3 800 000 төгрөг, бусад зардалд 1 400 000 төгрөг нийлээд 8 000 000 төгрөгийн зардал гаргуулж аваад алга болсон.Дээрх зардлаас гадна Гафураг төрөл садангаас гуйж авчирсныг манай ах дүүс тэмдэглэж, би эхнэр авч байна хэмээн ойлгож байхад Гафура надтай суулгүй гэнэт алга болсон нь миний сэтгэл санаанд их хохирол учруулж, намайг эх болон ах дүү, найз нөхөд, танил хүмүүсийн өмнө нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл болсон тул сэтгэл санааны хохиролд 2 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Жарденбол шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Гафуратай хүнээр дамжуулан танилцсан бөгөөд надаас 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 50 000 төгрөг асуухад нь би дансаар шилжүүлж өгсөн, байрны түрээсийн 60 000 төгрөг гуйхаар нь өгсөн, лизингээр авсан зурагтын үнэ 550 000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь өгсөн утас эвдэрсэн гэхээр нь Номин их дэлгүүрээс 310 000 төгрөгөөр утас авч өгсөн, хэд хоногийн дараа төрсөн өдөр болно гэхээр нь Мөнгөн завъяа дэлгүүрээс 430 000 төгрөгөөр ээмэг, зүүлт, бөгж авч өгсөн, дараа нь ээжийн бие муудлаа, цалин буухгүй байна гэхээр нь 500 000 төгрөг өгсөн, ээж эм захисан 200 000 төгрөг хэрэгтэй гэхээр АТМ-ээс 190 000 төгрөг аваад 10 000 төгрөг өгсөн, хөдөө яваад ирэхэд 2 сарын байрны түрээсийн мөнгө гэж 120 000 төгрөг авсан, эгчид нь хөдөө явах унааны мөнгө 110 000 төгрөг өгсөн.Гафура 7 дугаар сарын 14-ны өдөр Баян-Өлгий аймгаас над руу яриад ээжийн бие гайгүй болсон, чи хүрээд ир гэсний дагуу би ажлаасаа чөлөө аваад 7 дугаар сарын 29-ны өдөр бэр гуйх ажилд бэлдэж айлын тоо аваад, хамаатан садангуудад нь бэлэг бэлдэж, ээжид нь 500 000 төгрөг өгсөн, би 450 000 төгрөгөөр пургон машин хөлсөлж очсон.Ээж намайг эхнэртэй болно гэж баярлаад 2 жилийн тэтгэвэрээ зээлж 3 800 000 төгрөгийг бэр гуйх ёслолд зарцуулсан.Ингээд хотод 7 дугаар сарын 30-ны өдөр ирсний дараа Гафура чи өөрийхөө замаар яв, би өөрийхөө замаар явна гэсэн.Би 4 дүгээр хороололд 600 000 төгрөгөөр байр түрээслэн 2 сар болоход эхний сар Кафура хамт байсан, 2 дахь сараас Гафура явсан эдгээр нийт зардалд 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч К.Гафура шүүхэд гаргасан тайлбартаа:Би Ш.Жарденболтой хууль ёсны гэр бүл байгаагүй бөгөөд надад бусдад болон банкинд өр байхгүй, Ш.Жарденболыг бэр гуйж ав хэмээн гуйж дуудаж байгаагүй, энэ хүнээс мөнгөн тусламж аваагүй гэжээ.
Хариуцагч К.Гафура шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ээмэгийг нь буцааж өгнө, зүүлт, бөгж аваагүй, би энэ хүнээс 160 000 төгрөг л авсан, ширээг буцааж өгнө, бэр гуйхад зарцуулсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй.Бэр гуйхаар эдний талаас 12 хүн ирж идэж уусан, энэ хүнийг шүүхдэнэ гэж бодоогүй.Би 600 000 төгрөгийн цалинтай, би зурагтын төлбөрөө төлөх боломжтой, би байрны төлбөр гэж 100 000 төгрөг авч байгаагүй, Жарденбол 2 өрөө байрыг 1 жилээр түрээслэсэн байсан.Би утсаа усанд унагааж норсон байсныг 20 000 төгрөгөөр засуулна гэхэд надад утас бэлэглэж байна гээд авч өгсөн.Дараа нь утас авч өгсөн гээд нэхээд байхаар нь буцааж өгөхөд аваагүй.Манай ёсонд бэр гуйхад морь өгөх ёстой байдаг, ээжид 500 000 төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй, машин түрээслэсэн төлбөрийг зөвшөөрөхгүй, ээжийнхээ тэтгэврийг зээл авсан гэдгийг мэдэхгүй, би гэсэн хөдөө гэртээ нэр хүндгүй болсон.Би энэ хүнтэй хамт амьдарна гэж бодож байсан, энэ хүнийг ашиглана гэж бодоогүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, Жарденболд ширээ, ээмэг, хатаагч, чүүл, хивсийг нь өгнө гэв.
Хариуцагч К.Гафура шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Би 7 сард ээжийн бие муудаж ажлаасаа чөлөө аваад Баян-Өлгий аймаг руу явсан, тэнд байхад Ш.Жарденбол ах дүүсээ дагуулаад бэр гуйхаар ирсэн.Тэр үед би түүнтэй суух тухай яриагүй, зөвшөөрөөгүй байсан боловч нэгэнт ирсэн болохоор гэр бүл найз нөхдийнхөө дунд ёс жаягаа бодож арга буюу зөвшөөрч хүлээн авсан.Үүний дараагаар 8 сард хотод ирээд хамтран амьдарсан боловч Ш.Жарденбол амьдралаа босгоё гэж бодоогүй, намайг хулгайч, луйварчин гэж доромжилдог болсон учир би салахаар шийдэж, Ш.Жарденбол хэрэг салбал 10 000 000 төгрөг өгөөд салаарай, өгөхгүй бол Цагдаад мэдэгдэнэ гэж сүрдүүлэх байдлаас болж би ажил дээрээ удаа дараа ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж байсан.Миний гэр бүл бэр гуйхад зарцуулсан 1 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг, нэр төрөө сэргээлгэх зардал 4 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч К.Гафура шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бэр гуйхад эдний талаас 12 хүн ирж 1 хоног, 2 өдөр болсон үүнтэй холбоотой зардал 1 000 000 төгрөг нэхэмжилж байна.Намайг амралтанд яваад ирэхэд чамд зарцуулсан 10 000 000 төгрөгийг өгөөд зайл гэдэг байсан, сэтгэл санааны хохиролд 4 000 000 төгрөг, нэр төрөө сэргээлгэхээр 5 000 000 төгрөг нэхэмжилж байгаа.Ажил дээр очоод намайг хулгайч гэж дуудаж нэр төр гутаасан, манай ажил дээр сар гаран хугацаанд очиж намайг доромжилж байсан тул 10 000 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Ш.Жарденбол шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид нэг сар хамт амьдрахад надад хоол, цай хийж өгөөгүй, надад зугаалганд явлаа гэж худлаа хэлээд 2-3 хоног өөр газар хоносон болохоор нь ажил дээр нь очсон.Би чүүл авахгүй, бусдыг нь авна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Жарденбол хариуцагч К.Гафурад холбогдуулан зээлдүүлсэн 2 800 000 төгрөг, бэр гуйх ёслолд зарцуулсан 3 800 000 төгрөг, бусад зардлын 1 400 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч К.Гафура бэр гуйх ажиллагаанд зарцуулсан 1 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4 000 000 төгрөг, нэр төр сэргээлгэх зардалд 5 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг Ш.Жарденболоос гаргуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.
Дараах үндэслэлээр Ш.Жарденболын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, К.Гафурагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Жарденбол 2016 оны 4 дүгээр сараас хойш К.Гафурагийн хүсэлтээр түүнд хэсэгчлэн 2 800 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч тэдний хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй байх бөгөөд хариуцагч К.Гафура зөвхөн 160 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Ш.Жарденбол зээлийн 2 800 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй байх тул К.Гафурагийн зөвшөөрсөн хэмжээнд 160 000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн байна гэж үзэхээр байна.
Ш.Жарденбол К.Гафурад гэрлэх санал тавьж улмаар 2016 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймагт бэр гуйх ёслолын ажиллагаа болсон үйл баримтад талууд маргахгүй байх бөгөөд нэхэмжлэгч энэ үйл ажиллагаанд 3 800 000 төгрөгийг зарцуулсан гэж К.Гафурагаас шаардаж байна.
Ш.Жарденболын гэрлэх саналыг К.Гафура хүлээн зөвшөөрч бэр гуйх ёслолын ажиллагаа хийж байгаа үйл баримт нь талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хэлцэл хийгдсэн байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 196 дүгаар зүйлийн 196.1.5-т зааснаар Ш.Жарденболын гэрлэх тухай саналд К.Гафураг зөвшөөрсөн хариу өгч бэр гуйх ёслолын ажиллагаа хийсэн байх тул талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
Энэхүү шаардлагын үндэслэлийг зохигчид Баян-Өлгий аймгаас ирсний дараагаар хэсэг хугацаанд хамт амьдарч байгаад 2016 оны 8 дугаар сараас К.Гафура надтай амьдрахгүй гээд явсан гэж Ш.Жарденбол тайлбарлаж байх бөгөөд үүнийг гэрээнээс татгалзснаас өөрт учирсан хохирлоо шаардаж байна гэж үзэхээр байна.
Гэвч Ш.Жарденбол бэр гуйх ёслолын ажиллагаанд зарцуулсан гэх 3 800 000 төгрөгийн шаардага нь хуульд заасны дагуу баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна.
Ш.Жарденболын ээж нь тэтгэвэрийн мөнгөө 2 жилийн хугацаагаар зээлж авсан, энэхүү зээлийн мөнгийг дээрх бэр гуйх ажиллагаанд зарцуулсан болох нь баримтаар нотлогдоогүй байх тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Мөн зохигчид хамтран амьдрах хугацаандаа К.Гафурад авч өгсөн болон бусад хэрэгцээнд зориулж худалдаж авсан эд зүйлсийн үнэ 1 400 000 төгрөгийн шаардлага ч баримтаар нотлогдоогүй байгаа боловч хариуцагч К.Гафура нь ширээ, хивс, ээмэг, хатаагч зэргийг нэхэмжлэгчид өгнө гэж тайлбарлаж байна.
Дээрх 4 төрлийн эд зүйлсийг 260 000 төгрөгөөр үнэлсэнд талууд маргахгүй байх тул 260 000 төгрөгт дүйцэхүйц хэмжээний дээрх эд зүйлсийг нэхэмжлэгчид олгож, энэхүү шаардлагаас үлдсэн 1 140 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Ш.Жарденбол сэтгэл санааны хохиролд 2 000 000 төгрөгийг шаардаж байгаа боловч юунаас бол нэхэмжлэгчийн сэтгэл санаа нь хохирсон талаар тодорхой тайлбарлаагүй бөгөөд К.Гафура нь нэхэмжлэгчийн эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч талын гэрч Б.Ратей нь нэхэмжлэгчийн садангийн хувьд түүний зан байдлын талаар өөрийхөө дүгнэлтийг хэлж улмаар Ш.Жарденболоос сонсож мэдсэн бусад мэдээлэлийн талаар тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн гар утсанд хариуцагчаас 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 10 цаг 22 минутад ирсэн цахим захидалд үзлэг хийхэд К.Кафура үүнийг бичсэн гэж тайлбарлаж байх боловч уг захидлын агуулгаас үзэхэд хариуцагч К.Гафура нь нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийг өгөх нь үндэстэй байна гэж үзэх боломжгүй байна.
Сөрөг шаардлагын тухайд-Хариуцагч К.Гафура бэр гуйх ёслолын ажиллагаанд өөрөөсөө 1 000 000 төгрөгийг зарцуулсан тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Мөн Ш.Жарденбол ажил дээр ирж хулгайч гэж дуудаж, доромжилж нэр төр гутаасан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь дээрх байдлыг нийтэд буюу К.Гафурагийн ажлын газрын хамт олонд хандаж түүнийг доромжилж, хулгайч гэж дуудсан гэх байдал нотлогдоогүй байна.
Нөгөө талаар К.Гафурагийн эрх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд нэхэмжлэгч хууль бусаар гэм хор учруулсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй байх тул түүний сэтгэл санааны хохирол болон нэр төр сэргээлгэх зардалд 9 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч талын гэрч Б.Төмөртогоо хариуцагчтай хамт ажилладаг хүний хувьд нэхэмжлэгчийн зан байдал болон мөн түүнээс сонсож мэдсэн бусад мэдээ, мэдээллийн талаар тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар К.Кафурагаас 160 000 /нэг зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан Ш.Жарденболд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үдсэн 2 640 000 /хоёр сая зургаан зуун дөчин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар Ш.Жарденболын К.Гафурагаас 3 800 000 /гурван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах, К.Гафурагийн Ш.Жарденболоос 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар К.Гафурагаас 260 000 төгрөгийн үнэ бүхий ширээ, хивс, ээмэг, хатаагчийг гаргуулан Ш.Жарденболд олгож, үлдсэн 1 140 000 /нэг сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар Ш.Жарденболын 2 000 000 /хоёр сая/ төгрөг, К.Гафурагийн 9 000 000 /есөн сая/ төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ш.Жарденболын төлсөн 175 000 төгрөг, К.Гафурагийн төлсөн 75 450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, К.Гафурагаас 13 250 /арван гурван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ш.Жарденболд олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН
ШҮҮГЧИД Н.ХАНГАЛ
Ч.ЦЭНД