Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 127

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч: Г.Б,

Шүүгдэгч: Б.Т, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914006250072 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Богд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг Цутгалан гэх газраас 2019 оны 06, 07 дугаар сард байгалийн хориотой ургамал болох чихэр өвсийг зохих зөвшөөрөлгүйгээр буюу байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1.Шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.....Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 111/

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

 3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг “Цутгалан” гэх газар нь тусгай хамгаалалтын газарт орохгүй. Манай аймгийн Богд сумын Орог нуурын хөндий, Жаргалант сумын Гурван голийн эх, “Цутгалан”, Баацагаан сумын 5 элс, Зүүн баруун хаяа, “Цагаан эрэг" гэх нутгуудаар ихээхэн хэмжээгээр тархан ургадаг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/282 тоот тушаалаар чихэр өвсийг ховор ургамлын жагсаалтад Урал чихэр өвч гэж нэрлэн оруулсан. Иргэд чихэр өвсийг түүж бэлтгэх худалдах нь хориотой байдаг. Чихэр өвсийг ерөнхий нэрийг ховор ургамлын жагсаалтад Урал чихэр өвс гэж нэрлэгдсэн байдаг Монголчууд болохоор Урал чихэр өвс гэж ярьдаггүй чихэр өвс гэж нэрлэж заншсан устах аюулд орсон элбэг эмийн ургамлыг чихэр өвс гэдэг.. /хх-ийн 33-37, 63/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Б мэдүүлэхдээ: Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 ховор ургамлын жагсаалтад орсон урал чихэр өвсийг Б.Т нь тээвэрлэж зарсан. 1 килограмм чихэр өвсийг 96.000 төгрөгөөр тогтоосон байгаа. Чихэр өвсний Байгаль орчны тухайн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг. Шүүгдэгч 120 килограмм чихэр өвс түүсэн гэж мэдүүлсэн учраас 120 килограмм чихэр өвс түүсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хуульд зааснаар 120 килограмм чихэр өвсийг 5 дахин нугалуулж төлүүлнэ гэв.

5. Шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...Би 2019 оны 06 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын эх хүртэл Богд сумын 2 дугаар багийн нутаг цутгалан гэх газраас чихэр өвс түүсэн. Гэхдээ байнга ухдаггүй хааяа очиж ухаад өвөлжөөндөө аваачиж тавьдаг байсан. Тэгээд цуглуулж байгаад 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өвөлжөөнөөсөө өөрийн эзэмшлийн старикс маркийн 0122 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 шуудайг очиж аваад сумын төвд авчраад хот руу танихгүй машин явна гэхээр нь хот руу ачаа явуулна гээд уг машинд тавьж явуулсан. Ойролцоогоор 70-80 кг болох байх...гэх мэдүүлэг /хх-ийн 15/

6. Гэрч Г.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 07 дугаар сарын 07, 08-ны үед өдрийг нь сайн санахгүй байна. Төмөрсүх миний 99172287 гэсэн дугаар руу залгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үүдэнд байна уулзах хэрэг байна гэхээр нь би гарч ирэхэд 5 шуудай чихэр өвс хураалгасан, хурааж авна гээд байна гэсэн, таньдаг цагдаа байна уу гаргаад өгөөч гэхээр нь би хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Цэенрэгзэн гэдэг хүнээс асуухад гарал үүслийн бичиггүй мэргэжлийн хяналтаас хураасан би сайн мэдэхгүй, дарга мэдэж байгаа гэсэн тэгээд хураагаад 10 гаруй хоносон, тэгж байлгаж байгаад Баянговь сумаас факсаар бичиг авсан гэсэн. Тухайн үед мөрдөгч Бадмаа гэдэг хүнд хэрэг нь цохогдсон байсан, тэр бичгээ мөрдөгчдөө өгөөд чихэр өвсөө аваад Прокурор руу шилжүүлж байгаа гэсэн боловч хүлээж аваагүй тэгээд мэргэжпийн хяналт ирж үзээд хөгцөрсөн, хэрэггүй гээд орхиод явсан гэсэн...би тухайн үед буюу 07 дугаар сард өөрийн 99172287 дугаарын утаснаас Батчимэг рүү ярьсан, Төмөрсүх Батчимэгийн дугаарыг өгөөд гарал үүслийн бичиг аваад өгөөч, намайг гэж битгий хэлээрэй гэхээр нь би Баянговь сумаас манай найз чихэр өвстэй яваа юм, бичиг хийгээд өгөөч гэхэд Батчимэг хориотой өвс, Баянговьд чихэр өвс ургадаггүй гээд надад бичиг хийж өгөөгүй...Баянхонгор аймгийн Богд сумаас бэлтгэсэн, өөрийн машинаараа Баянхонгор аймаг хүртэл тээвэрлээд тэндээсээ хувийн микрод суугаад ирсэн гэж хэлсэн. Улаанбаатар хотод авчирч зардаг 1 кг чихэр өвсийг 4000 төгрөгөөр авдаг хүн бэлэн байгаа гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39/

7. Гэрч Я.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 07 дугаар сарын үеэр байх би сайн санахгүй байна, манай нөхөр Алтансүх манай нутгийн залуу гээд нэг хүнтэй яваад байсан, тэр нь манай машинд чихэр өвс гээд 5 шуудайтай юм машинд хийсэн, хонуулаад маргааш нь авсан. Тэгээд хэд хоногийн дараахан эхнэрийнх нь бие муу гээд надаас 150.000 төгрөг зээлээд явсан, тэрнээс хойш ирээгүй таг болсон би өөр зүйл мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44/

8. Гэрч Э.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би 2019 оны 07 дугаар сарын дундуур наадмын , дараа гэртээ ирэхэд манай дэлгүүрийн байшинд чихэр өвс гэх ургамал дэлгээтэй байсан.Тэгээд би нөхөр Ганболдоос юу юм гэхэд манай таньдаг хүний юм байгаа юм гэсэн, маргааш нь нэг хүн ирээд цэвэрлээд аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа буцааж авчирч ирээд манай байшинд хийсэн байсан, тэгээд нөгөө чихэр өвс нь хөгцрөөд, хөгц үнэртээд, өт яваад байхаар нь би нөхөртөө хэлээд хогонд ачуулаад явуулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 46/

9. Гэрч Л.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 07 дугаар сарын үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хажууд явж байхад Алтансүх рүү хүн залгасан. Чихэр өвс хураалгасан гээд ярьж байсан, тэгэхэд анх Төмөрсүх гэдэг хүнийг харсан, тэгээд таньдаг болоод хэд хоногийн дараа цагдаагаас чихэр өвсөө авахад нөгөө өвс нь хөгцөрсөн байсан, тэгээд манай байшинд дэлгэж хөгцийг нь арилгаад аваад явсан, тэгээд зарагдахгүй байна гэж хэлээд хэд хоногийн дараа буцаж авчраад манай байшинд хийсэн, нөгөө өвс нь бүр хөгцрөөд байшингаар өт хорхой яваад байхаар нь хогийн машинд ачуулаад явуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 48/

10. Гэрч Л.Буянбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...намайг багийн Засаг дарга байхад иргэдээс Төмөрсүх чихэр өвс ухаж байна гэх мэдээлэл ирсэн би мэдээллийн дагуу байгаль орчны байцаагчид хяналт тавиулахаар хэлсэн юм...Би яг таарч байгаагүй, би 2011 оноос хойш багийн Засаг дарга хийж эхэлсэн, хааяа Төмөрсүх чихэр өвс ухаад байна гэх мэдээлэл ирдэг боловч эргүүл байх үед таардаггүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50/

11. Гэрч Г.Тогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Алтансүх нь манайд ирэхдээ Төмөрсүх хот руу чихэр өвс авч яваад цагдаад баригдсан гэж хэлээд, тэгээд манай дүүгээс мөнгө зээлээд, чихэр өвсөө борлуулаад мөнгийг нь өгье гэж мөнгө аваад дараа нь чихэр өвс нь хөгцөрсөн байна гэж хэлээд мөнгө авсан гэж манай дүү ярьж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 54/

12. Гэрч А.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2007 оноос хойш одоог хүртэл Богд сумынд байгаль хамгаалагчаар ажиллаж байна. 2014, 2015 оноос хойш чихэр өвс ухагдаж эхэлсэн тэрнээс хойш 2016 онд нэг хүн, 2017 онд нэг хүнийг тус тус шалгалтаар илрүүлж байгаль орчны байцаагчид шилжүүлж арга хэмжээ авхуулсан тэрнээс хойш шөнийн цагаар ухдаг болсон. Тэгээд энэ буюу 2019 онд тус сумын 2-р баг цутгалан гэх газраас их хэмжээгээр чихэр өвс ухагдсан байсныг илрүүлж цагдаад өргөдөл гаргасан. Хүмүүс ихэвчлэх хавар, намрын улиралд ухаж дарчхаад өвөл борлуулдаг учир хэн ухаад байдаг тодорхойгүй байдаг. Би энэ жил 6 сарын сүүл 7 сарын эхээр баяр наадмын өдрүүдээр далимдуулж ухсан байсан. Би Төмөрсүх, Тогоо овогтой Баатар гэдэг хүмүүсийг ухдаг гэж сэжиглэж байна. Өмнө нь энэ хүмүүс чихэр өвс ухдаг байсан. Тэр талаар би хүмүүсийн ярианаас мэдсэн дээрх 2 хүн хүмүүстэй хамтран ухдаг гэж сонссон би байцаагчийн эрх байхгүй учир торгуулийн арга хэмжээ авч чаддаггүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

.... Би ухсан гэх газрыг мэднэ, зааж өгч чадна, одоо элсэнд дарагдаж ухсан гэх газар нь бага зэрэг багассан байх гүйцэт эдгэрээгүй байгаа, Төмөрсүх нь өөрийн өвөлжөөн дээрээс чихэр өвс ачиж байхыг тухайн үед багийн дарга хийж байсан Буянбадрах мэднэ, Буянбадрах даргад багийн иргэд мэдээлэл өгсөн гэж Буянбадрах дарга надад хэлж байсан....Төмөрсүх нь хэдэн жилээр ухаж байгаа тэр талаар багийн иргэд надад хэлдэг, би Төмөрсүхэд өөрт нь танай багаас чихэр өвс хүн ухаад байна энэ талаар надад мэдээлэл өгөөч ээ гэдэг саналыг тавьсан боловч надад ямар ч хариу өгч байгаагүй. Харин сая чихэр өвс ухсан талаараа та надад итгэдэг бол би үнэнээ хэлье гээд 4 шуудай ойролцоогоор 1 шуудай нь 20 килограмм гээд бодчихгүй юу та жижиг тэргэнд тавиад аймаг явуулчихлаа...гэх дахин мэдүүлэг, /хх-ийн 58/

13. Шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

....Би 2019 оны 06 дугаар сарын сүүлээр 07 дугаар сарын сүүл хүртэл Богд сумын 2-р баг цутгалан гэх газраас чихэр өвс ухсан гэхдээ байнга ухдаггүй хааяа очиж ухаад өвөлжөөндөө аваачиж тавьдаг байсан. Тэгээд цуглуулж байгаад 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдөр өвөлжөөнөөсөө өөрийн starex маркийн 01-22 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 шуудайг очиж аваад сумын төвд авчраад авчирсан өдрөө нэг танихгүй машин хот явна гэхээр нь хот руу ачаа явуулъя гээд тавьсан. Тэгээд хотод очиход нь манай эхнэр Туул тосож авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

...Би 2019 оны 08 дугаар сарын эхээр сум дээр хотоос нарийн мэргэжлийн эмч нар ирсэн биеэ үзүүлэх гээд оочир аваад гэртээ байж байтал цагдаа намайг хэсгийн кабон дээр дуудсан яваад очтол сумын байгаль хамгаалагч Цэвэлмаа, хэсгийн төлөөлөгч нар байсан тэгээд намайг доод голоос чихэр өвс өглөөний 07 цагт миний таньдаг ах дүүгийн автобусаар ачсан байна гэж Цэвэлмаа яриад байсан тэгэхээр нь би түүгээгүй гэдгээ үнэнээ хэлсэн тэгээд Батчимэг гэх бас нэг байцаагч нь орж ирээд та чихэр өвс түүсэн уу үнэнээ хэлчих гээд байсан тэгээд би түүгээгүй гэдгээ хэлсэн тэгээд тэр хоёр хүүхэн яваад өгсөн би цагдаатай үлдээд цагдаад эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гэхэд чихэр өвс түүсэн талаар үнэнээ хэлчих гэсэн тэгээд 3-4 цаг хүлээлгээд сүүлд нь сумынхаа цагдаад би 3-4 шуудайг би түүж авсан гэж хэлсэн тэгсэн намайг явуулсан тэгээд элэг өвдөөд хотоор эмчилгэ хийж явж байгаад өнөөдөр Баянхонгорт ирсэн. Цагдаа надаас 4 шуудай чихэр өвс одоо хаана байна гэж асуусан тэгэхээр нь танихгүй машинтай хот руу эхнэр рүүгээ явуулсан гэж хэлсэн. ..гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

.....2019 оны 05 дугаар сарын эхээр чихэр өвс гэх ургамлыг Баянхонгор аймгийн Богд сумын голоос ханиад эмчилгээнд хэрэглэх гэж түүж бэлтгэсэн. Тэгээд гэртээ хадгалж байтал манай эхнэр Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болоод Улаанбаатар хот явсан. Тэгээд би нутагтаа байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эхнэртэйгээ уулзах гээд Улаанбаатар хот явахдаа түүж бэлтгэсэн 5 шуудай 100 гаруй кг чихэр өвсөө аваад явсан. Тэгээд Баянхонгороос Улаанбаатар орох чиглэлийн 74-49 БНХ улсын дугаартай автомашинд суугаад хот руу явсан. Тэгээд наашаа ирж явж байхдаа замын цагдаа таараад саатуулсан. Баянхонгор аймгийн Богд сумын голоос түүсэн. Чихэр өвсийг түүх зөвшөөрлөө авсан байсан. Улаанбаатар хот руу явахдаа гэртээ орхиод явсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 132/

14. Гэрч Б.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би ажилд ороод 8 сар болж байна. Байгаль хамгаалагч А.Цэвэлмаа эгч сумын хэмжээнд чихэр өвс түүж зардаг хүмүүсийг хэлж байсан ба тэр дундаа Төмөрсүх нь удаа дараа чихэр өвс ухдаг гэж хэлж байсан. Тэгээд хяналт шалгалтаар 2019 оны 07 дугаар сард чихэр өвс ургадаг нөөц газар болох Богд сумын 2 дугаар багийн нутагт чихэр өвс түүж бэлтгэсэн байдалтай байхаар нь багийн засаг дарга Л.Буянбадрахаас асуухад Төмөрсүхийг түүж бэлтгэсэн гэхээр нь Цэвэлмаа эгч бид хоёр Төмөрсүхийг Цагдаагийн хэсэг дээр дуудаад та Цутгалан гэх газраас чихэр өвс түүсэн үү гэж асуутал би энд цагдаагийн өрөөнд яримааргүй байна миний өрөөнд орж яримаар байна гэж хэлээд кабоны гадаа гарахад өөрөө надад би 4 шуудай чихэр өвс түүгээд жижиг тэргээр аймгаар дамжуулаад хот руу явуулсан тэгтэл хотод очоод хөгцөрсөн байсан гэж хэлсэн тэгэхээр нь тийм байсан ч хамаагүй авчирч өгөөрэй гэтэл за гээд явсан. Төмөрсүх ямар машинаар гэдгээ хэлээгүй 4 ширхэг 50 кг-ын шуудай чихэр өвс явуулсан гэдгээ өөрөө хэлсэн. Төмөрсүх чихэр өвсийг ганцаараа түүж бэлтгэсэн гээд бусад зүйлийг бол хэлээгүй мөн Төмөрсүх нь манай байгаль хамгаалагчид танд мөнгө өгье та энэ хэргийн эндээ зохицуулчхаач та чадна гэж хэлсэн гэж Цэвэлмаа эгч надад хэлж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 65/

15. Гэрч Ш.Сүхдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 04 дүгээр сарын 13-нд ажилдаа ороод 2019 оны 06 дугаар сард ажиллаж байсан, гэхдээ надад улсын байцаагчийн тамга, тэмдэг байгаагүй, эрх сэргээгдээгүй байсан, өмнөх тэмдгийг 2018 оны 06 дугаар сарын 29-нд эрүүл мэндийн шалтгаанаас болж жилийн чөлөө авахдаа хүлээлгэж өгсөн байсан юм...манай төрлийн Ганболд над руу утсаар яриад гарал үүслийн гэрчилгээ хэрэгтэй байна, Улаанбаатар хотод манай найз чихэр өвс хураалгачихлаа Богд сумын хүн Алтансүх гэдэг юм гэж хэлсэн, Төмөрсүх гэж хэлээгүй...Баянговь сумын Хэлтгий булаг 1 дүгээр багийн нутаг цагаан гол гэх хэсэгхэн газарт чихэр өвс ургадаг, өөр газарт бол ургахгүй...би улсын байцаагчийн тэмдгээ 2019 оны 08 дугаар сард авсан тэрнээс өмнө 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл улсын байцаагчийн тэмдэггүй ажил хариуцаад явж байсан...миний баталгаатай гарын үсэг бол таталган бичигддэг...ийм гарал үүслийн гэрчилгээ гэж байхгүй гарал үүслийн гэрчилгээ нь албан ёсны бланктай байдаг мөн миний нэрийг бүтнээр нь бичсэн байна, нэрийн дээр дарагдсан тэмдэг бол миний байцаагчийн тэмдэг биш миний тэмдэг бол мэргэжлийн хяналтын эмблемтэй 05-04-340 гэсэн дугаартай улсын хэмжээнд энэ дугаар нь ганцхан байдаг, би өөрийн улсын байцаагчийн тэмдгээ аваад ирсэн мэдүүлэг дуусаад гарын үсэг дээрээ дарж үлдээе...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/

16. Гэрч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Б.Т нь манай аавын төрсөн дүүтэй суусан манай хүргэн байгаа юм. Хувь хүний хувьд хүнд тусархуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй үндэсний бөхөөр барилдаж байсан сумын заан цолтой, одоо бөхийн засуул, хөлийн цэц хийдэг ер нь жоохон хошин марзандуу зантай найрсаг даруухан 4 охинтой эхнэрийн хамт амьдардаг том охин нь оюутан бага хүүхэд нь цэцэрлэгт явдаг нурууны өвчтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/

17. Гэрч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Б.Т нь манай ээжийн талаар ах дүү гэж явдаг хувь хүний хувьд хүнд тусархуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй миний нүдэнд архи ууж харагддаггүй хөдөө мал дээр эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг үг дуу цөөтэй, сум орон нутагт нэр хүндтэй үндэсний бөхөөр барилдаж байсан сумын заан цолтой, одоо бөхийн засуул, хөлийн цэц хийдэг тийм хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/

18. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн:

1. Урал чихэр өвс нь Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар ховор ургамлын жагсаалтад орсон. Урал чихэр өвс гэж нэрлэдэг.

2. Манай аймгийн Богд сумын Орог нуурын хөндий, Гурван голын эх, Цутгалан, Баацагаан сумын Таван элс, зүүн баруун хаяа, Цагаан эрэг гэх нутгуудаар ихээхэн хэмжээгээр ургадаг.

Эдгээр газрууд нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй болно. Экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 07 дугаар сарын 09 ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар баталж чихэр өвсний экологи-эдийн засгийн үнэлгээ 1кг нь 96000 /мянган төгрөг/ болсон. Богд сумын Цутгалан гэх газраас хууль бусаар чихэр өвс түүсэн гэрч Б.Тийн өөрийн хэлснээр 80 кг-ийг түүсэн гэж мэдүүлсний дагуу үнэлгээг гаргалаа.

80 х96000=7.680.000 /долоон сая зургаан зуун наян мянган төгрөг/

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3.3 заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно. гэж заасны дагуу

80х 96000=7.680,000x5=38.400.00 Гучин найман сая дөрвөн зуун мянган төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоов....гэх дүгнэлт /хх-ийн 80/

19. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн:

1. Урал чихэр өвс нь Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар ховор ургамлын жагсаалтад орсон. Урал чихэр өвс гэж нэрлэдэг.

2. Манай аймгийн Богд сумын Орог нуурын хөндий, Гурван голын эх, Цутгалан, Баацагаан сумын Таван элс, зүүн баруун хаяа, Цагаан эрэг гэх нутгуудаар ихээхэн хэмжээгээр ургадаг.

Эдгээр газрууд нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй болно. Экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 07 дугаар сарын 09 ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар баталж чихэр өвсний экологи-эдийн засгийн үнэлгээ 1кг нь 96000 /мянган төгрөг/ болсон. Богд сумын Цутгалан гэх газраас хууль бусаар чихэр өвс түүсэн гэрч Б.Тийн өөрийн хэлснээр 120 кг-ийг түүсэн гэж мэдүүлсний дагуу үнэлгээг гаргалаа.

120 х96000=11.520.000 /арван нэгэн сая таван зуун хорин мянган төгрөг/

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3.3 заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно. гэж заасны дагуу 120х 96000=11.520.000x5=57.600.00 Тавин долоо сая зургаан зуун мянган төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоов....гэх дүгнэлт /хх-ийн 82/

 

20. Энх-нахиа ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн:

              1. HYUNDAI маркийн автомашин 1 ширхэг 7.500.000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 87/ болон хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан А.Цэвэлмаагийн өргөдөл, хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд авагдсан ховор ургамлын жагсаалт, хавтаст хэргийн 20-23 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 26-27 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 135-139, 148-150 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 151 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Тийн урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлснийг дурдаж шийдвэрлэв.

          Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс байгаль орчинд учруулсан хохирлын талаар хоёр өөр дүгнэлт гарсан бөгөөд ямар нэгэн баримт нотолгоонд тулгуурлалгүй хохирлыг тооцож гаргасан гэж дүгнэснийг шүүх хянан үзлээ.

 Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн: Экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 07 дугаар сарын 09 ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар баталж чихэр өвсний экологи-эдийн засгийн үнэлгээ 1кг нь 96000 /мянган төгрөг/ болсон. Богд сумын Цутгалан гэх газраас хууль бусаар чихэр өвс түүсэн гэрч Б.Тийн өөрийн хэлснээр 80 кг-ийг түүсэн гэж мэдүүлсний дагуу үнэлгээг гаргалаа.

80 х96000=7.680.000 /долоон сая зургаан зуун наян мянган төгрөг/

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3.3 заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно. гэж заасны дагуу

80х 96000=7.680,000x5=38.400.00

Гучин найман сая дөрвөн зуун мянган төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоов....гэх дүгнэлт /хх-ийн 80/

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн:

Богд сумын “Цутгалан” гэх газраас хууль бусаар чихэр өвс түүсэн гэрч Б.Тийн өөрийн хэлснээр 120 кг-ийг түүсэн гэж мэдүүлсний дагуу үнэлгээг гаргалаа.

120 х96000=11.520.000 /арван нэгэн сая таван зуун хорин мянган төгрөг/

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3.3 заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно. гэж заасны дагуу

120х 96000=11.520.000x5=57.600.00 Тавин долоо сая зургаан зуун мянган төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоов....гэх дүгнэлт /хх-ийн 82/ гэж хоёр өөр дүгнэлтийг гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Тийг ховор ургамал болох чихэр өвсийг яг хэдэн кг түүснийг хөндлөнгийн нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд зөвхөн хавтаст хэргийн 120 дугаар хуудаст авагдсан цагдаагийн ахлах ахлагч Б.Азбаярын илтгэх хуудаст бичсэн “таван шуудай бүх жин 130 кг орчим чихэр өвс” гэснийг үндэслэн шүүгдэгчээр мөн 120 кг орчим гэж мэдүүлснээр дүгнэлтийг гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Т нь 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо “Эмээлт”-ийн шалган нэвтрүүлэх постоор 74-73 БНХ улсын дугаартай “Истана” маркийн авто машинаар чихэр өвсийг авч яваад саатуулагдаж улмаар шалгагдаж 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын 1960 тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тогтоол гарч чихэр өвсийг буцаан олгосон байна.

Уг мэдээллийг шалгах явцад Цагдаагийн эрх бүхий ажилтан хураагдсан гэх чихэр өвсийг хэдэн кг болсныг албан ёсоор хиллэж нягтлаагүй буцаан олгож уг чихэр өвс нь үрэгдэж алга болж хууль бусаар хэдэн кг өвс түүснийг нотлох баримт байхгүй болсноос шүүгдэгч нь байгаль орчинд хэдэн төгрөгийн хохирол учруулсныг тогтоох боломжгүй болжээ.

Гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх нь мөрдөгчийн үүрэг гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бөгөөд мөрдөгч уг үүргээ хуульд зааснаар цуглуулж бэхжүүлж чадаагүй нь шүүгдэгчийг шууд буруутгах үндэслэл байхгүй гэж үзлээ.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3.3 заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно. гэж заасны дагуу

80х 96000=7.680,000x5=38.400.00 Гучин найман сая дөрвөн зуун мянган төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж хохирлыг шүүгдэгч Б.Тээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэрэгт шүүгдэгч Б.Тийн эзэмшлийн 01-22 БНХ улсын дугаартай Старекс авто машиныг чихэр өвсийг Богд сумаас аймаг руу зөөсөн гэх үндэслэлээр битүүмжилсэн боловч хавтаст хэрэгт уг авто машинаар чихэр өвсийг зөөж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж нотлох баримт бүрэн авагдаагүй тул түүний эзэмшлийн авто машиныг хураан авах үндэслэл байхгүй байна гэж үзэж уг авто машиныг эзэмшигч Б.Тэд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Шүүхээс шүүгдэгч Б.Т нь 2019 оны 06, 07 дугаар сард Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дэвсгэр “Цутгалан” гэх газраас ховор ургамал болох чихэр өвсийг түүж, хадгалж, бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 38.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь иргэний нэхэмжлэгч Г.Б, гэрч Б.Төмөрбаатар, Г.Алтансүх, Я.Баярсайхан, Э.Мөнхтуяа, Л.Ганболд, Л.Буянбадрах, Г.Тогтох, А.Цэвэлмаа, Б.Батчимэг, Ш.Сүхдорж, Б.Батсайхан, Б.Өсөхбаяр нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Тийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталж “Урал” чихэр өвс буюу олон улсын нэршлээр “Glycyrrhiza uralensis” нь уг жагсаалтын 336 дугаарт ховор ургамлын жагсаалтад багтаж байх тул шүүгдэгч Б.Тийг ховор ургамал чихэр өвсийг түүсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.Тийн хувьд чихэр өвсийг тээвэрлэсэн гэх гэм буруутай үйлдлийн хувьд Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу 74-79 БНХ улсын дугаартай авто машинаар чихэр өвсийг тээвэрлэж явсныг гэм буруутай гэж шүүх дүгнэснийг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүх шүүгдэгч Б.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Тээс байгаль экологид учруулсан хохирол гучин найман сая дөрвөн зуун мянган / 38.400.000 / төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн байгаль орчин уур амьсгалын санд хоёр / 02 / жилийн хугацаанд хэсэгчлэн нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж уг хохирлыг нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.Тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Харин шүүгдэгч Б.Тийн эзэмшлийн 01-22 БНХ улсын дугаартай Старекс авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.Тэд буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.                              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Тийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ногоон овогт Б.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Тэд гэмт хэргийн хор уршиг гучин найман сая дөрвөн зуун мянган / 38.400.000 / төгрөгийг төлж арилгах үүргийг хүлээлгэж уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар шүүгдэгч Б.Тээс гучин найман сая дөрвөн зуун мянган / 38.400.000 / төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин уур амьсгалын санд хоёр / 02 / жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   7. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Тийн эзэмшлийн 01-22 БНХ улсын дугаартай Старекс авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.Тэд буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.            

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.              

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.