Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.У

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Б.У нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт иргэн Б.******* эзэмшлийн Самсунг А-50 маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 683.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

             ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Прокурорын тогтоолд дурдсан бусдын гээгдэл гар утсыг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Миний хувьд гар утас болон бусад эд зүйлийг бүгдийг нь эзэнд нь хүлээлгэн өгсөн байгаа.....гэх мэдүүлэг /хх-ийн 78/

 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 3. Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...гар утсаа автомашиныхаа голын хайрцаг дээр тавьчихсан байсан. ******* цэцэрлэг дээр хүүхэдтэй эмэгтэйг буулгасан...******* цэцэрлэг дээр буусан эмэгтэйн хүүхэд нь 2-3 орчим насны хүүхэд байсан бөгөөд тэр хүүхэд голын хайрцаг дээр байсан миний гар утсыг сонирхож барьж байгаад ээж нь машинаас буухад машины гадна унасан байж магадгүй гэж бодож байна....миний гар утсыг олсон Б.У гэх эмэгтэйг би харсан, тухайн үед таксидаад ******* цэцэрлэг дээр буусан эмэгтэй нь битүү ороолт ороочихсон байсан болохоор тухайн эмэгтэй ямар хүн байсан, Б.У нь тэр эмэгтэй мөн эсэхийг үнэндээ мэдэхгүй байна...гээгдүүлсэн гар утас, гар утасны гэр, иргэний цахим үнэмлэх, виза карт зэргээ хүлээн авсан болохоор надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 42

            4. Гэрч Ш.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....охин ******* нь миний гар утасны дэлгэц эвдэрсэн байхад гар утас өгөхөөр нь барьж байсан. Тухайн гар утас нь цэнхэр өнгийн Самсунг А-50 маркийн гар утас байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 49/

5. Энх-Нахиа ХХК-н 2019 оны 12 сарын 09-ны өдрийн 635 дугаартай шинжээчийн:

1. Самсунг галакси А50 маркийн гар утас 650.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 60/

6. Энх-Нахиа ХХК-н 2020 оны 2 сарын 10-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн:

1. Улаан өнгийн хавтастай гар утасны гэр 1 ширхэг 10.000 төгрөг

2. Иргэний үнэмлэх 1 ширхэг 20.000 төгрөг

3. Хаан банкны виза карт 1 ширхэг 3.000 төгрөг

Эд зүйлийн нийт үнэ 33.000 төгрөг.....гэх дүгнэлт /хх-ийн 63-64/ болон хавтаст хэргийн 91 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй торгох ялын доод хэмжээг оногдуулах талаар дүгнэлт гаргасныг дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.У нь2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт иргэн Б.******* эзэмшлийн Самсунг А-50 маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 683.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Гэрэлтуяа, гэрч Г.******* мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-н 635, 97 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Уийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүх шүүгдэгч Б.Уийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Уийн эзэмшлийн “Самсунг” маркийн зөөврийн компьютер битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Б.Ут шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

  Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

   Хэрэгт шүүгдэгч Б.Уийн зөөврийн компьютерийг битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг зөөврийн компьютерыг хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Ут буцаан олгож шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Уийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Уийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Б.Ут шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

5. Шүүгдэгч Б.У нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Уийн эзэмшлийн “Самсунг” маркийн зөөврийн компьютер битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зөөврийн компьютерыг эзэмшигч Б.Ут шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.БАТЦЭНГЭЛ