Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 0434

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 52 тоотод орши суух, эмэгтэй, регистрийн дугаар УШ 86042205, Хатиган овогт Жаргалсайханы Халиуны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2 дугаар байрны 8-1 тоотод оршин суух, нотариатч Д.Дашцэдэнд холбогдох

 

Нотариатын үйлдийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин, хариуцагч Д.Дашцэдэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ц.Цэнгэл, Ж.Төмөрбат нар 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан өдрөө барьцааны гэрээ байгуулж 0081329 тоот гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 52 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болгон барьцаалуулсан байна.Барьцааны гэрээ нь Ж.Халиунаас Ж.Төмөрбатад олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн байна.Ж.Халиуны өмчлөлийн орон сууцын өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалсан болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орон сууц битүүмжлэх мэдэгдэл 9 дүгээр сард ирэхэд анх нэхэмжлэгч мэдсэн.Гэтэл Ж.Халиун нь Ж.Төмөрбатад итгэмжлэл олгож байгааүй бөгөөд энэ талаар мэдээгүй байна.Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар нотариатч нь үйлчлүүлэгчид эрх үүргийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй, мөн хуулийн 21.3.3-т нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийхийг хориглосон байдаг. Ж.Халиун өөрийн биеэр болон бичиг баримттайгаа очиж итгэмжлэл олгоогүйг нотариатч үүргийнхээ дагуу мэдэх боломжтой байхад итгэмжлэлийг баталсан нь хууль бус байна.Иймээс 04 дугаартай Д.Дашцэдэн нотариатчийн баталсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, итгэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.Цэнгэл, Ж.Төмөрбат нар 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тухайн өдрөө барьцааны гэрээ байгуулж 0081329 тоот гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 52 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болгон барьцаалуулсан байна.Барьцааны гэрээ нь Ж.Халиунаас Ж.Төмөрбатад олгосон итгэмжлэлийн дагуу хийгдсэн байх бөгөөд Ж.Халиуны өмчлөлийн орон сууцын өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалсан болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орон сууц битүүмжлэх мэдэгдэл ирэхэд Ж.Халиун мэдсэн.Гэтэл Ж.Халиун нь Ж.Төмөрбатад итгэмжлэл олгож байгааүй бөгөөд энэ талаар мэдээгүй байна.Ж.Халиун өөрийн биеэр болон бичиг баримттайгаа очиж итгэмжлэл олгоогүйг нотариатч мэдэх боломжтой байхад итгэмжлэлийг баталсан нь хууль бус байна.Иймээс зөвхөн Д.Дашцэдэн нотариатчийн Ж.Халиунаас Ж.Төмөрбатад 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр олгосон итгэмжлэлийг баталсан үйлдлийг үйлдлийг хүчингүй болгож өгнө үү, харин дээрх шаардлагатай хамт нотариатчид холбогдуулан шийдвэрлүүлж болохгүй учраас итгэмжлэлийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

            Хариуцагч Д.Дашцэдэн шүүхэд гаргасан тайлбартаа:Ж.Халиун 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ах Ж.Төмөрбатад олгосон 1105 тоот итгэмжлэлдээ Ж.Халиун өөрийн биеэр ирж гарын үсгээ манай тэмдэглэлийн дэвтэрт зурсан байна.Ж.Халиун өөрийн биеэр ирсэн шиг санагдана гэж нотариатчийн туслах хэлж байгаа.Ж.Халиун өөрөө ирж гарын үсэг зураагүй бол хэн гарын үсэг зурсан болохыг Ж.Төмөрбат гэрчилнэ.Хэрэв уг итгэмжлэлд Ж.Халиун гарын үсэг зураагүй боло итгэмжлэлийг хүчингүй болгохыг зөвшөөрч байна гэжээ.

 

            Хариуцагч Д.Дашцэдэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ж.Халиун өөрийн хүргэн ах Ж.Төмөрбатад иргэний үнэмлэхээ өгч явуулсан байсан.Ж.Халиун өөрөө ирээгүй тул Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг зөвшөөрч байна.Ж.Төмөрбат  нэг эмэгтэй хүн дагуулж орж ирээд дүүгээ дагуулаад ирлээ гэж намайг хуурч итгэмжлэл хийлгэсэн байна.Ж.Төмөрбат намайг залилсан байна, итгэмжлэлийг хүчингүй болгуулах шаардлагыг би зөвшөөрөхгүй, надад хамааралгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Халиун хариуцагч Д.Дашцэдэнд холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Ж.Халиунаас Ж.Төмөрбатад олгосон итгэмжлэлийг баталсан 04 дугаартай нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нотариатч Д.Дашцэдэн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ж.Халиунаас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 52 тоотод байршилтай орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийг Ж.Төмөрбатад олгосон итгэмжлэлийг гэрчлэн баталсан байна.

 

Нотартиатын үйлдэл хийх 2011 оны зааврын 2 дугаар зүйлийн 2.3-т “Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ” гэж заасан байна.

 

Ж.Халиун 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нотариат дээр өөрийн биеэр очоогүй гэж тайлбарлаж байх бөгөөд дээрх Ж.Халиунаас Ж.Төмөрбатад олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгч Ж.Халиун гарын үсгээ зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 678 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

 

Мөн Ж.Халиуны Ж.Төмөрбатад 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр олгосон гэх итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ж.Халиунаас Ж.Төмөрбатад 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчингүй болгох тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 41 дүгээр зүйлийн  41.1-т заасныг баримтлан нотариатч Д.Дашцэдэнгийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн 1105 дугаарт бүртгэгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Ж.Халиунд олгосугай.

 

 

 

 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН