Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/120

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

 Нарийн бичгийн дарга:Ж.Чимэддорж ,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч: Г.М, түүний өмгөөлөгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор С.Болорзулаас Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн 1996 оны 05 дугаар сарын 02-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.М

 Үйлдсэн хэргийн талаар:

 Шүүгдэгч Г.М 2018 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн сайрын ам” гэх газраас иргэн Д.******* эзэмшлийн 3 тооны монголын үхэр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд 3 тооны үхэр хулгайлсан талаар дурдсан байна. миний зүгээс 2 тооны үхрийг л хулгайлсан. Хулгайн гэмт хэрэгт Б.******* оролцоогүй. Би ганцаараа үйлдсэн юм. Хохирогч ******* 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 84/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 11 дүгээр сард манайх 3 тооны үхэр хулгайд алдсан. Манай эхнэр болох ******* *******, Мөнх-Эрдэнэ нар нь аймгийн цагдаагийн газарт хэрэг ирсний дараагаар уулзсан юм байна лээ. Тэгэхэд хохирлыг чинь барагдуулж өгье, мөн тэр 2 хоёулаа цуг явж хулгай хийсэн талаар хэлсэн байсан.Тухайн газар мотоцикл болон хүний мөр байсан. Хичнээн хүний мөр байсан эсэхийг мэдэхгүй байна мөрнүүдийг ялгаж чадаагүй өөрөөр хэлбэл нэг хүнийх байсан сэх эсхүл олон хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Үхрийг барьсан хашаа хороо манай хаваржаанаас 300 метрийн зайнд байдаг юм. Хайж явсан зардал болон бусад зардлуудыг тооцож 2 сая төгрөгийг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйлгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 34-38/

  ....Тухайн үе чинь 2 сар байсан. Жинхэнэ хүйтний улирал эхэлж байсан үе юм. Тухайн бярууны хувьд гарга, тэвээргийн хувьд муухандуу байсан. Би сураглаад нэлээн явсан юм. Тэгсэн цэг зэм болон өөр үхэртэй нийлсэн сураг гараагүй. Мөнх-Эрдэнэ, ******* нараас асуухад тэд нар зөвхөн 2 тооны үхрийг хулгайлсан юм. Гэхдээ хохирлын бярууг чинь цуг төлье гэж хэлээд мөнгийг нь өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

4. Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өглөө 09 цагийн орчим гэртээ байж байтал Г.М адуундаа явлаа гээд өөрийнхөө мустанг 5 маркийн мотоциклтой яваад өгсөн тэгтэл тухайн өдрийн шөнө 00 цагийн үд Г.М гэртээ ирж хоноод өглөө нь 2 үхэр хүнээс авлаа хамжилцаад нядлаад гаргаад өгөөч гэхээр нь би завгүй гэж хэлсэн тэгээд орой нь би үхрийг цуг хамжилцаж өгсөн юм. Үхрийг нядалж Гаргасан газар ******* гэдэг нэртэй өвөлжөө байгаа юм. Г.М хүнээс хоёр үхэр авцаандаа авчирлаа гэж хэлсэн, хэнээс авсан талаар хэлээгүй, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 11 цагийн үед унтаж байхад ирсэн, би он сар, цаг хугацааг маш сайн санаж байна. Бууцагаан сумын хэсгийн төлөөлөгч дуудахаар нь очиход Г.М байж байсан. Г.М нь хэлэхдээ тантай цуг явж 2 үхэр хулгайлсан гэж хэлсэн шүү гэхээр нь би мэдүүлэг өгөхдөө Г.Мтэй цуг явж үхрийг хулгайлж авч, гэрийн гадаа нядалсан гэж хэлсэн мөн тэр үед сандарсан байсан юмаа, одоо бол үнэн зөвөөр хэлж байна. ягаад үнэ зөв гэснээ мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх- ийн 58-62/

 5. Гэрч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Бугуйл нь болохоор тасраад тэгээд хаясан байх одоо бол байхгүй. Тухайн үед 2 тооны үхрийг гаргахад манай гэрт байсан 2 ширхэг хутгыг ашигласан юм. Одоо тэдгээр нь бас байхгүй юманд хэрэглэж, ашиглах явцад хугараад тэгээд хаясан байх мөн тухайн үед яг, ямар хутга хэрэглэсэн болохоо санахгүй байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар хэн нэгэнд хэлээгүй. ******* ах анх 2 тооны үхрийг туухад байхгүй байсан мөн тэр 2 тооны үхрийг хулгайны үхэр болох талаар мэдээгүй. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн юм. 2 тооны үхэр захлаад явж байхаар нь туугаад явсан юм. Тэрнээс тухайн үед тэндээ барьсан зүйл байхгүй. Тус мотоциклийг эвдэрчихээр нь задлаад сэлбэгт өгсөн юм. Мөн өөрийнхөө мотоциклийг 2015 онд 1.700.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо тус мотоциклийг 20.000 төгрөгөөр үнэлнэ. Би анх өгсөн мэдүүлэгтээ сандраад буруу ярьсан юм байна лээ. Яг үнэндээ гэрийн хойд талын жалганд хаясан байсан чинь үнэг, нохой идээд дуусгасан юм байна лээ. Одоо бол байхгүй. /Жалганд ил хаясан гэх/. Манай ээж болохоор ерөөсөө аймагт байдаг юм. Би болохоор хөдөө ганцаараа байдаг юм. Ээж хааяадаа ирдэг байсан. ******* ах мөн ганцаараа байсан ба эхнэр, хүүхдүүд нь сумын төвд байсан. /*******ийн хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт байдаг ба эхнэр нь тэдгээрийг сумын төвд хардаг юм/. Ээжид хаврын гэрээгээр үхэр авлаа гэж хэлээд өөрт байсан үхрийн махнаас явуулсан юм. Өөр хэн нэгэнд зарж, борлуулсан зүйл байхгүй. Ээж хулгайны мах болох талаар мэдээгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/

6. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 641 дугаартай шинжээчийн:

   1. Сартай улаан ягаан зүсмийн шүдлэн үхэр 1 ширхэг 600.000 төгрөг

2. Зэгэлдүү ягаан зүсмийн шүдлэн үхэр 1 ширхэг 600.000 төгрөг

3. Эр улаан бяруу 1 ширхэг 300.000 төгрөг

Эд зүйлийн нийт үнэ 1.500.000 төгрөг...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/

 7. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 130 дугаартай шинжээчийн:

   1. Мустанг 5 маркийн мотоцикль 1 ширхэг 100.000 төгрөг, нийт 100.000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 77/ болон хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан төрсний гэрчилгээ, хэргийн 101 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.

    Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч Г.М 2018 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн сайрын ам” гэх газраас иргэн Д.******* эзэмшлийн 3 тооны монголын үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч Д.Батбаатар, гэрч Б.******* нарын мэдүүлэг болон 641, 130 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.******* машин механик ашиглаж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан хүндрүүлэх нөхцөл болгон УИХ-с 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хуульчлан баталсан боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл...ийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “үйлдэл...г гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Уг хэрэгт шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикль буюу машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч уг мотоциклыг задалж ашигласан нь тогтоогдсон тул түүнээс уг мотоциклын үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд мэдээлэл авагдсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Г.М бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Г.М хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Мд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар ажил хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Г.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдсон эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Мэс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклын үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.БАТЦЭНГЭЛ