Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч : Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014002120184 тоот хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 47 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн орчимд гээгдүүлсэн Д.Цээсүрэнгийн эзэмшлийн “Huawei P smart 20” маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би хөдөө ажлаар байж байгаад амралтаараа 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирсэн тэгээд машинаа найз Буянхишигээр янзлуулах гээд Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах 60-н айлд эхнэрийн хамт очсон тэгээд түүний :айгаа байранд ортол нэлээн хэдэн хүн бүгд согтуу байсан тэгээд тэндээ гараад эхнэрээ гэрт нь хүргэж өгөөд гэрт байсан 1 шил архиа аваад буцаад тэд нар дээр явган очоод архи уугаад согтоод Цээсүрэнтэй маргалдаад Мөнгөнхөлөг намайг хүргэж өгөх гэж явж байгаад цагдаад баригдсан юм шиг байгаа юм тэндээс би гэртээ очиж байж байгаад буцаад нөгөө байранд ирсэн тэгэхэд Лхагва гээд хамт архи уусан найз Цээсүрэнгийн утсаар яриад байсан тэгээд тэндээс бид хоёр гараад би Лхагвааг хөх толгойд нэг айлд хүргэж өгсөн тэгж хоёр дахь удаагаа нөгөө архи ууж байсан газраа ирэхдээ би өөрийнхөө машинтай ирсэн байсан тэгэхэд миний машины арын суудал дээр Лхагваа Цээсүрэнгийн гар утсаар яриад яваад байсан би Лхагвааг хөх толгойд нэг айлд хүргэж өгчихөөд буцаад гэртээ ирээд өөрийнхөө хүү Билгүүнд аав нь утас олсон гэж нөгөө утсаа машинтайгаа хүлээлгэж өгсөн тэгээд гэртээ хэвтэж байгаад нэлээн орой болсон байсан гэрт нэг архины хугас юм байсан түүнийг эхнэрээс нууж уугаад согтоод нэлээн шөнө буцаад Буянхишигийн байгаа газарт буцаад очсон тэгсэн чинь Цээсүрэн миний гар утас алга болсон байна гэхээр нь утас чинь надад байгаа гээд согтуудаа хэлсэн тэнд байж байгаад гэр рүүгээ явсан маргааш нь эрүүл болоод Лхагваа нөгөө утсаар ярьж байсан болохоор Лхагваагийн гар утас байх хүүхдээ нөгөө утсаа олсон гээд нэгэнт өгчихсөн юм чинь гээд тоогоогүй Лхагваа нь тогтсон гэр орон байхгүй алт шороогоор яваад байдаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Д.Цээсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 60 айлын орон сууцанд 58 тоот айлд байж байгаад гар утсаа алдчихсан. Тэр айлыг болохоор би танихгүй, манай найз Баасанхүү хотоос ирээд тэнд айл руу хамт оръё гэхээр нь би дагаад орсон. Тэнд манай найзын найзууд нь байсан болохоор дуудсан юм шиг байна лээ. Тэр айлд бид нэлээд удсан, хөзөр хүртэл тогтоосон. Нэлээд удсан, юм яриад суугаад байсан. архи уусан, тэгэхэд 7,8-уулаа байсан. 3-4 шил соёрхол нэртэй архи, ЭДН нэртэй архи гээд дан том архи уусан, дан 0.75 граммын архи байсан. Тэгээд тэндээ нэлээд удсан. Тэгээд би ярих юм байхгүй болохоор хэсэг хугацаанд унтаад өгсөн байсан. тэгээд сэрсэн чинь миний утас алга болсон байсан. тэгээд залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд саяхан байсан утас хаачдаг байна гээд тэнд байсан хүмүүсээс асуусан чинь юу гэж тийм юм байх вэ дээ гээд хараагүй үзээгүй гээд байсан. Тэнд байсан 2 тэгж яриад байгаа тэр хоёроос гарцаагүй байх. 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай найз Баасанхүү хотоос ирээд тэгээд түүний таньдаг найзынд болох Баянхонгор сумын 1 дүгээр баг 18 дугаар байрны 59 тоотод орж ойрд уулзаагүй найзууд гээд би хамт орж архи уусан, би сүн түшээд байж байтал гэнэт Б буюу Баянаа миний араас гараараа боогоод авсан, яагаад тэгснийг мэдэхгүй тэгтэл манай найз Мөнгөнхүлэг болон найзууд түүнийг зүгээр байж байхад яаж байгаа юм гээд хэрүүл хийсэн, ямар нэг зодоон цохион бол болоогүй тэгээд би нэлээн уусан байсан болохоор эхнэрийн ажил 18 цагаас тардаг учир эрүүл оръё гэж бодоод унтаад өгсөн. Тэгээд орой нь би харанхуй болсон байсан цагийг мэдэхгүй байна тэгээд босоод иртэл миний гар утас алга болсон тэгээд тэнд байгаа хүмүүсийг миний утас руу залга даа гэтэл холбогдох боломжгүй байсан, тэгээд цэнэг нь дуусаж байсан учир нэг юмны араар орсон байх гээд нэлээн хайгаад олоогүй, тэгэхэд Б манай найз Энхбат нар гадагшаа гарсан гээд явчхаад ирсэн байсан, тэгээд Б нь чиний гар утас надад байгаа миний машинд миний гар утас байгаа гэсэн, тэгээд Энхбат, Бын эхнэр рүү залгаад машинд нь миний утас байгаа үзээдэх гэхэд эхнэр нь наад согтуу толгой чинь худлаа ярьж байгаа алга байна гэсэн тэгээд би тэр оройдоо гэр рүүгээ явсан, тэгээд гэртээ унтчихаад маргааш өглөө нь тэнд байсан хүмүүстэйгээ утсаа олох талаар уулзахад би аваагүй л гээд байсан, тэгээд 2 хоног харж байгаад цагдаад өргөдөл өгсөн. Миний утсаар нэлээн хэдэн хүн ярьсан, хамгийн сүүлд Лхагваа гээд манай найз ярьж байсан, тэгээд түүнээс авснаа санахгүй байгаа миний гар утсаар хамгийн сүүлд ярьж байсныг Энхбат болон бусад хүмүүс мэдэж байгаа учир нь Быг эхлээд гэрт нь хүргэж өгөх гэж Мөнгөнхүлэг, Энхбат хоёр хамт яваад Мөнгөнхүлэг машин барьж яваад цагдаад баригдаад баривчилгаанд байгаа, өнөөдөр өглөө гарсан. Мөнгөнхүлэгийг цагдаад баригдсан байхад нь Лхагваа миний утсаар хүмүүс рүү яриад байсан гэсэн би тухайн үед унтаж байсан, тэгээд Мөнгөнхүлэгийг цагдаад баригдсаны дараа байх унтаж байгаад сэрээд байж байтал гаднаас Б ороод ирсэн, орж ирээд чиний утас надад байгаа гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/

  4. Гэрч А.Анхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 88978247 гэсэн дугаарыг барьдаг юм. Манай найз залуу Н.Түмэндэмбэрэлийн нэр дээр байдаг юм. Би “Huawei P smart 20” гэсэн утас барьж байгаа, манай найз залуу Билгүүнээ гэх залуугаас 200.000 төгрөгөөр авч өгсөн. Надад 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр авч өгсөн...гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39/

5. Гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би “Huawei P smart 20” маркийн гар утас 200.000 төгрөгөөр зарах гэж байгаад 160.000 төгрөгт 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зарсан. Манай аав Б өөрийнхөө машин дотроос олсон гэхээр би авчъя гээд аваад найздаа зарсан юм. Дараа манай аав эзэн нь хайгаад байна өгье гэхээр нь би барьчих гэж аавд хэлсэн. Аав машиныхаа арын суудлаас олсон гэж байсан. Манай аав тухайн гар утасны эзнийг нь мэдэж байсан, надад эзэн нь сураад байна өгчихмөөр байна гэж байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 32-34/

6. Гэрч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 03 дугаар сарын 10-д гарсан байх би тухайн үед согтуу байсан болохоор яг үнэндээ болсон зүйлийн талаар мэдэхгүй байна, би хөл хорионы үеэр Баянхонгор аймаг Баянхонгор сумын 1 дүгээр баг 60 айлд дүүгийнхээ гэрийг хардаг байсан юм, тэгээд хэдэн найз нараа дуудаад архи уусан тэгсэн тэр өдрийн маргааш хамт архи уусан Цээсүрэнгийн гар утас алга болсон гэдгийг маргааш өдөр нь сэргээд мэдсэн, түүнийг хэн авсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

7. Гэрч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай ээж дээр золгох гээд бид хоёр хамт явсан, тэнд байж байгаад манай нөхөр Б нь машин засдаг Буяаг олж машинаа засуулъя гээд гэртээ байна уу гээд түүний байсан гэх Баянхонгор сумын 1 дүгээр баг хуучнаар 60 айлд очоод манай нөхөр явж ороод би гадаа нь үлдсэн, тэгээд манай нөхөр тийшээ ороод удаагүй гарч ирээд баахан согтуу улсууд байна Энхбат байна өнөөдөртөө машинаа янзлуулахаа больё гэртээ харья гээд гэр рүүгээ явсан, тэгээд манай нөхөр гэртээ ирчхээд Буяаг согтохоос нь өмнө гэрээс нь дагуулаад ирье гээд явган гэрээсээ гараад явъя гэж яваад үдээс хойш манай нөхөр гэртээ ганцаараа согтуу орж ирсэн, хэдэн цаг болж байсныг анзааргаагүй тэгээд машинаа унаад буцаад гараад явсан, тэгээд 2 цаг гаран болсон байх удалгүй машинаа унаад буцаад хүрж ирээд надаас мөнгө авч ирэх гэж ирсэн, тэгэхээр нь би мөнгө өгөхгүйн тулд хөзөр тоглоё гэж хэлээд хөзөр тоглосон, тэр хоорондоо хүүхдээ дуудаад хүүхдээ ирэнгүүт машинаа өгөөд явуулсан тэгээд жоохон тоглож байгаад манай нөхөр унтаад өгсөн. Тэгээд 21 цагийн үед байх Буяа манай нөхөр рүү ярьсан. Тэгээд манай нөхөр буцаад гэрээсээ гараад явсан тэгэхээр нь байж байгаад би Энхбат руу яриад та нар дээр Б очих гээд явлаа очсон уу гэж асуусан тэгэхэд ирсэн байна цаадах чинь хүний утас авсан машин дотор байгаа гэж яриад байна машин дотор чинь гар утас байна уу гэсэн, тэгэхээр нь би хүүхдэдээ машин өгч явуулахад машин доторхыг харсан байсан учраас утас байхгүй байсан худлаа ярьж байгаа юм биш үү гэртээ утас авч орж ирээгүй талаар хэлсэн за за хулгай хиймээргүй юм машины ард утас байсан гэж яриад байх юм гэж хэлээд утсаа тасалсан. Надад тухайн үед гар утас олсон талаар хэлж яриагүй, сая 2 хоногийн өмнө манай хүү Билгүүнийг утасны асуудлаар цагдаа дуудаад байна гэхэд нь хүүхдээсээ асуухад аав машины ар суудал дээрээс гар утас олоод надад өгсөн би түүнийг нь хүүхдэд зарсан байсан юм гэж хэлсэн, манай нөхөр надад гар утас олсон талаар ямар нэг зүйл хэлж яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

8. Гэрч М.Мөнгөнхөлөг мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 13 дугаар сарын 12-ны өдөр өглөөгүүр 10 цагийн үед хотод байдаг Бааска ах Баянхонгор аймагт ирээд төвд байх Дөвөнтийн 48 дугаар байранд ирсэн, тэгээд би очсон очиход гэрийн эзэн Буяа, Цээсүрэн, Энхбат нар байсан, тэгээд бид нар ойрд уулзаагүй гээд архи уусан, тэгээд байж байтал 13 цагийн үед гаднаас Б согтуу орж ирээд тэгээд 1 шил архи хувааж уугаад байж байтал Б хүмүүстэй маргах гээд байхаар нь би Энхбатын хамт гэр рүү нь өөрийнхөө машинаар хүргэж өгөх гээд 14 цагийн үед гараад явж байгаад хөх толгойн голд очоод цагдаад баригдсан, тэндээс тэр хоёр яваад би цагдаагийн журмын хашаанд машинаа хийчхээд гэр рүүгээ явсан. Тэгээд тэр өдрийн маргааш нь Цээсүрэн миний утас байдаггүй чиний машинд байна уу гэхээр нь бид хоёр журмын хашаанд ирж миний машинд үзэхэд байхгүй байсан урд өдөр нь айлд байж байгаад Цээсүрэн бид хоёр нэг шил архинд яваад буцахдаа Лхагвааг дагуулж нөгөө айлд очсон байсан юм. Тэгээд гэр рүүгээ явсан сүүлд нь сонсоход Б намайг хүргэж өгөх гэж яваад цагдаад баригдсаны дараа нөгөө архи ууж байсан айлд буцаж ирсэн байдаг мөн Лхагваа намайг цагдаад баригдчихлаа гэхээр нь Цээсүрэнгийн гар утсаар таньдаг хүмүүс рүүгээ хамгийн сүүлд ярьж байсан гэдэг миний бодлоор Б сүүлд дахиж архи ууж байсан айлд ирэхдээ л Цээсүрэнгийн утсыг авсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

9. Гэрч И.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...харанхуй болсон байсан 20-21 цаг болж байсан байх тэгтэл нөгөө өрөөнд унтаж байсан Цээсүрэн босож ирээд өөрийнхөө гар утсыг хайгаад олоогүй байж байтал гаднаас Б ганцаараа орж ирсэн, тэгсэн Цээсүрэнгийн гар утас алга болчихлоо гэхэд Б гар утас нь надаа байгаа утас нь машинд байгаа ганц юм аваад өгчих гэхээр нь би авч байхыг нь хараагүй учраас битгий худлаа яриад бай гэж хэлээд Бын эхнэрийн утас руу залгаад эхнэртэй нь ярихад машинд нь үзлээ гар утас алга байна гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/

10. Энх-Нахиа ХХК-н 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн:

1. Huawei P30 маркийн гар утас 420.000 төгрөг.....гэх дүгнэлт /хх-ийн 08 / хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан  ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй торгох ялын доод хэмжээг оногдуулах талаар дүгнэлт гаргасныг дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 12-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны орчим гээгдүүлсэн Д.Цээсүрэнгийн эзэмшлийн Хуавэй Смарт-P-2 маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 420.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч  Д.Цээсүрэн, гэрч А.Анхзаяа, Б.Билгүүн, Б.Буянхишиг, С.Энхтуяа,  М.Мөнгөнхөлөг, И.Энхбат нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Быг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Бын орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.    

 Шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь шийтгэгдэж байсан эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг  гэмт хэрэг үйлдэж байсан гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д.Быг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч  Д.Быг дөрвөн зуун тавин  / 450 / нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин  мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Д.Баар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 /  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.   

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5-д   зааснаар шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТЦЭНГЭЛ