Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00061

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Х.Сүрэндулам, Б.Батнасан нарын

                                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/00132 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.Сүрэндулам, Б.Батнасан нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Батлхагвад холбогдох

“Гэм хорын хохирол 3.264.780 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Х.Батлхагвын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Х.Батлхагва, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Сүрэндулам, Б.Батнасан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батнасан би эхнэр Сүрэндулам охин Шинэсар нарын хамт 2015-9-01-ний өдөр ажил тараад гэр рүүгээ өөрсдийн машинаар явж байгаад зам тээврийн осолд орж би биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Миний зүүн хацар яс хугарч зөөлөн эд гэмтэж баруун талын 3-7-р хавирга, зүүн талын 4-6-р хавирга хугарсан. Эхнэр Сүрэндуламын гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл өвчүү ясны цууралт нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн боловч гэмтэл авах үед эхнэр маань жирэмсэн байснаа мэдэлгүй эм тариа хэрэглэж, ялангуяа өвчин намдаагч антибиотек их хэмжээгээр уусан учир жирэмслэлтээ өөрсдөө сайн дураараа зогсооход хүрсэн. Би эхнэрийн хамт 2014 оноос Тансаг нэртэй бууз баншны үйлдвэрлэл явуулж ирсэн. Энэ үйлчилгээг Эрдэнэт чандмань ХХК-ний байранд түрээслэн явуулж байсан...Манай машин урд нь будаг замасканд ороогүй сэвгүй машин байсан. Гэтэл тэр өдөр согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж ажил үйлчилгээ хийх чадваргүй болж борлуулалтанд явдаг машин маань эвдэрч манай гэр бүлийн амьдрал нэг өдөр зогссон.

Автомашины хохиролын үнэлгээнд 590.000 төгрөгөөр машиынг засуулах гэж дүгнэлт гарсан боловч би Зургаадай гэх засварчнаар 2.000.000 төгрөгөөр засуулахаар тохирч засуулсан тул үнийн зөрүү 1.410.000 төгрөг, тансаг цехийн үйл ажиллагаа 9, 10 сард зогссон ч бид гэрээний дагуу түрээсийн төлбөр 9, 10 сард нийт 600.000 төгрөг, цахилгааны төлбөр 9.182 төгрөг төлсөн тул 609.180 төгрөг, цехийн 1 сарын цэвэр ашиг 2.318.205 төгрөг боловч 1.300.000 төгрөг, эвдэрсэн машинаа Говил дахь гэрийн гаднаас Булаг багт засварчинд хүргэж өгөхөд крантай машинд 65.000 төгрөг төлсөн, Батнасан би толгойн КТГ харуулахад 110.000 төгрөг,Лидэр эмийн сангаас авсан 48.600 төгрөг,Сүрэндулам Мишээл эмнэлэгт эмчлүүлсэн 169.300 төгрөг, Сүрэндулам,охин Шинэсар нар Уран мэдрэмж ХХК-ны Бест массажны төвд массаж хийлгэсэн төлбөрт 75.000 төгрөг, Сүрэндулам эм тариа авсан 26.700 төгрөг. Нийт 3.264.780 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Х.Батлхагва шүүхэд гаргасан тайлбартаа: Булган Орхон Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 55 дугаар магадлалын дагуу гэх автомашины үнийн зөрүү болох 907.000 төгрөг,олох байсан орлого 1.367.000 төгрөг,цаашид гарах эмчилгээний зардал гэх 1.018.000 төгрөг буюу 3.292.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн эхний хэсгийн хувьд нэхэмжилж буй мөнгөн дүнг хуульд заасны дагуу нотлож буй нотлох баримт байхгүй байна. Миний хувьд Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд хохирогч нарт нийт 4 сая гаруй төгрөгийг төлсөн. Үүнээс автомашинд учирсан хохиролын эд зүйлсийн хохиролыг Шүүхийн шийдвэрээр бүрэн төлсөн. Иймээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоохдоо нөхөн төлөх төлбөргүй болсныг дурьдсан байгаа. Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүчингүйд тооцсон зарим баримтуудыг дахин шинээр бүрдүүлэн нэхэмжилсэн гэх машины 65.000 төгрөг , Мишээл эмнэлэгийн баримт 2ш гэх 169.300 төгрөг,Лидер эмийн сангийн баримт 2ш гэх 48.600 төгрөг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баримт гэх 110.000 төгрөг, Эрдэнэт массаж Уран мэдрэмжийн баримт 2ш гэх 75.000 төгрөг, ГБ чимэг ХХК 1ш гэх 267.000 төгрөг, нийт 494.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн 2 дахь хэсгийн хувьд бүрдүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй засвартай урьд нь төлөгдсөн баримт давхацсан хохирогчтой холбоотой баримт болох нь эргэлзээтэй нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийн нийт 3.786.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/00132 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1,505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Х.Батлхагваас 2 334 480 төгрөг гаргуулан Х.Сүрэндулам,Б.Батнасан нарт олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 479 300 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нар хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж ,хариуцагчаас 52302 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Батлхагва давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор автомашины хохиролд 2.078.000 төгрөг гэж тогтоосоор байтал. Дахин 1.410.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Авто машины хохирол болох 2.078.000 төлж барагдуулсан болно. Энэ нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд тогтоогдсон болно. Эрүүгийн хэргийн энхан шатны шүүхээс нотлох баримтуудыг шаардлага хангахгүй гэж тогтоогдсон дахин оруулж ирэхдээ нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна

Нэхэмжлэгч нар бусадтай байгуулсан түрээсийн гэрээгээр төлөх ёстой түрээсийн төлбөрийг нэхэмжэлж байгаа нь эрүүгийн хэргийн улмаас Зодитойгоор учирсан хохирлын нэхэмжлэх ёстой гэсэн хуулийн заалт зарчмыг зөрчиж байгаагаас гадан иргэний эрх зүйн харилцаанд бусдын өмнө хүлээх ёстой үүргээ надад хамаатуулж байгааг, мөн надаас гаргуулахаар тогтоосон 2.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Сүрэндулам, Б.Батнасан нар нь гэм хорын хохиролд хариуцагч Х.Батлхагваас 3.264.780 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015.09.01-ний өдөр хариуцагч Х.Батлхагва согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж Х.Сүрэндуламын жолоодож явсан Тоёото-Пропокс маркийн машиныг мөргөж эд хөрөнгийн болон эрүүл мэндэд гэм хор учруулсан үйл баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч Х.Батлхагва нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон маргааны үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэм хорын хохирлын талаар маргасан байна.

Хариуцагч Х.Батлхагва нь 2015.09.01-ний өдөр архи ууж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад нэхэмжлэгч Х.Сүрэндуламын жолоодож явсан Тоёота-Пропокс маркийн 28-96 ОРО машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэм буруутай, нэхэмжлэгч нарын биед гэмтэл учруулсан, нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн болон эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолвол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх зарчимтай юм.

Хариуцагч Х.Батлхагва нь нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул анхан шатны шүүхээс гэм хорын хохиролд 2.334.480 төгрөгийг нотлох баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр тооцож гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд хариуцагчийн эрүүгийн хэргийн хохиролд төлсөн баримттай давхардаж тооцогдсон гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Х.Батлхагва нь эрүүгийн хэргийн хохиролд шинжээчийн дүгнэлтээр гарсан 2.078.000 төгрөгийн хохирлыг төлсөн байгаа боловч энэ хохиролд кузовны гагнаа гаргах будах эд анги солих, өнгө гаргах тэнхлэг шалгуулах зэрэгт шинжээчийн дүгнэлтээр 590.000 төгрөгөөр засварлуулахаар гарсан байгаа боловч бодит байдалд засварлуулахад 2.000.000 төгрөгийн зардал гарсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон анхан шатны шүүх зөрүүг гаргуулахаар мөн бусад хохирлыг гаргуулсан нь давхардаагүй байх тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/00132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Х.Батлхагвын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х.Батлхагвын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ