Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00911

 

А ХХК, С.Г нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03489 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаар магадлалтай,                                                                                                                       

“А” ХХК, С.Г нарын нэхэмжлэлтэй,

“В” ХХК-д холбогдох

46,743 ам.доллар болон талбайн зөрүү  902 ам.доллар, гэрээ зөрчсөнтэй холбоотой учирсан хохирол 1920 ам.доллар буюу 6,658,013 төгрөг гаргуулах, С.Гыг орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“А” ХХК-иас 67,171,857 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнаран,  нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэл  болон тайлбарт: Манай компани хариуцагч “В” ХХК-тай 2006 оны 09 сарын 15-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, 66,625 ам.долларын үнэтэй тоног төхөөрөмжийг угсралтын зардлыг 2000 ам.доллараар тооцож, нийт 68,625 ам.долларын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хүлээлгэн өгсөн. Үүний дараа 2007 оны 05 сарын 05-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ байгуулж, нийт 80,980 еврогийн үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэхдээ өмнө худалдсан 66,625 ам.доллараас хариуцагчийн төлсөн 20,532.98 ам.долларыг хасч, еврог ам.долларт шилжүүлж, 155,415.32 ам.долларын бараа бүтээгдэхүүний үнэнд 68 м.кв талбайтай 2 ширхэг орон сууц, 90.4 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, нийт 226.4 м.кв талбайтай орон сууцыг 108,672 ам.долларын бараа бүтээгдэхүүнд тооцож авах болсон. Мөн талууд үлдэгдэл 46,743.32 ам.долларыг “Мфикскапитал” ХХК-иас хариуцагч “В” ХХК-д төлөх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс харилцан суутгахаар тохирсон. Ингээд нэхэмжлэгч гэрээнд заасан 3 орон сууцыг хүлээн авсан боловч эдгээр байрууд бүгд талбайн хэмжээний хувьд доголдолтой байсан. Тухайлбал, гэрээнд заасан 68 м.кв талбайтай байр 72 м.кв, 90.4 м.кв талбайтай байр нь шинжээчийн дүгнэлтээр 88.72 м.кв талбайтай байсан. Гэтэл “Мфикскапитал” ХХК-иас 2015 оны 02 сарын 03-ны өдөр манай компанид Г07/11 тоот гэрээнд харилцан суутгахаар болсон 46,743.32 ам.долларын үнийн дүн бүхий ажлыг хариуцагч “В” ХХК-ийг гүйцэтгээгүй тул энэхүү төлбөрийг нэхэмжилж авахыг мэдэгдсэн. Бид уг асуудлыг бичгээр мэдэгдэл ирэхээс өмнө мэдэж байсан боловч хариуцагчид холбогдуулан 2013 оноос хойш нэхэмжлэл гаргах, эрэн сурвалжлуулах зэрэг ажиллагаа явуулах шаардлагатай болж хугацаа их алдсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид 66,625 ам.доллар болон 80,980 еврогийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн тул төлөгдөөгүй үлдсэн 46,743.32 ам.долларыг төгрөгөөр биш, харин гадаад валютаар нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудыг гэрээ, хэлэлцээр байгуулж байх хугацаанд ам.долларын ханш хямд байсан ч валютын ханш өссөн тул тэмдэгтийн хураамжийг тухайн өдрийн төгрөгийн ханшаар тооцож, 46,743.32 ам.долларыг гаргуулах хүсэлтэй байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шүүх шинжээч томилж, нэхэмжлэгчийн хүлээн авч С.Год худалдсан 90.4 м.кв талбайтай орон сууцны талбайг 88.72 м.кв гэсэн байх тул зөрүү 1.88 м.кв талбайд илүү төлсөн 902.4 ам.долларыг 72 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан Н.Баяржавхланд төлсөн 1920 ам.долларын хамт 2822.4 ам.доллар буюу 6,658,013.76 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Учир нь талууд 2007 оны 05 сарын 05-ны өдөр гэрээ байгуулахдаа 1 м.кв талбайг 480 ам.доллараар тохирч худалдагч 90.4 м.кв талбайтай орон сууцыг 43,392 ам.долларын үнэтэй бараа бүтээгдэхүүний үнээр бартерлаж авсан байтал бодит байдалд 88.72 м.кв талбайтайг шинжээчийн дүгнэлт гарснаар мэдсэн. Нөгөө талаар хариуцагч 68 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгнө гэсэн үүргээ зөрчиж 72 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгснөөс 1 ширхэг орон сууцыг Н.Баяржавхланд худалдсаны дараагаар хариуцагч түүнээс илүү гарсан 4 м.кв талбайн үнэд 1920 ам.долларыг авч, өмчлөх эрхийн гэрчилгээг өгсөн байдаг. Хожим орон сууцыг худалдан авагч нь манайхыг цагдаагийн байгууллагад өгч гомдол гаргасан тул бид түүнд 1920 ам.доллар төлсөн. Иймд, хариуцагчаас 46,743.32 ам.долларыг 6,658,013 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

 

Нэхэмжлэгч С.Г нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр, 27 тоот хаягт байрлах орон сууцыг “А” ХХК-иас худалдан авсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг ажил гүйцэтгэгч буюу хариуцагчаас гаргуулах болоход гэрээ байгуулаагүй, 5.6 м.кв талбайтай байр илүү авсан зөрүү 2,688 /480x5.6/ ам.долларыг өнөөдрийн ханшаар төлсөн тохиолдолд өгнө гэж татгалздаг. Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон орон сууцыг нэхэмжлэгчээс Н.Номтойбаяр худалдан авсан ч С.Г анхнаасаа уг орон сууцанд амьдарч байгаа орон сууцны өмчлөгчөөр түүнийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч “В” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын хооронд 2006 оны 09 сарын 15, 2007 оны 05 сарын 05-ны өдөр байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, бартераар орон сууц хүлээлгэн өгөх гэрээний дагуу 68,90.4 м.кв талбайтай 3 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаар маргаан байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар манай компани 2007 оны 02 сарын 12-ны өдөр “Мфикскапитал” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 1,311,000 ам.долларын үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба захиалагчаас бидэнд төлөх ёстой төлбөрөөс 46,743.32 ам.долларыг хасч тооцохоор болсон Г07/11 тоот гэрээг үндэслэн 55,000,000 төгрөгийг дутуу төлсөн. Гэтэл “В” ХХК нь гэрээнд заасан барилгын ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн байтал “Мфикскапитал” ХХК 46,743.32 ам.долларт нийцэхүйц хэмжээний ажил гүйцэтгээгүй гэжээ.

Хэрэгт орон сууцыг хүлээн авсан улсын комиссын акт, манай компани уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, 55,000,000 төгрөгийг дутуу хүлээн авсныг нотолсон баримт байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Тоонто гранд” ХХК маргаж буй орон сууцны талбайг хэмжихдээ 2009 онд батлагдсан стандартыг удирдлага болгосныг зөвшөөрөхгүй, учир нь талуудыг гэрээ байгуулж байх хугацаанд талбайн хэмжээг ось тэнхлэг, аль эсхүл нүүр хэсгээс тооцох талаар тогтоосон дүрэм, журам байгаагүй. Зохигчдын хооронд байгуулсан Г07/11 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д зааснаар орон сууцыг хүлээн авахдаа талбайг хэмжиж авах, хэрэв зөрүү гарсан тохиолдолд тухайн үед шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд энэ талаар нэхэмжлэгч маргаан гаргах ёсгүй.

Нэхэмжлэгч С.Гын нэхэмжлэлийн хувьд талуудын хооронд тодорхой төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдаагүй тул бид өмчлөх эрхийг шилжүүлэх, гэрчилгээг гаргуулах үүрэг хүлээхгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагатай байгаа тохиолдолд нэхэмжлэгч “А” ХХК-ийн зүгээс манай компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрчилгээ олгоход татгалзахгүй. Нөгөө талаар хэргийн баримтаар Н.Номтойбаяр болон нэхэмжлэгчийн хооронд байгуулсан гэрээнд маргаан гарсан тохиолдолд арбитрын журмаар шийдвэрлүүлнэ гэсэн байх тул хэргийн харъяалал зөрчигдсөн гэж үзэж байна. Н.Баяржавхлангийн хувьд хэдийгээр 72 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчээс худалдан авсан гэх боловч манай компани түүнээс 1920 ам.долларыг аваагүй, харин ч нэхэмжлэгч тал 68 м.кв бус 72 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авсан байх тул энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно гэжээ.

 

Хариуцагч “В” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Талуудын хооронд байгуулсан 2006, 2007 оны гэрээгээр нэхэмжлэгч нийт 155,415.32 ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлснээс 24,460.92 ам.долларын үнийн дүнтэй барааг буцаан авсан бөгөөд хариуцагчаас төлөх 46,743.32 ам.долларыг гэрээнд зааснаар суутгаж, 20,535.98 ам.долларыг бэлнээр төлж, 226.4 м.кв талбайтай 108,672.00 ам.долларын үнэтэй орон сууцыг хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч хэрэгт авагдсан баримтаар гэрээнд заасан бараа бүтээгдэхүүний үнээс 20,535.98 ам.долларыг мөнгөөр, харин 108,672.00 ам.долларыг бараа бүтээгдэхүүнээр тус тус төлж, нэхэмжлэгчид төлөх ёстой байсан 46,743.32 ам.долларыг “Мфикскапитал” ХХК-иас авах авлагаар хаасан. 2006 оны 09 сарын 15, 2007 оны 05 сарын 05-ны өдөр байгуулсан гэрээнүүдийн хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаарх баримт гаргаагүй, шүүхийн шийдвэрүүд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа гарсан. “А” ХХК-иас гаргасан бараа материалын тооцоогоор анх 80,980.22 еврогийн бараа ирснээс 62,861.02 еврогийн барааг авсан Гэрээгээр барааны үнэд орон сууц өгөхөөр тохирсон байтал 62,861.02 евро буюу 24,460.92 ам.долларын бараа аваагүй, харин нэхэмжлэгч 3 байр авч бусдад дамлан худалдсан. Тиймээс Д.Ганболд нэхэмжлэл гаргаад байгаа. Иймд дутуу авсан бараа бүтээгдэхүүнд илүү төлбөр буюу орон сууцыг хүлээлгэн өгсөн тул түүний үнэ 24,460.92 ам.долларыг нэхэмжилж байна. Мөн гэрээний зүйл болсон Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр, 27 тоот хаягт байрлах орон сууцны талбай 96 м.кв байгааг үндэслэн зөрүү 5.6 м.кв талбайг гэрээнд заасан 480 ам.долларт тооцож, 2688 ам.доллар, нийт 27,148.92 ам.доллар буюу 67,171,857 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч 90.4 кв талбайтай орон сууцыг 96 м.кв талбайтай хэмээн илүү 5.6 м.кв талбайг 480 ам.доллараар тооцон нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч талбайн хэмжээг 88.72 м.кв гэж дүгнэлт гаргасан тул нэхэмжлэгчийн гаргасан зөрүү 1.88 м.кв талбайд илүү төлсөн үнийг буцаан нэхэмжлэх шаардлага үндэслэлтэй хэмээн дүгнэгдэж байна. Зохигчдын хооронд байгуулсан Г07/11 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 80,980.22 еврогийн үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, үүнээс 18,119.02 евро буюу 24,460.92 ам.долларын үнэтэй бараа бүтээгдэхүүнийг буцаан авч агуулахад хадгалж байгаа. Бид нэхэмжлэлийн энэ шаардлагын хувьд барааг анхны байдлаар хүлээлгэн өгөх боломжтой бөгөөд мөнгөөр төлөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн манай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03489 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “А” ХХК, С.Г нарын хариуцагч “В” ХХК-д холбогдуулан гаргасан 46,743.32 ам.доллар, талбайн зөрүү 902.04 ам.доллар, гэрээ зөрчсөнөөс учирсан хохирол 1920 ам.доллар буюу 6,658,013 төгрөг гаргуулах, С.Гыг орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчид холбогдох 67,171,857 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 971,071 төгрөг, хариуцагчийн төлсөн 493,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр  сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03489 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.2.1, 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Гын нэр дээр Баянгол дүүргийн  6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 30 тоот 90.4 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч “В” ХХК-д даалгаж, 46,743 ам.доллар, талбайн зөрүү 902 ам.доллар, гэрээ зөрчсөнөөс учирсан хохирол 1920 ам.доллар буюу 6,658,013 төгрөгийг хариуцагч “В” ХХК-иас гаргуулах “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч “А” ХХК-иас дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 50,101,100 төгрөгийг гаргуулж хариуцагч “В” ХХК-д олгож, талбайн зөрүү 6,650,649 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “В” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Год, нэхэмжлэгч “А” ХХК-иас 408,455 төгрөгийг гаргуулж хариуцагч “В” ХХК-д тус тус олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03489 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх нь ИХШХШТХ-ийн 116.2, 116.3-т заасныг зөрчиж, Иргэний хуулийн 74, 260.1, 343.1, 219, 260-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь шүүх зохигчдын хооронд 2006 оны 09 сарын 15-ны өдөр г/42 тоот “Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-гээр “В” ХХК-д “А” ХХК нь халаалт, хэрэглээний усны 66,625 ам.долларын ялтсан бойлерын иж бүрдэл бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, угсралтын хөлс 2000 ам.доллар, нийт 68,625 ам.долларын гэрээ байгуулж, урьдчилгаа 41,175 ам.доллар төлөх, үлдэгдэл 27,450 ам.долларт “В” ХХК-ийн барьж буй барилгаас бартер хийхээр тохирсон байдаг. 2007 оны 05 сарын 05-ны өдөр г07/11 тоот “Бараа бүтээгдэхүүн нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр “В” ХХК-иас хавсралтад заасан нийт 80,980.22 еврогийн бараа, тоног төхөөөрөмж, “В” ХХК-ийн УБ хотын БГД-ийн 6-р хороо Хөх бүрд захын баруун талд баригдаж буй 6 давхар орон сууцнаас 68 м.кв 1 байр, 90,4 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 480 ам.доллараар тооцон авах, 2006 оны 09 сарын 15-ны өдөр байгуулсан “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” г/42 тоот гэрээгээр ялтсан дулаан солилцуурын үнэ 66,625 ам.доллараас 20,532, 98 ам.долларыг төлж, үлдсэн 46,092.02 ам.доллараас дээрх баригдаж буй байрнаас 68 м.кв байрыг авахаар, Бараа материал, ажлын хөлсний үнэ 80,980 еврог 1.35 тооцож 109,323.3 ам.доллар, г/42 тоот гэрээний үлдэгдэл 46,092.02 ам.долллар, нийт 155,415.32 ам.доллараас 3 орон сууцны 226,4 м.кв үнэ 108,672 ам.доллларыг хасч, үлдсэн 46,743.32 ам.доллларыг "Мфикскапитал” ХХК-тай 2007 оны 02 сарын 12-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний ажлын хөлсний үнэд суутган тооцохоор тохирч гэрээ байгуулсан байдаг. Дээрх гэрээний үүргээс “В” ХХК нь 3 орон сууцыг өгөхдөө м.кв-ын зөрүүтэй байр өгч, 46,743.32 ам.долларын “Мфикскапитал” ХХК-д хийх ажлыг гүйцэтгэж хасаагүй байдаг. Энэ талаар “Мфикскапитал” ХХК-иас ирүүлсэн албан бичиг хэрэгт байгаа болно. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээг “Ажил гүйцэтгэх гэрээ” гэж дүгнэсэн, түүнчлэн бартер хийсэн барилга нь 2009 онд ашиглалтад орсон, талууд 2010 оноос хойш хоорондын тооцоо төлбөрийн асуудлаар маргаж байсан, нэхэмжлэгч “Ану-Сервис” ХХК, С.Г нь одоог хүртэл хугацаанд “А” ХХК нь “В” ХХК-иас дээрх бартерийн гэрээгээр авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаагүй талууд маргаж байсан, С.Г, “Ану-Сервис” ХХК нар нь 2011 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан зэргийг харгалзан үзээгүй, мөн нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд гэрээний үүргийн биелэлт дуусгавар болоогүй, талуудын хооронд маргаан үргэлжилсээр байхад Иргэний хуулийн 74.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс 50,101,100 төгрөг хангаж, шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжилсэн 46,743.32 ам.долларыг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөөгүйгээ хүлээн зөвшөөрдөг, харин “Мфикскапитал” ХХК, “В” ХХК-ийн барилгын ажил хийж гүйцэтгэх үед хийгдсэн ажилд уг төлбөрт өгөх ажлыг гүйцэтгэсэн гэж хариуцагч тайлбарладаг боловч үүнийгээ нотолж чадахгүй байхад нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Талуудын хооронд байгуулсан 2006, 2007 оны дээрх гэрээгээр Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, түүний төлбөр гүйцэтгэх, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэд тохирсон орон сууцаар төлбөрийн үүргийг гүйцэтгэх бартерын гэрээ байгуулсан нь Худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл байтал анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж дүгнэн, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэргийг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, талуудын хоорондын маргаан 2009 оноос хойш одоог хүртэл хугацаанд үргэлжилсээр байтал хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, үндэслэлээ баримтаар нотолсон байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний үүрэгтэй холбогдох гомдлын шаардлага гаргах хугацаа 3 жил гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 74-р зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил, талууд Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, талууд 2009 онд бартераар авсан орон сууцны талбайн хэмжээ, төлбөр дээр 2009 оноос хойш одоог хүртэл гэрээний маргаантай, талууд 2010 онд тооцоо нийлэх үед маргаантай байсан, "А” ХХК болон С.Г нь 2011 оноос хойш хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, хариуцагчийн хаяг тодорхой бус шалтгаанаар шүүхэд 5 жил нэхэмжлэл гаргаж, эцэст нь эрэн сурвалжлуулж нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй нь үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч нь 46,743.32 ам.долларыг нэхэмжлэгчид төлөөгүйгээ илэрхийлснийг шүүх анхаарсангүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн хэсгийг үндэслэлгүйгээр хангасангүй. Хариуцагч нь гэрээнд зааснаас илүү талбай бүхий орон сууц нийлүүлсэн гэх боловч шинжээчийн дүгнэлтээр орон сууцны талбай дутуу байсан нь нотлогдсон байтал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй нь учир дутагдалтай болсон. Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаагүй атлаа сөрөг нэхэмжлэлээс бараа бүтээгдэхүүний үнэ 50,101,100 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх дүгнэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүйн дээр хариуцагч нь “А” ХХК-иас барааны үлдэгдэл авах талаар дурсаж байгаагүй байтал эсрэгээрээ хариуцагчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссанд ач холбогдол өгөлгүй, сөрөг нэхэмжлэлээс 50,101,100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/03489 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 212 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “С.Гын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч “В” ХХК-д даалгаснаас бусад өөрчлөлтийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэн өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 46,743 ам.доллар болон орон сууцны дутуу талбайд төлсөн 902 ам.доллар, гэрээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 1920 ам.доллар буюу 6,658,013 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэгч С.Г нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол,  45 дугаар байр 30 тоот 90.4 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “А” ХХК-д холбогдуулан дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 24,460 ам.доллар, орон сууцны илүү талбайн үнэ 2688 ам.доллар, нийт 27,148 ам.доллар буюу 67,171,857 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” Г/42 тоот гэрээгээр нийлүүлэгч “А” ХХК нь 66,625 ам.долларын ялтаст бойлерийн иж бүрдэл болон түүнийг угсарч суурилуулах зардлыг тооцож 2000 ам.доллар, нийт 68,625 ам.долларын бүтээгдэхүүнийг захиалагч “В” ХХК-д нийлүүлэх, үнийн урьдчилгаа 60 хувь буюу 41,175 ам.долларыг төлөх, үлдэгдэл 27,450 ам.долларын төлбөрийг захиалагч талын барьж буй “Хөх бүрд” хотхоноос байр авахаар харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. 

Талуудын хооронд 2007 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Бараа бүтээгдэхүүн нийлүүлж орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ”-гээр нийлүүлэгч “А”  ХХК нь 80,980 еврогийн үнэтэй бараа материалыг захиалгын дагуу “В” ХХК-д нийлүүлэх, захиалагч тал энэхүү гэрээгээр баригдаж буй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 6 давхар орон сууцнаас 62 м.кв 1 байр, 90.4 м.кв 1 байр, нийт 158.4 м.кв байрыг 1 м.кв-ын үнийг 480 ам.доллараар тооцох, мөн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр ялтаст дулаан солилцуурын үнэ 66,625 ам.доллараас 20,532.98 долларыг төлж, үлдсэн 46,092.02 ам.доллараас дээрх баригдаж буй байрнаас 68 м.кв талбай бүхий орон сууц авах, бараа материал, ажлын хөлсний үнэ 80,980.22 еврог 109,323 ам.доллар, г/42 гэрээний үлдэгдэл 46,092.02 ам.доллар нийт 155,415 ам.доллараас 3 байрны 226.4 м.кв-ын үнэ 108,672 ам.долларыг хасч, үлдсэн 46,743.32 ам.долларыг “МФикс капитал” ХХК-тай 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх 01 тоот гэрээ”-ний ажлын хөлсөнд харилцан суутгаж тооцох нөхцлийг тохиролцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, зохигчдын шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон нь Иргэний хуулийн гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн байна. 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “В” ХХК-д гэрээ ёсоор нийлүүлэх бараа бүтээгдэхүүний үнэ 175,951 ам.доллараас 20,532.98 ам.долларыг төлсөн учраас төлөгдөөгүй үлдсэн 155,415.32 ам.долларын 108,672 ам.долларт дүйцүүлж 3 орон сууц авах ба зөрүү 46,743.32 ам.долларыг “Мфикскапитал” ХХК-тай байгуулсан гэрээт ажлын хөлсөнд суутган тооцохоор тохиролцсон үйл баримтын талаар талууд маргасангүй.

Харин хариуцагч “В” ХХК нэхэмжлэгч талд дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 68 м.кв талбайтай 2 орон сууц, 90.4 м.кв талбайтай 1 орон сууц хүлээлгэн өгсөн тухайд маргаагүй боловч тэрээр 24,460.92 ам.долларын барааг буцаасан, бусадтай харилцан тооцох 46,743.32 ам.долларын үүрэг биелэгдсэн буюу “Мфикскапитал” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагчаас бидэнд төлөх ёстой төлбөрөөс 46,743.32 ам.долларыг хасч тооцохоор болсон Г07/11 тоот гэрээг үндэслэн 55,000,000 төгрөгийг дутуу төлсөн тул 46,743.32 ам.долларын үүрэг биелэгдсэн гэж маргажээ.

“Мфикс капитал” ХХК-иас нэхэмжлэгч “А” ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 15/020 тоот албан бичгээр “В” ХХК нь харилцан тооцох 46,743.32 ам.долларын ажлыг гүйцэтгээгүйг мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн хугацааны эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн Г07/11 тоот “Бараа бүтээгдэхүүн нийлүүлж, орон сууц худалдан авах бартерийн гэрээ-ний 2.1-д заасныг зөрчсөний улмаас нэхэмжлэгчид төлөх 46,743.32 ам.доллар, талбайн зөрүү 902,04 ам.доллар болон гэрээ зөрчсөнтэй холбоотой учирсан хохирол 1920 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдлийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

2007 оны 05 дугаар сарын 05-ны өдөр талууд “Өр төлбөрийг барагдуулах” Г07/11 тоот гэрээг байгуулснаас үзэхэд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар харилцан шаардлага бүхий мөнгөн төлбөрийн үүргийг тооцож дуусгавар болгох талаар тохиролцсон боловч үүрэг гүйцэтгэх хугацааг тухайлан заагаагүй нь Иргэний хуульд зааснаар ердийн журмаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл болох тухай хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, “А” ХХК дээрх гэрээг байгуулснаар нөгөө талаас үүргээ биелүүлэхийг шаардах эрх үүссэн, гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэг биелүүлэхтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх зохицуулалт үйлчлэх бөгөөд хуулиар тогтоосон хугацаа хэтэрсэн гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн тайлбарласнаар 2011 оноос эхлэн хариуцагчид холбогдуулан уг маргаан болон хариуцагчийг эрэн сурвалжлуулах талаар нэхэмжлэл гаргаж байсан гэх боловч хэрэгт 2015, 2016 онуудын шийдвэр, захирамж авагдсан байх бөгөөд эдгээрийн агуулгаар хариуцагч хаягтаа байсан нь тодорхой тухай, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойшхи хугацаанд хамаарч байх тул “А” ХХК-ийг гэрээний биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа зогссон эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримттай холбогдуулан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр С.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 30 тоот 90.4 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.Гын нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх буруу тооцсон байна. “А” ХХК нь 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Н.Номтойбаяртай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг худалдсан ба худалдан авагч тал тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С.Гын нэр дээр гаргуулахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон ба барилга 2009 онд ашиглалтад орж, С.Г орон сууцыг бодитойгоор эзэмшилдээ авсны дараа улсын комисс хүлээн авсан талаар маргаагүй байна. Түүнчлэн “В” ХХК-иас “А” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарах гэж байгааг 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 01/13 тоотоор мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан, С.Г орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар анхан шатны шүүхэд 2015 оны 5 дугаар сард хандаж байсан баримт хэрэгт авагдсан байна.  

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхэд хамаарах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч С.Гыг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг үндэслэл бүхий тайлбарлан, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ. 

2007 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Бараа бүтээгдэхүүн нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ”-ний дагуу 24,460 ам.долларын үнэтэй бүтээгдэхүүнийг “А” ХХК дутуу нийлүүлсэн, уг бараа материал “А” ХХК-ийн агуулахад одоо хадгалагдаж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй байх бөгөөд “В” ХХК-ийн хувьд дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг шаардах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэн “А” ХХК-иас дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 24,460 ам.доллар буюу 50,101,100 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч “В” ХХК нь шилжүүлбэл зохих бараа материалын доголдолтой хэсгийг “А” ХХК-д буцаан өгсөн, худалдан авагч “В” ХХК-д гэрээг доголдолтой хэсгээр цуцлах эрх Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт зааснаар үүссэн гэж дүгнээд, “В” ХХК гэрээг доголдолтой хэсгээр цуцлах буюу 24,460 ам.долларын үнэ бүхий барааг худалдан авахаас татгалзаж байгаа тохиолдолд буцаасан барааны үнийг шаардах эрхтэй гэсэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ. Талууд гэрээний дагуу нэг тал орон сууцны өмчлөх эрх бодитоор шилжүүлэх эсэх асуудлаар маргаантай байсан учраас худалдагчийн зүгээс буцаасан барааны үнийг буцаан төлөхөөс татгалзсан нөхцөлд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т зааснаар уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.   

Сөрөг нэхэмжлэлээс орон сууцны илүү олгогдсон талбайн зөрүү 2688 ам.долларыг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 901,071 /есөн зуун нэгэн мянга, далан нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН