Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 03

 

Б.Аэд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Ж.Долгормаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Прокурор С.Сугар, 

Шүүгдэгч Б.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаагийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжтай, Б.Аэд холбогдох эрүүгийн 1730000620060 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, Баруун-Урт сумын 5 дугаар багт түр оршин суудаг,  Б.А  

Б.А нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг,  Хайлаастын 12-18 тоотод оршин суух О.Баатарын гэрээс хүзүүнд зүүдэг мөнгөн гуутай “Баян намсрай” бурхан 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж, нийт 1000000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Тус аймгийн Прокурорын газраас Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хавсарган, уг хүсэлтийг хангасан тогтоол, ялын санал, яллах дүгнэлтийг тус тус үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаар захирамжаар: Б.А нь боловсролгүй, бичиг үсгийн чадваргүй тул түүнээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг, мөрдөн байцаалт болон прокурорын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийгээгүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, түүнд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. 

 

Прокурор эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүгдэгч Б.А нь өөрөө бичиг үсэг мэднэ гэж гарын үсгээ яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол, ял, эрүүгийн хариуцлагын талаарх санал зэрэг бичиг баримтыг уншиж танилцан, гарын үсэг зурсан нь хавтаст хэрэгт авагдсан байхад шүүгч түүнийг боловсролгүй, бичиг үсгийн чадваргүй болох нь тогтоогдож байна гэж хэрэгт шалгагдаж тогтоогдоогүй зүйлд дүгнэлт хийсэн нь буруу, монгол хэл, бичиг мэдэхгүй гэж үзэж өмгөөлөгчөөр хангах үндэслэлгүй... Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэхгүй, өөр байгууллагын эрх мэдлийн асуудал бөгөөд заавал авахаар хуульчилаагүй... Яллагдагч хаана байгаа нь мэдэгдэхгүй эсхүл шүүгдэгч оргон зайлсан бол шүүх хэргийг түдгэлзүүлэхээр байхад шүүхийн шатанд шүүгдэгч оргон зайлсан тохиолдлыг мөрдөн байцаалтын шатны ажиллагаатай холбон үзсэн нь буруу болсон байна. Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхийг хүсч байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Миний үйлчлүүлэгч Б.А нь бага боловсролтой, уншиж чадахгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй. Мөн тэрээр 26 хоног цагдан хоригдсон. Энэ нь 208 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай тэнцэнэ. Иймд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсч байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Аэд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Анхан шатны шүүх яллагдагч Б.Аийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хаана байгаа нь мэдэгдэхгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг түдгэлзүүлэх ажиллагааг хийлгүйгээр шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан, энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулахдаа дараагийн шүүх хуралдааны товыг тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Түүнчлэн шүүх хуралдааны товыг Б.Аэд мэдэгдээгүй, хэргийг прокурорт буцаах зэрэг тодорхой ажиллагааг явуулахдаа түүнийг оролцуулаагүй байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанд  биечлэн  оролцох  эрхийг 

хангаагүй гэж үзнэ. 

 

Харин мөрдөн байцаалт болон прокурорын шатанд яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд тухайн албан тушаалтны хуулиар олгосон эрх хэмжээний асуудал учраас энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцэлд дурдсан шүүгдэгч Б.Аийг боловсролгүй, бичиг үсгийн чадваргүй болох нь тогтоогдсон эсэх, түүнийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй. 

 

Шүүгдэгч Б.А нь 2 сар гаруй хугацаанд шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй оргон зайлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй юм. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.Аэд холбогдох, эрүүгийн 1730000620060 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Яллагдагч Б.А нь Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж 

заалдах шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр захирамжаар 26 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

 

Энэ магадлалыг уншин сонсгосон даруй, хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болно. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

ШҮҮГЧИД         Ж.ДОЛГОРМАА

                                                           С.ОЮУНТУНГАЛАГ