| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0050/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/119 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч: Ж.Б, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б, Д.Б нарт холбогдох 1914007830005 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн; 1979 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.Б
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Б
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б, Д.Б нар нь бүлэглэн 2019 оны 01 сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг Адаг задгай гэх газарт бэлчээрлэж байсан Д.Хүрэлгомбын эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж 4800000 төгрөгийн, Б.Эрдэнэбулганы эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 1 000 000 төгрөгийн бусдад нийт 5 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
.....2018 оны 08 дугаар сараас хойш манайхыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр баг Задгай ус гэх газарт нутаглаж байхад эзэнгүй 5 тооны адуу тэр хавиар байгаад байсан бөгөөд сүүлдээ манай ойролцоо нутаглаж байсан Бадамсэд гэх айл тухайн адуунаас барьж авч унаад байсан. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын эхээр Бадамсэд гуайн малыг хариулдаг банди нь тухайн 5 тооны адууны нэгийг нь бариад уначихсан явж байхаар нь би наад адууны чинь эзэн нь гарахгүй байна, наад адуугаа тавь, хулгайд орох гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө банди бусад 4 тооны адууг нь туугаад манай гадаа хүрээд ирэхээр нь тухайн адуунуудыг барьж үлдээд нэлээн байлгаж байгаад тавьчихсан. Тэгээд 4-5 хоногийн дараа 4 адууг нь барьж аваад нядалсан. Тухайн үед нэг адуу нь баригдаагүй яваад өгсөн. Намайг тухайн адуунуудыг барьж авч нядлахад манай эхнэр Д.Б байхгүй байсан, би адууг ганцаараа нядалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бийн мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...Тухайн адуунуудыг 2 махыг манайх хэрэглэсэн, харин 2 адууны махыг манай нөхөр Ж.Б нь аймаг руу машинаараа ачиж авч яваад борлуулсан байсан. Миний хувьд хэнд яаж борлуулсныг мэдэхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 83-84/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Хохирогч Д.Хүрэлгомбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутагт отроор байхдаа өөрийнхөө 4 тооны үрээ, Б.Эрдэнэбулганы 1 тооны морьтой цуг Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг руу туусан юм. Тэгтэл 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр уг адуунуудыг Бөмбөгөр сумын 1 дүгээр баг Адаг задгай гэх газраас уугаад гарч байхыг манай аав харсан байсан. Тэгээд түүнээс хойш уг адуунууд үзэгдэхээ байчихсан гэхээр манай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манайх Галуут сумаас нүүж ирээд Бөмбөгөр сумын 1 дүгээр баг Мулзан гэх газарт буугаад тухайн адуунуудыг байсан гэх газрын ойр хавиар хайгаад олоогүй. Тэгээд түүнээс ийш тийшээ задгай ус уух гээд явчихсан байх, удахгүй сураг нь гарах байх гэж бодоод хүлээж байтал 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед манай хамаатны Дарьбазар над руу утсаар яриад Танай адуунууд доошоо Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Задгай гэх газрын орчим сураг гарлаа гэж хэлэхээр нь би Задгай гэх газар луу яваад очиж үзээд манай адуу мөн байвал дээш нь хөндий өгсүүлээд манайх руу хөөчхөөрэй гэж хэлсэн. Тэгтэл 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр намайг адуунд явчихсан байхад Дарьбазар нь манайхаар ирээд Задгай гэх газар байсан 5 тооны адуу нь Д.Хүрэлгомбын адуу мөн байна, би дээш нь хөндий өгсүүлж туугаад шөнө болчихоор нь орхичихлоо, очиж аваарай гэж хэлээд явсан байсан. Тэгээд би нутагтаа байгаа юм чинь гайгүй байлгүй гээд маргааш өдөр нь сумын шинэ жилийн арга хэмжээнд явж ирээд 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр адууг орхисон гэх газрын ойр хавиар хайгаад олоогүй бөгөөд ойролцоо байх Батхуяг буюу Шоогоо гэх айлаар орж сурсан чинь тэрээр Тиймээ 5 адуу байсан, манай эндээс ус уугаад гардаг юм, манайхны дээд талаар байгаа байх гэж хэлсэн. Тэгээд хайгаад олдохгүй маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 06-нд Бадамсэд гэх айлд очсон чинь тэрээр- Манайх уг 5 адуу нь манай адуунд нийлчихсэн, 2 морийг нь унаж малд яваад байж байтал Батхуяг буюу Шоогоо эзэнд нь өгөх гэж байгаа гээд аваад явсан гэхээр нь би- Хэзээ авч явсан юм гэхэд тэрээр 2019 он гарчихсан байхад авч явсан гэж хэлсэн. Тэрээр надад яг хэдний өдөр гэж хэлээгүй. Тэгээд би шууд Батхуяг буюу Шоогоогийнд явж очоод “5 адууг чи бариад үлдсэн юм байна ш дээ, яасан юм” гэхэд тэрээр- “Харин би барьж үлдчихээд орой нь тавиад явуулсан ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яагаад уг адуунуудыг барьж авч үлдсэн юм” гэхэд тэрээр “Бадамсэд гэх айл уг адуунуудыг унаад байхаар нь барьж авч үлдээд орой нь тавьчихсан” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тэгээд түүнээс хойш уг адуунууд гэнэтхэн алга болчихсон Тэгээд саяхан сумын хэсгийн төлөөлөгч Нэмэхбаяр над руу уулзаад- Чиний адуунуудыг Батхуяг буюу Шоогоо нядалсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-33, 37/
6. Хохирогч Б.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
....2018 оны 09 дүгээр сарын эхээр Хүрэлгомбо яриад “нөгөө 5 морь чинь алга болчхож хонгор морь дагуулаад явчих уу наад руу чинь явсан байж магадгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би хайгаад сураг гараагүй. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хүрэлгомбо над руу утсаар яриад “нөгөө 5 морио олчихлоо Бөмбөгөр сумын 1 дүгээр баг “Задгай ус” гэх газар байна гэнэ би таньдаг дүүгээрээ буцаагаад явуулаарай гэж хэллээ” гэсэн...Тэгээд Хүрэлгомбо бид хоёр Батхуяг буюу Шоогоогийнд очсон чинь “тэрээр би 4 морийг нь барьж авч байлгаж байгаад буцаагаад тавьчихсан нэгийг нь барих гээд чадаагүй, Одоо хаана байгааг нь мэдэхгүй дахиж усанд орж ирээгүй” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
7. Гэрч Э.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
......Би 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл Ц.Бадамсэд гуайн малыг сарын 300.000 төгрөгийн хөлсөөр малласан. Бид нар ямар нэгэн гэрээ байгуулаагүй, хоорондоо амаар тохиролцоод маллаж байсан юм. Намайг тэдний малыг маллаж байхад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 маллаж байхад буюу 2018 оны 08 дугаар сарын үеэс эзэнгүй бололтой нас гүйцсэн хул зүсмийн морь, хүрэн халзан үрээ, дэлтэй зээрд үрээ, мурий сүүлтэй үрээ, зээр зүсмийн үрээ гээд 5 тооны адуу тэднийхний ойролцоох усанд орчхоод тэр хавиар байгаад байсан. Би одоо тамгыг нь сайн санахгүй байна. Тэгтэл 2019 оны 01 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна нэг өдөр Ц.Бадамсэд гуай надад- “Наад адуунуудын чинь эзэн нь гарч ирэхүй байна, ингэж байж байгаад алга болчхож магадгүй, бариад уначихъя, тэгээд эзэн нь гарч ирж магадгүй” гэсэн. Тэгэхээр Хүрэн халзан зүсмийн үрээг нь бариад чөдөрлөж хоноод маргааш өглөө нь хүрэн халзан үрээг нь унаад усанд оруулаад байж байтал Ж.Б буюу Шоогоо ганцаараа ирээд- “Наад адуунуудын чинь эзэн гараад ирсэн, ирж авна гэсэн, надад үлдээ, бусдыг нь туугаад ир” гэж хэлсэн. Тэгээд би яваад бусад адуунуудыг нь туугаад Ж.Бийн гэрийн гадаа тууж очсон. Ж.Б, түүний эхнэр Д.Б нар байсан бөгөөд тэр хоёр- “Хүний адуунуудыг одоо ирж авна гэсэн хурдан бариад өг” гэж хэлэхээр -Би бүгдийг нь барьж өгчхөөд гэр лүүгээ яваад Ц.Бадамсэд гуайд- “Нөгөө адуунуудыг чинь Ж.Б буюу Шоогоо, эхнэр Болормаа нар нь - Эзэн нь гарч ирсэн, ирж авна гээд надаар бариулаад үлдсэн” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц.Бадамсэд гуай, “өө тийм үү, би маргааш очиж уулзана” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь очиж уулзсан чинь Шоогоо буюу Ж.Б нь “Эзэн нь ирэхгүй болохоор нь тавиад туучихсан” гэж хэлсэн гэсэн. Тэгээд түүнээс хойш тухайн адуунууд харагдаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 49/
8. Гэрч Ц.Бадамсэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
......2018 оны 09 сарын үед манайх Бөмбөгөр сумын 1-р багийн нутаг Задгай ам гэх газарт нутаглаж байхад буюу 2018 оны 09-р сарын сүүлээс эхлээд 2018 оны 12-р сарын дунд үе хүртэл 5 тооны адуу ирчихсэн манай ойролцоо байх Задгай уснаас уучхаад тэр хавиар байдаг байсан. Тухайн хугацаанд эзэн нь гэж хүн ирээгүй бөгөөд би жижиг хонгор зүсмийн морь сартай хүрэн зүсмийн үрээ дэлтэй зээрд зүсмийн үрээг муруй сүүлтэй зээрд зүсмийн үрээ гээд 5 тооны адуу байсан....Тэгээд би эзэнгүй адуу байж байгаад алга болчихсон магадгүй сум орон нутгийн удирдлагад мэдэгдэх гээд мал маллаж байсан хүүхдээ номхноос нь бариад ав гэсэн чинь хонгор зүсмийн морь сартай хүрэн үрээ 2-ыг нь бариад авчихсан байсан. Тэгтэл яг тэр барьдгийн маргааш өдөр нь манайхтай ойролцоо нутаглаж байсан Ж.Б буюу Шоогоо нь манай малыг хариулж байсан хүүхдэд наад адууг чинь эзэн нь ирж авна гэсэн намайг бариад байж байгаарай гэж хэлсэн гээд аваад явсан гэсэн. Тухайн үе нь 2018 оны 12-р сарын сүүл, 2019 оны 1-р сарын эх буюу нэлээн хүйтэн болчихсон байсан. Тэгээд Ж.Б адуу авч явснаас 1 хоногийн дараа Ж.Б очиж уулзаад адуунуудыг хүн ирж авсан уу гэхэд тэрээр хүн нь ирж аваагүй муруй сүүлтэй үрээ нь баригдахгүй зугтаачихаар нь бусад адууг нь араас нь тавиад хөөчихсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
9. Гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....59-50 БНА улсын дугаартай Тоёота ланд крузер Прадо маркийн авто машин нь миний эзэмшлийн авто машин бөгөөд уржнан буюу 2018 оны 9 дүгээр сард манай хүргэн Ж.Б нь надаас 5.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. Тэгээд 2.000.000 сая төгрөгийг нь өгөөд үлдсэн 3.000.000 төгрөгийг нь өгөөгүй байгаа. Тиймээс би бичиг баримтыг нь шилжүүлж өгөөгүй байгаа. Одоо уг авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр нь эзэмшигч нь миний нэрээр байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/
10. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 18-нй өдрийн 593 дугаарт шинжээчийн
1.Хүрэн халзан соёолон үрээ 1 ширхэг 1.200.000
2. Дэлтэй хүрэн соёолон үрээ 1 ширхэг 1.200.000
3. Морин сүүлтэй хүрэн хязаалан үрээ 1 ширхэг 1.200.000
4. Өсгий цагаан хүрэн шүдлэн үрээ 1 ширхэг 1.200.000
5. Хонгор их морь 1 ширхэг 1.000.000 төгрөг нийт эд зүйлсийн нийт үнэлгээ 5.800.000 /таван сая найман зуун мянган төгрөг.....гэх дүгнэлт / хх-ийн 65/
11. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 72 дугаарт шинжээчийн:
1. 59-50 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 6.500.000 төгрөг.....гэх дүгнэлт / хх-ийн 113/ болон хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, хавтаст хэргийн 91-92 дугаар хуудсан авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаанууд, хавтаст хэргийн 93-95 дугаар хуудсанд авагдсан мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, хавтаст хэргийн 96-100 дугаар хуудсанд авагдсан төрийн банк, хаан банк, голомт банк, хас банк нарын тодорхойлолт, хавтаст хэргийн 101-102 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас, 120 дугаар хуудсан авагдсан мал тооллогын “А” данс, хавтаст хэргийн 121 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, 122-125 дугаар хуудсанд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь бусдын алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан үйлдэл гаргаагүй бөгөөд хохирогч нар нь адуугаа хулгайд алдсан талаар мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж хулгайлж завшсан үйлдэл гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Шүүхээс шүүгдэгч Ж.Б, Д.Б нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Улаан сайр” 1 дүгээр багийн нутаг “Адаг задгай” гэх газраас Д.Хүрэлгомбын эзэмшлийн 4 тооны хонийг хулгайлж бусдад 4.800.00 төгрөгийн, Б.Эрдэнэбулганы эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Хүрэлгомбо, Б.Эрдэнэбулган, гэрч Ц.Бадамсэд, Э.Бямбадорж, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 593 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Б, Д.Б нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Ж.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ж.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч Ж.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан хүндрүүлэх нөхцөл болгон УИХ-с 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хуульчлан баталсан боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл...ийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “үйлдэл...г гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр тэдэнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад шүүгдэгч Ж.Б, Д.Б нар нь хохирогч Д.Хүрэлгомбод 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 4.800.000 төгрөг мөн өдөр хохирогч Д.Эрдэнэбулганд 1.000.000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ж.Б Д.Б нар нь гэмт хэрэг үйлдэж төхөөрсөн адууны махыг 59-50 БНА улсын дугаартай авто машинаар зөөвөрлөсөн бөгөөд прокуророос уг авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож авто машиныг эзэмшигч Ж.Бт хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч нар нь бусдын таван тооны адууг хулгайлж гэмт хэрэг үйлдэхдээ авто машиныг ашиглаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа төхөөрсөн малын махыг авто машинаар зөөвөрлөсөн нь тогтоогдсон тул уг авто машинаар шууд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Бгийн нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б, Д.Б нар нь урьд нь шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б, Д.Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Б нарыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Б нарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар ажил хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ж.Б, Д.Б нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Бгийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл болох 59-50 БНА улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг авто машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ж.Бт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ