Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2017/00081

 

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

     хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг

  хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар  хороо, 60 дугаар байрны 37 тоотод байрлах  СННБЗ ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 6 дугаар гудамжны 2 тоотод  оршин суух, Чавга овогт Батгүний Оюунбаатарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 266.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч СННБЗ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн Багануур дүүргийн гэрээт салбарыг хариуцдаг СННБЗ ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Оюунбаатартай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 12 сарын хугацаатай сар бүрийн 17-ны өдөр 20.000  төгрөг төлөхөөр байгуулсан.  Уг гэрээгээр 93473757 дугаарыг 120 гв-ын 365 хоногтой дугаарын хамт худалдан авч гэрээний үнэ 240.000 төгрөг төлөхөөр тохирсон. Одоогоор иргэн Б.Оюунбаатар нь гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл 240.000 төгрөгөөс 20.000 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг алданги 46.000 төгрөг нийт 266.000 төгрөгийг гэрээний хугацаа дууссан тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Оюунбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Жи Мобайл ХХК-ийн Багануур дүүргийн гэрээт салбарын төхөөрөмжийн төлбөр болох 266.000 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь :

           Нэхэмжлэгч СННБЗ ХХК нь хариуцагч Б.Оюунбаатараас худалдах худалдан авах гэрээний  үүргийн биелэлт  266.000  төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Хариуцагч Б.Оюунбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон “...нэхэмжилсэн 266.000  төгрөгийг төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. СННБЗ ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч  Чавга овогт Батгүний Оюунбаатарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт  266.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8630 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 4315 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч  Б.Оюунбаатараас 4315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч СННБЗ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

                                         ШҮҮГЧ                                                     П.ТУЯА