Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 531

 

 

                                                           

 

 

                                                                                        

   

2020        07          02                                2020/ШЦТ/531

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч Ч.Батбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганболд, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түм овогт Цэрэнжавын Ад холбогдох эрүүгийн 2003 00248 0182 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, “Их замраад” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 7/1 дүгээр байр 11 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Түм овогт Цэрэнжалын А /РД: ________/,

Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны шөнийн 22 цаг 06 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шадивлангийн автобусны 2 дугаар буудлын замд “Мицубиши кантер” маркийн 37- 35 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1,1-т заасан “Ажлын тормосны идэвхжил нь МNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх:” 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тtэврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 58 настай, эмэгтэй Х.Кулимхааныг мөргөж амь насыг нь хохироож зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 

Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр машиныг аваад зуслангаас бургас авчирахаар явсан. Ингэхдээ Салхитаас хойш чиглэлтэй явж байсан. Ингэхэд 2-р эгнээгээр явж байсан. Миний машин буруу рультэй машин. Би юмаа ачаад явж байхад нэг хар  юм мөргөх шиг болсон. Толинд хартал ямар нэг зүйл байгаагүй.  Наана цагдаа нар 5-6 машин зогсоосон байхтай таарсан. Орой машинаа грашинд тавьчихаад явсан. Маргааш нь цагдаагийн байгууллагаас ийм асуудал болсон тухай мэдсэн. Ийм зүйл болсонд би харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв

Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 21 цаг өнгөрч байхад би зуслан дээрээ буюу Баянбулагаас тайрсан бургаснуудыг ачихаар “Эрхи” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байдаг “Мицубиши Кантер” маркийн 37-35 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа гранд плазагийн зүүн талын гражаас аваад 7 буудлын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчиж явахад яг хаана, ямар нэртэй газар гэдгийг тодорхой мэдэхгүй байна 2 дугаар эгнээнд 50 орчим км/ц-ийн хурдтай зорчиж явахад ертөнцийн зүгээр баруун зүүн тийш хар өнгийн зүйл үсэрч орж ирээд авто машины зүүн урд хэсэг түс хийх чимээ гарахаар нь би хагас тоормос гишгээд зүүн талынхаа толинд харахад замын зорчих хэсэг дээр ямар нэгэн эд зүйл харагдахгүй байхаар нь зам дээр хар өнгийн зүйл хийсч орж ирээд цохигдож, мөргөдлөө гэж бодоод цаашаа яваад замдаа бургасаа хамт ачилцах Ууганааг хүлээсэн боловч ирээгүй учраас би ганцаараа зуслан дээрээ очоод тайрсан бургаснуудаа ачаад дуусч байхдаа авто машиныхаа зүүн урд хэсэгт юу ирж цохигдсон юм болоо гэж бодоод харахад их гэрлийн дээд талын хар өнгийн хуванцар эд анги хагарч унасан байсан. Авто машины зүүн урд талын нүүрнийг хонхойсон хэсгийг өнгөрсөн жил Дархан-Уул аймагт явж байхад бороо орж зүүн талаараа зам руу цөмөрч орсны дараа трактораар татуулаад хонхойсон байсан. Би тайрсан бургасаа ачаад буцаад “Эрхи” төв дээрээ буулгахаар зуслангийн замаар хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхдаа авто машины зүүн урд хэсэг рүү түс хийх чимээ гарсан газрынхаа ойр хавьд ямар нэгэн зүйл байсан эсэхийг харахад юм харагдаагүй бөгөөд хот руу явж байхад яг хэр хол зайтайг нь сайн хэлж мэдэхгүй байна замын цагдаа нар 4-5 орчим машинууд зогсоочихсон ачилгын нэг машин, нэг тээврийн хэрэгсэл ачаад зогсож байхад нь би хажуугаар нь дохио өгөөд хот руу орж ирээд “Эрхи” төвийн гражид машинаа байрлуулаад хувцасаа солиод гэртээ харьж унтаж амараад маргааш нь өглөө нь 10 цагийн орчим ажил дээрээ очоод ажилаа хийж байгаад орой 19 цаг өнгөрч байхад замын цагдаагаас над руу залгаад ирээд уулз гэхээр нь ирж уулзахад зам тээврийн осол гаргасан байна гэж хэлсэн...” гэх /1-р хх-ийн 240-241х/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /1-р хх-ийн 05-16х/,

Цогцосонд гадна үзлэг хийсэн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 17-20х/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл /1-р хх-ийн 23-28х/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 35-40х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр осол болсныг би 17-ний өдөр цагдаагийн байгууллагаас залгахад мэдсэн. Би эхийгээ амь үрэгдсэн гэдгийг би мэдээгүй байсан. 04 дүгээр сард шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би шинжээчийн дүгнэлтийг хараад цочролд орсон. Мөрдөгч надад шүүгдэгчтэй уулзах тухай хэлсэн. Бид 14 цагийн үед уулзсан. Тухайн үед надаас уучлалт гуйгаагүй. Би эхийгээ оршуулах зан үйлд уучлалт гуйгаагүй. Шүүгдэгч нь надаас чи одоо юу хүсээд байгаа юм бэ гэж хэлсэн. Би шүүгдэгчээс яагаад осол гаргачихаад яваад өгсөн юм бэ гэхэд. Шүүгдэгч нь би хүн дайрсан гэдгээ мэдээгүй гэж хэлсэн. Би гомдолтой байна. Тэр уулзсан өдрөө надаас уучлалт гуйгаагүйгээр барахгүй доромжилсон. Би дэвтрээрээ нүүрийг нь санамсаргүй шүргэхэд чам шиг бацаан ингэдэггүй хэмээн хэл амаар доромжилсон гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Одоогоор ээж бид нар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Сэтгүүлчдийн төгөл” гэх газар нэг хашаанд амьдарч байсан. Ээж залуудаа осолд ороод нэг хөлөө тайруулсан ба нэг нүд нь хараагүй болсон байсан. Ээж маань группт байдаг. Ээжийн толгойн даралт нь ихсэхээр өвддөг байснаас өөрөө бие нь муудаж байгаагүй..." гэх /1-р хх-ийн 58х/,

Гэрч Ц.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 16-ны 22 цагийн орчим гүнтийн давааны цаана болох 335 дугаар зөрлөг “ногоон толгойгоос” хот руу гэр лүүгээ харих замд хүү Мөнх-Эрдэний эзэмшлийн 61-57 УНЧ улсын дугаартай “Тоёота прима” маркийн автомашинтай эхнэр Оюун-Эрдэнийн хамт явж байгаад зам дээр гэнэт хар зүйл харагдсан би хараад жолоогоо баруун тийш дарахад арын зүүн талын хэсэгт донсолсон мэдрэмж төрсөн урд зам дээр 2 машинтай хүмүүс зогсоод гар даллаад зогсож байхаар нь би зогсоод машинаас буугаад залуучууд дээр очсон чинь “Приус-30” автомашины жолооч хэлэхдээ машинд дайруулсан хүн үхсэн байна 102 дуудаад байж байна гэж хэлсэн тэгэхээр нь би зам дээр харсан хар зүйлийг харахад хүн байхыг харсан...” гэх /1-р хх-ийн 66х/,

Гэрч Н.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Намайг шадвилангийн уулзвар өнгөрөөд явж байхад нэг гартаа тортой юм барьчихсан нөгөө гартаа таяг барьсан, маск зүүсэн хүн төв замын голоор хоёр замын тусгаарлах цагаан зурвасаар хойноосоо уруудаад явж байхаар нь манай эхнэр тэр хүнийг хараад наана чинь согтуу хүн байх шиг байна гэж хэлсэн” гэх /1-р хх-ийн 85х/, 

Гэрч П.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Намайг явж байхад Шадивлангийн замын баруунаас зүүн тийш таяг барьсан настай хүн зам хөндлөн гарж байгаа харагдсан ба намайг хажуугаар нь гарахад тэр таягтай хүн такси барих гэж байгаа бололтой гар өргөж байхаар нь энэ орой болсон хойно энэ хүн юу хийж яваа юм бол гэж эхнэр бид хоёр хоорондоо ярилцаж байсан...” гэх /хх-ийн 92х/, 

Гэрч Б.Бүрэнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн зуслангийн замаар явж байхдаа цагаан өнгийн “Мицубиши кантер” маркийн ачааны автомашиныг харсан яг хэдийд нь хаана харсанаа санахгүй байна Би тэр ачааны автомашины хажуугаар нь өнгөрөөд түрүүлээд явсан...” гэх /1-р хх-ийн 96х/,

Гэрч О.Эрдэнэ-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний урд явсан машины арын улаан гэрэл асаад л явсан би ямар машин байсныг нь мэдэхгүй жаахан зайтай явсан болохоор арын гэрэл нь асахаар нь замын бартаа байгаа юм байна гэж багцаалсан тэгэхэд зам дээр хүн хэвтэж байгаа харагдсан ...ямар хүн байсныг нь анзаараагүй...” гэх /1-р хх-ийн 104х/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 712 дугаартай дүгнэлтэд:

Талийгаач Х.Кулимхааны цогцост гавлын дух, хоёр ухархайн дээд хана, үнэрийн мэдрэлийн ялтас хамарсан хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, духны хэсэг дэх шарх, зүүн, баруун зулай чамархайн заадас, суурь яс, зүүн хацар яс руу үргэлжилсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн гадна хажуу хэсэг, бага тархины дээд гадаргууг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн урд ба доод гадаргуу, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн доод гадаргуун тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуу дахь дух, зулай, дагзны баруун хэсгийн цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, хоёр талын уушгины ар гадаргуун цус хуралт, эдийн няцрал, амьсгалын зам царь цусан агууламж, элэгний баруун, зүүн дэлбэнгийн хальсан доорх цусан хураа, баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, зүүн гарын богтос ясны ил хугарал, зүүн шуу, зүүн нүдний гадна булан, дээд, доод уруул, баруун гарын эрхий хуруу, долоовор, дунд хурууны завсарт шарх, дух баруун, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун шуу, бугуйд зулгаралт, нүдний алимны салстад цус харвалт, баруун гарын долоовор хуруу, зүүн гарын дунд хуруунд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд дарагдлын ором, баруун 2, 3, 4, 5, 6 зүүн 2, 4, 5, 6-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба хавирганы хугарлуудаас бусад гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Харин хавирганы хугарлууд нь талийгаачийг нас барах үед юм уу нас барсны дараа, эмнэлгийн тусламж үзүүлэх үед үүссэн байх боломжтой.

Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

Химийн шинжилгээгээр цусанд 2.4 промилли, ходоодны шингэнд 2.2 промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна.

Талийгаач нь дээрх гэмтлүүдийг босоо байрлалд авсан байх боломжтой” гэх /1-р хх-ийн 111-112х/,

ШШҮХ-ийн криминалистикийн шинжээчийн 1506 дугаартай дүгнэлтэд:

 Шинжилгээнд ирүүлсэн 2, 3 гэж дугаарласан зүйлүүдийн хагарсан зах ирмэг хэсгүүдээр хоорондоо нийлж нэг бүхэл хэсэг үүсгэж байна. Уг нэг бүхэлийг үүсгэж байгаа зүйлүүд нь “1, 4, 5, 6, 7” гэж дугаарласан зүйлүүд болон 3735 УБӨ улсын дугаартай, цагаан өнгийн автомашины эд ангиудтай нэг бүхлийг үүсгэхгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн “5, 7” гэж дугаарласан зүйлүүд хагарсан зах ирмэг хэсгүүдээр өөр хоорондоо болон “1, 2, 3, 4, 6” гэж дугаарласан зүйлүүдтэй нэг бүхэлийг үүсгэхгүй боловч 37-35 УБӨ улсын дугаартай автомашины нүүрэнд, их гэрлийн дээд талд “CANTER” гэсэн бичигтэй хар саарал өнгийн, хөндлөн хуванцар оруулганы зүүн талын ирмэгт гарсан хагарлын дээд зах ирмэгтэй хагарсан зах ирмэг хэсгүүдээр нийлж нэг бүхлийг үүсгэж байна.

Шинжилгээнд ирүүлсэн “5, 7” гэж дугаарласан зүйлүүдийн хагарсан зах ирмэг хэсгүүдээр 37-35 УБӨ улсын дугаартай автомашины зүүн талын ирмэгт гарсан хагарлын дээд зах ирмэгтэй хагарсан зах ирмэг хэсгүүдээр нийлж нэг бүхлийг үүсгэж байна...” гэх /1-р хх- ийн 140х/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 12639 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“Мицубиши кантер” маркийн 37-35 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна...

Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 24,0мм, 1-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 4,9кН, баруун талдаа 6,6 кН, зөрүү нь 26% /стандарт 20%/ стандарт шаардлага хангахгүй байгаа нь уг тээврийн хэрэгслийн жолооны хуваарилалт байхгүй болох улмаар жолоодлого алдагдах, замын гадаргуугаас хамааран тоормосны мөр уртсах, хальтаргаа гулгаа үүсэх байдлаар зам тээврийн осолд нөлөөлж болзошгүй юм” гэх /1-р хх-ийн 210х/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 249 дугаартай дүгнэлтэд:

“Тоёота премио” маркийн 61-57 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэвэгжав овогтой Жаргалсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

“Митцубиши кантер” маркийн 37-35 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Цэрэнжав овогтой Аптантулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

Гурав: Жолоочийн үүрэг: 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Нэг. Тоормосны систем: 1.1 Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх: 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол б/хий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд: 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэснийг заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Амь хохирогч Хаядар овогтой Кулимхаан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг: 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4.“Мицубиши кантер” маркийн 37-35 УБӨ, “Тоёота премио” маркийн 61-57 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй болно. 5.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэх /1-р хх-ийн 218-219х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.А нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны шөнийн 22 цаг 06 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шадивлангийн автобусны 2 дугаар буудлын замд “Мицубиши кантер” маркийн                  37-35 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан “Ажлын тоормосны идэвхжил нь МNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх:” 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 58 настай, эмэгтэй Х.Кулимхааныг мөргөж амь насыг нь хохироож зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх, шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон шүүгдэгч Ц.Ад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 30 хоног буюу 1 /нэг/ сарын хорих ялыг 1 /нэг/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар тогтоож уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, хоёр ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт “... нийт 6,851,000 төгрөг нэхэмжилсэн үүнийг барагдуулсан. Хохирол төлбөр барагдуулсан гэж үзэж байна...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Түм овогт Цэрэнжалын Алтантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрын зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нийт 30 хоног буюу 1 /нэг/ сарын хорих ялыг 1 /нэг/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, нэг ширхэг жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.АРИУНБОЛД