| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0119/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/163 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Бат-оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч: Л.Ө, Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй,мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 271 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123. ‘ -ийн 3 дугаар зүйлд зааснаар 6 сарын хорих ялаар, Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар, тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай. Л.Ө
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ө нь 2019 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-5-4 тоотоос иргэн Ц.*******ын гэрээс хурган дотортой монгол дээл хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Л.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2019 оны 08 сард санагдаж байна. хэдний өдөр гэдгийг санахгүй байна, гадуур явж байхад Д.******* утсаар залгаад аав ээж хоёр хөдөө явчихлаа очоод гэр түгжээдэх гэхээр нь очиход Д.*******ын аавын гэх, өөрийнх нь гэр 2 уулаа онгорхой байхаар нь эхлээд Д.*******ын гэрийг түгжээд Д.*******ын аавын гэрт нь ороод бурхны доод талын авдрыг онгойлгоход цэнхэр хээтэй хурган дээл байхаар нь аваад гэрийг нь түгжээд 2 түлхүүрийг нь аваад дунд зах дээр ******* дээр аваачиж өгөөд дээлээ аваад гэртээ аваачиж тавиад маргааш нь захаар дээлийг авч явж зарах гэхэд аваагүй..гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/
...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.... гэх мэдүүлэг/хх-ийн 71-72/
2.Шүүгдэгч Л.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн үед би хадам аавынд очоод хурган дээлээ аваачиж гэртээ тавья гэж бодоод авдрыг нь онгойлгоод авах гэхэд байхгүй байхаар нь ******* эгчид хэлсэн. Тэгээд ******* гэх хүн рүү залгаад хурган дээл аваад явсан байна гэхэД ах нь 50000 төгрөгт хүнд өгсөн авч өгнө гэж хэлээд ярихгүй байхаар нь хурган дээлээ авъя гэхэд 200000 төгрөгт ломбардад тавьсан гээд утсаа тасалсан. Тэгээд 2019 оны 12 сарын эхээр ажлаасаа тараад явж байтал Өнөрөө таарахаар нь хурган дээлээ авъя гэхэд юун дээл мэдэхгүй гэхээр нь цагдаа дуудаад өгсөн. 2019 оны 08 сарын эхээр манай аав, ээж 2 хөдөө ******* сум явсан хойгуур хажуу айлын Буджав гэх хүнээс гэрийн түлхүүрийг нь эвдээд гэрээс нь хурган дээлийг авч явсан байсан. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна, хурган дээлээ буцааж авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/
4. Иргэний нэхэмжлэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би дээлийг 450.000 төгрөгөөр Л.Өаас худалдаж аваад 300.000 төгрөгөөр ломбардад тавьсан. 30 хоногийн 8 хувь буюу сарын хүү 24.000 төгрөг үүнээс би 5 удаа сунгасан нийт 120.000 төгрөгөөр хугацааг сунгуулсан. Миний хувьд дээлийг ломбардад тавьсны төлбөр болох нийт үнэ болох 550.000 төгрөгийг нэхэмжилж байна., 550.000 төгрөгийг өгвөл гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
5. Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... 2019 оны 08 дугаар сарын 08-нд Б.******* гэх хүн хурган дээлийг 300.000 төгрөгөөр манай ломбардад сарын 7 хувийн хүүтэй тавьсан, нийт 4 удаа сунгуулсан юм., тэгтэл 2020 оны 01 сарын 28- нд тухайн хурган дээлийг цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрөлтэй хураан авсан юм, манай ломбардын хувьд тухайн хурган дээлийг Б.******* гэх хүнд тавьсан болохоос анх хулгай хийсэн хүн нь дээлийг тавиагүй учраас Б.*******гаас төлбөрийг нэхэмжилж байна. Манай ломбардын хувьд үндсэн мөнгө 300.000 төгрөг, хүүгийн төлбөр 75.000 төгрөг, нийт 375.000 төгрөг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
6. Гэрч Т.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....2019 оны 08 дугаар сарын 08-нд хөдөө ******* сум руу яваад 2019 оны 08 дугаар сарын 18-нд ирсэн. Тэгээд манай хүргэн *******а манай авдарт байсан хурган дээлээ авах гэхэд байхгүй байхаар нь охин *******аас асуухад ******* Оюунаа гэх хүн рүү утсаар яриад ******* хүргэн дээл барьж явна уу гэхэд ******* хурган дээл зарна гээд явж байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/
7. Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2019 оны 08 дугаар сард аав, ээж 2-ыг хөдөө ******* сум явсан хойгуур манай гэр онгорхой байна гэхээр нь ******* руу залгаад манайд очоод гэр цоожлоодох гэж хэлээд гэр лүү явуулсан тэгээд манайд цуг хоноод би *******ыг гэртээ үлдээгээд явсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 20-дын үед *******а аавынхаас дээл авах гэж ирэхэд байхгүй байхаар нь би найз Оюунаагаас ******* дээл авч явна уу гэхэд дээл зарах гэж яваа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52/
8. Гэрч Н.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....2019 оны 08 дугаар сарын эхээр ******* ирэхдээ Бөмбөгөр суманд аварга малчны цайллагад явах уу гээд цэнхэр өнгөтэй хурган дээл барьж ирээд энэ дээлийг зармаар байна эхнэрийн дээл гэж хэлж байсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/
9. Гэрч Ч.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
......2019 оны намар өдрийг нь сайн мэдэхгүй байна ******* манайд эмэгтэй хүний цэнхэр өнгийн хурган дээл барьж ирээд зармаар байна гэхээр нь би авахгүй гэхэд уг дээлийг Хөхөө гэх хүнд зарсан байсан. Хэдэн төгрөгөөр зарсан болохыг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/
10. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 647 дугаар шинжээчийн:
1. Хурган дээл 1 ширхэг 1.100.000 төгрөг, нийт нэг сая нэг зуун 1.100.000 мянган төгрөг....гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/ болон хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 12-17 дугаар хуудсанд авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Ө нь 2019 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-5-4 тоотоос иргэн Ц.*******ын гэрээс хурган дотортой монгол дээл хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.*******а, иргэний нэхэмжлэгч Б.*******, Б., гэрч Т.*******, Д.*******, Н., Ч. нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 647 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Л.Өыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Л.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Л.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ходоодны хорт хавдар өвчтэй байгааг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
Харин хэрэгт иргэний нэхэмжлэгч Б.******* нэхэмжилсэн гурван зуун далан таван мянган / 375.000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь иргэний нэхэмжлэгч Б. нь энэ хэрэгт шууд хохирол учраагүй бөгөөд шүүгдэгч Л.Өын хулгайлж авчирсан дээлийг барьцаанд авсан Б.******* нь уг дээлийг Б.д зарсан бөгөөд уг зардлыг Л.Өаас гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно..
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Ө нь хохирогч Ц.*******ад төлөх төлбөргүй, харин шүүгдэгч Л.Өаас дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Даариймаад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Ө нь хэргийн учир арван тав хоногийн хугацаагаар цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж тооцож нийт эдлэх ялыг тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Ө нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг ял шийтгүүлж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Өыг хоёр зуун дөчин цагийн / 240 / хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.Өд оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.Өын хэргийн учир арван тав / 15 / хоногийн хугацаагаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт нэг зуун хорин / 120 / цагийг эдлэх ялаас нь хасаж тооцож түүний эдлэх нийт ялыг нэг зуун хорин / 120 / цагаар тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Л.Өаас дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Даариймаад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгч Б.******* нэхэмжилсэн гурван зуун далан таван мянган / 375.000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шүүгдэгч Л.Ө нь хохирогч Ц.*******ад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дугаар зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих байрнаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ