Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00004

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1961 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор автын жолооч мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 12-09 тоотод оршин суух Гөрөөчин овогт Жадамбын Булган /РД:ГЮ61071870/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00003/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Булган, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Булган нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Булган би Булган Авто замын ерөнхий газрын харъяа Булган аймгийн Зам, барилга ашиглалтын ангид 1980 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилд орсон бөгөөд Булган аймгийн Зам, барилга ашиглалтын ангийн даргын 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №31 дугаар тушаалаар 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бульдозерийн жолоочоор томилогдон 2002 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан. Булган аймгийн Зам, барилга ашиглалтын анги нь 1993 оны 05 дугаар сарыэ 18-ны өдөр Суварга ХК, Эрдэнэт суварга ХК болж нэрээ өөрчилж 1996 оны 05 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Би энэ жил буюу 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 55 нас хүрч байгаа бөгөөд хүнд нөхцөлөөр ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох байсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал архиваас олдохгүй байна. Иймд 1982 оны 06 дугаар арын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бульдозерийн жолоочоор буюу хүнд нөхцөлөөр тасралтгүй нийт 13 жил 06 сар ажиллаж байсан болохыг архивын лавлагаа, Булган аймгийн Зам, барилга ашиглалтын ангийн даргын 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №31 дугаар бульдозерийн жолоочоор томилсон тушаал, 16/174 тоот улсын бүртгэлийн лавлагаа, 1995, 1997 оны ажилласан саруудын ажлын цагийн бүртгэлийн хуулбар, хээрийн нэмэгдэл, тооцооны хуудас зэргийг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Булган нь Булган аймгийн Зам, барилга ашиглалтын ангид 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Суварга ХК-д 1993 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, Эрдэнэт суварга ХК-д 1996 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бульдозерийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот цалингийн лавлагаа, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №ЛВГ-16/174 тоот хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Авто замын ерөнхий газрын харъяа Булган аймгийн зам барилга, ашиглалтын ангийн даргын 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №31 дугаартай тушаал, 1995 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зам засвар арчлалтын компаний ажилчдын хээрийн бригадын ажилласан нэмэгдэл, Авто замын ерөнхий газрын харъяа Булган аймгийн зам барилга, ашиглалтын ангийн даргын 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №24 дугаартай тушаал, тухайн үед Ж.Булгантай хамт ажиллаж байсан гэрч Ш.Оюуны: Би 1984 онд Булган аймгийн Зам ангид анх ажиллаж эхэлсэн. Намайг ажилд ороход Ж.Булган нь тухайн зам ангийн бульдозерчноор ажилладаг байсан. Хамт ажиллаж байгаад зам анги маань 1987 онд зам барилга ашиглалтын контор гэдэг нэртэй болсон. 1993 онд зам барилга ашиглалтын контор нь хоёр салж Суварга ХК, Зам ашиглалтын компани гэж хуваагдаж байсан. Тухайн үед бид хоёр Суварга ХХК-д ажиллаж байсан. Ж.Булган нь тасралтгүй ажиллаж байгаад биеийн байдлаас болж 2002 онд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гөрөөчин овогт Жадамбын Булганыг Булган аймгийн Зам, барилга ашиглалтын ангид 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, Суварга ХК-д 1993 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, Эрдэнэт суварга ХК-д 1996 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бульдозерийн жолоочоор улсад нийт 14 /арван дөрвөн/ жил, 07 /долоон/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийгтанилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ