Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2017/00011/И |
Дугаар | 00007 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 00007
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ууррайчин багийн 3-23-70 тоотод оршин суух Боржигон овогт Аюушийн Лхам /РД:МЗ68010364/-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Цулхар агуйт 4-1 тоотод оршин суух Бумбажин овогт Шагдарсүрэнгийн Бямбажаргал /РД:ФА56110367/-д холбогдох, 8400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00011/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Лхам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шагдарсүрэн овогтой Бямбажаргал нь Аюуш овогтой Лхам надаас 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5000000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэй 8 сарын хугацаатайгаар дүү Энхмаагаар зуучлуулан зээлийн гэрээ байгуулан авсан. Бямбажаргал 2015 оны 11, 12, 2016 оны 1 дүгээр сарын хүү өгсөн. Түүнээс хойш утсаа таслан одоог хүртэл зээлээ төлөөгүй. Иймд Лхам би Бямбажаргалаас 2016 оны 2, 3, 4, 5, 6 сарын хүү 2400000 төгрөг, 150 хоног хэтэрсэн алданги 2500000 төгрөг болж байгаа боловч /гэрээний дагуу/ алданги 1000000 төгрөг нэхэмжилж байна. Ингээд би үндсэн зээл 5000000 төгрөг, гэрээний хүү 2400000 төгрөг, алданги 1000000 төгрөг нийт 8400000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч А.Лхам миний бие хариуцагч Ш.Бямбажаргалтай харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулж байна. Хариуцагч Ш.Бямбажаргал нь 8400000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 500000 төгрөгөөр сар болгон өгч, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
А.Лхамын нэхэмжлэлтэй, Ш.Бямбажаргалд холбогдох, 84000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Ш.Бямбажаргал нь А.Лхамын нэхэмжилсэн 84000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 500000 төгрөг төлж 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар А.Лхамын нэхэмжлэлтэй Ш.Бямбажаргалд холбогдох 8400000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Ш.Бямбажаргал нь А.Лхамын нэхэмжилсэн 84000000төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 500000 төгрөг төлж 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 149500 төгрөгөөс 74750 /далан дөрвөн мянга долоон зуун тавь/ Төрийн санд үлдээж, хариуцагч Ш.Бямбажаргалаас 74750 /далан дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөг, Төрийн сангаас 74750 /далан дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Лхамд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ