Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 542

 

 

                                                           

 

 

 

   

2020        07          07                                2020/ШЦТ/542

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Галбямбажавын Оөд холбогдох эрүүгийн 2011 00000 0323 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 28-378Б тоот хашаанд байрлах нийтийн байранд түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, Сартуул овогт Галбямбажавын О, /РД:____________/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 17-18 цагийн орчим хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28-279 тоотод байрлах иргэн Б.Мягмарсүрэнгийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Шарп” брендийн 49 инчийн “Эл си ди” зурагт, цэнхэр өнгийн “AIRMAX” загварын хос пүүз зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 590,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 5-11 тоотод оршин суух иргэн Д.Ариунтуяагийн гэр болон байшинд хаалганы цоожийг хөшин нэвтрэн орж, “LG” загварын 32 инчийн болон 49 инчийн 2 ширхэг зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,391,512 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг тус бүр үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ..” гэв

Нэг. Шүүгдэгч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 11 цагийн орчимд нийтийн байрнаасаа гараад хүнтэй уулзахаар явсан бөгөөд дэлгүүртэй гудамжаар дээшээ өгсөөд явж байхад гудамжны өнцгийн хамгийн дээд талд байдаг нэгэн том хашаатай айлын гэр түгжээтэй байгааг анх анзаарч харсан бөгөөд өдрийн 15 цаг орчимд гэртээ буцаж харихаар тус гудамжаар дахин явсан бөгөөд бас л хүнгүй байх шиг байсан. Тэгээд гэртээ ирээд байж байгаад оройн 17 цагийн орчимд дэлгүүр орж гэрлийн чийдэн худалдан авахаар гарч дэлгүүрээс гэрлийн лампаа аваад гэртээ орж лампаа тавьчихаад буцаад гэрээсээ халив аваад өглөө харсан эзгүй хашаа руу орьё гэж бодоод гарсан. Хашааны дэргэд очиход бас л хүнгүй, гэрийн хаалга түгжээтэй байгааг харсан. Хашааны хаалга онгорхой байхаар нь тус хашаан дотор орсон. Хашаанд ороход 2 монгол гэр, цаана нь нэг байшин байсан ч хашаанд байх гэр болон байшинд хэн ч байгаагүй. Хүн харагдахгүй, бас нохойгүй байх шиг байсан. Тэгэхээр нь би хашааны хаалгатай хамгийн ойр байсан монгол гэр рүү дөхөж очиж, гэрийн хаалганы цоожийг халиваар хөшиж онгойлгоод, цоожийг нь аваад халаасандаа хийсэн. Ингээд гэрт ороход тус нүдэнд маань цэнхэр өнгийн эрэгтэй хүний пүүз, мөн тус айлын хойморт байсан хар өнгийн том зурагт байхаар нь эхлээд цэнхэр пүүзийг нь аваад цамц дотроо хийгээд шууд тус айлын хашаанаас буцан гарч гудмаар доошоо уруудаж, нийтийн байр руугаа явсан ба гэрийнхээ ойролцоо ирээд тухайн эзгүй айлын цоожийг хогийн саванд хийгээд, дараа нь гэртээ ороод хулгайлан авсан цэнхэр пүүзээ гэрийн пааран дээрээ тавьсан. Пааран дээр тавьсан шалтгаан бол тус пүүзийг эзэн нь угаасан бололтой нойтон байсан учраас хатаахаар пааран дээр тавьсан юм. Уг пүүзийг би өөрөө өмсье гэж бодоод авсан юм. Пүүзээ гэртээ тавьчихаад буцаад гэрээсээ гарахдаа хар өнгийн куртка өмссөн бөгөөд гадаа бага зэрэг салхитай байсан учраас тэр юм. Эхлээд пүүз авах үед би нимгэн хувцастай гадаа бага зэрэг сэрүүн байсан юм. Куртикээ давхарлаж өмсөөд гэрээсээ дахин гараад тус пүүз авсан айлаас зурагтыг нь авахаар гарсан бөгөөд тус хашааны дэргэд ирэхэд хүн ирээгүй, байхаар нь шууд хаалгыг нь нэвтэрч ороод гэрийн хойморт байсан хар өнгийн “Шарп” брендийн хар өнгийн зурагтыг тухайн айлын гэрт байсан цэнхэр өнгийн нойтон даавуунд ороож авсан ба тухайн үед удирдлагыг нь хайгаад олоогүй бөгөөд хашаанаас гараад доошоо уруудаад замд байсан нэгэн өөр нийтийн байрны хашаагаар дамжин орж гэртээ ирсэн... гэх, / хх-ийн 04-05х/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11х/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14х/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-31х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 32х/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33х/,

Хохирогч Б.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 2-ны оройн 18 цаг өнгөрч байхад намайг ажилтай гадуур явж байхад эхнэр Оюунбаяр над руу залгаад манай гэрт хулгай орчихсон байна, гэртээ хурдан хүрээд ирээч гэж хэлэхээр нь би ажлаасаа шууд гэр рүүгээ гараад оройн 20 цагийн орчим гэртээ ирсэн. Гэрт маань үзлэг хийгээд дууссаны дараагаар гэрийн бүхий л эд зүйлээ сайн дахин, дахин шалган үзэхэд манай зурагтнаас гадна орны цэнхэр өнгийн угаагаад хатаасан байсан даавуу байхгүй байгааг, мөн миний цэнхэр өнгийн угаагаад хатаасан байсан пүүз зэрэг байхгүй байгааг анзаарсан. Манай алдагдсан зурагт “Шарп” брендийн хар өнгөтэй 49 инчийн “Эл си ди” зурагт бөгөөд уг зурагтыг анх 2018 оны 10 дугаар сард “Сайн” компьютер гэх нэртэй дэлгүүрээс 1,400,000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг зурагтыг миний бие 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Пүүзээ 150,000 төгрөгөөр үнэлнэ” гэх /хх-ийн 42-43х/,

Хохирогч Б.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авлаа. Зурагтыг шалгаж үзэхэд ажиллагаатай хэвийн байна. Пүүзээ яг байгаа байдлаар нь хүлээн авлаа. Мөн орны цэнхэр өнгийн бүтээлгийг бүрэн бүтэн хүлээн авлаа. Өөр учирсан хохирол байхгүй, эд зүйлээ бүгдийг нь хүлээж авлаа” гэх /хх-ийн 44х/,

Гэрч Б.Оюунбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 15 цаг 50 минутын орчимд хүүхдүүдээ аваад эгчийнх рүүгээ гарсан бөгөөд тухайн үед манай хашаанд хүн үлдээгүй бөгөөд 19 цаг болж байхад гэртээ буцаж ирсэн ба ирэх үед гэрийн хаалга онгорхой, цоож нь байхгүй байсан болохоор нь гайхаад гэртээ орох үед манай гэрийн хойморт байсан “Шарп” брендийн зурагт байхгүй байгаа нь шууд анзаарагдсан бөгөөд шууд цагдаад дуудлага өгсөн” гэх /хх-ийн 44х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 99х/,

Хоёр: Шүүгдэгч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...надад мөнгөний хэрэг их гарсан. Миний 2 ойтой охин маань зүрхний доголдолтой бөгөөд байнга эмчилгээ, эмчийн хяналтанд байдаг. Эмчилгээний төлбөрт мөнгө хэрэгтэй байсан. Тухайн үед би тогтсон ажилгүй, цалингүй короно өвчин гарсантай холбоотойгоор ажилгүй, мөнгөгүй болоод байсан. Тиймээс л би эхнэр болон ар гэрийнхэндээ мэдэгдэхгүйгээр мөнгө олж охиныхоо эмчилгээнд зарцуулж охиндоо тус больё гэж бодсон ч энэ үйлдэл маань маш буруу байсан гэдгийг ойлгосон. 32 инчийн “LG” телевизорыг цагдаа нар ирж гэрт нэгжлэг хийн хурааж авсан. Харин 49 инчийн телевизорыг танихгүй хүнд 350,000 төгрөгөөр зарж “LG” гар утас авсан. Утсыг хүнтэй солиод өөр утас болгосон. Одоо надад байгаа ба мөнгөөр охины дансаар хийж үлдэгдлийг нь ойр зуурын гэрийн хүнсэндээ зарцуулсан... гэх /хх-ийн 152-153х/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 155х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 156-165х/,

Д.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 24-ний 08 цагаас хойш байхгүй байж байгаад 2020 оны 3 дугаар сарын 25-ны 10 цагийн үед ирэхэд 2 зурагт алдагдсан ба өөр эд зүйл алдагдаагүй байна” гэх /хх-166-167х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 175-177х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 178х/

Хохирогч Д.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрээсээ 08 цагийн үед гарч яваад тухайн өдөр гэртээ харилгүй маргааш нь буюу 3 дугаар сарын 25-ны өдөр гэртээ ирэхэд “LG” брендийн 32, 49 инчийн зурагтнуудыг манай байшин болон гэрт нэвтэрч хулгайч аваад явчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх /хх-ийн 181-183х/,

Хохирогч Д.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “Миний хувьд надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Шүүх хуралдаанд оролцох бодолгүй байна. Эд зүйлээ бүгдийг нь буцаан авлаа Байшингийнхаа түлхүүрийг хүртэл буцаан авсанд баяртай байна” гэх /хх-ийн 182-184х/,

Иргэний нэхэмжпэгч Р.Хонгорзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2020 оны 4 дүгээр сарын эхээр санагдаж байна фейсбүүк зарын дагуу нэгэн үл таних хүнтэй зурагт зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдсон бөгөөд тус хүн нь ямар хаягтай байсан талаар би сайн санахгүй байна. Ямартаа ч тухайн үед “ЛЖ” брендийн 49 инчийн хар өнгийн смарт зурагт байсан бөгөөд тус зурагтыг 550,000 төгрөгөөр зарна гэсэн байсан. ...Тэр хүн Баянбүрдэд хүрч ирээд үзчих гэхээр нь би хэлсэн хаягаар нь Баянбүрдийн тасганы овооны ойролцоо байрлах нэгэн нийтийн байранд явж очсон бөгөөд тухайн үед би тус эрэгтэйтэй уулзахад зурагтаа эхлээд 550,000 төгрөгөөр зарна гэсэн бөгөөд бид 2 тохиролцоод 320,000 төгрөг, ”ЛЖ-Ж6” гэх гар утсаар зурагтыг нь тулж худалдан авахаар болсон. Тухайн зурагт зарсан эрэгтэй нь 19-21 настай, намхандуу 165 см орчим өндөртэй бор царайтай эрэгтэй хүүхэд байсан” гэх /хх-ийн 186-187х/,

Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 204-205х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Г.О нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор нийт 2 удаагийн үйлдлээр, нууц далд аргаар хохирогч нарын өмчлөлийн эд зүйлийг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар  маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Г.О нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгч нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхээс шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Хохирогч Б.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авлаа. Зурагтыг шалгаж үзэхэд ажиллагаатай хэвийн байна. Пүүзээ яг байгаа байдлаар нь хүлээн авлаа. Мөн орны цэнхэр өнгийн бүтээлгийг бүрэн бүтэн хүлээн авлаа. Өөр учирсан хохирол байхгүй, эд зүйлээ бүгдийг нь хүлээж авлаа” гэх /хх-ийн 43х/,

Хохирогч Д.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “Миний хувьд надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Шүүх хуралдаанд оролцох бодолгүй байна. Эд зүйлээ бүгдийг нь буцаан авлаа Байшингийнхаа түлхүүрийг хүртэл буцаан авсанд баяртай байна” /хх-ийн 181-183х/ гэх мөн хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээс шүүгдэгч Г.Оийг хохирогч Б.Мягмарсүрэн, Д.Ариунтуяа нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй халив 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд  мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх нийт 24 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                             

                                                                                                           ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Сартуул овогт Галбямбажавын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Оөд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Г.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шар иштэй халив 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД