Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00062

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Д.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00110 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Эрдэнэбилэг, М.Ариунсанаа, М.Ган-Од, М.Халиунаа, М.Солонго нарт холбогдох

“39.372.120 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие талийгаач Мөнх-Одтой хамтран амьдарч байх хугацаандаа хувийн мэс заслын эмнэлэг байгуулах зорилгоор 1-5-59 тоот 3 өрөө байрыг худалдан авах болж, банкнаас зээл авахын тулд өөрийн өмчлөлийн 1-6-105 тоот 3 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Мөнх-Одын нэрийг оруулан байж уг байраа барьцаалан банкнаас зээл авч эмнэлэг байгуулан ажиллуулж байсан боловч Мөнх-Од өвчний учир 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан. Ингээд талийгаачийн өв залгамжлагч нар болох түүний эхнэр хүүхдүүд шүүхэд хандан миний өмчлөлийн болон эмнэлгийн байруудыг авахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хэлэлцээд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2016/01006 тоот шийдвэрээр 1-5-59 тоот байрыг өв залгамжлагч С.Эрдэнэбилэг, М.Халиун, М.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нарт олгохоор болсон. Иймд миний бие өөрөөс гарсан дараах зардлуудыг гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1-5-59 тоот байрыг эмнэлгийн зориулалтаар засан сайжруулахад тохижуулахад гарсан зардал 15 сая төгрөг, 1-5-59 тоот байрны лизингэд сар бүр төлсөн банкны зээл, хүү 19 580 000 төгрөг, 1-5-59 тоот байрны гадаах шилэн хаалт, хаалга хийлгэхэд гарсан зардал 2 843 500 төгрөг, талийгаачийг нас барсны дараа түүний тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 1 471 000 төгрөг, 1-5-59 тоот байрны ус дулааны төлбөр төлсөн 477 620 төгрөг, нийт 39 372.120 төгрөгийг дээрх өв залгамжлагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний бие нь 1-6-105 тоот байрны өмчлөгч гэдгийг шүүх 2016 ны 07 сарын 22-ны өдрийн 142/ШШ2016/01006 тоот шийдвэрээр тогтоож өгсөн. Уг сөрөг нэхэмжлэлд аль байрны ямар ямар зардал ороод 412 200 төгрөг нэхэмжилээд байгаа нь ойлгомжгүй байна. Талийгаачийн өв залгамжлагч нар нь 1-5-59 тоот байрыг худалдан авахад зээлсэн Хаан банкин дахь зээлийг төлөхгүй байгаагаас миний өмчлөлийн 1-6-105 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээ банкны барьцаанаас чөлөөлөгдөхгүй байгаа бөгөөд хэзээ барьцаанаас чөлөөлөгдөх нь тодорхой бус байна. Уг 1-5-59 тоот байрыг талийгаач бид 2 хамтран амьдарч байх хугацаандаа худалдан авч шинээр бий болгосон бидний дундын өмч хөрөнгө гэдгийг 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 1163 шийдвэрээр тогтоосон байгааг шүүх анхаарна уу. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Талийгаач эмнэлгээ бидэнд үзүүлээд 20 000 000 төгрөг боллоо. Талийгаач хувийн эмнэлгээ засаж тохижуулахдаа өөрийн 2009 оноос 2015 он хүртэл 99 234 495 төгрөгийн цалин хөлс, 7 779, 142 60 төгрөгийн тэтгэвэр болон олсон орлогоосоо тохижуулсан болохоос Д.Наранцэцэгээс нэг ч төгрөг аваагүй. Миний нөхөр, бурхан болоочийн тэгж их хөдөлмөрлөж өдөр шөнөгүй эмнэлэг дээр байж, жижүүр хийж, зээл авч босгосон хувийнх нь эмнэлгийн доторхи тоног төхөөрөмж болон эд хөрөнгө 20 000 000 төгрөгийг би Наранцэцэгээс нэхэх ёстой гэжээ.

Хариуцагч С.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зэст багийн 1-6-105 тоо байрыг 2016.01.22-ны өдрийн дугаар 142/ШШ2016/01006 тоот шийдвэрээр хууль ёсны өвлөгч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нарт өвлүүлэхээр шийдвэрлэсэн боловч хамтран амьдрагч Д.Наранцэцэг нь өөрийн эзэмшилд дээрх байрыг одоог хүртэл байлгаж дээр нь уг байрны тогтмол зардлын төлбөрийг биднээс нэхэж байна. Ер нь байрны мөнгөний тогтмол зардлыг харахад 3, 4, 5 сараас бусад сард нь түрээслэсэн байна. Д.Наранцэцэгийн биднээс нэхэмжилсэн 477 620 төгрөгний байрны тогтмол зардлын мөнгийг Д.Наранцэцэг өөрөө төлөх нь зүйн хэрэг. Яагаад гэхээр одоо болтол байрыг эзэмшилдээ байлгаж байна. Харин би Д.Наранцэцэгээс 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 09 сар хүртэл гарсан 412 200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Ган-Од, М.Ариунсанаа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.22-ны өдрийн 142/ШШ2016/01006 тоот шийдвэрээр талийгаач эцэг Л.Мөнх-Одын эмнэлгийн зориулалтаар ажиллуулж байсан 1-5-59 тоот байрыг өв залгамжлагч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонгоо, М.Ган-Од, М.Ариунсанаа нарт олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан уг байрыг худалдан аваад эмнэлгийн зориулалтаар засч тохижуулахад гарсан 15 000 000 төгрөгний зардал болон бусад зардал, уг байрны банкны зээлээд худалдан авсан тул түүнд төлсөн мөнгө зэргийг нэхэмжилжээ. Бид 2-ын зүгээс шүүх яаж шийднэ түүгээр болно. Маргаад мэтгэлцээд байх зүйл байхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00110 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-д заасныг баримтлан С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Ариунсанаа, М.Ган-Од нараас тус бүр 138 318 төгрөг гаргуулан Д.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлээс 38 818 848 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар М.Солонгод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 354 816 төгрөг, сөрөг нэхэмжлэд төлсөн 12 254 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 17 248 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх намайг өв залгамжлагч нараас шаардах эрхгүй гэж үзэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нь хадгамжиндаа мөнгөтэй, хүүхдүүдийн маань эцэг Солонгос улсад ажилладаг байсан тул надад байнга мөнгө хүүлдэг зэргээс байнгын орлоготой боломжтой байсан тул эдгээр зардлыг цэвэр өөрөөсөө гаргасан юм. Талийгаач тухайн үед нэгдсэн эмнэлэгт ажлаа хийдэг тул хувийн эмнэлэг дээр ажиллах боломжгүй байсан ба 1 жилийн дараа тэтгэвэрт гарах тул нэг мөр тэтгэвэртээ гарчихаад хувийн эмнэлгээ ажиллууллна гэж төлөвлөж байсан ба энэ хугацаанд би сувилагч Чимэддуламын хамт сувилахуйн үйл ажиллагаа явуулж, бүх төлбөр тооцоог олсон орлого болон өөрөө мөнгө гарган зарим үед хүнээс зээлж банкны өр төлбөр болон бусад зардлыг төлж ирсэн.

Мөн миний бие нь талийгаачийг нас барсаны дараа түүний 2015 оны 1, 2 сарын тэтгэвэр 414,000 төгрөг, оршуулгын тэтгэмж 620,000 төгрөгийг Нийгмийн даатгалаас авч дээр нь өөрөөс мөнгө нэмж гарган оршуулгын ажиллагааг би гардан хийж, Сэлэнэ ресторанд цагаалга хийхэд өв залгамжлагч нараас хэн нь ирж салах ёс хийгээгүй. Зөвхөн ресторанд 150 хүнээр тооцоо хийхэд гар дээр хэдтэй нийлээд 4,500,000 төгрөг төлсөн. Мөн миний бие нь талийгаачийг нас барсаны дараа түүний тэтгэвэрийн зээлийн үлдэгдэл болох 1,280,000 төгрөгийг өөрөө төлж хаасан байхад шүүх 1,034,600 төгрөгийг хасч тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-11-03-ны өдрийн 1163 дугаар Шийдвэрээр Зэст багийн 1-5-59 тоот 000192154 тоот гэрчилгээтэй, Ү-2101002125 тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц нь талийгаач бид 2-ын хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон үл хөдлөх хөрөнгө болохыг тогтоосон бөгөөд энэ шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир би уг байрны хамтран өмчлөгч мөн гэж үзэж байхад шүүх үүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь хариуцагч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нарт холбогдуулан 1-5-59 тоот байрыг эмнэлгийн зориулалтаар тохижуулахад зарцуулсан 15.000.000 төгрөг, банкны зээл хүү 19.580.000 төгрөг тус байрны гаднах шилэн хаалт хаалга хийлгэхэд гарсан зардал 2.843.500 төгрөг, талийгаачийн нас барсны дараа тэтгэврийн зээлийн үлдэгдэл 1.471.000 төгрөгийг төлсөн, ус дулааны төлбөр 477.620 төгрөг нийт 39.372.120 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Эрдэнэбилэг нэхэмжлэгч Д.Наранцэцэгээс 1-6-105 тоот байрны ус дулааны зардал 412.200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх хариуцагч нар талийгаач Л.Мөнх-Одын өв залгамжлагчаар тогтоогдсон шүүхийн шийдвэр гарсан гэсэн үйл баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлж хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлон шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Талийгаач Л.Мөнх-Одын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-5-59 тоот байрны хууль ёсны өвлөгчөөр С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нарыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.22-ны өдрийн 1006 дугаар шийдвэрээр тогтоожээ.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн 1-5-59 тоот байранд засварлахад гаргасан гэх зардлууд нь талийгаачийг амьд сэрүүн байхад хийгдсэн засварын зардал, банкны зээл, зээлийн хүү болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх байрны засварт хэдий хэмжээний материал орж зардал гарсан, Л.Мөнх-Од амьд ахуй цагтаа авсан банкны зээл, хүү зэргийг нэхэмжлэгч Д.Наранцэцэг төлж байсан талаар нотлох баримтгүй, шаардах эрхийн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин талийгаач Л.Мөнх-Одын тэтгэврийн зээлийн үлдэгдэл 1.471.000 төгрөг төлсөн гэж Д.Наранцэцэг нэхэмжилсэн боловч 1.280.000 төгрөгийг банкинд төлж хаасан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Д.Наранцэцэгийн авсан талийгаачийн 1, 2 сарын тэтгэвэр 414.600 төгрөг, оршуулгын тэтгэмж 620.000 төгрөг нийт 1.034.600 төгрөгийг 1.280.000 төгрөгөөс суутган тооцож өвлөгч нараар зөрүү 245.400 төгрөг дээр уг байрны ус дулааны төлбөр 446.190 төгрөгийн хамт төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин хариуцагч М.Солонго шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2015.01.15-ны өдөр Солонгос улс руу явахаар хилээр гарсан болох нь нотлогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцоогүй байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь 1-5-59 тоот байрыг эмнэлгийн зориулалтаар засварлахад 15.000.000 төгрөг зарцуулсан, гаднах шилэн хаалга хаалтны 2.843.500 төгрөг /баримт байгаа боловч хх-8-10 өөрөөс нь гарсан нь тодорхойгүй/ зээл зээлийн хүү 19.580.000 төгрөг зэргийг өөрийн хөрөнгөөс гаргасан болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Хариуцагч С.Эрдэнэбилэгийн сөрөг нэхэмжлэлийн хувьд 1-5-59 тоот байрны хууль ёсны өвлөгчөөр С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, С.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нар тогтоогдсон тул тухайн байрны ус дулааны зардлыг нэхэмжлэгч Д.Наранцэцэг хариуцах үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354.816 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ