Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 26

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч “Хатра” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

 Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай захирамжийн хавсралтад дурдагдсан “Хатра” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            И.Энхболд

Хариуцагчийн төлөөлөгч                                        Ч.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Хатра” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа:- “Хатра” ХХК нь гадаад дотоод худалдаа, үйлчилгээ эрхэлдэг бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс холбогдох журмын дагуу газар авах хүсэлт гарган газрын төсөл сонгон шалгаруулалтанд оролцож шалгаран Дархан-Уул амйаг, Дархан сум 13-р баг, “Нью энержи стар” ХХК-ийн хойно байрлах 1.3 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж авсан болно.

Аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/440 тоот захирамжаар уг газрыг хүчингүй болгосон байгаа ба энэ тухай ямар нэгэн албан ёсны мэдэгдэх хуудас өнөөдрийг хүртэл өгөөгүй бөгөөд зөвхөн утсаар ярьж мэдэгдсэн болно.

 Иймд Аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/440 тоот захирамжийн хавсралтын “ ХАТРА” ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                                                                            

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:- “Хатра” ХХК нь аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Дархан сумын 13-р баг, үйлдвэрийн район, Нью энержи стар ХХК-ий нефтийн агуулахын хойд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 13000 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалтаар 15 жилийн хугацаатай авсан.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 заалтын дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь “ Хатра” ХХК-ий захирал Р.Чулуунцэцэгт аймгийн Засаг даргын 2016.11.29-ний өдрийн А/440 дугаар захирамжийг 99037399 дугаарын утсаар мэдэгдэж, 2016.12.09-ний өдөр шуудангаар явуулсан боловч хавтаст хэргийн материалтай танилцахад Шуудангийн үйлчилгээний газраас ирүүлсэн баримт, гэрч  Д.Ууганбаярын мэдүүлэг зэргээр “Хатра” ХХК-д захирамж хүргүүлж мэдэгдсэн тухай баримт олдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хатра” ХХК-аас  хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай захирамжийн хавсралтад дурдагдсан “Хатра” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1-10/637 тоот итгэмжлэлээр олгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, 28 дугаар зүйлийн 28.2.2-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” гэж заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар гаргаж байх бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хатра” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай захирамжийн хавсралтад дурдагдсан “Хатра” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”   шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хатра” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хатра” ХХК-д олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА