Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2021/0680

 

 

 

 

 

 

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Д.Ү нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, П.Б-ийн нэхэмжлэлтэй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаар шийдвэрээр:

“...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 46 дугаар зүйлийн 46.6, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.3.5, 16.5.9 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-ээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад холбогдуулан гаргасан П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалд эгүүлэн авахгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалтай дүйцэхүйц буюу АА-7-3 ангилал зэрэглэлтэй ажлын байраар хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх, 2019 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 37.023.055 төгрөг олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн ямар нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэсэн тухайгаа дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа хэдийд ч ихэсгэх, багасгах, өөрчлөх эрхтэй байхад шүүхээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөр өөр агуулгаар тайлбарлаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боломж олгосон” гэх талаар дурджээ.

Энэ нь шүүгчийн зүгээс анхнаасаа хэргийн талаар урьдчилан дүгнэлт хийсэн байсан, хэрэгт хэтэрхий субъектив байдлаар хандсаны илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд урьдчилан дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох нэхэмжлэгчийн эрхэнд халдан, нэхэмжлэгчийн маргасан үндэслэлүүдээс зөвхөн урьдчилан бий болсон өөрийн итгэл үнэмшилд хамаарах хэсэгт дүгнэлт хийж, бусад үндэслэлүүдэд огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг огт хангаагүй.

Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтуудын талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь түүнийг сургалтаас эргэн ирэхэд ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах талаар үүрэг хүлээсэн гэж маргасан бөгөөд үндэслэлээ нэхэмжлэгчийн хамрагдсан мэргэшүүлэх сургалт нь Монгол-Японы Засгийн газар хоорондын гэрээгээр төрийн албан хаагчийг давтан сургаж, сургалтад хамрагдсан албан хаагч нь уг албан тушаалдаа буцаж ажиллах баталгааг гаргасан байх шаардлагатай талаар Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 018 007 дугаартай албан бичигт маш тодорхой дурдсан байдаг.

Дээрх шаардлагын дагуу нэхэмжлэгч миний бие 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тухайн үед ажиллаж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга болон Захиргаа, Хүний нөөцийн газрын дарга нартай харилцан тохиролцож тэтгэлгээр суралцагчийн мэдүүлгийн маягтыг бөглөж, холбогдох материалуудыг бүрдүүлэн сургалтад нэр дэвшсэн билээ. Уг батлагдсан мэдүүлгийн маягтын Тодорхойлолтын хуудас 2-ын 4 дэх хэсэгт нэхэмжлэгч намайг сургалтаас буцаж ирсний дараа үргэлжлүүлэн ажиллуулах талаарх баталгааг гарган Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга гарын үсэг зурснаар дээрх шаардлага биелэгдсэн юм.

Намайг төрийн албанаас түр чөлөөлсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоол “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2а заалтыг баримталсан байх бөгөөд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарыг хүртэл хугацаанд буюу миний сургалтад хамрагдсан бүх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажил олгогчийн захиалгаар гадаад суралцаж байгаа ажилтан (20 кодтой) төрлөөр тайлагнаж шимтгэл төлж байсан байдаг. Энэ нь анхнаасаа хариуцагч намайг сургалтаас буцаж ирсний дараа өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг хүлээн зөвшөөрч байсныг нотолж байгаа болно. Энэхүү нөхцөл байдал нь 1 дүгээр хавтаст хэргийн 88-97 дугаар талд авагдсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/1148 тоот албан бичиг болон лавлагаагаар нотлогдож байгаа болно.

Нэхэмжлэгч миний бие сургалтад явахаас өмнө буюу 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад хандан бичгээр сургалтын гэрээ байгуулж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан боловч тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга болон Захиргаа, Хүний нөөцийн газрын дарга нар нэгэнт Засгийн газар хоорондын гэрээнд заагдсан сургалтад хамрагдаж байгаа, эргэж ирэхэд үргэлжлүүлэн ажиллуулах талаар баталгаа гаргасан тул сургалтын гэрээ байгуулах шаардлагагүй талаар хэлсэн тул төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд удирдлагын үгэнд итгэн сургалтдаа явсан билээ. Миний гаргасан өргөдөл 2 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр талд авагдсан бөгөөд уг баримтыг хариуцагчаас гаргаж өгсөн болно.

Дээрх нөхцөл байдлууд болон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай байхад анхан шатны шүүхээс эдгээрт огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд миний бие сургалтын гэрээ байгуулахаар хариуцагчид хандан бичгээр хүсэлтээ албан ёсоор гаргасан бөгөөд гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, гэрээ байгуулах шаардлагагүй гэсэн удирдлагын хариу, нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлөхөөр тушаалд заасан зэрэг нөхцөл байдлаас миний бие удирдлагадаа итгэн гадаадад сургалтад явсан бөгөөд сургалтын гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгч миний буруутай үйл ажиллагаа биш байхад анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдсэнд маш их гомдолтой байна.

Миний бие нэгэнт намайг ажилд үргэлжлүүлэн ажиллуулах талаар ажил олгогч баталгаа гаргасан учир мэдлэг, ур чадвараа дээшлүүлж ирээд ажилдаа үргэлжлүүлэн ажиллана гэсэн хууль ёсны итгэл үнэмшилтэй байсан тул сургалтдаа тэргүүлэн амжилттай сурч төгсөөд буцаж ирэхэд ажилд эргүүлэн аваагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэл хамгаалах” зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийг эс үйлдэхүй гаргаагүй гэж дүгнэсэн нь бодит байдалд огт нийцэхгүй, хууль бус шийдвэр байна.

Учир нь хариуцагч нь удаа дараа бичгээр болон амаар ажилдаа орохоор хүсэлт гаргаж байхад уг хүсэлтийг ямар нэг байдлаар шийдвэрлэлгүй орхигдуулж, хүлээлгэж байсан бөгөөд миний бие шийдэж өгнө хэмээн хүлээж байсаар эцэстээ шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэхээр хандсан байхад, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй гаргаагүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч миний бие нэхэмжлэл гаргаж байх үед миний ажлын байрны орон тоо сул байсан бөгөөд Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар тогтоолоор миний ажиллаж байсан Гадаад хамтын ажиллагааны алба гэсэн нэгж байхгүй байгаа ч чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх нь тодорхойгүй байсан.

Учир нь уг 20 дугаар тушаалын дагуу хариуцагчаас албан тушаалын тодорхойлолтоо Төрийн албаны тухай хуулийн дагуу батлан гаргаагүй гэж тайлбарласаар байхад шүүхээс энэ байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хариуцагчийн тайлбарт хэт хөтлөгдөн, энэ байдлаа булзааруулахын тулд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т хэсэгт заасны дагуу тодорхойлсон гэж үзэж албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдээгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын хуулийн дагуу шүүх, шүүгч нь хараат бусаар ажиллах ёстой гэж иргэн миний бие ойлгож явдаг бөгөөд анхан шатны шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахад цааргалан уурлаж, шүүгч “би л лав төрийн байгууллага, төр засагтаа /хариуцагч/ итгэж байна” гэж хэлж байсан нь шүүх хуралдааны бичлэгт хадгалагдан үлдсэн гэж бодож байна. Энэ нь шүүгч хараат бусаар хэргийг шийдсэн эсэхэд эргэлзээ төрүүлж, хариуцагчийн талд илт байгааг харуулж байсан болно.

Миний бие нэгэнт миний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт гаргуулахаар шүүхэд хандсан боловч хүлээн аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “өмнө эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажлын байраар хангах болгон өөрчилсөн” энэ талаар шүүхэд хандан тайлбарласан байхад шүүгч энэ байдлыг огт хүлээж аваагүй бөгөөд өөрчилсөн шаардлагатай холбоотой дүгнэлт огт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий боловч баримтлах ёстой хуулийн заалтыг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Б Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад холбогдуулан “П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалд эгүүлэн авахгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалтай дүйцэхүйц буюу АА-7-3 ангилал зэрэглэлтэй ажлын байраар хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх, 2019 оны 06 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 37,023,055 төгрөг олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалаар Гадаад хамтын ажиллагааны шинжээч П.Б-ийг 6 сараас дээш хугацаатай шинэ дадлага, туршлага эзэмших сургалтад бэлтгэгдэхээр болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь түр чөлөөлснөөр тэрбээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт зааснаар төрийн албаны нөөцөд байгаад тооцогдоно.

Хэдийгээр уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байх”-ыг ойлгохоор, өөрөөр хэлбэл сул орон тоонд “төрийн албанаас түр чөлөөлөгдсөн”-ийг хамруулаагүй боловч энэ тохиолдолд хариуцагчийн тухайд ажлын байрыг хадгалах үүрэг хүлээхгүй.

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалын 2 дахь заалтад “П.Б-ийн суралцах хугацаанд ногдох Хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон зохих санд төлөхийг Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэсэн нь тухайн үед П.Б-ийн гаргасан өргөдөлд үндэслэгдсэн, тухайлбал 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтэд “ажлаас түр чөлөөлөгдөх, , нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” гэж бичсэнтэй холбоотой, иймд уг тушаалыг хэрэгжүүлэх эсэх нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарахаас бус энэхүү тушаал нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл биш.

Нэгэнт нөөцөд байгаад тооцогдсоноор нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны сул орон тоо гарсан тохиолдолд тусгай /тухайн албан тушаалын/ шалгалтыг өгч сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланд “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохих албанд ажиллах хүсэл, сонирхолтой байгааг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэж, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбатад “... ажилд минь эгүүлэн томилуулж ажиллуулах талаар анхаарал тавьж өгнө үү” гэж тус тус хүсэлт гаргасантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/1347 дугаар албан бичигт “ ... төрийн албанаас түр чөлөөлөгдсөн иргэн төрийн албаны тусгай шалгалт өгсний үндсэн дээр зохих журмын дагуу албан тушаалд томилогдох зохицуулалттай...” гэж үзсэнийг ч тэмдэглэх нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт баримтлах ёсгүй хуулийн заалтыг баримталсан байх тул уг заалтуудыг хассан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.3.5, 16.5.9” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР 

ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ