Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 510

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Иргэдийн төлөөлөгч Н.Ганбат,

            Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

            Улсын яллагч А.Нямсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундрам, түүний өмгөөлөгч Т.Одгал ,

Шинжээч эмч Б.Ариунзул,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Э.Ганбат, Г.Чинбаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт холбогдох 1911023070950 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Харчин овогт 1965 оны 11 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Мөнхзулын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-59 тоотод оршин суух бүртгэлтэй,

- урьд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 -1986 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн шүүхийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1989 оны 03 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан,

  • 1994 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 25 жилээр тогтоосон, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 321 дүгээр шүүгчийн захирамжаар хорих ялаас үлдсэн 04 жил 07 cap 21 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,
  • 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ВЭ65112211.

 

Шүүгдэгч Д.Г нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-59 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Тулгатай “утас алга болсон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гэрийнхээ хогийн шүүрээр толгойн тус газар нь цохиж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүх хуралдаанаар доорхи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Д.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 84-ын буудал дээр 10 цагийн үед Тулгатай таарсан. Бид хоёр гудамжинд архи ууя гэж байгаад манай гэрт очсон. Манайд миний хамтран амьдрагч, Тулга бид гурав 2 шил архи хамт уусан. Бид гурвыг архи ууж байхад Аачка гэх хүн бас 2 шил архи, Улаанаа, Төсгөө хоёр бас 2 шил архитай орж ирсэн. Авч ирсан архинуудаа хувааж уугаад бүгд манайд хоносон. Маргааш нь бүгд мөнгөө нийлүүлж бас архи авч уусан. Өдөр нь Улаанаа хүнтэй уулзаад ирье гэж “Бөмбөгөр” худалдааны төв рүү яваад нэг хүүхэн дагуулаад 2 шил архитай ирсэн. Авч ирсэн архийг нь ууж хоносон. Өглөө нь дахиж архи уух гээд мөнгө хайж Тулгыг сэрээх гэсэн боловч сэрээгүй. Халаасыг нь үзтэл өмдөндөө шээсэн байсан. Улаанаа, Төгсөө хоёр Тулгыг цохиод байсан. Манайд авч ирсэн ууттай чихрийг Улаанаа бид 2 зарах гэсэн боловч зарж чадаагүй. Бид хоёр буцаж ирээд Бороо гэх хүнээс 20000 төгрөг зээлж дэлгүүрээс 2 шил архи, тамхи, гоймон зэрэг ойр зуурын идэх юм авсан. Би буцаж ирээд Тулгыг зодлоо гэж манай гэрт хамт архи уусан хүмүүсийг “Та нар бүгдээрээ яв” гэж хөөсөн. Тулга өглөө тэр хэдэд цохиулж, зодуулснаас хойш хөдлөөгүй. Намайг тэр хэдийг хөөхөд Тулгыг тэр хэд цохиод байсан. Би “Битгий цохь, наад хүн чинь толгооны өвчтэй” гэж хэлсэн. Би хутга гаргаж ирээд яв гэхэд тэр хэд явсан. Тулга газар хэвтэж байсан. Би хутгаа дэрэн доороо хийгээд орон дээр унтсан. Намайг унтаж байхад гаднаас Эрдэнэбат орж ирсэн. Намайг сэрэхэд Тулга хурхирч байгаа юм шиг сонин дугарч байсан. Би унтаж байна гэж бодсон. Эрдэнэбат жоохон амръя гээд Тулгын хажуугаар 20-30 минут хэвтсэн. Эрдэнэбат удалгүй явсан. Эрдэнэбатыг явснаас хойш би орон дээр хэвтэж байгаад унтсан байсан. Намайг гадагшаа гарахад Тулга шатны хажуугаар газар унасан байсан. Надад гар утас байгаагүй. Утсаар ярих гэж буудлын түргэн үйлчилгээний цэгээс гуйсан боловч утсаар яриулаагүй. Би хүний утсаар ярьж цагдаад дуудлага өгсөн. Намайг цагдаа дуудчихаад гэртээ иртэл манай гэрийн урд цагдаагийн машин байсан. Тулгыг түргэний машинаар авч явсан. Намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү авч явсан. Тэндээс эрүүлжүүлэх рүү намайг хүргэсэн. Эрүүлжүүлэх газар намайг аваагүй. Намайг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр аваачсан. Надаас мэдүүлэг авахдаа цонхоо битүүлж, хаалгаа дотроос нь түгжиж байгаад намайг нүцэглэж байгаад зодож, дарамталсан. Намайг “Чи Тулгын толгой руу юмаар цохисон биз дээ” гэсэн. Би байцаагчид худал хэлсэн. Намайг зодож надаас мэдүүлэг авсныхаа дараа өмгөөлөгч авч ирсэн. Тэр өмгөөлөгч утсаар тоглоод суугаад байсан. Дараа нь намайг Шар хадны сэтгэцийн эмнэлэгт үзүүлэх гээд явж байхад намайг таниагүй. Ямар учиртай өмгөөлөгч байсныг мэдээгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

Шүүгдэгч Д.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /167-171/ “..Тэгээд 14-15 цагийн хооронд би тасраад унтсан ба гаднаас хүн орж ирэхээр нь харсан чинь Эрдэнэбат гээд манай хүргэн ах 16.00 цагийн үед орж ирсэн. Тэгээд манай хүргэн ах жоохон хэвтэж байгаад явъя гээд 20-30 минут Тулгын хажуугаар газар хэвтэж байгаад 13-р хороололд байх гэрлүүгээ явлаа гээд явсан. Эрдэнэбат орж ирэхдээ 0,5л-н Стандарт нэртэй архи авч орж ирсэн ба тэр нь тал байсан. Тэрийг нь Тулга бид хоёр хувааж уугаад байж байтал Тулга өөрийн утсаараа ярих гээд утсаа хайгаад олоогүй ба надаас утсаа нэхээд намайг авсан гээд бид хоёр хэрэлдэж маргалдсан ба миний уур хүрээд өрөөний зуухны дэргэд байх хогийн шүүрийг баруун гараараа аваад Тулгын толгойны зүүн талд байна уу даа нэг удаа цохисон. Тэгсэн чинь Тулга шууд газар унаад хэвтсэн ба сонин хурхирах чимээ гаргаад байсан. Би унтаж байгаа юм байх гэж бодоод өрөөндөө байх өөрийнхөө орон дээр хэвтэж байтал Тулга бүүр сонин дугараад байсан. Тэгэхээр нь би очоод татсан чинь ямар ч хөдөлгөөн байхгүй бие нь халуунаараа байсан. Тэгэхээр нь би баруун гарных нь бугуй хэсгийн судсыг нь барьж үзэхэд цохилохгүй байхаар нь нэг цагдаа дууддаг юм уу гэж бодож байгаад болиод гадаа гаргаад тавья гэж бодоод хоёр гараараа нуруу хэсгээр нь тэврээд арагшаа чирч яваад довжоо хэсэг дээр очоод Тулгыг алдаад хаалганы зүүн хэсэг рүү алдсан. Тэр үед Тулга биенийхээ толгой хэсгээрээ оочсон ба би хашаанаас гараад гэрийнхээ ойролцоо байх Олон дэлгүүр орж худалдагчийн утсаар 102 дугаар руу залгаж манай хашаан дотор нэг хүн үхчихсэн юм шиг байна гэж дуудлага өгсөн ба тэр үед цаг 17.00 цаг өнгөрч байсан ба би тухайн үед би гэрийнхээ цагийг харж байсан..утсыг нь харахад жижиг товчлууртай нокиа маркийн утас байсан. Би зүүн гараа 10 гаруй хоногийн өмнө гэрийнхээ таамбар луу гарч байгаад шат нь хагараад унаж гэмтээсэн. Талийгаачийг зөөх үед өвдөж байсан боловч тэрийгээ тоолгүй тэврээд чирсэн. Надад ямар нэгэн тусалсан хүн байхгүй. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Урьд мэдүүлгэн дээрээ балмагдаад үнэн зөв хэлж чадаагүй. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундрамаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Манай үеэл ах намайг ажил дээр байхад 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр надруу залгасан. Үеэл ах “Ахын дүү тайван байгаарай” гэж хэлээд надад болсон хэргийн талаар хэлж, цогцос таниулах ажиллагаа хийнэ гэж намайг Шүүх эмнэлэг дээр дуудсан. Би тухайн үед ингэж мэдсэн. Манай ах сайхан сэтгэлтэй, хүнд гай болдоггүй, хүний уур хүргэхээр үг хэлдэггүй, мөрөөрөө байдаг байсан. Ээж дүү нартаа тус дэм болдог байсан. Энэ гэмт хэргийн улмаас их зардал гарсан. Баримтгүй олон зардал гарснаас гадна хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ өөр мэдүүлгийг өнөөдрийн шүүх хуралдаан мэдүүлж байгаа нь ойгомжгүй байна. Байцаагч шүүрээр цохьсон гэж хэл гэж дарамталж хэлээгүй байх гэж бодож байна. Гэмт хэрэгтэнд хийсэн үйлдэлд нь тохирсон шийтгэл оногдуулж өгнө үү. Маш их гомдолтой байна..” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундрамаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-38-39, 41/ “..Ах маань 2010 оны өвөл автобусны буудал дээр автобусанд суух гээд гүйж байхдаа мөсөн дээр хальтарч унаад тархиндаа гэмтэл авсан ба 70 хувийн группт байдаг. 2010 оноос хойш гэмтлээсээ болоод ажил төрөл сайн хийж чадахгүй байсан. Би Ганзориг гэх хүний нэрийг ерөөсөө сонсож байгаагүй танихгүй хүн байна. Талийгаач ах маань Амгалангийн хорих ангид 2007 онд 1 жил ял эдэлж байсан талаар нь санаж байна. Би талийгаач Б.Тулгатай хамгийн сүүлд сарын өмнө л утсаар холбогдсон санагдаж байна. Манай ээж 2019 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр өөрийн 86834233 дугаарын утсаараа ахын 94701202 дугаар руу залгахад талийгаач халамцуу байсан ба цаана нь хүүхдүүд дуугараад байсан гэсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бас залгасан чинь утсыг нь хөгшин эмэгтэй хүн авсан гэсэн ба Тулгаатай ярья гэсэн чинь Тулгаагийн утсыг би хулгайлсан байна, хохь чинь, яадаг юм гээд салгасан гэсэн. Тэрнээс хойш холбогдоогүй гэсэн...”, “...Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Одоо нийт баримттай зардал нь 7.727.402 төгрөг боловч баримтгүй маш олон зардал гарсанаас гадна хүний амь насыг мөнгөөр үнэлж болохгүй шүү дээ. Дээрээс нь аравхан настай охин, ээж, дүү нар гээд маш сэтгэл санааны хүнд байдалд байна. Маш их гомдолтой байна. Би талийгаачийг ямар загварын гар утастай болохыг сайн мэдэхгүй байна. Товчтой хар нокиа маркын гар утастай л явж байсан байх..” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Ууганцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-48/ “..Талийгаач хамгийн сүүлд гэрээсээ 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гарсан ба бид хоёр гэр бүлийн жоохон маргаантай байсан. Тэгээд утсаар байнга холбоотой байсан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би утас руу ярихад нилээн согтуу гэртэйгээ ойрхон байна, одоо очлоо гэх зэрэг зүйл яриад утас нь тасарсан. 88678484 гэсэн дугаар нь манай төрсөн дүү Түвшинжаргалын Ганхуягийн дугаар байгаа юм. Манай дүү надад хэлэхдээ Тулгаа ах над руу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр оройхон залгаад намайг ирээд аваач гээд согтуу ярьсан гэсэн. Тэгэхээр нь хаана байгаа юм бэ гэхээр хаана байгаа газраа хэлэхгүй болохоор нь очиж чадаагүй гэсэн ба дахин залгахад сүүлдээ утас нь холбогдохоо больсон гэсэн. Би Д.Г, Ц.Мөнхзул гэх хүмүүсийг ерөөсөө танихгүй. Манай нөхрийн биед ямар ч гэмтэл байгаагүй..” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-50, 52/ “..Ганзориг бид хоёр 2012 оны 03 дугаар сард архи ууж байгаад танилцаж байсан бөгөөд Ганзоригийн гэр нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 4-59 тоотод байдаг байсан. Одоо ч тэндээ байгаа бөгөөд 2012 оноос хойш бид хоёрт хамт амьдарч байгаа. Би архины хамааралд ороод 12 гаруй жил болж байна. Харин Ганзориг танилцахдаа нэг их уудаггүй байсан боловч сүүлийн хэдэн жил надтай барьцаад архи их уух болсон. Би Аачка, Төгсөө, Улаанаа гэх хочтой эдгээр хүмүүсийг таних ба олон жил хамт архи ууж явж байна. Энэ хүмүүс тогтсон ямар нэг гэр орон байхгүй...”, “...яг үнэнийг хэлэхэд би 2011 оноос архины хамааралд орсон хүн. Өдөрт хийдэг ажил гэвэл хүмүүстэй нийлж архи дарс л уудаг. Тийм болохоор хүний нүүр царай тогтооно, санана гэдэг хэцүүхэн болсон. Би талийгаачийн утасны биллийг харлаа. Таны хэлсэн дээрх дугаарууд дандаа миний дотны хүмүүс байна. Тэгэхээр манайд талийгаач 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирсэн болж таарч байна. Д.Гийн гэр нь ерөнхийдөө архичид цуглаж хонож өнждөг газар болсон. Тиймээс хүмүүс орж ирээд гарч л байдаг тэр болгоныг би танихгүй. Магадгүй тухайн үедээ ч согтуу байсан байх. Ер нь би утасгүй үедээ гэртээ байгаа утсыг аваад л ярьдаг. Тэгээд согтуудаа утсыг нь аваад 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө гэрээсээ гараад 94904694 дугаартай найз Б.Ганзоригтой холбогдоод ТБД андуудын хажууд байх Хавана гэх зочид буудалд очсон. Утасны биллийг нь харахад 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө миний таньдаг дугаар алга. Тийм болохоор талийгаач 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирээд би утсыг нь аваад хамгийн эхэнд Б.Ганзориг руу залгасан байна. Тухайн үед гар утас нь товчлууртай жижиг утас л байсан. Яг маркийг нь санахгүй байна. Мөн утсыг нь яасан талаар санахгүй байна. Ихэвчлэн архиар солиод архи аваад уучихдаг юм..” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-55/ “..2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байна уу, 09 дүгээр сарын 04-ний өдөр очиход Ганзориг орон дээрээ унтаж байсан ба газар нэг залуу унтаж байсан. Гэхдээ би тухайн үед согтуу явж байсан болохоор их л бүдэг санаж байна. Намайг орох үед ямар ч байсан Д.Г сэрээд намайг та яах гэж байгаа юм гээд гэрээсээ хөөсөн. Тэгээд би хэдэн минут болоод яваад өгсөн. Би Д.Гийн гэрт очих үед газар унтаж байсан залуу сэрээгүй. Би тэр залууг урьд нь харж байгаагүй залуу байх шиг байсан. Намайг орох үед ямар ч байсан дээшээ харчихсан хоёр гараа гэдэс, цээжний орчим байрлуулсан, цээж нүцгэн, хар өмдтэй байсан санагдаж байна. Миний санаж байгаагаар ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Би тал шил архи өгсөн гэдгийг ерөөсөө санахгүй байна..” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Алтангинжээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-58-59/ “..Тэр өдөр би дэлгүүр дээрээ сууж байсан ба орой 21 цагийн үед Ганзориг халамцуу орж ирээд манай хашаанд хүн үхчихсэн байна, чи хурдан цагдаа дууд гэхээр нь би архи уучихаад элий балай юм яриад байна гэж бодоод дуудаж өгөөгүй ба дөнгөж дэлгүүрээс гараад эргэж орж ирээд чи цагдаа дуудаад өглдөө, хүн орж ирээд нас барчихлаа гэхээр нь би бас нээрээ үнэн юм болов уу гэж бодоод 102 дугаар руу өөрийн 99293648 дугаарын утсаар дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш 10 минутийн зайтай Ганзориг 2 удаа орж ирсэн ба цагдаа дуудсан уу гэхээр нь би дуудсан гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд Ганзориг гэрт очсон байх. Ганзориг 2019 оны 09 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд худалдан авалт хийгээгүй санагдаж байна..” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Баттөгсөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-61-62/ “..Намайг бага байхад Улаанаа гэж хочилдог байсан ба хамт архи уудаг хүмүүс маань хүртэл Улаанаа гэж хочилдог. Би болсон хэргийн талаар яг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байх надтай хамт архи уудаг Жаахан бор буюу Нандинцэцэг, Төгсөө буюу Мөнхтөгс нарын хамт 2 шил 0.75 граммтай Хандгай нэртэй архи аваад Ганзориг ахын гэрт очсон. Тэдний гэрт очих үед Ганзориг ах болон хөөрхөн Тулгаа байсан. Тэр хоёр хоёулаа хэвтэж байсан ба халамцуу байсан бөгөөд бид нар хамт 2 шил 0.75 граммын архи уусан. Тэгээд оройхон дахиж нэг шил архи аваад бөөнөөрөө уугаад унтсан ба маргааш нь өглөө босоод дахиж 2 шил 0.75 литрийн архи авсан. Тэгээд тэрийгээ бас л ууж дуусаад 09 цагийн үед Нандинцэцэг, Төгсөө бид гурав Ганзориг ахын гэрээс яваад Ганзориг, Тулга хоёр үлдсэн. Бид гурав Бөмбөгөр ороод бас архи уудаг хүмүүстэй уулзаад архи уусан. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Тулгыг хөөрхөн Тулга гэж хочилдог ба бас хархорин зах, саппора орчим архи уудаг. Ганзоригийн гэрт урьд нь таарч байгаагүй бөгөөд анх очиход таниагүй дараа нь сайн хараад таньсан. Би Ганзориг ахын гэрт очих үед Тулга хар өнгийн хувцастай, хар өнгийн ботинктой, улаан цагаан өнгийн судалтай футболктой байсан. Намайг очих үед Тулгын биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Би Аачка гэх хүнийг танихгүй. Тухайн үед Ганзориг, Нандинцэцэг, Төгсөө, Тулга бид тав байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй санагдаж байна. Гэхдээ харвал таних байх. Төгсөөг Мөнхтөгс гэдэг шиг санагдаж байна. Монтелын гар утас зардаг орчимд л архи уудаг. Гэр орон гээд байх зүйлийг нь би бас мэдэхгүй байна. Тэр үед ерөөсөө ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Бид нар авсан архиа уугаад л унтаад тэндээсээ явсан..” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Даваасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-64-65/ “..Зарим зүйлсээ сайн санахгүй байна. Тэгээд яг 2019 оны 09 дүгээр сарын эхээр Ганзориг ахын гэрт өглөө 11 цагийн үед 2 шил архи 0.75 граммын Хараа нэртэй архи, талх, бэлэн хоол зэрэг авч очсон. Намайг очих үед Ганзориг ахын эхнэр Мөнхзулын таньдаг дүү нар гэх 20-25 орчим насны хоёр эрэгтэй хүн байсан. Харин Ганзориг гэртээ унтаж байсан ба нөгөө хүмүүс гадаа архи ууж байсан. Харин Ганзориг ах гэртээ унтаж байсан ба нөгөө хүмүүс гадаа архи ууж байсан. Би Ганзориг ах яасан юм бэ гэхэд тасраад унтаж байгаа гэж нэг нь хэлсэн. Тэд нарын нэрийг мэдэхгүй боловч 2019 оны 07 дугаар сард бас Ганзориг ахын гэрт тааралдаж байсан. Тэгээд би тэд нартай хамт авсан архиа хамт ууж дуусгасан ба тухайн үед Мөнхзул байсан эсэхийг сайн санахгүй байна. Тэгээд тухайн өдрөө тэндээс явсан уу хоноод явсан уу бас ерөөсөө санахгүй байгаад байна. Би ер нь тэдний гэрт нэг их хоноод байдаггүй юм. Гэхдээ сайн санахгүй байгаа болохоор хоносон байхыг ч үгүйсгэхгүй. Байнга архи уудаг бид нар чинь ер нь өдөр болгон л нэг өдөр шиг санагдах юм байна шүү дээ. Би Тулга гэх хүнийг танихгүй. Мөнхзул, Ганзориг хоёр ер нь хоорондоо хэрэлдэж маргалдах тохиолдол цөөнгүй л байдаг. Харин би болон Мөнхзулын дүү нар гэх хүмүүс мөн Ганзоригийн танил хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан тохиолдол миний мэдэхийн ерөөсөө байхгүй. Намайг бага байхад Аачка гэж хочилдог.Ганзориг, Мөнхзул хоёр Даваасүрэн гэхээсээ илүү Аачка гэдгээр намайг мэддэг..” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Энхтөгсөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-67-68/ “..Би өдрийг нь яг тухайн өдөр үү үгүй юу мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн цаг хугацаанд бололтой миний таньдаг Улаанаа. Жоохон бор нарын хамт Чингэлтэй дүүргийн Хайлаастад байх Мөнхзул эгчийн гэрт 2 шил 0.75 граммын Хандгай нэртэй архи аваад очсон. Ер нь тэднийд үе үе очиж архи уудаг юм. Бид нарыг очих үед ямар ч байсан гэгээтэй байсан ба би хэдэн цаг болж байсан талаар сайн санахгүй байна. Тухайн үед Мөнхзул эгчийн нөхөр Ганзориг өөрийн нэг найзтайгаа архи уугаад сууж байсан. Тэгээд бид тав нийлээд бид нарын авсан архинаас уугаад тэндээ хоносон. Харин маргааш нь нэг шил 0.75 граммын архи уусан. Тэрийг хэн гаргасан талаар мэдэхгүй. Ямар ч байсан намайг өглөө сэрэхэд архи авчихсан байхаар нь бид нар бас хувааж уугаад Улаанаа, Жоохон бор бид гурав 09-10 цагийн хооронд гараад Бөмбөгөр худалдааны төв явсан санагдаж байна. Тэгээд тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа дахин очих үед Ганзориг ахтай үлдсэн найз нь шатнаас унаад хүзүүгээ хугалаад нас барсан гэдэг яриа гарсан байсан. Би яг хэнээс сонссон талаар мэдэхгүй байна. Хайлаастын архи уудаг хүмүүс л тэгэж ярьж байсан байх. Энэхүү зурган дээр байгаа хүн Ганзоригийн гэрт байсан найз нь гэх хүн мөн байна. Гэхдээ нүүрэн дээр нь ямар нэгэн гэмтэл тухайн үед байгаагүй. Би урьд нь бас энэ хүнтэй тааралдаж байгаагүй. Бид нар ерөөсөө хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Архиа уудгаараа уугаад унтаад маргааш нь дахиж шараа тайлна гээд нэг шил архи уугаад л Жоохон бор, Улаанаа бид гурав гэрээс нь гараад явсан..” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Нандинцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-70-71 “..Би өдрийг нь яг сайн хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Төгсөө /Энхтөгс/, Улаанаа /Баянтөгс/ нарын хамт 2 шил архи аваад Ганзориг ахын гэрт очсон. Бид гурав тийшээ явахаас өмнө Бөмбөгөр, ард кино театрын ойролцоо архи уугаад халамцуу явж байсан юм. Ганзориг ахын гэрт үе, үе хонох газаргүй болохоороо очдог ба Улаанаа намайг тэр гэрт анх зун аваачиж байсан. Би ер нь Ганзориг, Мөнхзул, Төгсөө нарыг сайн танихгүй ба Улаанаа л тэд нарыг танилцуулж байсан. Тэдний гэрт очих үед Ганзориг ах гэртээ нэг цагаандуу өнгийн футболктой эрэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан ба архи нь бараг дуусч байсан. Тэгээд бид гурав тэр хоёртой нийлээд авч ирсэн архинаасаа уугаад эхний архи дуусгаад би газар унтсан. Тэд нар үлдсэн архиа ууж үлдсэн ба би ойролцоогоор нэг цаг унтаад сэрэхэд Улаанаа миний хажууд унтаж байсан. Тухайн үед ямар ч байсан гэгээ тасарсан байсан ба би босоход бага зэрэг архи үлдсэн байхаар нь Төгсөр, Ганзориг ахтай хувааж уугаад унтсан. Харин Ганзориг ахын гэрт байсан найз нь тасраад унтаж байсан. Тэгээд маргааш өглөө нь Төгсөө, Улаанаа бид гурвын авч явж байсан ууттай чихрийг Улаанаа нэг шил 0.75 граммын архиар солиод авчирсан ба бид нар дахиж тэрнээс уугаад өглөө 09 цагийн үед Ганзориг ахын гэрээс явсан. Ганзориг ахын гэрт нь анх тэдний гэрт очиход байсан найз нь үлдсэн. Би Ганзориг ахын гэрт байсан найзыг ерөөсөө танихгүй. Урьд нь харж байгаагүй хүн байсан. Тэр хүн бид нартай архи уухдаа нэг их юм ярихгүй шартаад л байсан шиг санагдаж байна. Надад нэрээ ч хэлээгүй Би Ганзориг ахын гэрт очих үед согтуу байсан. Харин маргааш нь бараг эрүүл байсан. Намайг болон Улаанаа, Төгсөө бид гурвыг анх Ганзориг ахын гэрт очих үед болон маргааш өглөө явах хүртэл Ганзориг ахын найзынх нь нүүр болон биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Тэр үед ерөөсөө бид нар хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Ганзориг ахын гэрт хоноод маргааш нь нэг шил архи уугаад өглөө 08-09 цагийн хооронд гарсан. Угаасаа тэднийд хамгийн оройтлоо гэхэд 09 цаг хүртэл байдаг. Мөнхзул эгч тухайн үед гэртээ байгаагүй. Намайг Жаахан бор гэж багаас маань дууддаг байсан болохоор архи хамт уудаг хүмүүстэй тэгээд хэлчихсэн болохоор ихэнхи нь Жаахан бор гэж хочилдог.” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Төмөрхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-80/ “..2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Тулга өөрөө над руу халамцуу байдалтай ярьсан бөгөөд тэр өдөр архи зардаггүй байсан болохоор намайг архи олж өгөх боломж байна уу гэсэн. Тэгэхээр нь би Сансарт байх Норжин гэх худалдааны төв дотор байдаг нэг худалдагчаас авч өгөх санаатай бид хоёр өдөр 13 цаг 30 минутын үед Сансар дээр уулзсан ба Тулга согтуу явж байхаас гадна 0.33 граммын шилтэй архи талыг нь бариад явж баисан. Тэгээд бид хоёр миний таньдаг худалдагч дээр очсон чинь байхгүй байж таараад архи авч чадаагүй. Тэгэхээр нь би Тулгыг одоо гэртээ оч чи согтуу байна би өөрөө хөл муутай чамайг хүргэж өгч чадахгүй шүү гэсэн. Тэгээд Тулга ертөнцийн зүгээр хойшоо алхаад автобусанд суугаад явсан ба гэр нь Хайлаастанд байдаг гэж сонсож байсан. Тэр үед Тулгын биед ямар ч гэмтэл шарх байгаагүй..” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Алтантүлхүүрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-82/ “..Манай нөхөр үсчин мэргэжилтэй болохоор Хайлаастад таньдаг болон архи уудаг хүмүүс үсчин Билгээ гэж дууддаг юм. Би Мөнхзул гэх хүнийг таних ба архи их хэрэглэдэг нэг гар нь татсан юм шиг сонин авч явдаг. Харин Ганзориг нь түүний нөхөр гэдгээр нь мэдэх ба тэр хоёртой миний хувьд ерөөсөө хамт архи ууж байсан тохиолдол байхгүй. Би Ганзоригтой 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр таарсан талаараа санахгүй байна. Архи уудаг хүмүүс ер нь байнга шахуу тааралдаад явж байдаг. Таарсан байхыг үгүйсгэхгүй ч хамт архи ууж байсан тохиолдол байхгүй. Ганзориг надад хашаанд нь хүн нас барсан талаар ерөөсөө тийм зүйл хэлж байгаагүй..” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Билэгтээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-84/ “..Би Ц.Мөнхзул гэх хүнийг танина. Ер нь Хайлаастад архи уудаг бөгөөд заримдаа намайг явж байхаар архи ууж таардаг. Тэгээд л хамт уудаг байсан. Харин Ганзориг гэдэг нь түүний нөхөр юм шиг байгаа юм. Би нэг их сайн танихгүй ч хараад Мөнхзулын нөхөр байна гэдгийг мэднэ. Би Ганзоригтой Хайлаастад яг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр таарсан талаараа санахгүй байна. Угаасаа Хайлаастад архи уудаг хүмүүс өдөр болгон шахуу л бие биетэйгээ тааралдаж байдаг. Надад Ганзориг хашаанд нь хүн нас барсан талаар хэлж байгаагүй. Харин сүүлд 2019 оны 10 дугаар сарын дундуур хүмүүс Ганзоригийн хашаанд хүн нас барсан гэж яриа ярьж байсан. Тэгэж л анх мэдсэн..” гэх мэдүүлэг,

Гэрч С.Тогосгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-86/ “..Б.Тулга бол миний төрсөн хүүхэд. Хамгийн сүүлд утсаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн үед ярихад нэг айлд байсан ба бага зэргийн халамцуу байсан. Тухайн үед би хүүхдээ өөрийн эхнэртэйгээ таарамжгүй байгаа юм уу, гэртээ харих хэрэгтэй, яг хаана байгаа юм бэ гэхээр ерөөсөө юм хэлэхгүй одоо би удахгүй гэртээ очно гэж ярьсан. Тэгээд дахиад загнах гэтэл заза ээжээ харьлаа гээд л утсаа тасалсан. Цаана нь олон хүмүүс шуугилдаад байсан ба тэрнээс хойш бид дахиж залгаагүй. Харин маргааш нь 11 цагийн үед залгахад утсаа ерөөсөө авахгүй байсан ба орой 19 цагийн үед залгахад нэг эмэгтэй хүн авсан ба Тулгатай ярих хэрэгтэй байна гэхэд согтуу эмэгтэй юун Тулгаа утсыг нь би авчихсан хохино гээд тасалсан. Тэрнээс хойш ерөөсөө холбогдож чадаагүй. Надад манай хүү хүнд цохиулсан зодуулсан гэж ерөөсөө тийм зүйл хэлээгүй. 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ярихад удахгүй гэр лүүгээ явлаа л гэж ярьсан. Би Д.Г болон Ц.Мөнхзул гэдэг хүмүүсийг танихгүй. Би маш их гомдолтой байна, зөв зүгээр байсан хүү маань байхгүй болчихлоо гомдолтой байна. Надад маш их хэцүү байна. Үнэн хэргийг шийдэж өгнө үү..” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №1912 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /1хх-90-92/ “..Талийгаачид зүүн чамархай булчинд цус хуралт, их тархины зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс дорхи цусан хураа, тархины гүүрийн эд доторхи цусан хураа, бага тархины зүүн тал бөмбөгийн аалзан хальсан дорхи голомтлог цус хуралт, хамрын зүүн дээвзр ясны хугарал, зүүн хацрын төвгөр хэсэг, хамрын зүүн хажуугийн зулгарал, зүүн чихний дэлбээ, чихний арын нугалаас, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл болох тархины гүүрийн суурь хэсгийн эд доторхи цусан хурааны улмаас нас баржээ. Талийгаач нь зүүн чамархайн ясанд цооног гаргах мэс заслын дараах байдалтай байсан нь үхэлд нөлөөлсөн байна. Талийгаачийн зүүн дээд доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, хамрын зүүн хажуугийн зулгарал зүүн чихний дэлбээ, чихний арын нугалаас, хөхлөг сэртэнгийн цус хуралт, эрүүний ооч хэсгийн цус хуралт, баруун тохойн зулгарал, зүүн тохойн цус хуралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт баруун тохойн зулгарал, зүүн тохойн цус хуралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Гэмтлүүд нь амьд үед үүсгэгдсэн гэмтлүүд байна. Гэмтлүүдийн үүссэн дараалал тогтоох боломжгүй. Гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Талийгаач тархины гэмтэл авсан даруйдаа нас бараагүй, зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс дорх цусан хураа нэмэгдэж тархи дарагдах хүртэлх хэсэг хугацаанд амьд байх боломжтой ба үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Уг цусан хураа талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн хугацаа байх боломжтой. Талийгаачийг үхэлд хүргэсэн тархины гэмтэл өндрөөс унах болон явганаас унахад үүсээгүй байна. Цусны 2-р бүлэгтэй байна...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №124 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-182-185/ “..Гавал тархины битүү гэмтэл болох зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс дорхи цусан хураа нас барахаас 18 цагийн өмнө үүсгэгдсэн, тархины гүүрийн эд доторхи цусан хураа нь нас барахаас өмнөхөн тархи дарагдаж шахагдан хавагнасны улмаас хоёрдогчоор үүссэн байна.” гэх дүгнэлт,

 

Шүүхийн сэтгэц эмгэг судлалын №1077 дугаар дүгнэлтэнд: /хх-109-110/ “...Ганзориг нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Д.Гт одоогоор сэтгэцийн өвчний шинж тэмдэг илрэхгүй байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Г нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Д.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. Д.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай..” гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №4548 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-131-132/  “..Шинжилгээнд “Хандгай”, “Монгол стандарт” архины шилнүүдээс 7 ширхэг гарын мөр илэрсэн. Илэрсэн “1,3,4,6” дугаартай 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “2,5,7” дугаартай 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Тэнцсэн “1,3” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн мөрүүдтэй тохирохгүй. “4,6” дугаартай 2 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000510001645, MN000110001981, MN000210023139 дугаараар 4 удаа бүртгэгдсэн Биндэръяагийн Тулгын зүүн гарын ядам, баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн.” гэх дүгнэлт

Шинжээч эмч Б.Ариунзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүлэхдээ: “..Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэх ба уг гэмтлийг талийгаач авсан даруйдаа нас бараагүй, цусан хураа талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор гэдэг нь 0-24 цагийн доторх хугацааг хамаарна. Заавал 24 цаг биш юм. Талийгаачийн зүүн чамархай ясанд цооног гаргах мэс заслын дараах байдалтай байсан нь талийгаачийн тархины гэмтэлтэй шалтгаант холбоотой бөгөөд дүгнэлтэнд мэс заслын дараах байдал нь нөлөөлсөн гэж дэлгэрэнгүй бичсэн байгаа. Мэс заслын дараах байдал гэдэг нь мэс засал хийснээс хойших бүх л хугацааг хэлнэ. Талийгаачийн хамрын зүүн дээвэр ясны хугарал нь шинэ гэмтэл байсан. Талийгаачид учирсан гэмтлүүд аль аль нь унаснаас эсхүл цохилтоос үүсч болно. Хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан талийгаачийг цохисон гэх хогийн шүүрээр нас бие гүйцсэн 50-60 насны хүн нэг удаа цохиход талийгаачид учирсан тархины гэмтэл үүсэх эсэх нь тухайн хүний цохилтын хүчнээс хамаарна...”, “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан 1912 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтэнд талийгаач нь зүүн чамархай ясанд, цооног гаргах мэс заслын дараах байдалтай байсан нь үхэлд нөлөөлсөн байна гэдэг нь талийгаач толгойн зүүн чамархай хэсэгт гэмтэл авсан байдаг. Хүний гавлан яс тархины гадуур нь бүрхэж хамгаалах үүрэгтэй бөгөөд талийгаач зүүн чамархай хэсэгтээ цооног гаргуулсан, өөрөөр хэлбэл ясгүй учраас гэмтэл үүсэх магадлал төдийн чинээ өндөр гэсэн үг. Талийгаачийн тархины ясанд цооног гаргах мэс засал хийлгээгүй бүтэн ястай байсан ч гавал тархины битүү гэмтэл авч амьд үлдэх боломжгүй байсан...”, “...одоо тус цусан хураа үүссэн хугацааг эд эсийн шинжилгээгээр тогтоох боломжтой. Тухайн үед хийгдээгүй шалтгаан нь урвалж бодис дууссан байсан. 24 цагийг бусад шинжээр нь тодорхойлон гаргасан...”, “...124 дугаартай дүгнэлтэнд гавал тархины битүү гэмтэл болон зүүн зулай, чамархай хэсгийн хажуу хальс дорхи цусан хураа нас барахаас 18 цагийн өмнө үүсгэгдсэн. Энэхүү 18 цагийн хугацаа нь өмнө мэдүүлэгт дурдсантай адил 0-18 цаг хүртэл хугацааг ойлгоно. Хамгийн дээд хугацаа 18 цаг ба өмнөх дүгнэлтэн дээрх 24 цаг гэсэн нь эд эсийн шинжилгээгээр илүү нарийвчлан гарч 18 цаг болсон гэсэн үг юм..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-189/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-199/, зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

2019 оны 09 дүгээр сарын 03- ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 4-59 тоотод шүүгдэгч Д.Г, талийгаач Б.Тулга нар архи ууж, согтуурсан үедээ Б.Тулга нь утас алга болчихлоо, чи авсан гэж шүүгдэгч Д.Гоос нэхэж хэрүүл маргаан эхэлсэн эхлүүлж улмаар шүүгдэгч Д.Г нь зуухны дэргэд байсан хогийн шүрээр Б.Тулгын толгойн зүүн талд цохиход тэрээр тэр дороо газар унаж хурхирах мэт чимээ гарган ухаангүй болоход шүүгдэгч Д.Г гэрээсээ гарган гадаа довжооруу унагасан байна.

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр ..талийгаачид зүүн чамархай булчинд цус хуралт, их тархины зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс дорхи цусан хураа, тархины гүүрийн эд доторхи цусан хураа, бага тархины зүүн тал бөмбөгийн аалзан хальсан дорхи голомтлог цус хуралт, хамрын зүүн дээвзр ясны хугарал, зүүн хацрын төвгөр хэсэг, хамрын зүүн хажуугийн зулгарал, зүүн чихний дэлбээ, чихний арын нугалаас, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоодсон. Энэ гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд талийгаач гавал тархины битүү гэмтэл болох тархины гүүрийн суурь хэсгийн эд доторхи цусан хурааны улмаас нас барсан болохыг дүгнэсэн байна.

Шүүгдэгч Д.Г талийгаачийг цохисоны улмаас талийгаачийн тархины гүүрийн суурь хэсгийн эд дотор цусан хураа үүсч хурхирах мэт чимээ гарган ухаангүй болж зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс дорх цусан хураа нэмэгдэж тархи дарагдах хүртэлх хэсэг хугацаанд амьд байсан гэж шинжээч мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Г талийгаач Б.Тулга нь 2010 онд хорих ангид ял эдлэж байхдаа танилцсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тааралдаж шүүгдэгчийн гэрт бусадтай 2 өдөр архи ууж согтуурсан бөгөөд тэнд байнга архи уудаг, архины хамааралтай болохыг гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч Д.Г маргаж би цохиогүй, анх өгсөн мэдүүлгийг цагдаа нар дарамталж авсан гэж байх боловч өмгөөлөгчийн хамт өөрөө мэдүүлэг өгч байгаа нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си-ди дэх баримтаар үгүйсгэгдэж байна. Мөн түүний өмгөөлөгч нараас шүүгдэгч өмнө сэтгэцийн өвчтэй байсан талаар баримт шүүх хуралдаанд гаргаж танилцуулан шүүгдэгчийн сэтгэцийг дахин шалгуулах хүсэлт гаргасан боловч энэ нь 1983 онд сэтгэцийн өвчиний улмаас цэргийн албанд тэнцэхгүй талаарх баримт байсан, хэрэгт Шүүхийн сэтгэц эмгэг судлалын №1077 дугаар дүгнэлтээр шүүгдэгч Д.Г нь ямар нэг сэтгэцийн өвчингүй талаар комисс дүгнэсэн байх тул хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч Д.Г нь Б.Тулгыг алсан болох нь тогтоогдож байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Харчин овогт Дашцэрэвийн Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийн бүрдэл хангагдсан, нэмж шалгах зүйлгүй, хэрэгт хамаарал бүхий яллах болон цагаатгах баримтыг бүрэн цуглуулсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлагыг хангаж буй баримтаар тогтоогдсон 6.284.602 төгрөгийн төлбөртэйг тогтоосоны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлөх тухай хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан болно.

 

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Д.Г хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундрамд 6.284.602 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч болон талийгаач нарын хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдэх үед аль аль нь согтуурсан байсан бөгөөд хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, талийгаач нь зүүн чамархайн ясанд цооног гаргах мэс заслын дараах байдалтай байсан нь үхэлд нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзах нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь судлан дүгнэж, шүүгдэгчид дээрхи хуульд заасан хорих ялын хэмжээг багаар тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хогийн шүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, си-диг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч  Д.Г нь 2019 оны 9 сарын 04-ний өдрөөс эхлэн нийт 296 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийн цагдан хоригдсон 296 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хогийн шүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг си-диг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР

 

                                   ШҮҮГЧИД                            П.АРИУНБОЛД

 

                                                                                       Д.РЕНЧЕНХОРОЛ