Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

 

 

   2020          05          28                                     2020/ШЦТ/542

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн /РД: УС000000/ Х овогт Г.Н-д холбогдох эрүүгийн 2005009850574 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.Н- нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.О- “Иргэний нисэхийн ерөнхий газарт сандал ширээ нийлүүлэх яаралтай ажил байна, хамтарч ажиллъя мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 6.000.000 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 8.850.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Н- шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөр байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.З- мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр М- над руу залгаад миний таньдаг хүн болох Г.Н- нэг хийх ажил байгаа гээд байна чам руу Г.Н- өөрөө залгах байх тэгээд чи Г.Н-тай яриад ямар ажил гэдгийг нь мэдчих гэж хэлсэн юм. Тэгтэл удалгүй 00000000 дугаарын гар утаснаас танай эхнэрийн чинь ярьсан Г.Н- гэж хүн байна, би У гишүүний туслах хийдэг ажилтай хүн байгаа юм. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Б гэж хүнтэй ойрхон ажиллаж байсан. Энэ он дуусахаар иргэний Нисэхийн ерөнхий газар руу сандал, ширээ нийлүүлэх яаралтай ажил байгаа юм. Энэ ажилд танай компаниар гэрээ хийгээд бараа материал нийлүүлчихье, нийт дүн нь 290.0000.000 төгрөгийн ажил байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 26-нд мөнгө шилжиж ороход бэлэн болчихоод байгаа юм. Энэ мөнгийг чиний компаниар мөнгийг нь оруулаад гялс энэ ажлыг хийчихье гэж хэлсэн юм. Чи холбогдох компанийхаа бичиг баримтыг мессенжер чатаар явуулчих гэхээр нь би явуулсан юм. Одоо 12.000.000 төгрөг хэрэг болоод байна, 6.000.000 төгрөгийг би өөрөөсөө зохицуулчихлаа чи үлдсэн 6.000.000 төгрөгийг нь зохицуулчих гэхээр нь би тэгье гээд зөвшөөрсөн юм. Тэгсэн Г.Н- 6.000.000 төгрөгөө миний ээжийн Төрийн банкны 0000000000 тоот данс руу шилжүүлчих гэхээр нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сая төгрөг шилжүүлэх гэхээр нь гүйлгээний утган дээр “зээлэв” гэж бичээд мөнгөө шилжүүлсэн юм. Удалгүй дараа нь дахиад мөнгө хэрэгтэй байна нөгөө ажил чинь өнөөдөр бүтэх гээд байна гэхээр нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 8.850.000 төгрөгийг хаан банкны 000000000 тоот данс руу шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн. ...Г.Н- удахгүй ажил бүтнэ, маргааш бүтэх гэж байна гэсээр байгаад өнөөдрийг хүртэл худлаа яриад яваад байгаа юм. Би Г.Н- гар утас руу нь залгаад чиний Иргэний нисэхийн газрын ажил худлаа юм байна, мөн чи У гишүүний туслахын ажил хийдэг гэдэг чинь бас худлаа юм байна гэж цохилдуулаад асуусан чинь за тэгвэл би удахгүй чиний мөнгийг өнөө маргаашгүй гаргаж өгье гэж хэлсэн юм. Тэгэхээр нь залилагч байна гэж ойлгоод цагдаад өргөдөл өгч шалгуулж байна. Би 14.850.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 6-8/

 

Хохирогч С.О- депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10/,

 

Гэрч А.А- мөрдөн байцаалтанд: “...6.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхаар нь нөхөр Г.Н-ас асуутал ...хүнээс зээлсэн мөнгө байгаа юм ...гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч А.А-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 17/,

 

Гэрч Г.Б- мөрдөн байцаалтанд: “..000000000 тоот дансыг 2007 оны эхээс хойш ашиглаж байгаа. Надаас өөр хүн ашигладаггүй. 8.850.000 төгрөгийг ...надаас хамаатны дүү Г.Н- 2019 оны 9 дүгээр сарын 24-нд зээлсэн байсан тэрийгээ 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр утсаар яриад миний дансыг аваад шилжүүлсэн. ...0000000000 гэсэн данснаас утга дээр нь Г.Н-ас гэж 13 цаг 07 минутанд орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Гэрч Г.Б- депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25-27/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Н- нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.О- “Иргэний нисэхийн ерөнхий газарт сандал ширээ нийлүүлэх яаралтай ажил байна, хамтарч ажиллъя мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 8.850.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Г.Н-ын “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр М- гэдэг хорооны залуучуудын холбооны эмэгтэйтэй ярилцаж байгаад Иргэний Нисэхийн худалдан авах ажиллагааны хэлтэст ажиллаж байгаад 10 дугаар сард ажлаасаа гарсан тухайгаа хэлэхэд ...манай нөхөр бид 2 хоорондоо хэд хэдэн салбарт бизнес хийдэг Иргэний нисэхэд гайгүй орчихоор ажил байвал найздаа хэлж өгөөрэй гэхээр нь боломжоороо би асууж тусалж өгье... гэж хэлээд салцгаагаад 3 хоногийн дараа М- руу залгаад 6.000.000 төгрөг зээлээчээ  найзад нь мөнгөний яаралтай хэрэг гараад байна удахгүй өгье гэж хэлээд эхнэрийнхээ 000 тоот дансаар шилжүүлэн авсан. ...8.850.000 төгрөгийн өртэй байсан хамаатны ах Тулгаа надаас зээлсэн мөнгөө эргүүлэн авахаар залгаад байхаар нь би М-гийн нөхөр О- руу залгаад дахиад 8.850.000 төгрөг зээлээч гэж хэлээд ахынхаа 0000 тоот дансыг өгч шууд ах руугаа шилжүүлэн авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/, хохирогч Д.З-ын: “Г.Н- гэж хүн байна, би У гишүүний туслах хийдэг ажилтай хүн байгаа юм. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Б гэж хүнтэй ойрхон ажиллаж байсан. Энэ он дуусахаар иргэний Нисэхийн ерөнхий газар руу сандал, ширээ нийлүүлэх яаралтай ажил байгаа юм. Энэ ажилд танай компаниар гэрээ хийгээд бараа материал нийлүүлчихье, нийт дүн нь 290.0000.000 төгрөгийн ажил байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 26-нд мөнгө шилжиж ороход бэлэн болчихоод байгаа юм. Энэ мөнгийг чиний компаниар мөнгийг нь оруулаад гялс энэ ажлыг хийчихье гэж хэлсэн юм. Чи холбогдох компанийхаа бичиг баримтыг мессенжер чатаар явуулчих гэхээр нь би явуулсан юм. Одоо 12.000.000 төгрөг хэрэг болоод байна, 6.000.000 төгрөгийг би өөрөөсөө зохицуулчихлаа чи үлдсэн 6.000.000 төгрөгийг нь зохицуулчих гэхээр нь би тэгье гээд зөвшөөрсөн юм. Тэгсэн Г.Н- 6.000.000 төгрөгөө миний ээжийн Төрийн банкны 0000 тоот данс руу шилжүүлчих гэхээр нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сая төгрөг шилжүүлэх гэхээр нь гүйлгээний утган дээр “зээлэв” гэж бичээд мөнгөө шилжүүлсэн юм. Удалгүй дараа нь дахиад мөнгө хэрэгтэй байна нөгөө ажил чинь өнөөдөр бүтэх гээд байна гэхээр нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 8.850.000 төгрөгийг хаан банкны 00000 тоот данс руу шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 6-8/, гэрч А.А-ийн: “...6.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхаар нь нөхөр Г.Н-ас асуутал ...хүнээс зээлсэн мөнгө байгаа юм ...гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Г.Б-: “...хамаатны дүү Г.Н- 2019 оны 9 дүгээр сарын 24-нд зээлсэн байсан тэрийгээ 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр утсаар яриад миний дансыг аваад шилжүүлсэн. ...5457008720 гэсэн данснаас утга дээр нь Г.Н-ас гэж 13 цаг 07 минутанд орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, хохирогч С.О- депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10/, гэрч А.А-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 17/, гэрч Г.Б- депозит дансын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25-27/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

шүүгдэгч Г.Г.Н- идэвхтэй үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинжүүдийг хангасан гэж үзнэ.

 

Хяналтын прокуророос Г.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч оролцов. 

 

Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Г.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

          

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Г.Н- нь залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч С.О-т хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд хохирлын 14.500.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Г.Н-д шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

       

Г.Г.Н- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирлын шинж чанар, түүний урьд нь тухайн төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Г.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Х овогт Г.Н- бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг Г.Н-д  мэдэгдсүгэй.

 

4. Г.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ