| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0083/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Т.М
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ж.Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 07 сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, ... оны ... сарын ...-ны өдрийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, С овогт Ж.Г,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.Г нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух иргэн Т.М-н гэрийн хажууд байрлах амбаарт нууцаар нэвтрэн орж, хар өнгийн хятад мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
2020 оны 06 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч Iphone-6 маркийн, Samsung А-10 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 сарын 19-ний өдөр өглөө 8 цаг болж байхад хот тохижуулах газар очиж албадан цагийн ажлаа хийж байгаад 17 цаг болж байхад тараад Замын-Үүд 2-р баг гэртээ ороогүй гадуур явж байгаад 23 цагийн үед гэрийн гадаа ирээд мөн гэртээ оролгүй зогсож байгаад манай хойд талын гудамжинд амьдардаг Т ах, М эгчийн хашаанд ороход хашааны баруун талд монгол гэр болон модон байшин байсан. Уг хашааны зүүн талд төмөр болон модоор барьсан жижиг амбаар байсан. Уг амбаарын хаалгыг онгойлгож үзэхэд дотор талд нь хар өнгийн мотоцикль байхаар нь мотоциклийг амбаараас гаргаад хашаанаас түрж гаргаад холдолгүй асааж унаад өөрйн төрүүлсэн ээж Н-н гэрт очсон юм. Тэр шөнө ээжийнд унтаж амраад маргааш нь буюу 5 дугаар сарын 20-ны өдөр Шаргын овоо орох санаатай ээжийн гэрээс мотоциклио унаж гараад баруун талын засмал замаар явж байхад МЧ-3 ойролцоо мотоциклын бензин дуусаад замын хажууд мотоциклио үлдээгээд төв рүү алхсан. Вокзал дээр ирээд Ч-тай таараад 20,000 төгрөг зээлж авсан. Тэр мөнгөөрөө Улаанбаатар хот руу явах билет аваад явсан. ....2020 оны 06 сарын 20-ны өдөр Замын-Үүд сум 2-р багт байдаг найз Б-н гэрт өдрийг өнгөрөөсөн. Найз Б-н гэрээс 20 цагийн үед гарч Замын-Үүд сумын 1-р баг Соёмботой хөшөөн дээр очиж турникэн дээр ганцаараа жаахан тоглож байгаад 22 цагийн орчимд найз Б-н гэр лүү явсан. Тэгээд найз Б-н гэр лүү алхаж байхдаа ... гудамжинд нэг улаан тоосгон байшингийн ертөнцийн зүгээр хойд талын цонх нь онгорхой байхаар нь цонхоор нь очиж харсан чинь эрэгтэй, эмэгтэй 2 хүн унтаж байсан. Тэгээд цаашаа Б-н гэр лүү явсан тэнд байж байгаад орой 24 цагийн үед гэртээ орж хоолоо идсэн. Дахин Б-н гэрт очиж гар утсаар нь Pubg тоглоом тоглож байгаад цаг харсан чинь шөнийн 01 өнгөрч байсан. Тэгээд Б-н гэр лүү алхаж явахад цонх нь онгорхой байсан улаан тоосгон байшин руу очсон. Тэр байшингийн ертөнцийн зүгээр зүүн хойд талын онгорхой цонхтой өрөөнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн унтаж байсан болохоор нь байшингийн урд талаар нь тойрч харсан чинь хоёр цонх онгорхой байсан. Ертөнтийн зүгээр баруун талын цонхоор нь дотогшоо орж ширээ, сандал, хөргөгч, зурагттай өрөө рүү орсон. Тэгээд хананд байрлуулсан зурагтны доод талд байсан цагаан өнгийн хөлдөөгчин дээр байсан хар өнгийн түрийвчийг аваад буцаад орж ирсэн цонхоороо гарсан. Байшингийн ертөнцийн зүгээр хойд талын онгорхой цонхыг үзсэн чинь хоосон байсан. Хойд талын цонхон дээр очоод дотогшоо тонгойж харсан чинь цонхон доор унтаж байсан эрэгтэй хүний дэрнийх нь доор хар өнгийн гар утасны тал хэсэг нь гарсан байхаар нь цээжин биеэ баруун талаараа оруулж цонхон доор унтаж байсан эрэгтэй хүний дэрэн доороос нь хар өнгийн гар утсыг авсан. Байшингийн ертөнцийн зүгээр урд талын цонхоор орж авсан хар өнгийн түрийвчийг хойд талын цонхны гадна талын тавцан дээр тавиад найз Б-н гэр лүү очоод тоглосон. Цаг харсан чинь гэгээ орж 04 цаг 15 минут болж байсан. Тэгээд дахин хар өнгийн утас авсан айл руу очоод баруун талын цонхоор нь тонгойж харсан чинь тэр өрөөнд 2 эмэгтэй хүүхэд унтаж байсан. Цонхон талдаа унатаж байсан эмэгтэй хүүхдийн хажууд нь цагаан өнгийн iphone-6 маркийн гар утас харагдахаар нь тонгойж цээжэн биеэ оруулж аваад найз Б-н гэрт очоод 2 утсаа өөрийн өмсдөг хар өнгийн савхин куртикны дотор талын хоёр халаасанд хийсэн. Авсан 2 утсаа эзэнд буцаагаад өгсөн гэжээ. /хх-ийн 38-40, 118-120/
Хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөр 4 хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд 2020 оны 05 сарын 19-ний оройн 23 цагийн үед манай дүү М манай гэрлүү орох гээд явж байтал амбаарын хаалгыг онгойлгон чулуугаар дараад орхисон байхыг хараад манай гэрт орж ирээд танай амбаарт байсан мотоцикль алга байна гэж хэлсэн. Би гарч үзэхэд амбаар дотор байсан манай нөхрийн хар өнгийн хятад мотоцикль байхгүй байсан. Би эгч Т.Ц луу залган хэлэхэд намайг танай гэрээс гарахад амбаарын хажууд У сууж байсан гэж хэлсэн. 2020 оны 05 сарын 20-ны өдөр У гэх хүүхдийн гэрт очиж үзэхэд ээж нь гэж Н гэртээ байж байсан. Н хэлэхдээ манай хүүхэд шөнө 12 цаг болж байхад хар өнгийн мотоциклтой ирж хоноод өглөө эрт 5 цаг өнгөрч байхад хөдөө явлаа гээд гараад явсан гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 14-16/
Хохирогч О.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 06 сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт ээж О-ий төрсөн дүү О эгчийнд ирсэн. 2020 оны 06 сарын 20-ноос 21-ний шилжих шөнө 01 цаг өнгөртөл гар утсаараа фейсбүүк орж байгаад О эгчийн охин Х хамт жижиг өрөөнд гар утсаа толгойныхоо хажууд тавиад унтсан. Тухайн өдөр гадаа их халуун байсан тул байшингийн жижиг өрөөний цонхыг нээгээд цонхон доор би, миний баруун гар талд Х унтсан. 2020 оны 06 сарын 21-ний өглөө 06 цаг өнгөрч байхад сэрээд гар утасныхаа цагийг харах гэтэл миний гар утас байхгүй байхаар нь унтаж байсан газраа хайгаад олоогүй гэжээ. /хх-ийн 124-127/
Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр Э-н алдсан гар утас хар өнгийн самсунг А-10 маркийн гар утас байсан. 2019 оны 12 сард Замын-Үүд сумын төв талбайн Б дэлгүүрийн хажуу талд байдаг гар утас зардаг газраас шинээр нь 430,000 төгрөгөөр худалдан авсч байсан. Би өөрийн гар утсаа буцаагаад авсан тул ямар нэг хохирол мөнгө учраагүй гэжэ. /хх-ийн 128-131/
Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ....20 цагийн үед Г миний ажил дээр ирээд 22 цагт гарлаа гээд гарч яваад 23 цаг 30 минутын орчим мотоцикль унаад хүрч ирсэн. Би хар өнгийн мотоциклийг хараад хэний мотоцикль вэ гэж асуухад Г минийх гэж хариулсан гэжээ. /хх-ийн 23-25/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 сарын 20-ны 23 цаг өнгөрч байхад хойд талынхаа жижиг өрөөнд нөхөр Э, бага охин Г, хүү Ш нарын хамт унтаж амарсан. Хойд талын жижиг өрөөний цонхон доор манай нөхөр Э, би ханан талд, нөхөр бид хоёрын голд охин хүү 2 унтаж, баруун талын жижиг өрөөнд миний төрсөн эгч О төрсөн охин О.С манай 2 том охинтой унтсан. Тухайн шөнө их халуун байсан болохоор гэрийнхээ хаалгыг дотороосоо түгжээд бүх өрөөний цонхнуудыг онгойлгож унтсан. 2020 оны 06 сарын 21-ний өглөө 06 цаг өнгөрч байхад С миний унтаж байсан өрөөнд орж ирээд намайг сэрээгээд, гар утсаа толгойныхоо хажууд гар утсаа тавиад унтсан чинь байхгүй байна, миний гар утсыг аваагүй биз дээ гээд надаас асуусан. Дүү нарын чинь нэг аваад тоглосон байж магадгүй дүү нараасаа асуу гэж хэлээд явуулсан. Тэгээд эргээд унтах гээд хэвтэс байсан чинь эгчийн охин гар утсаа хайгаад нөгөө өрөөнүүдээр яваад олохгүй байх шиг байхаар нь би босож С-н гар утсыг хамт хайсан. С-н гар утсыг хайж байхдаа хойд талын өрөөний хөшгийг нээгээд харсан чинь цонхны гадна талын тавцан дээр манай дунд охины хар өнгийн түрийвч, нөхөр Э-н Х банкны виза карт, гар утасны симний үүр нээдэг хатгуур зэрэг эд байж байсан. Нөхөр Э-г сэрээгээд цонхны гадна талын тавцан дээр Х банкны чинь виза, симний үүр нээдэг хатгуур чинь байна, чиний гар утас хаана байна гэж асуухад манай нөхөр босож өөрийнхөө гар утсыг ойр хавиараа хайгаад олоогүй. Нөхөр Э миний гар утсыг дэрэн доороо хийгээд, өөрийнхөө гар утсыг ил тавиад унтсан, миний гар утас байхгүй байна гэж хэлсэн. Манай нөхөр Э-н алдсан гар утас хар өнгийн самсунг А-10 маркийн гар утас байсан. Хар өнгийн гэртэй ямар нэгэн сэв зураасгүй гар утас байсан. /хх-ийн 97-99/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02, 87/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-08, 88-91/
А ХХК-ны үнэгээний тайлан /хх-ийн 28-30, 105-108/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 01/412 дугаартай албан тоот /хх-ийн 47/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ..., тус шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолууд /хх-ийн 50-60/
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэг /хх-ийн 65-76/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 36-37, 115-117/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80-81/
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 11, 92-94/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 132-136/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугын хувьд:
Шүүгдэгч Ж.Г нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух иргэн Т.М-н гэрийн хажууд байрлах амбаарт нууцаар нэвтрэн орж, хар өнгийн хятад мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
2020 оны 06 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч Iphone-6 маркийн, Samsung А-10 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Т.М, О.С, Ц.О, гэрч Т.Н /хх-ийн 23-25/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, А ХХК-ны үнэгээний тайлан /хх-ийн 28-30, 105-108/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-08, 88-91/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 11, 92-94/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд болон агуулах саванд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Г-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Ж.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Г нь ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж одоо 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 01/412 дугаартай албан тоот /хх-ийн 47/-оор тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2, 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцон /248:8/ нийт 31 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй юм.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.М, О.С, Ц.О нар нь шүүгдэгч Ж.Г-с нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ж.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Г-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-н ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцон 31 хонгийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дэр нэмж нэгтгэн нийт эдлэх ялан хэмжээг 1 жил 31 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 1 жил 31 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б