Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 138

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч М.С  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С т холбогдох 163/2020/0132/Э индекстэй, эрүүгийн 2015000000120 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт М.С,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С  нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны оройн 22 цагийн орчим Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Х ” гэх газарт иргэн Н.У тай архи ууж байгаад маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000000120 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Н.У гийн өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим Бүрэгхангай сумын 3 дугаар баг Х  гэх газарт манай гэрт С  бид 2 ирээд Ерөөл нэртэй 0.5 литрийн савалгаатай архийг хувааж уусан. Тэгээд 22 цагийн үед хэрүүл маргаан үүсээд С  намайг зодсон. Тухайн үед харанхуй болчихсон байсан. Миний нүүрний зүүн талын нүдний хэсэгт цохисон байсан. Тэгээд бас цээж рүү 2-3 удаа өшиглөж байсан санагдаж байна. Тухайн үед би согтуу тасарчихсан байсан болохоор сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ц гийн өгсөн: “...миний хүү Н.У гийн зүүн талын нүд нь хавдсан, нуруу нь бас улаан эрээн болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Б.Н ийн өгсөн: “...намайг очиход манай нөхөр М.С ,

Н.У г түлхэж унагаагаад дээр гарчихсан “чи юу гэж хэлээд” байгаа юм гэтэл Н.У  би ахыгаа үхсэнд баярлаж байна гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь манай нөхөр нүүр рүү нь баруун гараараа 2 удаа цохисон. Н.У  нь доороос нь хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Гэрч Б.О гийн өгсөн: “...У , С  2 ууж сууж байгаад

Н.У , М.С ыг чи миний ахыг алсан гэж хэлсэн тэгээд У  С ыг баганы цаана сууж байхад зүүн талын гараараа С ын баруун талын хацар луу цохичихоод гараад явсан..., тэгтэл С  энэ банди намайг цохидог хүн мөн үү гээд араас нь гараад У г цохиод авсан. Тухайн үед У г хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4041 дүгээр хуудас/,

Яллагдагчаар М.С  мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21-22 цагийн үед У гийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р баг Х  гэдэг газарт амьдардаг О гийнд архи уугаад сууж байхад У гийн гэдсэн дээр санаандгүй дараад О  архи хундаглаад өгсөн чинь У  уурласан..., У  миний зүүн шанаа руу 1-2 удаа гараараа цохиод гэрээс гарч гүйхээр нь би араас нь гараад У гийн зүүн нүд рүү 1-2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 137 тоот дүгнэлтэнд: 1. Н.У гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчний муруйлт, зүүн баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салст, зүүн, дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхи, нуруунд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Зүүн баруун ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байна. 5. Хамар ясны хугарал, хамрын таславчний муруйлт, зүүн нүдний салст, зүүн, дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхи, нуруунд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. 6. Дээрхи гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 33-38 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.С  нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны оройн 22 цагийн орчим Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Х ” гэх газарт иргэн Н.У тай архи ууж байгаад маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Н.У , гэрч Д.Ц , Б.Н , Б.О ,  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Н.У гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчний муруйлт, зүүн баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салст, зүүн, дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхи, нуруунд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 137 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч М.С ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч М.С ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Н.У  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч М.С ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.С ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.С  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч Х овогт М.С ыг “хүний эрүүл мэндэдхөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч М.С ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч М.С  нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
  4. Шүүгдэгч М.С  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолсаналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН