| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00603/И |
| Дугаар | 00018 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 00018
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1976 оны 6 дугаар сарын 6-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн Банзар гэх газарт оршин суух хаягтай, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Д хэсгийн 8-14 тоотод түр оршин суух, Монгол овогт Бадарчийн Наранцэцэг /РД:ГО76060669/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1971 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн Банзар гэх газар оршин суух,Тайж овогт Очирын Доржсүрэн /РД:ГМ71122314/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00603/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Наранцэцэг, хариуцагч О.Доржсүрэн, нарийн бичгийн даргаС.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд О.Доржсүрэнтэй танилцаж, 1998 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүү Д.Дашдондов, 2000 оны 08 дугаар сарын 20-ны өдөр охин Д.Хишигсүрэн, 2004 оны 03 дугаар сарын 7-ны өдөр охин Д.Юмчинсүрэн, 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүү Д.Намсрайням нар төрсөн. Анх гэр бүл болох үед архи дарс хэрэглэдэг байсан ч элдэв зан авир гаргадаггүй байсан. 2002 оноос хойш архийг хэтрүүлэн хэрэглэдэг болж зан авир нь өөрчлөгдөн улмаар агсан согтуу тавьж, элдэв байдлаар айлган сүрдүүлж бие эрх чөлөөнд маань халдах болсон. Нэгэнт зохиосон амьдралын минь хань, үр хүүхэд биднийгээ бодоод өөрийгөө өөрчилнө гэж итгэж найдан цаг хугацааны хувьд харж байсан. Гэтэл энэ хүн маань өөртөө болон амьдарлынхаа ирээдүйд анхаарахгүй өдийг хүрч байна. Миний хувьд нөхрөөсөө тусдаа амьдраад 3 жил болж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. 2 охиноо аавынх нь асрамжинд үлдээж, хүү Намсрайнямыг өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. О.Доржсүрэнгийн маргаж байсан эд хөрөнгийг өөрт нь өгсөн тул одоо маргах зүйлгүй гэв.
Хариуцагч О.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. 2 охиноо өөрийн асрамжинд авч бага хүү ээжийнхээ асрамжинд үлдэхээр болсон. Эд хөрөнгийн хувьд маргах зүйлгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь хариуцагч О.Доржсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Б.Наранцэцэг, О.Доржсүрэн нар нь 1997 онд гэр бүл болж, 1998 онд гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1998 оны 7 дугаар сарын 6-нд хүү Д.Дашдондов, 2000 оны 08 дугаар сарын 20-ны өдөр охин Д.Хишигсүрэн, 2004 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин Д.Юмчинсүрэн 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүү Д.Намсрайням нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн болонхүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэрлэлт цуцлахыг харилцан хүлээн зөвшөөрч байгаа зэрэг үндэслэлүүдийг харгалзан шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь охин Д.Хишигсүрэн, Д.Юмчинсүрэн нарыг эцгийн, хүү Д.Намсрайнямыг эхийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг зөрчөөгүй байна.
Иймд 2000 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Д.Хишигсүрэн, 2004 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Юмчинсүрэн нарыг эцэг О.Доржсүрэнгийн, 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Д.Намсрайнямыг эх Б.Наранцэцэгийн асрамжинд тус тус үлдээх зүйтэй байна.
Хариуцагч О.Доржсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа эмээл, хазаар, Портер маркийн машиныг тус тус гаргуулна гэж маргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд хөрөнгийн талаар маргаангүй болсон гэж тайлбар гаргаж байх тул гэрлэгчдийн дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Доржсүрэнгээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Монгол овогт Бадарчийн Наранцэцэг, Тайж овогт Очирын Доржсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан 2000 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Д.Хишигсүрэн, 2004 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Юмчинсүрэн нарыг эцэг О.Доржсүрэнгийн, 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Д.Намсрайнямыг эх Б.Наранцэцэгийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Доржсүрэнгээс70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранцэцэгт олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Отгонд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН