Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 139

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Х.Б , М.П  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б, М.П  нарт холбогдох 163/2020/0133/Э индекстэй, 1915004980115 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух,урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, П овогт Х.Б,
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, У  овогт М.П ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б , М.П  нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын дунд үед Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутаг “Ш” гэх газраас Рашаант сумын 3 дугаар багийн иргэн Л.О ын эзэмшлийн онгон тамгатай зээрд азаргатай 17 тооны адуу бэлчээрээс алдагдсан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 9.250.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915004980115 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч П.О ын өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 13-ны хавьд Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн А  гэх газраас онгон тамгатай хүрэн зээрд азаргатай 19 тооны адуу алга болсон. Булган аймгийн Дашинчилэн суманд манай адууны тамгатай 2 тооны адуу байна гэхээр нь 2019 оны 8 дугаар сарын 14-нд очтол Дашинчилэн сумын төвд байх Ш  гэх хүний 2 морьтой хамт миний алдсан адуунаас сартай хонгор, сартай цавьдар ширээтэй саран тамгатай 2 үрээ байхаар нь асууж сураглатал 2019 оны хавар уг айлын адуутай нийлсэн гэж байсан. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумаар хайж явтал манай азаргатай 14 тооны адуу олдсон. Миний алдсан адуунаас 3 хүрэн, нэг харлаг, 1 хээр, 2 зээрд, У  зээрд гүүнүүд, 1 хээр соёолон үрээ алга байсан. Хишиг-Өндөр сумын нутагаар сураг тавьтал Х  гэх айлд байсан гэсэн сураг сонсоод олж уулзтал Дашинчилэн сумын Х.Б , М.П  гэх хүмүүс авчирсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-21 дүгээр хуудас/,

 Гэрч М.Д ийн өгсөн:… 2019 оны 10 дугаар сарын эхээр ах П  маань залгаад ах нь хүний адуу туугаад хүнд өгсөн чинь нөгөө адууны эзэн гараад ирсэн. Тэгээд хохирлоо төл гээд байна гэсэн..., тийм бол яахав дээ малаа хийж тэр хохирлыг нь барагдуулдаа гэсэн. Тэгээд би өөрөө хотоос ирж 5 үхэр, 50 хонь, ямаа зараад хохиролдоо 5.750.000 төгрөг өгнө гэсэн тэр мөнгийг эхнэрийнхээ дансанд хийгээд нөгөө хохирогч гэх хүний дансанд хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б  өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын сүүлээр хүрэн азаргатай 10 гаран тооны адуу манай урд байх Х  гэх ахынд ирсэн..., 2019 оны 09 дүгээр сарын 20-ны хавьд алга болсон..., манай энд 1 сар гаран болсон Хүнхэр нь байнга хашдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Яллагдагчаар М.П ийн өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын үед Булган аймгийн Дашинчилэн сумын “Ш” гэх газарт байрлах манай гэрийн хажууханд хүрэн азаргатай 17 тооны адуу 2019 оны хавараас хойш байсан адуу байсан. Тэгээд тухайн үед адуунуудыг харж үзэхэд манай нутгийн адуу биш байсан. Тэгээд найз М.П той тухайн адуунуудыг хойш туугаад хүнд аваачиж өгөхөөр тохирсон юм.

Тэгээд би П ийн эзэмшлийн мотоциклоор бид хоёр нөгөө адуунуудыг туугаад Х  гэх хүнд аваачиж өгсөн..., нийт 17 тооны адуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8081 дүгээр хуудас/,

Яллагдагчаар М.П ийн өгсөн:... Б ийнд яваад очиход гэрийн ойролцоо хэдэн адуу байсан. Тэгээд энэ ямар учиртай адуу байгаа юм гэхэд эзэнгүй адуу байгаа гэж хэлж байсан..., миний мотоциклоор бид 2 нөгөө адуунуудыг туугаад Х  гэх хүнд аваачиж өгсөн..., нийт 17  тооны адуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8688 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 7  дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5, 96-99 дүгээр хуудас/, Тольдох Оюуны Өгөөж ХХК-ний дүгнэлт /хх-ийн 45-49, 55-61, 64-70 дугаар хуудас/, иргэний үнэмлэлхний лавлагаа /хх-ийн 91, 93 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 96 дугаар хуудас/,  шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 98-100 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

1.    Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Б , М.П  нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын дунд үед Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутаг “Ш” гэх газраас Рашаант сумын 3 дугаар багийн иргэн Л.О ын эзэмшлийн онгон тамгатай зээрд азаргатай 17 тооны адуу бэлчээрээс алдагдсан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 9.250.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдон тогтоодож байна.

Иймд шүүгдэгч Х.Б , М.П  нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч Х.Б , М.П  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б  хохирогч П.О т 4.000.000 төгрөг, шүүгдэгч М.П  5.750.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

2.    Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч Х.Б , М.П  нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Х.Б , М.П  нар нь хохирогч этгээдтэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 4/57 дугаартай саналд шүүгдэгч Х.Б , М.П  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгж буюу 750000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Х.Б ,

М.П  нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Х.Б , М.П  нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б , М.П  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгуулийн ялыг сонгон, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 750 нэгж буюу 750000 төгрөгний торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Б , М.П  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм. Шүүгдэгч Х.Б , М.П  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дугааргүй У  өнгийн Dayun маркийн 880.000 төгрөгний үнэтэй мотоциклийг шүүгдэгч М.П оос гаргуулж улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч П овогт Х.Б , У  овогт М.П нарыг бүлэглэж бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан мөн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б , М.П  нарыг 750 /долоон зуун тавь/ нэгж буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч нарт оногдуулсан 750 /долоон зуун тавь/ нэгж буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгний торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснааршүүгдэгч нарыг шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулсугай.
  5. Шүүгдэгч Х.Б , М.П  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тусзааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй У  өнгийн Dayun маркийн 880.000 төгрөгний үнэтэй мотоциклийг шүүгдэгч М.П оос албадан гаргуулж улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б , М.П  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН