Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 135/2017/00040/и |
Дугаар | 135/шш2017/00226 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 135/шш2017/00226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00040/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум ****** багт байрлах ****** ******* ****** газарт холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 2.961.716 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч ****** ******* ****** газарт холбогдуулан 2015.12.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.3.24-ний өдрийн 494 дугаартай шийдвэрээр миний “ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Миний ажилдаа эргэн орох тушаалыг ****** ******* ****** газар нь 2016.10.13-ны өдөр гаргасан байдаг. Тиймээс би 2016.3.24-ний өдрөөс 2016.10.13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ь газраас нэхэмжилсэн. Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа намайг “амаар болон
бичгээр ажилдаа эргэн орох хүсэлт гаргаагүй, ямар ч хариуцлагагүй ажилласан” гэж бичсэн
тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Оюунсүрэнтэй утсаар эхний удаа ярихад “чамтай ярих зүйл байхгүй” гэсэн хариуг өгсөн. Дараагийн удаа дахин Оюунсүрэн дарга руу залгаж утсаар ярихад “би өвчтэй байна” гэсэн хариу өгсөн. Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан байдаг. Гэтэл Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд би Оюунсүрэн даргатай уулзах гээд очиход намайг хүлээж аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****** ******* ****** газраас шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.*******ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг анхан шатны шүүх нь 2016.3.24-ний өдрийн 494 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Гэтэл Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2016.6.20-ны өдрийн 129 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 2016.8.22-ны өдрийн 47/89 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь 2016.9.01-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж ирэх хугацаанд О.******* нь ажилдаа орох талаар нэг ч удаа ирж уулзаагүй. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу 2016.10.13-ны өдөр О.*******ыг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт жолооч, техникчийн албан тушаалд нь эгүүлэн томилсон. О.*******ыг ажилд нь эгүүлэн томилсон талаар өөрт нь мэдэгдсэн. Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар-ын дэргэд Зулзагын голын зуслан ажилладаг. Зулзагын голын манаач маань 2016.10.03-ны өдрөөс 2016.11.09-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан тул О.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно” гэж зааснаар Зулзагын голын зусланд манаачаар түр ажиллуулахаар санал тавьсан. Гэтэл энэ саналыг О.******* нь хүлээж аваагүй, ажилдаа ирээгүй. Ингээд О.*******ыг ажилд нь эгүүлэн томилсон боловч 2016.10.13-ны өдрөөс 2016.10.27-ны өдрийг хүртэл үүрэгт ажилдаа ирээгүй учраас ажил тасалсан үндэслэлээр Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар О.*******ыг 2016.12.27-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн байгаа. О.******* нь Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Оюунсүрэнтэй ажилдаа эргэн орох талаар холбоо барьсан болон ажлын байранд очиж уулзсан гэх баримтаа гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох ёстой. Гэтэл О.******* нь Оюунсүрэн даргатай ярьсан болон очиж уулзсан талаар ярьж байгаа үндэслэлээ нотолсон зүйл хэрэгт байхгүй байна. О.******* нь 2016.12.23-ны өдөр шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл О.*******ыг ажлаас чөлөөлөөгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ****** ******* ****** газарт холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 2.961.716 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “****** ******* ****** газар нь О.*******ыг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр О.*******ыг жолооч, техникчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон. О.******* нь ажилдаа орох санаачлага амаар болон бичгээр гаргаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 491 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******ын гаргасан нэхэмжлэлийг хангаж, түүнийг Дархан-Уул аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор 1.100.660 төгрөгийг нөхөн олгож, тухайн нөхөн олговорт холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн бичилт хийхийг даалгасан байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 129 дүгээр магадлалаар О.*******ыг Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн “жолооч техникчийн” ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 491 дугаартай шийдвэрийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/26 тоот тушаалаар О.*******ыг жолооч-техникч албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор 1.100.660 төгрөгийг өгсөн талаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргахгүй байна.
Хэдийгээр хариуцагч Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн зүгээс О.*******ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон ч хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш 6 сар 26 хоногийн хугацаа өнгөрсөний дараа ийнхүү биелүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, эсхүл давж заалдах гомдлыг хянаад гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн магадлал гаргасан тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог бөгөөд ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд хариуцах буюу түүний дотор гурван шатны шүүхээр тухайн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацааг багтааж, хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.
Энэ нь ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсан ба тухайн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүндэтгэн биелүүлэх, эсхүл эс зөвшөөрч, гомдол гаргах нь хуульд заасан түүний эрхийн асуудал мөн боловч ийнхүү гомдол гаргаснаас нэхэмжлэгч талд үүсэх үр дагаврыг тэрээр хариуцах нь зүйтэй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааг хамруулахаас гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хугацаа мөн адил үүнд хамаарна.
Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар ажил олгогч ажилтыг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдахь ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцдог учраас ажилтны ажилгүй байсан хугацааг түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарч, бодитоор биелэснээр дуусгавар болсонд тооцох юм.
Иймд нэхэмжлэгч О.*******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш түүнийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч ****** ******* ****** газраас гаргуулах нь зүйтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.1-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өрдийн 491 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч О.*******ын гаргасан нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоолж, тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч О.*******ын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш түүнийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хуагцааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцоолоход /ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 430.248 төгрөгөөс нэг өдөрт ногдох цалин 430.248 / 21.5=20.012 төгрөг/ нийт 143 хоногийн цалин 2.861.656 төгрөг байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг үндэслэн хариуцагч ****** ******* ****** газраас 2.861.656 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100.060 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дугаартай “Аймгийн засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болж өөрчлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ****** ******* ****** газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2.861.656 гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100.060 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ****** ******* ****** газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ****** ******* ****** газраас улсын тэмдэгтийн хураамжид нийт 60735 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ