Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 140

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

Шүүгдэгч Н.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н т холбогдох эрүүгийн 2006014800084 дугаартай, 163/2020/0129/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Булган аймгийн ... ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жил, 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б  овогт Н.Н.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н ийн өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Тэшиг сум ороод буцаад явж байхад би машин барьж байсан. Намайг машин барьж байхад миний араас цохисон. Согтуу байгаа юм гэж бодоод явж байхад бие засмаар байна гэсэн. Машин дотор агсамнаад байхаар нь цуг гарсан. Унах гээд гуйвахаар нь түшихэд хацар луу цохисон. Тэгээд би зөрүүлээд цохисон. Тухайн үед би эрүүл байсан. Манай найзын ах болохоор би сайн таньж мэдэхгүй. Унахдаа чулуу авсан байсан гэх мэдүүлэг болон эрүүгийн 2006014800084 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2020 оны

02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Н.Н , Ц.Б  нар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Н  нь Б ийн нүүрэн тус газарт цохиж хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Ч.Б ийн өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд машины гадаа Н  нь миний нүүр рүү буюу 2 нүдний голд хамрын нуруунд гараараа 1 удаа, дээд уруулын орчимд 1 удаа гараараа цохисон. Надад учирсан гэмтлийг Н  учруулсан. Би Н ээс эмчилгээнд 478000 төгрөг нэхэмжилж байна. Намайг Н ээс өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй. Би согтуу байсан ч болсон үйл явдлыг мэдэж байсан. Ухаанаа алдатлаа согтуу байгаагүй. Бид хоёрын хооронд өс хонзонгийн зүйл болон муудалцах шалтгаан байгаагүй” гэх мэдүүлэг /хх-26-28 тал/,

Гэрч Б.Г ийн өгсөн: “...Булган аймгийн Тэшиг сумаас Булган аймгийн Булган сум руу “Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлтэй явж байх замд Б  Н ийн толгой руу араас нь цохиод байхаар нь Б  бид хоёр болиулж гарыг нь бариад суусан. Намайг болиуллаа гээд над руу дайрч “пизда минь” гээд миний зүүн хацар руу 1-2 удаа Б  намайг алгадсан. ...Бид нар Хутаг-Өндөр суманд явж байтал бензин дуусаад бензинтэй болох гээд би хүнээс бензиний мөнгө шилжүүлж авахаар зогссон. Хутаг-Өндөр сумын төвийн захад зогсож байхад Б  бие засна гээд машинаас буусан. Тэр үед Н  ч бас машинаас буусан. Бусад нь машиндаа сууж байхад гадаа гэнэт дуу чимээ гарсан. Би машинаас буугаад харсан чинь Б , Н ийг элдэж хөөж байснаа Б  нэн юм шидсэн, харсан чинь чулуу байсан. Гэхдээ Н ийг чулуугаар оноогүй. Би Б ийг барьж аваад Б тай машинд арын суудалд суулгасан. Машин дотор ямар ч харилцан зодолдсон зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-35-36 тал/,

Гэрч Н.Б ийн өгсөн: “...Машинаар явж байхад Б  ах согтоод жолоо барьж явсан Н ийг араас нь толгой руу нь цохиод байсан ба Г  “ахаа та болилдоо” гээд гарыг нь барьсан. Харин би ингэж болохгүй гээд урд суудалны голын хайрцаган дээр буруу харж Б  ахын урдаас харж суугаад явсан. ...Машин зогсоход Б  ах, Н  хоёр машинаас буугаад бусад нь машинд үлдсэн. Машин дотор сууж байтал машины гадна муудалцах чимээ гарсан. Г  эхлээд машинаас буусан, би дараа нь гарсан чинь Г  Б ийг урдаас нь буюу цээжээр нь тэврээд байж байхаар нь машинд суу гээд Б  ахыг машинд суулгасан. Машин дотор Б ийг зодсон хүн байхгүй. Тэр үед Б  нилээн согтуу байсан, харин Н  эрүүл жолоо бариад явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-38-41 тал/,

Гэрч Д.М ын өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр над руу залгаад “би хүнд зодуулчихлаа” гэж яриад тэр өдрийн орой 22 цагийн үед гэртээ орж ирэхэд нүүрэн хэсэг нь хавдсан, нүд уруул нь хавдаж хөхөрсөн бусдад зодуулсан байдалтай ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-42-43 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон “Ч.Б ийн биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2843 тоот шинжээчийн дүгнэлт /хх-27-28 тал/,

Шинжээч Т.Чимэд-Очирын өгсөн: “Б ийн биед хоёр нүдний зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тархи доргилт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-48-49 тал/,

Шүүгдэгч Н.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Тэшиг сумаас Булган аймгийн төв рүү явах замд машин дотор архи уугаад явж байхад Б  нь машин дотор байсан хүмүүс рүү хашгирч агсам согтуу тавиад байсан. Би машин барьж байсан учир архи уугаагүй. Тэгээд явж байхад Б  миний толгойны ар хэсэгт тоог нь сайн санахгүй байна. Зөндөө цохисон, бас нуруу хэсэгт зөндөө цохиод байхаар нь цохиулахгүйн тулд суудлаа урашлуулж хүрдтэйгээ ойрхон суусан. Бензин аймаг орж хүрэхгүй болохоор нь Хутаг-Өндөр сумаас бензин хийхээр Петровис шатахуун түгээх станцын харалдаа зогсоход Б  “бие заслаа” гэж хэлээд машинаас гарахаар нь би бас бие засахаар машинаас буусан. Бие засаад дуусаж байхад Б  миний хажууд бие засаж байсан, нилээн согтсон байдалтай унах гээд гуйваад байхаар нь түшихээр хажууд нь яваад очтол шууд миний нүүр хэсэгт алгадахаар нь би нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон чинь Б  газраас чулуу аваад ална гээд араас хөөсөн. Би гүйгээд машиндаа ороод хаалгаа түгжсэн. ...” гэх мэдүүлэг /хх-67-68 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, үйлдлийн талаар хохирогч Ч.Б , гэрч Б.Г , Н.Б  нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Н.Н ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хохирогч Ч.Б ийн машин дотор согтуурхаад байсан, түүнчлэн бие засахаар гарсан хугацаандаа Ч.Б , Н.Н  нарын хооронд маргаан болж салгасан зэрэг үйл баримтыг шууд гэрчилсэн байна. Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Б ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Н ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Н ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ч.Б ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Н.Н ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ч.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээтэй холбоотой гарсан зардалд 478000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа шүүхэд ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад хохирогчийн эмчилгээ оношлогоотой холбоотой зардалд /350000, 120000, 8000/ нийт 478000 төгрөгийг шүүгдэгч Н.Н ээс гаргуулан хохирогч Ч.Б ид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нэхэмжлэлийн шаардлагаас 358000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн, харин томографийн шинжилгээний төлбөр 120000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, “Натур” ХХК-ний эмнэлэгт хохирогч Ч.Б  нь хэвтэн эмчлүүлэх болон үзүүлж байгаагүй талаарх тодорхойлолтыг ирүүлсэн байна.

Шүүх нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан судлахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн тодорхойлох хэсэгт 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Толгойн компьютер томографийн шинжилгээнд: Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Баруун талын хажуугийн ховдол зүүн талын хажуугийн ховдолтой харьцуулахад хэмжээ нарийссан, байрлал хэвийн. III болон IV ховдлуудын байрлал, хэлбэр болон хэмжээ хэвийн. Субарахнойдаль зайнууд хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Голын бүрдэл хазайлтгүй. Хоёр талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Нүдний ухархайн арын эслэг зайд эмгэг өөрчлөлт үгүй. Нүдний гадна ба дотор шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн. Хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана бага зэрэг цөмөрсөн хуучин хугаралтай. Хамрын таславч доод 1/3 хэсгээр зүүн тийш хуучин мурийлттай. Баруун талын гайморовын хөндийн суурин хэсэгт 2.0х0.8 см, зүүн талын гайморовын хөндийн суурин хэсэгт 1.4х1.0 см хэмжээтэй +34НU нягтралтай полип төст үүсгэвэр өөрчлөлт тодорхойлогдоно. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн. Дүгнэлт бичсэн эмч С.Мөнхбаатар гэжээ.

Үүнээс үзэхэд хохирогч нь толгойн компьютер томографийн шинжилгээнд орсон байх ба шинжээчийн дүгнэлтийн тодорхойлох хэсэгт авагдсан шинжилгээний эх сурвалж болох 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Толгойн компьютер томографийн шинжилгээний цаг хугацаа шүүхэд ирүүлсэн баримтын цаг хугацаатай давхцаж байх тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Н ээс 120000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б ид олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Н ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Н ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Н  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 53-62 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н  нь ял шийтгүүлж байсан, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын харъяа ... ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ... оршин суудаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: 1.1 “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Н.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт Н.Н ийг Эрүүгийнхуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Н.Н ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1,160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Н ээс 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б ид олгосугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД