Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00064

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            “Эрдэнэт Фүүдс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Эрдэнэт Фүүдс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Жавхлантуяа, Р.Байгалмаа нарт холбогдох

“Дутагдуулсан гурилын үнэ 20.928.350 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хишигтогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Эрдэнэт фүүдс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Жавхлантуяа нь 2014 оны 08 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 сарын хугацаанд нийт 1,337,63 тонн гурил борлуулж, 911 762 150 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар байгууллагын санхүүд тушааж тооцоог тулгахад 20 928 350 төгрөгөөр зөрсөн. Дээрх зөрүүг Х.Жавхлантуяад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр танилцуулж, холбогдох материалуудыг танилцуулахад ажилтан өөрийн гар тайлантай тулгаж үзээд 2014 оны 8, 9, 10 дугаар саруудын зөрүү болох 3.005.100 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин 2014 оны 11, 12 дугаар саруудын борлуулалтын зөрүү болох 17 923 250 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн зөрүүг дахин нягтлан гэрээт хамгаалалтын Бамбай харуул ХХК-ийн бүртгэлийн дэвтэртэй тулган үзэхэд борлуулалт хийж бэлэн бүтээгдэхүүн гаргасан нь нотлогдсон. Хөдөлмөрийн гэрээний 7.2.2, эд хөрөнгийн хариуцлагын гэрээний 4.1, 4.2 дахьзаалтуудыг үндэслэн компанид учирсан хохирол болох нийт 20 928 350 төгрөгийн борлуулалтын орлогын зөрүүг Х.Жавхлантуяа, Р.Байгалмаа нараас төлүүлж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Жавхлантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: 2015.03.31-ний өдрөөр жирэмсний амралт аваад одоо гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Гэтэл 2016 оны 4 сарын сүүлээр чам дээр өр гарлаа гээд дуудсан. Ингээд гайхаад яваад очтол надад шинэ тооцоогоор чамд 16.711.300 төгрөгний тооцоо гарч ирлээ гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэтэл 6 ширхэг падаан үзүүлж үүнээс өр авлага гарсан, хүлээн зөвшөөрч төл гэсэн. Дээрх падааныг үзтэл данс тооцоо нь хэвийн орсон падаанууд байсан. Дээрх баримтууд тооцоонд байгаа талаар шүүж гаргаж үзүүлж тайлбарлангуут, өөр падаан буюу миний нэр ус гарын үсэггүй падаануудыг гаргаж ирээд эдгээр падаанаас авлага өр үүсээд байна гэсэн. Хуучин нягтлангууд программ шинэчлэхэд чиний нэр дээр шивэгдсэн байх, энэ талаар би мэдэх зүйл байхгүй, би программд шивэгдсэн баримт болон анхан шатны баримт шүүгээд өр гарч байгааг хэлж байна гэсэн ойлгомжгүй зүйлийг хэлж эхэлсэн. Мөн аудитын дүгнэлтээр тогтоогдож байгаа гэсэн. Би байгууллагаас нэг ч төгрөг аваагүй, би тооцоогоо цаг бүрт хийж актаа үйлдэж байсан, мөн шаардлагатай баримтууд хуулбарлан авч, давхар хяналт тавьдаг байсан. Бүх баримтад би гарын үсгээ зурдаг байсан. Гарын үсэггүй нэг ч зарлага хийж байгаагүй. Дээрх байдлуудыг нотлох баримт нягтлан бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотлогдоно гэжээ.

Хариуцагч Р.Байгалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа

2014 оны борлуулалтанд 33-48 ОРО гэсэн улсын дугаартай машинаар борлуулалт хийдэг байсан. Борлуулалтын машин өдөрт 3 рейс, сарын эцэс захиалга ихтэй үед өдөрт 5 удаагийн рейс хийн түгээлтэнд гардаг. Борлуулалтын менежер Жавхлантуяа тухайн өдөр ямар бараа материал гаргахаа урьдчилан надад мэдэгдээд түүнийг нь би өөрөө тэмдэглэн аваад борлуулалтанд гаргадаг байсан. Падаан бичилт орой нь хийж баталгаажуулан гарын үсгээ зуралцдаг байсан. 2014 оны 9 сараас анхүүгийн программд падан шивилт хийж эхэлсэн. Борлуулалтын менежер Жавхлантуяагийн тухайн сарын тооцоог 25-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж, түүнээс хойшхи өдрийн борлуулалтыг дараа сарын борлуулалтанд оруулж тооцоо нийлдэг байсан. Компаний нэхэмжлэлд дурьдагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31+-ний өдрийн хоорондох паданууд гарын үсэг зурагдаагүй болон борлуулалтын мененжер Жавхлантуяагийн тайланд тусгагдаагүй падан нь санхүүгийн албаны гарах зөвшөөрөл, Бамбай хамгаалалтын албаны бүртгэлийн дэвтэр, борлуулалтын машины жолооч /33-48ОРО/ хар дэвтэрт бүртгэгдсэн бөгөөд миний хариуцсан агуулахаас сар өдөр цаг хугацаатайгаа үйлдвэрийн хашаанаас гарч гэрээт борлуулагчдад хүргэн өгсөн нь нотлох баримтаар гэрчлэгдэж байгаа тул борлуулалтын авлагын зөрүү болох 20 928 350 төгрөг нь миний биед ямар ч хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-д заасныг баримтлан хариуцагч Х.Жавхлантуяагаас 7 115 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эрдэнэт фүүдс ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 813 350 төгрөг, хариуцагч Р.Байгалмаад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Жавхлантуяагаас 128 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эрдэнэт фүүдс ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Х.Жавхлантуяа нь 1.219.081.086 төгрөгийг байгууллагадаа тушаасан талаарх баримтыг хариуцагч тал нь гаргаж өгсөн ба энэ талаар шүүх хурал дээр нэхэмжлэгч тал худлаа тооцоо байсан гэж маргаж 1.212.818.000 төгрөгийг төлсөн гэж мэтгэлзэж дээрх баримтыг буруу тооцоо гэж тайлбарладаг. Х.Жавхлантуяаг 932.690.000 төгрөгний борлуулалт хийснээс 911762150 төгрөгийг тушаасан гэж буруутгаж байгаа атлаа 1.219.081.086 төгрөгийг тушаасныг үгүйсгэсэн баримт хэрэгт өгөөгүй. Борлуулалтын анхан шатны баримтаар 2014.07 сараас 12 сар хүртэл хэдэн төгрөгний борлуулалт хийж хэдэн төгрөгийг дутаасан гэж үзсэн нь тодорхойгүй байхад 932.690.000 төгрөгний борлуулалтаас дутаасан гэж үзсэн нь тодорхойгүй.Гэтэл түүнээс илүү борлуулалт хийж мөнгө тушаасан талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч 1212818000 төгрөгний борлуулалт хийсэн гэж тайлбарлагдаж байгаагаар нотлогдож байгаа. Ийм байдлаар авлага өглөгийн тооцоог будилуулж байгаа атлаа Х.Жавхлантуяаг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүхээс Х.Жавхлантуяагийн данснаас Д.Даваа 1100000 төгрөг, М.Солонго 200000, Л.Норовсамба 815000 төгрөг, 2015.12.31-ны өдөр Цагаан алт хүнс ХХК 5.000.000 төгрөг хувь данс руу нь орсон байна. Үүнийг гаргуулахаар анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл Х.Жавхлантуяа нь 2014-07 сараас 2015-03-31 хүртэл ажилласан байдаг ба дээрх мөнгө дансаар дамжуулсан байна гэх буруутгах үед Эрдэнэт Фүүдс ХХК ны Хаан банкин дах дансаар 2015.01 сарын 03.31 хүртэл Х.Жавхлантуяа нь 30.912000 төгрөгний тооцоо хийсэн баримт байдаг.Дээрх Х.Жавхлантуяаг буруутгаж буй цаг хугацааны үед нэхэмжлэгчийн ХААН банкин дахь дансанд Х.Жавхлантуяа мөнгө тушааж байсан баримт хэрэг авагдсан. Мөн нэхэмжлэгч нар нь 2015 оноос эхлэн Жавхлантуяагийн хувь дансаар мөнгө оруулахыг зөвшөөрч байснаа зогссон гэж тайлбарладаг. Гэхдээ энэ талаар нотолсон баримт гаргаагүй. Өөрийн дансаар оруулсан мөнгөө тушаагаагүй байна гэж ямар баримтыг үндэслэн дүгнэсэн нь тодорхойгүй юм.

Эрдэнэт Фүүдс ХХК-иас 2015.03.31 нээс хойш ажлаас гарсны дараа 9 сарын дараа Цагаан Алтан Хүнс ХХК нь Жавхлантуяад өгсөн гурилын үнэ бүхий тооцоог Эрдэнэт Фүүдс ХХК ны тооцоо гэж үзэн анхан шатны шүүх гаргасан нь үндэслэлгүй юм. Тухайн компанид ажиллахгүй байсан Х.Жавхлантуяад байгууллагын мөнгийг гэж өгөх шаардлага Цагаан алтан хүнс д байхгүй бөгөөд Цагаан алтан хүнс нь Жавхлантуяатай бус Эрдэнэт Фүүдс ХХК тай шууд харилцах дансанд нь өр төлбөр тооцоогоо хийдэг байсан нь нотлогдсон. Гэтэл Жавхлантуяатай тооцоо хийсэн дээрх баримтыг Эрдэнэт Фүүдс манай тооцоо гэж үзэж мэтгэлцсэн атлаа энэ талаар нотлоогүй. Дээрх мөнгөний тооцоо, цаг хугацааны баримттай анхнаасаа мэтгэлцээгүй бөгөөд 2014.08-2014-12 сарын хооронд тооцоо дутаасан гэж үзэхдээ Цагаан алтан хүнс ХХК ны борлуулалтаас 5000.000 төгрөг дутаасан гэж нотлоогүй билээ. Дээрх дутаасан гэх байдлаа нотлоогүй байхад хувь хүний дансруу орсон дээрх мөнгийг манайх гэж дайрч анхан шатны шүүх түүнийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь харж дүгнэх байдлыг анхаар ч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл 20.928.350 төгрөг дутаасан гэж үзэх боломжгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа дутаасан байна гэж дүгнэлт хоёрдмол утгатай хийж Х.Жавхлантуяагийн дансанд орсон мөнгийг гаргахаар шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.04 ны өдрийн 36 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзаяа давж заалдсан гомдолдоо:

Тус компанийн 2014 оны санхүүгийн тайланг “БДО АУДИТ" ХХК аудитласан бөгөөд аудитын дүгнэлтээр Х.Жавхлантуяатай холбоотой 16,711,300 төгрөгийн авлагын тооцоо баталгаажсан. Компанийн зүгээс менежер Х.Жавлантуяатай холбоотой борлуулалтын тооцоог 2014/08 сараас 2015/03 сарыг дуустал /2015.03 сарыи сүүлээр жирэмсний амралтаа авсан/ хугацаагаар дахин нэг бүрчлэн тулган үзэхэд борлуулалтын үнийн дүн болон борлуулалтыг дутуу бүртгэсэн алдаа илэрч 16,711,300 төгрөгийн авлагын тооцоо нэмэгдсэнээр 20,928,350 төгрөг болж өөрчлөгдсөн.

Х.Жавхлантуяа менежер нь 2014 оны 12 сарын 27,30-ны өдрүүдэд агуулахаас авч гарсан 1211 шуудай буюу 13,617,600 төгрөгийн бүтээгдэхүүнээс 2014/12/27-ны өдөр авсан 160 шуудай хивэг буюу мөнгөн дүнгээр 1,480,000Т, 2014/12/30-ны өдөр авсан Дээд гурил 25 кг-аас 140 шуудай буюу мөнгөн дүнгээр 2,730,000Т-ийг өөрийн гар тайландаа тусган бусдыг тайландаа тусгаагүй байсан бөгөөд үүнийг би авч гараагүй, зарлагын падаан дээр миний гарын үсэг зурагдаагүй гэсэн тайлбарыг өгсөн.

2015 оны 1 дүгээр сараас эхлэн харилцагч бүртэй тооцоо нийлж баталгаажуулж ирсэн болохоор 2015 оны 1 дүгээр сараас хойших борлуулалтын тооцоонд ямар нэгэн зөрүү үүсээгүй гэж дүгнэсэн. Х.Жавхлантуяа менежерийн тушаасан мөнгөний тооцоог тулган баталгаажуулах үүднээс харилцах дансны хуулгыг 2016/11/15-ны өдрийн 142/Ш32016/05969 тоот захирамжаар гаргуулан авч тулган баталгаажуулалт хийсэн. Компанийн зүгээс компанинд тушаагаагүй борлуулалтын орлого болох 20,928,350 төгрөгийн авлагыг Х.Жавхлантуяа, Р.Байгалмаа нараас нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 36 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж X. Жавхлантуяа, Р. Байгальмаа нараас борлуулалтын орлогын 20,928,350 төгрөгөөс хангагдаагүй орлогын зөрүү болох 13,813,350 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК нь хариуцагч Х.Жавхлантуяа Р.Байгалмаа нараас дутагдуулсан гурилын үнэ 20.928.350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Х.Жавхлантуяа нь борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 20.928.350 төгрөгийн гурил дутагдуулсан байгууллагын дотоодын аудит, бамбай харуул хамгаалалтын бүртгэл, тээвэрлэлт хийсэн жолоочийн мэдүүлэг зэрэгт үндэслэн тодорхойлсон ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй маргажээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтанд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн хариуцагч Х.Жавхлантуяа, Р.Байгалмаа нарыг 20.928.500 төгрөгийн гурил дутагдуулсан гэж буруутгаж байгаа 2016.05.17-ны өдрийн “...авлага өглөгийг тулган баталгаажуулалт хийсэн ажлын тайлан” 2014.12.27-30-ны хооронд бэлэн бүтээгдэхүүний агуулахаас борлуулахаар авч гарсан бүтээгдэхүүний тулгалт, 2016.06.20-ны өдрийн 15-16 тоот “Нүүдэлчин групп” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны Х.Жавхлантуяагийн авлагын тайланг баталгаажуулсан тухай шийдвэр зэрэг баримт нь зөвхөн нэхэмжлэгч талын төлөөлөгч нарын гаргасан тооцоо байх ба дээрх тайланг үндэслэн хариуцагч нараас төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын гурил дутагдуулсан талаар хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргаагүй нь зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан тооцоогоор дутагдал гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай төдийгүй Х.Жавхлантуяа жирэмсний амралт авахаас өмнө ажиллаж байхдаа тайлан тооцоогоо нэг бүрчлэн тооцоо хийж, миний гарын үсэггүй падаан баримтаар дутагдал гаргасан гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж маргаж байгааг нэхэмжлэгч байгууллага нотлох баримтаар няцааж чадаагүй байна.

Хариуцагч Х.Жавхлантуяа нь 2014.06 сараас 2015.03.31 хүртэл “Эрдэнэт Фүүдс” ХХК-д борлуулалтын менежер, Р.Байгалмаа нь 2014.08 сараас 2015.06 сар хүртэл бэлэн бүтээгдэхүүний няраваар ажиллаж байсан ба нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК нь анх шүүхэд хариуцагч Х.Жавхлантуяагаас дутагдуулсан гурилын үнэ 20.928.350 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Байгалмааг бараа борлуулалтын падаан дээр гарын үсэг зураагүй, ажилдаа хариуцлагагүй хандаж хохирол учруулсан гэж буруутгаж хариуцагч нараас 7.182.350 төгрөг гаргуулахаар хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаснаар хариуцагчаар татан оролцуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа тодруулаагүй байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаан дээр Х.Жавхлантуяагаас 13.740.000 төгрөг, Р.Байгалмаагаас 7.182.350 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байгаа ба Х.Жавхлантуяад 2014.08 сараас 12 сарын хооронд 932.690.500 төгрөгийн гурил хүлээлгэн өгсөн Х.Жавхлантуяа нь ийм хэмжээний гурилын борлуулалт хийж өөртөө 20.928.350 төгрөгийн ашиг олсон буюу байгууллагад дутагдал гаргасан гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Нөгөө талаар “Бамбай” харуул хамгаалалтын бүртгэлээр Х.Жавхлантуяаг гурил ачиж гаргасан гэж нотолж байгаа гэж нэхэмжлэгч тайлбарлаж буй боловч яг хэдэн кг, хэдэн төгрөгийн гурил ачиж гарсныг нотолж чадаагүй, Х.Жавхлантуяаг бүртгэлд гарын үсэг зураагүй, хариуцагч нарын буруутгаж байгаа барааны борлуулалтын падаанууд гарын үсэг зурагдаагүй хэн авсан нь тодорхойгүй баримтууд байх тул эдгээрийг үндэслэн хариуцагч нараас төлбөр гаргуулах үндэслэлгүй болно.

Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, Р.Байгалмаад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин хариуцагч Х.Жавхлантуяагийн дансанд гурилын үнэ гэж нэр бүхий хүмүүс болон “Цагаан алтан хүнс” ХХК-иас орж ирсэн 7.115.000 төгрөг “Эрдэнэт фүүдс” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч Х.Жавхлантуяа нь “Цагаан алтан хүнс” ХХК-иас дансаар орж ирсэн гурилын үнэ 5.000.000 төгрөгийг компанийн гурилын үнэ биш, манай нөхрийн ажлын хөлс гэж мэтгэлцэж буй боловч нотлох баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийгхэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х.Жавхлантуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.790 төгрөгийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.017 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ