Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 18

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийнанхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Г.Золбаяр, Д.Дэжидмаа, Б.Нямаа, А.Жаргалсайхан, Д.Мядагмаа, Н.Энхсаруул, Э.Отгонзул, Б.Чимгээ нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдох

           Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаартай “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай”  захирамжийн нэхэмжлэгчдэд хамаарах хэсгийг илт хууль бус актад тооцуулах тухай”

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгчдэд хамаарах хэсгийг илт хууль бус актад тооцуулах”  шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгчийн өмгөөлөгч                                                Б.Баясгалан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      Л.Алтанчимэг,

                                                                                          Ц.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч иргэн Г.Золбаяр, Д.Дэжидмаа, Б.Нямаа, А.Жаргалсайхан, Д.Мядагмаа, Н.Энхсаруул, Э.Отгонзул, Б.Чимгээ нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:-  Монгол Улсын иргэд бид хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 14, 15 дугаар багуудад 0.7 га газар эзэмших, өмчлөх эрхийг олж авсан юм. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 тоот захирамжуудаар бидний газар эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Засаг даргын гаргасан дээрх захирамжууд нь хуульд нийцээгүй, илт хууль бус захиргааны акт гэж  үзэж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх зүйн үндэслэл байгаагүй”, мөн тухайн тохиолдолд хэрэглэх урьдчилсан нөхцөл нь бүрдээгүй байхад хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөө. Тодруулбал иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг бөгөөд энэ захирамжид хуулийн хэм хэмжээг үндэслэл болгоогүй, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Төрийн байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр хууль тогтоомж зөрчсөнөөс бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд маргааныг шийдвэрлэхээр хэрэглэдэг хэм хэмжээг гуравдагч этгээд гомдол гаргаагүй байхад хэрэглэж иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ нь иргэдийн газар өмчлөх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж буй юм.

           Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаартай “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж нь Засаг дарга өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, эрх зүйн үндэслэлгүй акт юм. Учир нь аймаг, нийслэлийн Засаг даргад иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгох эрхийг ямар ч хуулиар олгоогүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг тусгайлан заасан бөгөөд эрх ашиг нь хөндөгдсөн иргэдийн хувьд эдгээр үндэслэлүүдийн аль нь ч хамаарахгүй байгаа.

           Дээрх хууль бус захирамжуудын улмаас нэхэмжлэгч нарын газар өмчлөх хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Засаг дарга дээрх захирамжуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах үндэслэл журам, сонсгох ажиллагааг хэрэгжүүлээгүй нь захиргааны акт өөрөө илт хууль бус болохыг харуулж байна. Засаг дарга С.Насанбат нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд тухайлбал аймгийн Засаг даргаар А.Энхболдыг ажиллаж байсан хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлөх чиглэлээр гаргасан шийдвэрийг нягтлан шалгах ажлын хэсгийг байгуулан Засаг дарга А.Энхболдын гаргасан захирамжийг хүчингүй болгосон нь төрийн алба залгамжлах чанартай байх зарчмыг алдагдуулсан, улс төрийн зорилгоор өшөө хонзон авах шинжтэй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д  “иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасанд хамаарч байна.

            Иргэдийн газар өмчлөх эрхэд шүүхийн шийдвэргүйгээр халдаж байгаа нь захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулж байгаа бөгөөд Засаг дарга С.Насанбат нь дээрх шийдвэрээ хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч 2017 онд А/81 дүгээр захирамж гаргаж 2016 оны А/437, А/438 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 71 иргэний газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргасан байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож дүгнэж байгаа бол Засаг даргын 2017 оны А/81 дүгээр захирамж болон хариуцагч өмнө нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэрийн талаар дүгнэлт хийж шийдвэртээ тусгаж өгнө үү.

Иймд дээрх үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай”, А/437 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгүүдийг илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг, Л.Алтанчимэг нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын А/437, А/438 дугаартай захирамж гарсны дараа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дээрх 8 иргэнд утсаар холбогдон дуудаж дээрх захирамжуудын талаар мэдэгдсэн. А.Жаргалсайхантай утсаар холбогдож энэ тухай мэдэгдэж, гэрийн хаягаар нь мэдэгдлийг хүргүүлсэн боловч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр буцаж ирсэн.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох” гэж заасны дагуу “Иргэнд 2016 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 173 дугаар тогтоолоор Дархан-Уул аймагт 2016 онд Дархан Уул аймагт Шарын гол, Орхон, Хонгор сумдад 134.91 га газрыг шинээр өмчлүүлэхээр батлагдсан.

Дархан-Уул аймгийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөг “Геоботаник” ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр /58.2 сая.төг/ хийж гүйцэтгэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.02.18-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан ба энэ төлөвлөгөөнд 14 дүгээр баг Онгот хэсэгт дунд давхрын орон сууцны бүс, 15 дугаар баг Хүрээлэнгийн хэсэгт Хот олон нийт, ажил хэргийн бүс байхаар тусгагдсан байдаг. Гэтэл аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тодотгох тухай Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 46 дугаар тогтоолоор Дархан сумын 14, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт нийт 75600м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлэхээр тодотгосон нь Засгийн газрын 2016 оны 173 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөг тус тус зөрчиж байсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17.1-т иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийнэ гэж заасан байдаг. Гэвч Онгот, Хүрээлэнгийн гудамжинд хянан баталгаа хийгдээгүй байхад УГТСЭШХ-ийн 1999 онд хийсэн хугацаа дууссан хянан баталгааны материалыг үндэслэн хянан баталгаа хийсэн.

Дархан-Уул аймгийн ГХБХБГазарт 2009-2013 онд шинээр газар хүссэн 10000 гаруй иргэний өргөдөл хүсэлт ирж,  архивт  хадгалагдаж байна. Сүүлийн 3  жилд Дархан суманд шинээр газар өмчилж авах өргөдөл огт хүлээж аваагүй байхад 2016 онд 104 иргэнд хэрхэн яаж, ямар шалгуураар газар өмчлүүлсэн нь ил тод нээлттэй явагдаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухай шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан байдаг ба 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн заалтыг зөрчиж байна.

Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дахь хэсэгт заасан 7 шинжийн аль нэгийг агуулж байх ёстой бөгөөд нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлтэй хэмээн үзэж байгаа бол А/437, А/438 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дахь хэсэгт заасан аль нэг, эсвэл хэд хэдэн шинжийг агуулж байгаа болохыг нотлох шаардлагатай.

Гэтэл Засаг даргын А/437, А/438 дугаар захирамж дээрх 7 шинжийн аль ч шинжийг агуулаагүй ба захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэж гарсан бөгөөд Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрхийг Засаг даргад олгосон заалтыг баримталж эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон байна. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 61.1 дэх заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь хүчингүй болгож буй шийдвэр нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэр байх, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байх гэсэн 2 тохиолдол байх бөгөөд тус захирамжийн хувьд Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх урьдчилсан нөхцөл бүрдсэн тул Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсгийг үндэслэж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

            Бид сонсох ажиллагааг хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлэл хийн хууль эрх зүйн үндэслэлгүйгээр газар олгогдсон иргэдийн шийдвэрүүдийг хүчингүй болгохыг 2016.10.24-нд Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, 2016.11.15-нд аймгийн Засаг дарга мэдэгдэн,  2016.11.25-нд ГХБХБГ-ын дарга, мэргэжилтнүүд тус тус 3 удаа орон нутгийн мэдээлийн хэрэгслээр, мөн ГХБХБГ-ын цахим, фэйсбүүк хуудас /www.darkhan.gazar.gov.mn, www.facebook.com /darkhanuul.landoffice/-д хууль бус шийдвэрээр газар эзэмшиж, өмчилсөн иргэн, хуулийн этгээдийн газрыг хүчингүй болгохоор болсныг урьдчилан мэдээлж, байгууллагын мэдээллийн самбарт тус тус байршуулсан.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийсэн аймгийн ИТХ-ын 2016 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөг зогсоох тухай 2017.10.06-ны өдрийн 750 тоот хүсэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн ба ИТХ-ын 2017 оны 99 дүгээр тогтоолоор тус тогтоолыг хүчингүй болгосон.

Аймгийн Засаг дарга нь шүүхэд хандсан шүүхийн шийдвэртэй иргэдийн газар ээмших, өмчлөх эрхийг сэргээсэн шийдвэр гаргасан. Хэрэв эдгээр иргэд нь хуулийн хугацаандаа гомдлоо гаргасан бол шийдвэрлэх боломжтой байх байсан.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаартай “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай”  захирамжийн, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгчдэд хамаарах хэсгийг тус тус илт хууль бус актад тооцуулах”  шаардлагын тухайд:

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А/437 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1,43.2, 43.7, 47 дугаар зүйлийн 47.3, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 108 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтад дурдсан 40 иргэн /нэхэмжлэгч Н.Энхсаруул, Д.Дэжидмаа, А.Жаргалсайхан, Г.Золбаяр/, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/237 дугаар захирамжийн хавсралтад дурдсан 60 иргэний /нэхэмжлэгч Б.Нямаа, Б.Чимгээ, Д.Мядагмаа, Э.Отгонзул/ газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн А/438 дугаар захирамжаар дээрх хуулийн зүйл, хэсгийг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Хүрээлэнгийн 6, 7 дугаар гудамж, 14 дүгээр баг, Онгот хороололд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх захирамжид дурдсан иргэдийн газар өмчлөх эрхийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

           Хариуцагч дээрх шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан журмыг баримталж шийдвэрлэснийг Засаг дарга хуулиар олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан, хуулиар олгоогүй эрхийг эдэлж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

             Учир нь нэхэмжлэгч тал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж маргаж байх бөгөөд дээрх хуульд заасан журмыг захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гаргах хуулиар эрх олгоогүй байхад шийдвэр гаргасныг, мөн захиргааны акт нь хуульд үндэслэгдсэн байх, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байхыг ойлгохоор байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.                                                                                                                                           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь Засаг даргын 2016 оны А/437, А/438 дугаар захирамжуудын улмаас 8 иргэний газар өмчлөх  хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, иргэдэд ялгавартай хандсан, 2017 оны А/81 дүгээр захирамжаар иргэдийн газар эзэмших эрхийг сэргээсэн гэх тайлбарын тухайд:

            Хариуцагч Засаг дарга А/437, А/438 дугаар захирамжтай холбоотойгоор шүүхэд хандсан иргэдийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 21, 27, 28, 30, 33, 34, 35 дугаар шүүгчийн захирамжтай 33 иргэнд холбогдох хэсгийг  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших, өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн  нь хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн захирамжууд, Засаг даргын захирамж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна. Иймээс хариуцагчийг иргэдэд ялгавартай хандаж иргэдийн газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.    

              Хэрэв нэхэмжлэгчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Засаг даргын 2016 оны А/437,А/438 дугаар захирамжууд нь газар эзэмших болон өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа бол маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхойлж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх  хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Золбаяр, Д.Дэжидмаа, Б.Нямаа, А.Жаргалсайхан, Д.Мядагмаа, Н.Энхсаруул, Э.Отгонзул, Б.Чимгээ нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдох  “Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаартай “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай”,  А/437 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгчдэд хамаарах хэсгийг тус тус илт хууль бус актад тооцуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяраас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                                                                                                                                                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           З.ЭНХТУЯА