Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 04

 

 

Б.У, Н.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Ж.Долгормаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

прокурор С.Сугар, 

шүүгдэгч Б.У, Н.А,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, Н.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуянгийн шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолтой, Б.У, Н.А нарт холбогдох эрүүгийн 1730001120062 дугаартай хэргийг шүүгдэгч нарын давж заалдах гомдлоор 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн харьяат, 2001 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 16 нас 6 сар 1 хоногтой, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.У, 

 

2. Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 16 нас 16 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Н.А,

 

Б.У, Н.А нар нь бүлэглэж, 2017 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ”А” дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, тамхи, асаагуур, 150000 төгрөг хулгайлж, нийт 179500 төгрөгийн хохирол учруулсан,  Б.У нь ганцаараа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Н” дэлгүүрийн хаалганд түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч 2017 оны 09 дүгээр сарын 28-ны оройн 20.00 цагийн орчимд 80000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны оройн 17.00 цагийн орчимд 70000, нийт 150000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Cүхбаатар аймгийн прокурорын газраас Б.У, Н.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.У, Н.А нарыг бүлэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.У, Н.А нарыг 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар тэдэнд оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Б.У, Н.А нар нь давж заалдах гомдол, тайлбартаа: ... Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн, үйлдсэн хэрэг нь хүнд гэмт хэрэгт хамаарах ба Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй.” гэж заасан нь өсвөр насны хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар оногдуулахгүйгээр, давхар зан үйлээ засах үүргийг даалгаж болно гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж өгөхийг хүсч байна гэжээ. 

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч тайлбартаа: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ.”  гэж зааснаар шүүх сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулахгүйгээр, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгохыг хүсч байна гэв. 

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу гарсан учраас давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах хуулийн зохицуулалт байхгүй. Харин хорих ял оногдуулахдаа хуульд заасан журмын дагуу оногдуулсан ялыг нь хоёр дахин багасгаж, 2 жилийн хорих ялыг нь 1 жил болгон сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр заасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж  заалдах шатны  шүүх  өсвөр  насны  шүүгдэгч Б.У, Н.А 

нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Б.У, Н.А нар нь бүлэглэж, 2017 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ”А” дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, тамхи, асаагуур, 150000 төгрөг хулгайлж, нийт 179500 төгрөгийн хохирол учруулсан,  Б.У нь ганцаараа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Н” дэлгүүрийн хаалганд түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч 2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой 80000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой 70000 төгрөг, нийт 150000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн яллагдагч Б.У, Н.Аын нарын мэдүүлэг /хх 31, 36/, хохирогч Э.Батцогт, Х.Оюунчимэг нарын мэдүүлэг /хх 09, 71/, гэрч Ө.Наранцэцэг, Д.Отгончимэг нарын мэдүүлэг /хх 11-12, 72-73/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-7, 66-69/, эд зүйлийн үнэлгээ /хх 8/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж, хэргийн бодит байдалтай нийцжээ. 

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос тэдний үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ. 

 

Монгол Улсын 1990 онд соёрхон баталж, нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 37 дугаар зүйлд “... Хүүхдийг баривчлах, саатуулах, хорих арга хэмжээг хамгийн богино, тохиромжтой хугацаанд эцсийн арга болгон хэрэглэх” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад ... чиглэсэн байна.“ гэж тус тус зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлаж, хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй.” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар оногдуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлөөс сонгон ял оногдуулах нь зүйтэй юм.

Иймд давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Н.А 15 нас 08 сар 15 хоногтой, шүүгдэгч Б.У 16 нас 02 сар 01 хоногтой байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, шүүгдэгч тус бүрт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ болох зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Өсвөр насны шүүгдэгч Б.У, Н.А нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, 

-2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.У, Н.А нарт 360 /Гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаанд хэрэглэсүгэй.” гэж, 

-3 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, энэ хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.У, Н.А нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах үүргийг хэрэгжүүлэхийг  Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.” гэж,

-4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.У, Н.А нарыг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг тэдний хууль ёсны төлөөлөгч Ч.А, Н.Д нарт даалгасугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

 

Хоёр. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У, Н.А нарын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

 

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.У, Н.А нарыг сулласугай. 

 

Дөрөв. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс, хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Тав. Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, Н.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД         Ж.ДОЛГОРМАА

С.ОЮУНТУНГАЛАГ