| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00496/И |
| Дугаар | 00024 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 00024
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт оршин суух Ц.Уранчимэгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00496/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүү хуралдаанд: нэхэмжлэгч 1961 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Цэсэнжавын Уранчимэг /РД:ИЦ61071501/,нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1961 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн. Би 1979 онд 10 дугаар ангиа төгсөөд мөн оныхоо 8 дугаар сарын 2-ны өдрөөс Тосонцэнгэл хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын гутлын тасагт оёдолчиноор орж 1989 оны 12 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Нийтийн аж ахуйн үйлчилгээний архив шатаж бүх баримт бичиг үгүй болж бид их хохирч байна. Иймд намайг Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын гутлын тасагт дээрхи онуудад оёдолчиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь Тосонцэнгэл хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын гутлын тасагт оёдолчиноор 1979 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасагт хамт ажиллаж байсан хамт олны гэрэл зураг, тухайн үед Ц.Уранчимэгтэй хамт ажиллаж байсан гэрч Ц.Амгалангийн өгсөн Би 1974 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын гутлын тасагт оёдолчиноор орж 1990 он хүртэл ажилласан. Ц.Уранчимэг нь 1979 онд Тосонцэнгэл хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын гутлын тасагт оёдолчиноор орж 2 сар гаруй дагалдан хийж байгаад жинхэлсэн. Бид 1990 оныг хүртэл хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Н.Бэх-Очирын өгсөн Би 1976 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс Завхан аймгийнТосонцэнгэл сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын гутлын тасагт гуталчингаар ажилд орж 1991 он хүртэл ажилласан. Ц.Уранчимэг нь 1979 онд гутлын тасагт оёдолчингоор орж 2 сар гаруй дагалдан хийж байгаад жинхэлсэн. Бид 1991 оныг хүртэл хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Цэсэнжавын Уранчимэгийг Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын гутлын тасагт 1979 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл оёдолчиноор нийт 10 /арав/ жил 04 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ДАРЬСҮРЭН