Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай. эрэгтэй, дээд боловсролтой малын эмч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.Б

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Б.******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Э.Бтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би 2015 онд шүдийг нь цохиж гэмтээж байсан, 2019 онд намар хүүхэд шөнө авч явах гэж уйлуулаад байхаар нь хүүхдээ авах гэж булаалдаж байгаад алдаж эхнэр Б.Биндэръяаг хана мөргүүлсэн, өөрөө цохиж зодож байсан удаагүй. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. ахиж ийм зүйл хийхгүй байж чадна....” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 3. Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

..2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* найз *******тэй пиво хувааж уусан манай нөхөр гэртээ байж байхад ******* нэг пиво аваад ирсэн. Нэг пиво ууж дуусаад дахиж дэлгүүр яваад 2 пиво аваад ирсэн ууж дуусаад ******* 23 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. Яваад удалгүй буцаж ороод ирсэн тэр үед манай нөхөр ******* энэ яах гээд орж ирсэн юм бэ гээд уурласан тэгээд ******* гараад явсан. Манай нөхөр ******* ******* яах гэж буцаж орж ирсэн юм бэ гээд над руу уурлаад байсан. тэгж байгаад манай нөхөр ******* намайг газарт унагаагаад нүүрэн хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймаг явж эмчид үзүүлэхэд хацрын яс цөмөрсөн хамрын яс хугарч мөгөөрс чихэгдсэн чигжээс хийж гаргасан одоо толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

...Одоо надад гомдол санал байхгүй нөхөр бид хоёр эвлэрсэн.../хх-ийн 83/

4. Гэрч Ж.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...охиныг маань нөхөр нь зодсон юм байна гэж мэдээд гэрт очсон гэрт нь ороход манай охин ******* хамар уруул нь хавдсан, уруулын дотор хэсэгт нь хөхөрч язарсан,зүүн талын гарын бугалга хэсэг хөхөрч, зүүн талын чих нь хавдсан,зүүн шанаа хэсэгт нь хөхөрсөн зүүн талын гарын бугалга хэсэг хөхөрч, зүүн талын хөх нь хөхөрсөн эрүүн доор нь хумсаар уруулсан байсан. Би охиноосоо асуухад ******* гэж хүн манайд өнгөрсөн шөнө ирж пиво уугаад манай нөхөр намайг *******тай хардаад *******т намайг зодсон гэж хэлсэн. Манай хүргэн ******* нь өнгөрсөн хугацаанд манай охиныг гэр бүлийн хүчирхийлэл давхар байлгадаг байсан, мөн эдийн засгийн дарамт хүчирхийлэлд давхар байлгадаг байсан. ******* бүх мөнгөө өөрөө зарцуулдаг тийм болохоор манай охин эдийн засаг болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

5. Гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...дуудлагаар очоогүй ******* гэх хүнийг хайж байгаад тэр айлд орсон байж магадгүй гэж бодоод орсон чинь эхнэр нөхөр хоёр хэрүүл зодоон болсон байдалтай байсан. ******* хамар нь хавдсан харагдсан өөр зүйл мэдэгдээгүй хаанаа чинь цохисон юм бэ гэж асуухад хамар хэсэгт цохисон гэж хэлж байсан. ******* гэх хүнтэй утсаар ярьсан гэж цохисон гэсэн *******т нь ******* гэх найзтайгаа эхнэрээ хардсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаартай шинжээчийн:

1. Б.******* биед зүүн хацар ясны нум хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн хацар, чихний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх 2019.06.09-нд үүсгэгдсэн байх боломжтой......гэх дүгнэлт /хх-ийн 28-29/ болон хавтаст хэргийн 103 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Бийн урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Биндэръяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Биндэръяа, гэрч Ж., П., Д.Эрдэнэбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 127 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Бийг хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянга / 2.700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.            

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.              

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.БАТЦЭНГЭЛ