Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа,улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч А.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У*******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч А.Э*******өд холбогдох 2036000000156 дугаартай, 178/2020/0127/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 19-13 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 34 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, ПО95111311 регистрийн дугаартай, Тольтон бургууд  овогт *******ын Э*******

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.Э******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 сарын 22-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт хохирогч А.О*******ийн толгойн тус газар нь чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч Их шарнууд овогт Амарсайханы О*******ийн /1993 оны 02 сарын 26-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... бид  тав А.Э*******ийн гэрт очоод А.Э******* гэртээ орчихоод гарч ирэхдээ ээжтэйгээ маргалдаад байсан.Тэгээд машиндаа суугаад хашааны өнцөг эргээд зогссон.А.Э******* Отгонбаатар хоёр хоорондоо маргалдаад машинаас буугаад зогсож байтал А.Э*******ийн ах, эгч, ээж гурав ирсэн. Энэ хооронд Отгонбаатар такситай яваад өгсөн.Би А.Э*******ийн ахтай ярилцаад зогсож байтал А.Э*******  над руу чулуу шидээд миний хөмсөг хэсэгт оносон.Тэгээд би 103 дээр ирж оёдол тавиулсан. … гэх мэдүүлэг /хэргийн 6-7-р хуудас/

Гэрч О.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А.Э******* бид хоёр маргалдаж байх үед ээж нь гарч ирээд А.Э*******ийг “машинаас буу” гэсэн боловч таксиний жолоочийг яв гэсээр байгаад хашааны булан эргээд зогссон.А.Э******* намайг машинаас татаж буулгаад намайг явуулахгүй гээд зууралдаад байхаар нь би таксинд суугаад найз охинтой нь хамт яваад өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 12-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар  сарын 25-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн...А.О*******ийн биед зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.А.О*******ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /хэргийн 18-р хуудас/

Шүүгдэгч А.Э*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би А.О*******ийг танихгүй тухайн орой танилцсан.Би хамт ирсэн найзтай нь маргалдаж байгаад уурандаа чулуу аваад шидсэн чинь А.О*******ийг оночихсон байсан … гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Э******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт машин дотор явж байсан О.Б*******ийг машинаас буулгаад явуулахгүй гэж зууралдаж, маргалдаж байх явцдаа чулуу авч шидсэнээс А.О*******ийн зүүн хөмсөг хэсэгт онож, түүнд ...зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 Шүүгдэгч А.Э******* нь хохирогч А.О*******д  хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч А.Э******* нь согтуурсан үедээ уур бухимдлаараа чулуу авч шидсэн   үйлдэл нь бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулж болохыг мэдсээр байж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг  агуулсан бөгөөд прокуророос А.Э*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон  байна.

Иймд шүүгдэгч А.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч А.О*******ийн “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний зардал гэх зүйл гараагүй...” гэх мэдүүлгээс шүүгдэгч А.Э*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Э*******  нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 34 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  /хэргийн 27-р/, шийтгэх тогтоолын хуулбараар  тогтоогдож байна

Шүүгдэгч А.Э*******ийн  хувийн байдлын талаар гэрч Б.Нансалнямбуугийн өгсөн “...А.Э******* нь ам бүл 6-уулаа,айлын 3 дахь хүүхэд.А.Э******* нь даруу төлөв зантай, хүнд тусархуу, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүн. 2013-2014 онд Баян-Өлгий аймгийн 0164-р ангид цэргийн алба хаасан, мэргэжил эзэмшээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 13-14-р хуудас/,

Гэрч А.Мядагбалын өгсөн “...манай дүү А.Э******* нь төлөв даруу зантай,  хүнд тусархуу, ажилсаг хүүхэд байгаа юм. Одоогоор манай ээжтэй хамт махны зах дээр мах зарах ажил хийж байгаа...” / хэргийн 15-16-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч А.Э*******ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч А.Э*******ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч А.Э*******ийг     дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 2 сар хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх гэх  дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан.Нэхэмжлэх зардалгүй гэсэн.Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн  төлүүлж өгнө үү  гэв.

Шүүхээс: Шүүгдэгч А.Э*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун наян мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 480000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч А.Э*******өд  тайлбарлаж, мөн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангиийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 01 сарын хугацаанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 Шүүгдэгч А.Э******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.2, 36.6- 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тольтон бургууд овогт *******ын Э*******ийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тольтон бургууд овогт *******ын Э*******ийг  дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун наян мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Э*******өд оногдуулсан  480000 /дөрвөн зуун наян мянган / төгрөгний  торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Э*******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 сарын хугацаанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

5.Эрүүгийн 2036000000156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.Э*******өд тайлбарласугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Э*******өд оногдуулсан 480000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.Э*******өд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ГАНТӨГС

Top of Form